Жилийн жилд өвөл болохоор нийслэлчүүд утаа угаар, халтиргаа гулгаа гэсэн асуудалтайгаа нүүр тулдаг. Өнгөрсөн долоо хоногт ихэнх нутгаар цас орж нийслэл хотын иргэд өнөөдрийг хүртэл халтиргаа гулгаатай нүүр тулж, Хотын төвд хоёр зээрдээрээ чөлөөтэй явж чадахаа байлаа. Товчхондоо нийслэлийн иргэд их хотынхоо гудамж талбайд цаг харгалзахгүй үнэгүй гулгаж байна.
Тодруулбал, цас их орсоноос гудамж талбайд халтиргаа гулгаа үүсч, иргэд тайван алхаж чадахгүй, замын хажуу хашлагаас барьж арай ядан явна. Ийм л дүр зургийг нийслэлийн гудамж талбайн өнцөг булан бүрээс харж болно. Олон жил үргэлжилсэн энэ үзэгдэл олон хүнийг хохироосоор ирсэн.
Гэмтлийн эмнэлгийн мэдээллээс харвал жилийн жилд зуу зуугаараа халтиргаа гулгаанаас болж гар хөлөө гэмтээдэг. Мэдээж эмчлэх зардал олон саяар тоологдоно.
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас гаргасан мэдээллээс харахад, ГССҮТ-д нэг хоногт 234 хүн үйлчүүлсэнээс 55 хүн үүнээс найман хүүхэд явганаас унаж (халтирч) бэртсэн, 7 хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлжээ.
Хохирогсдын 95 хувь нь ямар нэгэн байгууллага, аж ахуйн нэгжийн эзэмшлийн талбайд халтирч гэмтэл авдаг гэнэ. Энэ тохиолдолд тухайн байгууллага иргэнд учруулсан хохирлыг нөхөн олгох журам байдаг аж. Гэхдээ энэ журам хэрэгжиж хохирлоо төлүүлсэн иргэн одоогоор байхгүй гэнэ.
Мөн байгууллагууд явган хүний замаа Хятадын дулаан бүсэд хэрэглэдэг гөлгөр хавтангаар хийдэг. Энэ нь цас орсон тохиолдолд ямар ч мөсөн гулгуураас дутуугүй халтиргаа үүсгэдэг. Цөөнгүй хүмүүс ийм замтай байгууллагын буруугаас болж гэмтэж байна. Тиймээс гэмтэж бэртсэн иргэд хохирлоо нэхэмжилдэг болцгоовол амьдралд ойрхон.
Цас мөсөө арилгадаггүй байгууллагуудаас мөнгөө олж авдаг болцгооё. Энэ нь хүний эрүүл мэндээр зогсохгүй, нийслэлийн үзэмжид ч хэрэгтэй. Зөвхөн байгууллагууд ч гэлтгүй нийслэлд явган хүний зам тавьсан хавтан нь бас гөлгөр, гөлтгөр. Өвлийн улиралд бол хүн явж болохооргүй, халтирч унаад, гар хөлөө хугалах магадлал өндөр.
Уг нь явган хүнд зориулсан зам тодорхой стандарттай, хальтирч гулгахааргүй, хөгшин настай хүн ч гэсэн санаа зовох юмгүй алхаж болохоор байх ёстой. Гэтэл тийм хавтангаар зам засч байгаа компани байна уу гэдэг нь эргэлзээтэй. Үүнээс шалтгаалж өвлийн улирал эхэлж, цас орохтой зэрэгцээд явган хүний зам дээр халтирч унаж бэртсэн, гэмтсэн хүмүүсийн тоо ихэсч байна.
Улсаас өч төчнөөн тэрбум төгрөг үрээд, жил бүр зам засч байгаа ч иймэрхүү л үр дүнтэй байна. Манай улс замаа цэвэрлэхдээ ТҮК-ийн хэдхэн хүнд найддаг. Тэр хүмүүс шүүр, хүрзнээс өөр багаж байхгүй. Явган хүний замыг тийм багажтай хэдэн хүн цэвэрлээд, иргэдийг халтирч унахаас сэргийлнэ гэвэл ёстой үлгэр байлгүй. Тиймээс замынхаа стандартыг нарийн мөрдөж, халтирч унахааргүй хавтангаар хийчихмээр юм.
Ядаж л ойр орчныхоо 50 м хүртэлх зам, талбай, шатны цас мөсийг цэвэрлэж, халтиргаа ихээр үүсдэг гантиг чулуун шат талбайд халтирахаас сэргийлсэн зориулалтын резин, хивсэнцэр, дэвсгэр дэвсэж хальтирч унах аюулаас биднийг авраач.
Тэгэхгүй бол Гэмтлийн эмнэлэг ачааллаа дийлэхээ больж, хатуухан хэлэхэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо нэмэгдэхэд хүрчихээд байна.
Т.Гэрэл
Zaluu.com
Холбоотой мэдээ
-
irgen (November 22, 2016 1:14:00 pm )
hunii xot hediigeer mashiinaar tsewerlej bgaach manaixan garaaraa tsewerleed bolj l bgaa sh dee tegsench manai xotiin utaa xvnii xotiin utaanaas baga l xaragdaj bna sh dee
1 Comment