Сүүлийн үед “ноён” долларын үнэ ханш огцом өссөний улмаас бензин, шатахууны үнэ дагаад нэмэгдсэн билээ. ОХУ-аас шатахууны хувьд хараат ирсэн Монгол улс ойрын ирээдүйд өөрсдөө шатахуун үйлдвэрлэж хэрэгцээгээ хангана гэдэг худал лоозон агаарт замхарч сонгуулийн өмнөх шоуны нэг хэлбэр төдий хоосон амлалт болжээ. Ирэх гуравдугаар сард ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаатай холбогдуулан нэр дэвшигч В.Путин шатахууны үнэ нэмэгдэхээс өөр аргагүй болсон өнөөдрийн үүссэн нөхцөл байдлыг сонгууль хүртэл намжаах даалгавар өгсний хүчинд нефтийн бүтээгдэхүүний үнэ ханш одоохондоо тогтвортой байна. Энэ бол түр зуурын үзэгдэл. Ерөнхийлөгчийн сонгууль болж өнгөрмөгц шатахууны үнийг зах зээлийн жишгийн дагуу тогтоох нь хууль юм. Тэгээд ч ОХУ-ын “Роснефть” компани экспортын бүтээгдэхүүнээс НӨАТ авах болсноо саяхан зарлав.
Гэтэл манайхан энэ талаар ямар ч мэдээлэлгүй байх жишээтэй. Харин ч бүр эсрэгээрээ нефть импортлогч компаниудын НӨАТ-ыг тиглэнэ гэж Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт мэдэгдэв. Монгол улс жилдээ 2 их наяд төгрөгийн үнэ бүхий шатахуун, дизель түлшний борлуулалт хийдэг гэж үзвэл Засгийн газар нэг жилийн дотор 200 тэрбум төгрөгийн алдагдлыг өөр дээрээ хүлээх гэж байна гэсэн үг. Нефть импортлогч компаниуд үүний хариуд зөвхөн АИ-92 бензин дээр жишээ авч үзвэл, 1 литр нь 1780 төгрөг байгаа уг түлшний үнэ даруй 178-200 төгрөгөөр буурна гэж тооцвол, литр бензиний үнэ 1580 буюу саяхан мөрдөгдөж байсан үнэд дөхөж очих юм. Тэглээ гээд Монголбанкнаас “ноён” долларын ханшийг 1300 төгрөг дотор барина гэвэл тэрэн шиг худлаа юм үгүй. Нөгөөтэйгүүр, МАН-ын эрх барьж буй Засгийн газар ирэх УИХ-ын сонгуульд ялалт байгуулахын тулд бүхнийг золиослоход бэлэн байна. Тэд ямар ч хамаагүй үнээр ялалтад хүрэхийг тэмүүлж байгаа нь хэнд ч нууц биш.
Тиймээс 2012 оны төсөвт суугаагүй олон зуун тэрбумын алдагдлыг ирэх долоодугаар сар буюу сонгууль дуустал төр үүрэхээр шийджээ. Тэгээд ч ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа шатахууны үнэ дунджаар 15-25 хувь нэмэгдэх магадлалтай гэсэн мэдээлэл бий. Үүнийг монголчууд бид тойрч гарч чадахгүй. Засаг төр сонгууль болтол чардайлаа гэхэд Наадмын өмнө бид хэнийг сонгосон бэ гэдгийг хараад дахиад л уур уцаартаа автах нь тодорхой юм. Тиймээс бид удахгүй шатахууны үнэ бууна гэдэгт түр зуурхандаа л баярлах аж. Харин Наадмын дараа намар гэдэг шиг ирэх намрын ургац хураалт, намрын их ажлын өмнө шатахуун, дизелийн үнэ 2000-аас доошгүй болох бөгөөд энэ нь нэгэнт тогтсон үнэ болох нь аюулын харанга дэлдэж байна.
А.Харанга (www.wikimon.mn)
Холбоотой мэдээ
Comments are closed.