Ер нь аль ч цаг үед сэтгэдэг, асуудлын учиг шалтгаан болоод шийдлийг олж хардаг хүмүүс цөөхөн байдаг аж. Харин тэднийг дагаж “сэрэгсэд” сэтгэгчдээсээ хавьгүй олон бол тэдгээр хүмүүсийн үйл хэрэг дундаас хожиж, үр шимийг нь хүртэгсэд дийлэнх олонх нь байдаг. Товчхондоо бол ийм зүй тогтолтой. Тэгвэл өнөөдрийн Монголын нийгэм дэх дүр зургийг хараад байх нь ээ, нэлэнхүйдээ төөрөгдөлд автчихжээ. Иргэд сайхан нийгэмд тайван амьдрахыг хүсч байгаа ч, гарц олж харж чадахгүй, ирээдүйдээ үл итгэсэн байдалтай сонголтыг хийж өдийг хүрэв. Эцсийн дүндээ Монголын төрд бугласан идээ бээр улам л нэмэгдсээр. Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай долдугаар сарын 1-ний хэрэг явдлын дараа “Монголын төрд бугласан идээ бээр есөн сүвээрээ зад тавьлаа” гэж хэлж байсан санагдана. Төр төрийн нүүр үзсэн, туршлагатай зүтгэлтний үг тэр үед ихийг бодогдуулж байв. Гэхдээ… Өнөөдрийн Монголын төрийг ядарсан нэг өрх айлын цонхны цаанаас харахад Д.Бямбасүрэн гуайн хэлээд байсан тэр есөн сүв нь эргээд битүүрчихжээ. Эсвэл тэр есөн сүв жинхэнэ утгаараа зад тавиагүй ч байсан байж мэдэх юм. Ерөөсөө Монголчууд бид сайн сайхан төрийг хүсэмжлээд л байхаас бус төрийг сайн байлгахын тулд, та биднийг ая таатай амьдрах, хүний эрхээ эдлэх боломжийг олгодог, тийм төртэй байхын тулд юу хийж ирцгээсэн бэ, үнэхээр хүний төлөө зүтгэж чадах хүнд эрх олгож байсан бил үү гэдгээ эргэн харах хэрэгтэй болов уу.
Хүний эрхээр хүүдэгнэхгүй хүн
Худлаа ярьж шоудсан, худаг ус, хашаа хороо барьж өгнө гэж амласан, иргэдийн төлөө бол жалга довноос давж зүтгэх сэтгэлгүй хүмүүст л ЭРХ ОЛГОЖ ирсэнд асуудлын гол байгаа юм. Уг нь итгэл хүлээлгээд, төрд илгээж байгаа хүмүүстээ эргээд хяналт тавъя, төрийг хариуцлагажуулъя гэж тэмцэж байгаа хүнд тэр итгэлээ өгвөл зохистой санагдана. Түмний итгэлээр төрд гарч байгаа хүмүүс, зөөлөн суудалд тухлаж, халдашгүй дархан эрхтэн болсноор хулгайч шиг авирлаж буйг, тэдэнд ард түмний хяналт үгүйлэгдэж байгааг хэлдэг хүн бол Хадбаатарын Бат-Ялалт. Түүнийг нийгмийн сэрүүлэг болсон сэтгэдэг цөөн хүмүүсийн нэг гэхэд болох байх. Х.Бат-Ялалтыг, эрүүл саруул нийгэм хийгээд хяналттай, хариуцлагатай төрийн төлөөх түүний үзэл санааг дэмжигсэд олноороо “сэрж” буй гэдэгт итгэж байна.
