Чалкогийн өр гэх яаж ч болдоггүй “шүдний өвчин”-өөс болж төрийн Тавантолгой маань Хятадын нүүрсний ченж компаниудын хоол болж байгаа талаар сүүлийн үед дээр, дооргүй ярьж, бичиж байгаа.
Гэтэл муу дээр муу, муухай дээр улцан гэгчээр хятад компаниуд Тавантолгойгоос нүүрс зөөхдөө шороон замаар тээвэр хийн, хууль зөрчиж, нутгийн байгаль орчин, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах эрхийг ноцтой зөрчсөөр байгаа тухай мэдээлэл гарах боллоо. Баялгаа Чалкогийн өр нэрийн дор үнэгүй шахам зөөлгөөд, дээр нь байгаль орчноо сүйтгүүлж, Хятадын тээврийн компаниудын дур зоргоор, хууль бус авирласан үйлдлийг тэвчиж сууна гэдэг нутгийнхны хувьд хүнд асуудал болжээ. Энэ талаар сурвалжлахаар манай сэтгүүлч аймаг, сумдын холбогдох албаны хүмүүсээс тодруулга авч, байдал газар дээрээ ямар байгаа талаар сурвалжилсан юм.
Шороон замаар нүүрс зөөгчдөд хууль үйлчилдэггүй
Говийн бүс нутагт нүүрс тээврийг зөвхөн хатуу хучилттай авто замаар гүйцэтгэж байх тухай Зам, тээврийн сайдын тушаал 2015 оны 3-р сард гарсан байдаг.
Үүнээс ч өмнө тухайн үеийн Шадар сайд У.Хүрэлсүх Өмнөговь аймагт томилолтоор ажиллаж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцах үедээ нүүрсний бүх уурхайнуудад шороон замаар нүүрс тээвэрлэхээ даруй зогсоохыг үүрэгдэж байжээ. Төрийн үүрэг даалгаврыг хувийн хэвшлийн хэдэн компаниуд нь ягштал биелүүлж, дор бүрнээ авто зам тавьсан бол төрийн өмчит Тавантолгойн уурхайн амнаас Гашуунсухайтын авто зам хүртэлх 13.6 км хэсэг шороон зам бахь байдгаараа, зам биш там байдалтай өнөө хүрчээ. Энэ шороон замаар Хятадын нүүрс тээврийн компаниуд өдөр шөнөгүй түүхий нүүрс зөөж, Монголын хууль, дүрмийг уландаа гишгэн, байгаль орчныг сүйдэлсээр байна.
Газар дээр нь байдалтай танилцах үед уг шороон замаар нүүрс тээврийн урт машинууд зогсоо зайгүй цувж, тэнгэрт хадсан улаан тоос манарсан байдалтай байв. Энэ хавийн ойр орчимд өвөлжөө, хаваржаа байдаггүй гэх боловч үнэндээ хүн, мал нутаглая ч гэсэн нутаглах боломжгүй нь ойлгомжтой байна.
Г.Бацмаа, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ИТХ-ын дарга
Тавантолгой нүүрсний уурхайгаас гарсан 14 км орчим шороон замаар нүүрс тээвэрлэлт хийж байгаагаас хөрсний эвдрэл, тоосжилт, бэлчээрийн талхлагдал гэх мэт сөрөг асуудлууд ихээр үүсч байгаа.
Эдгээрээс үүдэлтэйгээр амьсгалын замын өвчин Цогтцэций сумын иргэдийн санааг зовоох болсон. Иймээс ард иргэдийн зүгээс хурдан арга хэмжээ авч, энэ асуудлыг даруй шийдэж өгөх хүсэлтийг сумын ИТХ-д байнга тавих болсон.
Э.Отгонжаргал, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Байгаль орчны улсын байцаагч
Энэ хэсэг шороон замыг орон нутгийн өмчит Тавантолгой болон Эрдэнэс Тавантолгой компани хамтран засмал зам болгоно гэдэг хэдий ч санхүүжилт, хөрөнгө мөнгөгүй гэсэн шалтгаанаар өнөөдрийг хүрсэн.
Орон нутгийн зүгээс албан шаардлага байнга хүргүүлдэг. Бид цагдаагийн хэлтэстэйгээ хамтарч хяналт, шалгалт явуулдаг. Уг шороон замын орчим 2-3 км өргөн салаа зам бий болж, тоосжилт их хэмжээгээр үүссэн нь жолооч нарын үзэгдэх орчныг хязгаарлаж , аваар осол гарах үндсэн шалтгаан болж байна гэсэн дүгнэлт гарсан. Шороон замаар тээвэрлэлт хийснээр байгаль оорчинд сөргөөр нөлөөлж, ургамлын бүрхэвчийг устгаж, хөрсийг эвдэж гэмтээж байна.
Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг бүх уурхайн компаниуд өөрсдийн уурхайгаас гол замтай холбогдох хатуу хучилттай замуудыг дор бүрнээ барьж, байгуулан түүгээрээ ачаа, тээврээ хийж эхэлсэн байдаг. Тухайлбал, Оюутолгой компани өөрийн уурхайгаас 90 км авто зам, Энержи Ресурс компани 245 км авто зам, Хүннү көүл компани Цант уулын уурхайгаас 40 км зам, цаашлаад МАК болон Саус гоби сэндс компаниуд ч өөрсдийн уурхайгаас Шивээ хүрэнгийн боомт хүртэл 50 орчим км хатуу хучилттай авто замыг барьж, тээврээ хийж байна.
Ингээд Өмнөговийн хэмжээнд ганцхан Тавантолгойн Цанхийн уурхайн амнаас гарсан 13.6 км шороон зам л тоос манаргасан хэвээр, хууль зөрчсөн байдалтай үлдээд байгаа нь энэ аж.
Монгол жолооч нарыг хууль бусаар, хүнд нөхцөлд ажиллуулдаг
Нүүрс тээвэрлэлтийн хятад компаниудтай холбогдох асуудал ганцхан шороон замаар дуусахгүйг эх сурвалжууд баримт, нотолгоотойгоор хэлж байлаа.
Хууль зөрчин байж тээвэр хийдэг хятад компаниуд голцуу монгол жолооч нарыг хөлсөөр ажиллуулдаг гэх. Нэг ёсондоо, монгол залуусыг албан бусаар, мөн л хууль зөрчин тээврийн жолоочоор ажиллуулдаг аж. Ингэхдээ жолооч нартай хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй, амь насны даатгал, хөдөлмөрийн аюулгүй байдлын ямар ч нөхцөл хангагддаггүй бөгөөд татвар хураамж, нийгмийн даатгалын шимтгэл, ирээдүйн амьдралын баталгаа, ажлын нөхцлийн хувьд бүр ярих ч хэрэггүй.
Тэднийг урт, богино хугацаагаар, цэвэр халтуурын журмаар ажиллуулдаг энэ байдал даамжирсаар зам дээр аваар осол гарах, хүний амь нас эрсдэх, гэмтэл бэртэл авах нь ердийн үзэгдэл болоод байгааг орон нутгийн засаг захиргааны холбогдох бүх шатны хүмүүс хэлж байсан юм.
Х.Мөнх-Эрдэнэ, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Замын цагдаагийн тасгийн дарга, хошууч
Энэ шороон замын хувьд Монгол Улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын асуудал ихээр хөндөгдөж байгаа. Олон салаа зам гарсан, тоосжилт ихтэй байгаагаас энэ замд авто тээврийн ослын хувь хэмжээ маш өндөр үзүүлэлттэй гарах болсон.
Зөвхөн энэ 11-р сард гэхэд л 9 жолоочийн амь нас эрсэдсэн. Монголд бүртгэлтэй, хятад эзэдтэй компаниуд голдуу энэ замаар нүүрсээ тээвэрлэдэг. Тэд нүүрсний тээвэр хийхдээ монгол жолоочоор хил хүргүүлж, ачаагаа буулгаад, цаанаас нь хятад жолооч тосч аваад хил гаргах байдлаар ажиллуулдаг. Ийм тохиолдолд замын хөдөлгөөний хууль дүрэм, сахилга хариуцлага тооцоход үнэхээр хүндрэлтэй.
Чалкогийн өрийн гацаанд улсаараа орсон нь дүүрч гэхэд ядаж тэр өрийг нь зөөх үйл явц говийг там болгож, Монгол хүнийг ажлын мал болгож байгаа энэ байдлыг эргэж харах цаг болсон байлтай. Хятадууд өрөндөө түүхий нүүрс зөөх гэж шороон замаар улайрч, улс орны баялгийг маань сорчилж байх зуур говь нутгийн хүн зон хэлмэгдэж, мал хуй нь чирэгдэж дуусах нь ээ. Анх өр тавигдсанаас хойш жил бүр хэн нэг эрх мэдэлтэн нь “Удахгүй Чалкогийн өрийг дарж дуусна” гэх популист амлалт өгсөөр бүхэл бүтэн таван жил улиран одлоо. Хэзээ гарах өр, хэзээ дуусах зовлон бэ гэх асуулт эрхгүй тавигдаж байна.
Монгол Улсын хууль тогтоомж гууль болж, сайд дарга нарын тушаал цаас төдийд үлдсэн ийм нэг асуудал Өмнийн цэнхэр говьд үүсээд удаж буйг энэ сурвалжлагаараа дамжуулан олны сонорт хүргэхийг зорилоо.
Эх сурвалж: Өдрийн сонин
Холбоотой мэдээ
-
зочин (November 21, 2016 10:09:35 am )
ЭНЭ 2 НАМААС САЛААГҮЙ ЦАГТ МОНГОЛЧУУД САЙХАН АМЬДАРНА ГЭЖ САНАХЫН ГАРЗ
1 Comment