МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх “хана мөргөчихлөө”. Угтаа Тэргүүн шадар сайдын алба хашиж,
ирэх сонгуулийн ажилдаа “Засгийн газартайгаа хамт” орчих санаатай явсан нь талаар болов.
Ардчилсан нам Засгийн газраас гарах болсноор МАН-ынхан дангаар Засгийн газраа авч явах түүхэн үйл явдлын өмнө нэлээн ширүүхэн үзэлцээд авлаа. АН-ын зургаан сайдын оронд томилох шинэ сайдуудын нэрс тодроход олны анхаарлыг татсан нь У.Хүрэлсүх байв.
Сангийн сайдаар УИХ-ын гишүүн Д.Хаянхярвааг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Цогтбаатарыг, Батлан хамгаалахын сайдаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаярыг, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар Ц.Дашдоржийг, Эрүүл мэндийн сайдаарЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Хүрэлбаатарыг /эд бүгд сайдаар томилогдсон/ томилох саналыг АН-ын бүлгээс оруулж ирэв. Харин Тэргүүн шадар сайдад У.Хүрэлсүхийг томилох санал гаргасан нь анхаарал татсан хэрэг.
Ерөнхийлөгч болон АН-ынхан Засгийн газарт багтах сайдууд УИХ-ын гаднаас томилогдох, Тэргүүн шадар сайдын албагүй Засгийн газрыг бүрдүүлэх гэсэн шалгуурыг тавьсан нь МАН-ынхантай толхилцоход хүргэсэн.
АН-ынхан “Засгийн газарт багтах сайдууд УИХ-ын гаднаас томилогдох, Тэргүүн шадар сайдын албагүй Засгийн газрыг бүрдүүлэх ёстой” гэсэн хатуу байр суурь илэрхийлсэн тул МАН-ынхан буулт хийхэд хүргэсэн гэж хэлж болно. МАН-ынхан Тэргүүн шадар сайдын албагүй ажиллая гэдэг шийдвэрийг гаргасан нь АН-ынханд ихэд таалдагдаж Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээр ажиллах шийдвэрийг батлаж орхив.
Одоо хэвлэлүүдээр /захиалгатайгаар/ У.Хүрэлсүхийг баатар хэмээн цоллож байна. Ямар учраас ийнхүү МАН-ынхан генсекээ хамгаалан хөөрцөглөх болов гэдэг нь хачирхалтай санагдана. АН-ынхан У.Хүрэлсүхээс айсандаа Тэргүүн шадар сайд болгохоос татгалзлаа, тэр хэн болохоо АН-ынхан харууллаа гэх мессеж өнөөдрийн хэвлэлүүдээр нисэж явна. Харин ч эл ПИ-АР шинжтэй дээрх нийтлэлүүдийг уншсан ажиглагчид өөрөөр тайлбарлаж байх юм. “Хана мөргөсөн” Хүрэлсүхийн хамгаалалт хэмээж байна.
Үнэндээ эрхэм генсек “хана мөргөчихлөө дөө”. МАН-ын ЕНБ-ийн дарга У.Хүрэлсүх Тэргүүн шадар сайд болох гэсэн биш нэлээн эвгүй байлдалд ороод буцлаа. Өнгөрсөн өдрүүдэд Ерөнхийлөгч болоод АН-ынханд баалуулаад өнгөрлөө. Гэнэн улс төрчийн болчимгүй шийдвэр гэж хэлэхээс өөр аргагүй. Түүний энэ алдаатай шийдвэрийг Ерөнхийлөгч болоод АН-ынхан овжин ашиглаж чадлаа. Сөрөг хүчний байр сууриа гаргах гэж гар нь загатнаж байсан АН-ынхан генсекийн алдааг ашиглачихлаа. Нөгөөтэйгүүр АН-ынхан У.Хүрэлсүхээс айсандаа бус олон жилийн өмнө болж өнгөрсөн экс ерөнхийлөгчөөс нь хариугаа авч буй хэрэг.Түүнчлэн У.Хүрэлсүхийг улс төрчийнх нь хувьд рейтингийг нь өөрөөр нь эвтэйхэн унагуулаад авсан хэрэг гэдгийг ажиглагчид онцолж буй юм. Тэр том намын ЕНБ-ийн даргын суудлаар “шал арчиж” орхилоо доо.
Т.АМУР
gonews
Холбоотой мэдээ
Comments are closed.