Х.Бат-Ялалтын тухайд жирийн нэг хуульч биш ээ. Магтаж биш дүгнэж хэлэхэд, тэр бол цагаан дээр хараар бичигдсэн хууль хэмээх баримт бичиг хүний эрхийг хамгаалах ёстой гэдэг бат итгэлтэй хуульч. Тэрбээр нэгэн ярилцлагадаа “Би сайн хуульч гэхээсээ мэргэжилдээ үнэнч хуульч. Би хуулин дээр бичигдсэн зүйлс яг бичигдсэн агуулгаараа хэрэгждэг байгаасай гэж хүсдэг л хуульч. Хийж болохгүй гэдгээ мэдсээр байж үйлддэг, хийх ёстой гэдгээ мэдсээр байж үйлддэггүй хуульчдаас болж хүний эрх зөрчигдөж байдаг нь үнэхээр харамсалтай. Санамсаргүйгээр хууль зөрчдөг хуульч гэж байхгүй байх аа. Тэгэхээр манай хуульчид өөрсдөөсөө өөрчлөлтийг эхлэх хэрэгтэй гэж уриалмаар байна.” хэмээн хэлсэн байсан. Өнөөгийн Монголын хууль эрхзүйн салбар дахь эрхмүүд улстөржиж, талцаж хуваагдахдаа л сайн болохоос, өөрсдийнх нь тогоо нийгэмд ямар чухал үүрэгтэй болохыг, өөрсдийнх нь өөрчлөлт энэ нийгэмд ямар их гэрэл гэгээ дагуулж болохыг шулуухан хүлээн зөвшөөрч чадахгүй байх шиг.
Төр, нийгмийн зүтгэлтэн Самбуу сангийн тэргүүн, хуульч, өмгөөлөгч Самбуугийн Сүрэнжав гуай Х.Бат-Ялалтыг өнөө цагийн шинэ хуульч хэмээн тодорхойлсон байна билээ. Учир нь Х.Бат-Ялалт хууль, шүүхийн шинэчлэлийг 2004 оноос эхлүүлсэн хүн юм. Шүүгч нарын ёсзүйгүй, сахилгагүй аашилдаг явдлыг уудлан илчилж, улмаар шүүгчийг шударга шүүхийг шаардсаныхаа төлөө хүн гүтгэсэн эрүүгийн хэрэгт татагдан, шалгагдаж байхад нь ямар ч үнэ төлбөргүй өмгөөлж явснаа С.Сүрэнжав гуай дурссан байсан. Бас тэрбээр Ц.Элбэгдорж, Х.Тэмүүжин нар Х.Бат-Ялалтын санааг овжноор ашиглан шинэчлэл хийх оролдлого хийсэн ч, түүний хүссэн, харж тооцоолсон шинэчлэлийг хийж чадаагүй гэдгийг хэлсэн.
Харин Х.Бат-Ялалт “Хэн нэгэнд таалагдаагүй шийдвэрийн төлөө хууль зүйн салбарын шинэчлэл хийгдэх ёстой гэж ярих нь буруу. Харин хууль зөрчсөн шийдвэрийг зөвтгөхийн төлөө хууль зүйн салбарын шинэчлэлийг хийх хэрэгтэй. Намайг шийтгэсэн учраас би шүүхийн шийдвэрт гомдоогүй юм. Хууль зүйн үндэслэлгүй шийдвэр учраас би үгүйсгэдэг юм.” гэсэн байдаг.
Яг өнөөдрийн тухайд бол хууль зүйн салбар дахь шинэчлэл нэртэй улстөржилттэй та бид хангалттай нүүр тулж байгаа билээ. Түүнчлэн сонгуулиар ямар нэг аргаар гараад сурчихсан улстөрийн хүчнүүдийн тухайд дэвшилтэт үзэл санаа гаргаж, сэтгэж чадаж байгаа хүмүүсийн санааг хулгайлдаг, өмчилдөг ч, нэгэнтээ уг үндсийг нь харж, санаагаа олсон хүмүүсийн энд хүрэлгүй, улмаар санааг нь сэглэж хаясан дүр зургийг харж байна.
Гэхдээ Х.Бат-Ялалт бусдад санаагаа алдлаа гээд гудийдаггүй байх. Учир нь Монголчуудад эв нэгдэл хэрэгтэй байгааг тэр хэлдэг. Тиймдээ ч өнгөрсөн сонгуулиар МАН олонх суудлыг авсны дараа эрх мэдэлтэй болсон хүмүүст хийх ёстой ажил олон байгааг тэрбээр сануулсан. Монгол Улсын төлөө л бол өөрийн санаж сэдэж байгаа бүхнээ бусадтай хуваалцахаас харамлахгүй хүн учраас тэр л дээ. Гол нь Монголд шударга ёс тогтох учиртай, иргэн бүр эрхээ эдэлж чаддаг байх ёстой гэж тэр үздэг.
Түүнчлэн тэрбээр хууль зүйн салбарт шинэчлэл хийх тал дээр хамтран ажиллах санаа оноогоо эрх баригчдад хүргүүлсэн байсан. Иргэдийн Шударга Шүүх ТББ-ын зүгээс хууль зүйн салбарт шинэчлэл хийхээр 2006 оноос шаардаж ирсэн бөгөөд 2012 оноос хууль зүйн салбарын шинэчлэлийг АН-аас санаачлан хийхийг оролдсон боловч энэ нь амжилттай шинэчлэл болж чадаагүй. Харин ч улстөрийн болон тодорхой бүлэглэлийн эрх ашигт үйлчилсэн, шинэчлэл нэрээр халхавчилсан будилаан байсан гэж үзэж буйгаа Х.Бат-Ялалт илэрхийлсэн юм. Тиймээс хууль зүйн салбарын шинэчлэлийг хүний эрхийг хамгаалах, баталгаажуулах үндсэн чиг үүрэгт нь нийцүүлэн хийх талаар хамтран ажиллах боломжтой гэж байсан. Мөн Төрийг хяналттай, хариуцлагатай болгох чиглэлээр, Хүний эрхийг хамгаалах чиглэлээр ямар ажлууд хийх шаардлагатай байгааг тодорхойлж гаргаж ирсэн байсан. За мөн өр зээлэнд дарлагдсан худалдаачид, тэдний нөхцөл байдлыг ашиглан гэмт хэргийн шинж агуулсан мөнгө хүүлэгчидтэй тэмцэж, худалдаа эрхлэн амьдарч буй 200 мянга гаруй иргэний өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, тэднийг үйлдвэрлэгч болгох гэхчлэн олон чухал асуудлуудыг эрх баригчдад илгээсэн байсан.
Харин эрх баригчдын хувьд улс оронд хэрэгтэй эдгээр санал санаачлагуудаас илүүтэй орон нутгийн сонгуульд ялалт байгуулахад анхаарал хандуулах нь чухал байсан байж болох юм.
Хүний эрх төрхийн эрхэнд гишгэгдэх ёсгүй…
Хориод жилийн амьдралаа жинхэнэ утгаар нь хүний эрхийн төлөөх үйл ажиллагаанд зориулж яваа хүн бол Х.Бат-Ялалт. Сайн аав ээжийн хүү тэрбээр өнөр бүлийн тэргүүн. Үр хүүхдүүдийнхээ сайн аав. Өөрийнхөө үргэлжлэл ирээдүй болсон үр хүүхдүүдээ, тэдэнтэйгээ адилхан Монголын мянга мянган хүүхдүүдийг сайн сайхан нийгэмд амьдраасай гэж хүсдэг хүн. Тиймээс ч түүний тэмцэл тасралтгүй үргэлжилсээр хорин жил болжээ.
Хуульч болсон цагаасаа магадгүй түүнээс ч өмнө хүний эрхийн асуудлыг нэвт шувт судлах зорилгыг өөртөө тавьсан хүн гэж түүнийг хэлэхэд болох байх. Тэр хуульч, судлаачийн хувиар зүтгэхдээ ихээхэн зүйлийг хийжээ. Хүний эрхийн онол, Засаглал хуваах тэгш хэмийн онол, Хуйвалдахын эсрэг тунхаглал, Хүний эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр гэхчлэн оюуны бүтээлүүдийг нь онцолж хэлэх байна.
Хуульч мэргэжлээр суралцахдаа ТӨРИЙН ЭРХ гэдэг зүйлийг л судлаад байснаас биш ХҮНИЙ ЭРХ гэдэг зүйлийн талаар бараг судлаагүй, дуулаагүй тэрбээр “Хүний эрхийн онол” гэх номыг бүтээхийн тулд олон жилийн эрэл, туршлага дээрээ тулгуурласан байдаг. Хүний эрх гэж хүн бүхэн яриад байдаг мөртлөө яг чухам юуг хүний эрх гэдэг вэ гэдэг асуултанд хуульчид хүртэл өөр өөр хариулт өгч байсныг тэрбээр номынхоо өмнөтгөлд өгүүлсэн байдаг. Түүний “Хүний эрхийн онол бүтээл” хүний эрхийн тухай, хүний эрхийн зөрчлийн тухай нэгдмэл ойлголтыг бий болгох зорилготой бүтээл гэдгийг онцлох нь зүйтэй байх. За тэгээд төрд гараад түмний эрхийн төлөө зүтгэнэ гэдэг хүмүүс Х.Бат-Ялалтын “Хүний эрхийн онол” бүтээлийг уншчихад зүгээр байх.
Түүний “Засаглал хуваах тэгш хэмийн онол”-ын тухайд энгийнчилж хэлбэл Үндсэн хуульд Монгол улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд гэж заасан байдаг. Гэтэл бодит байдал дээр ард түмнээс эрхийг нь авч өвөртлөсөн хэдхэн хүн засгийн эрх мэдлийг хэрэгжүүлж байна. Тэгэхээр ард түмэн Үндсэн хуульд заасан эрхээ эдлэхийн тулд төрд хяналт тавих механизмыг ажиллуулах хэрэгтэй байна. Хяналтын бүтэц нь мэргэжлийн хяналт, сахилгын хяналт гэсэн задаргаатай байхыг, нийтийн эрхэнд тулгуурласан нийгмийн зохион байгуулалт руу шилжих ёстойг Х.Бат-Ялалт хэлээд байгаа юм.
Хулгайч нарын батласан хууль Хүний эрхийг хамгаалах уу?
Бодит нөхцөл байдлыг ямар ч уран сайхангүйгээр уудлан хэлдэг хүн бол тэр. Харин өнөөгийн нийгэмд уран гоё донгодсонд нь автдаг хуурамч байдал нийтлэг талдаа. Гэсэн ч түүн шиг хүн байгаа нь сайн хэрэг юм. Монгол төрийн ордонд хулгайч нар гэмт хууль баталж байгааг илчилж, шулуухан хэлсэн хүн бол Х.Бат-Ялалт. Тэрбээр “Ямар ч хяналтгүй эрх мэдэл дээр очсон хүн хулгайч л болно шүү дээ. Хүссэн зүйлээ л хийхийг бодно. Гэсэн мөртлөө хуулин дээр хийж болохгүй үйлдлүүдийг нь заачихсан байдаг. Хийж болохгүй үйлдлээ хийхийн тулд, өөрийн гэсэн багаа бүрдүүлдэг, өөрийгөө хамгаалдаг байдал бий болчихсон. Одоо тэр төрийн ордны эргэн тойрных нь байдлыг аваад үз л дээ. Төрийн ордон төрийн тусгай хамгаалалт гэдэг чинь засгийн эрх барьж байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэй байгууллага. Түүнээс биш тэднийг гэмт хэрэг үйлдсэн байхад нь хамгаалдаг байгууллага биш. УИХ-ын гишүүний бүрэн эрх гэдэг чинь тэр гишүүнийг хараат бусаар ажиллах баталгааг нь хангахад зориулагдсан механизм болохоос биш гэмт хэрэг хийчихсэн нэг нөхрийг хамгаалдаг механизм биш. Бид нарын зөв бодож хийсэн юм сөрөг үр дагавар авчирсны тод жишээ энэ. УИХ-ын гишүүнийг хэнээс ч хараат бус ажиллах баталгааг нь бүрдүүлэх зорилгоор хуулиндаа УИХ-ын гишүүн бол хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээхгүй гэхчлэн эрх өгчихөөд байна шүү дээ. Тэгээд цөөхөн хэдхэн тохиолдолд бүрэн эрхийг нь түдгэлзүүлнээ гээд заачихсан. Тэгэхээр нөхдүүд гэмт хэрэг үйлдээд, өөрийгөө хаацайлж, амиа авардаг газар гэж Төрийн ордныг ойлгочихсон. Төрийн ордон ороход маш хэцүү гэдгийг хүмүүс мэднэ шүү дээ. Хүмүүс орох гэхээр хамгаалагч нар гарч ирээд, төрөө хамгаалаад байгаа юм, уг нь. Гэтэл тэр дотор нь гэмт хэрэг хийчихсэн хулгайч нар байгаа байхгүй юу. Энэ сонин дүр зураг л даа. Хулгайч нар өөрсдийгөө хамгаалчихаад, дээрээс нь гэмт хууль батлаад байна шүү дээ. Гэмт этгээдүүд өөрсдөдөө тохирсон гэмт хууль батлаж байгаа. Баахан хулгай луйвар хийж хийчихээд тэрийгээ хамгаалсан, Үндсэн хуулиа зөрчсөн хууль тогтоомжууд санаачлаад сууж байна. Үүнд ард иргэд бухимдаад байгаа. Тэгэхээр бухимдаад суугаад байлгүй бодитойгоор нэгдээд Монгол төрийн ариун ордноос луйварчдыг зайлуулах, ямар ч муу хүн тэнд орогнох боломжгүй хяналттай нийгмийг, хяналтын системийг л бий болгоё гэдэг саналыг бид тавьж байгаа юм.” хэмээн ярьж байсан юм.
Асуудал хаана буйг, арга зам нь юу байж болохыг тэр хэлээд л байна. Сайн сонсож, зөв бодоход, шийдэл иргэн таны гарт байх болно.
Хамтдаа ЯЛАЛТ байгуулъя!
Х.Бат-Ялалтын тухай бүхий л зүйлийг нэг дор бичиж өгүүлнэ гэдэг амаргүй болохыг үүнийг бичигч би вээр ойлгож авсан юм. Хоёр арвантай тэнцэх хугацааг хүний эрхийн төлөөх үйлсэд зориулж, цаашдаа ч зориулах нь тодорхой байгаа, нэгэнтээ үйлдлээрээ өөрийгөө хэн болохыг тунхагласан хүний дараа дараачийн үйлсийн тухай угтаж бичих нь зөв санагдав.
Тэрбээр Ходоодоороо бус тархиараа эвлэлдэн нэгдсэн эв нэгдлийн жинхэнэ утгыг илэрхийлсэн УЛС ТӨРИЙН НАМ байгуулахаар ажиллаж байгаа юм билээ. Улс төрийн нам үүсгэн байгуулах Их хурлаа ирэх сард хийх гэж байгаа бөгөөд энэ их эмх замбараагүй байдал, шударга бус явдал, ядуурал, эв нэгдэлгүй, амиа хичээсэн, авилгад нэрвэгдсэн, өр шир, өвчин зовлондоо дарлуулсан байдлаас гарахыг хүсч байгаа иргэн бүрийг ирж нэгдэхийг тэр уриалж байгаа юм.
Улс төрийн нам бол зөвхөн өөрсдийн гишүүдийн эрх ашгийг хамгаалахын төлөө ажилладаг байгууллага биш. Төрийн эрхийг барьж буй улс төрийн намын МӨРИЙН ХӨТӨЛБӨР, үйл ажиллагаанаас хамаарч Монгол хүн таны нийгмийн баталгаа бүрдэж байдгийг тэр үзэл нэгт нөхдүүдийн хамтаар хэлж ярьж байна.
Улсын дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн 24 нам байгаа ч МАН, АН-ууд байнгын тогтмол үйл ажиллагаа явуулж бусад нь зөвхөн сонгуулийн үед идэвхжиж ажиллаж байгаа нь учир дутагдалтай. Хэдийгээр бүхий л улс төрийн намуудын МӨРИЙН ХӨТӨЛБӨРТ Үндсэн хуулийн үзэл санаа агуулагдсан байдаг боловч бодит амьдрал дээр мөрийн хөтөлбөр нь хэрэгжихгүй, юуны төлөө, яах гэж улс төрийн нам оршиж байдаг тухай үндсэн агуулга нь зөрчигдөж төрийн эрх мэдэлд хэн нэгнийг хүргэх хэрэгсэл төдий бүтэц болон хувираад байгаа нь үнэхээр харамсалтай явдал гэдгийг тэр хэлж байна. Өнгөрсөн 25 жилд, өдгөө ч төрийн эрхийг атгаж байгаа МАН, АН Монгол хүний төлөө зүтгэсэн бол иргэд өнөөдөр ингэтлээ ядарч амьдарцгаах байсан гэж үү?
Хэрэв Монгол Улсад улстөрийн ЖИНХЭНЭ НАМ байсан бол нийгэм өөр байх байсан биз. Нам нэрээр халхавч хийсэн, өөр хоорондоо хор зуурсан гэмт бүлэглэлүүдийн золиос нь Монгол Улсын иргэд юм. Хохирсон иргэд сэрэх цаг болжээ. Төрийн ордонд орчихоороо бүгчихдэг, бүх юмаа нуучихдаг бүлэглэлүүдийг халъя. Төрийн эрх мэдлийг жинхэнэ утгаар нь иргэдийн гарт өгье гэж өчнөөн олон жил тэмцэж байгаа хүний болон түүний дэмжигчдийн үгийг сонсоцгооё. Төрийн эрхэнд гарсан бусармаг этгээдүүд өөрсдийнхөө эрх ашгийг гүйцэлдүүлэх хүмүүсээ төрийн албанд шигж томилж өдийг хүрсний балгийг иргэд л үзэж ирсэн. Тиймээс бидэнд жинхэнэ нам хэрэгтэй байна. Гэхдээ Х.Бат-Ялалтын хэлсэнчлэн уг асуудалд сэтгэлийн хөөрлөөр хандахгүй байх хэрэгтэй юм. Гол нь иргэн та өөрөөсөө “надад нийгмийг өөрчлөх чин хүсэл эрмэлзэл байна уу? Энэ нийгмийн юу таныг бухимдуулаад байна вэ? Бухимдлыг чинь өдөөж байгаа учиг шалтгааныг уудлаж мэдмээр байна уу? Юуны эсрэг ямар эрсдэлтэй тэмцэлд нэгдэж байгаагаа ухамсарлаж ойлгосон тууштай, зоригтой, зорилготой, эрсдэл дааж хариуцлага хүлээх чадвартай нэгэн үү? гэсэн асуултуудыг асуусныхаа дараа нэгдэж орвол, Монголд улстөрийн ЖИНХЭНЭ НАМ байгуулах үйл хэрэг иргэн танд ЯЛАЛТ авчрах биз ээ.
Төгсгөлд нь өгүүлэхэд, нийгмийн баялгийн 95 хувь нь хүн амын 5-хан хувийн халаас хэтэвчинд байдаг ийм нийгмийг Монголчууд хүсээгүй, хүлээгээгүй. Тиймээс Х.Бат-Ялалтын баримталдаг “Гүтгэхгүй илчилж, доромжлохгүй шүүмжил.” гэсэн зарчим, өнөөгийн нийгмийг муу муухай бүхнийг уудлаж, хариуцлага нэхсээр байгаа цагт шийдэл дэргэд байна гэдэгт эргэлзэхгүй байна.
Э.Болорхажид
Холбоотой мэдээ
Comments are closed.