Аймгийн Засаг дарга Г.Эрдэнэбат Хонгор сумын иргэдтэй уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд аймгийн Засаг дарга Г.Эрдэнэбат тус аймгийн 2011 онд хийж бүтээсэн ажлын талаар товч мэдээлэл хийж Хонгор суманд улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, засвар, тохижилтын ажлаар уурын зуухыг шинэчилсэн, цэцэрлэгийн багтаамжийг өргөтгөсөн, хүүхдийн сурч боловсрох орчныг сайжруулахын тулд сургууль цэцэрлэгт хөрөнгө оруулалтыг түлхүү хийсэн бол сумын хүн эмнэлгийн тохижилт, эмнэлгийн тоног төхөөрөмжийн хувьд чамлахааргүй болгож сайжруулсан, Хонгор сумын төвийн доторх бүх гэрэлтүүлгийг шинэчилж өргөтгөн гэрэлтэй болгож аймгийн НААҮГ-тай гэрээ байгуулан ажиллаж байгаагаа онцлов.
Тариаланчид нь 2011 онд сүүлийн хорь гаруй жилд аваагүй арвин ургац хураасан зэрэг нь танай сумын хөдөлмөрчдийн нөр их хөдөлмөрийн үр дүн гэв. Мөн 2012 онд аймгийн хэмжээнд хийхээр төлөвлөсөн ажлын талаар товч мэдээлээд сүүлийн үед тус сумтай холбоотой долоо хоног бүрт 2-3 хүн хорт хавдраар нас барж байгаа, сумын айл өрхийн тал хувь нь өөр аймаг сум руу нүүж Хонгорт хүн тогтохоо больсон гэсэн мэдээлэл төвийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаад сэтгэл зовниж бодитой эсэхийг мэдэж, иргэдтэй уулзаж санаа бодлыг нь сонсохоор ирсэн тухайгаа хэлж, 2007 онд Хонгор сумын төвд хордлого гарсан түүнийг саармагжуулж чадсан уу гэвэл чадсан.
Хордлогыг саармагжуулж чадсаныг дэлхийн эрүүл мэндийн гурван байгууллага хүлээн зөвшөөрсөн. Хордлогоос гарсан гээд бид Хонгор сумыг зөнд нь зүгээр орхиогүй, байнга л эрүүл мэндийн үзлэгийг хийж ирсэн. Би өнөөдөр ямар нэгэн хэвлэл мэдээллийг байгууллагыг буруутгах гэж ирээгүй. Тэд ямар нэгэн эх сурвалжаас мэдээлэл авч байгаа. Хамгийн гол нь тэдгээрээс зарим нэг нь ташаа мэдээлэл байна. Иймээс би сумын Засаг даргад чиглэл өгч,
-Танай сумын хүн ам хоёр дахин буурчихсан юм уу?
-Өрхийн тоо нь тэгтлээ цөөрч нүүгээд явчихсан юм уу, өвчлөл нь ямар байгаа юм бэ?
-Аймгийн дундаж бусад сумтай харьцуулахад ямар байгаа вэ?
-Хонгорынх өндөр байгаа юм уу?
-Нас баралт тэр дундаа хорт хавдраар нас барах тохиолдол их байгаа юм уу?
-Долоо хоногт хорт хавдраар 2-3 хүн нас бараад байгаа нь үнэн юм уу? Хэрвээ тийм бол жилд 120 хүн нас барсан тоо гарч байна. Энэ бүхний статистик тоог нь гаргаж олон түмэнд хэлж өгөөч гэсний дагуу сумын Засаг дарга аймгийн бүртгэл, статистикийн байгууллагуудтай хамтарч та бүхэнд танилцуулахаар мэдээлэл бэлтгэсэн байна. Хонгор сумын иргэд та бүхэн эдгээрийг сонсоод сонинд гарсан болон энэ мэдээллийг хэрхэн үзэж байгаагаа үнэн мөнөөр нь хэлэхийг хүсч байна гэв.
Сумын Засаг дарга Ч.Чүлтэмбат аймгийн Засаг даргаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Иргэний бүртгэл мэдээллийн алба, эрүүл мэндийн статистикийн он оны тоо баримтыг сүүлийн таван жил тус бүрээр нь хүн амын өсөлт, шилжилт хөдөлгөөн, төрөлт, нас баралтаар гаргаж, нас баралтын шалтгааныг өвчлөл тус бүрээр нь статистик тоогоор гаргаснаа оролцогчдод дэлгэцээр тайлбарлаж танилцуулав.
Хонгор сумын нийт хүн ам 2006 онд 4404, 2007 онд 4950, 2008 онд 5256 болж өссөөр 2011 онд 5856 хүн амтай болсон. Энэ хугацаанд Хонгор сумын хүн ам 452 хүнээр өссөн дүнтэй байна. Нас баралтын шалтгааныг өвчлөл тус бүрээр нь осол гэмтэл, зүрхний шигдээс, хавдар, сүрьеэ, цус харвалт зэрэг 10 гаруй төрлөөр ангилж гаргажээ.
Сумын хүн амын нас баралтыг бусад сумтайгаа харьцуулж гаргасан судалгаагаар 2007 онд Хонгор суманд 03, Орхонд 07, Шарын голд 06, 2008 онд Хонгор суманд 03, Орхонд 03, Шарын голд 07, 2010 онд Хонгорт 04, Орхонд 04, Шарын голд 06, 2011 онд Хонгорт 03, Орхонд 03, Шарын голд 06 хувийн нас баралттай байна гэсэн статистик дүн мэдээг танилцуулав. 2010 онд аймгийн хэмжээгээр нийт 140 хүн хорт хавдраар нас барсан, үүнээс Хонгор суманд зургаа буюу аймгийн хэмжээнд хорт хавдраар нас барагсдын 4,2 хувийг эзэлж байна гэв. 2011 онд аймгийн хэмжээнд 141 хүн хорт хавдраар нас барснаас Хонгор суманд долоо буюу 4,9 хувийг эзэлж байгааг дурдав.
Сумын Засаг дарга Ч.Чүлтэмбат:-Сүүлийн үед сонин хэвлэл, мэдээллийн хэрэгслээр манай сумын тухай үндэслэлгүй янз бүрийн мэдээлэл гарах боллоо. Тухайлбал нэгдүгээр сарын 11,12,13, 16-ны өдрийн “Өдрийн сонин”-ы дугаарт удаа дараа манай сумтай холбоотой нийтлэлүүд гарсан. Аливаа асуудалд бид маш нухацтай хүлээцтэй хандаж байгаа.
Гэвч нэгдүгээр сарын 13-ны өдрийн дугаарт хэвлэгдсэн мэдээлэл биднийг ихэд цочирдуулсан. Энэ мэдээлэл манай Хонгор сумын иргэн Шоовдорын Саранцэцэг “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа Хонгор суманд долоо хоногт хоёроос гурван хүн хорт хавдраар нас барж байна гэжээ. Энэ мэдээлэл биднийг үнэхээр цочирдууллаа. Бид сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг хуралдуулж нөхцөл байдлыг танилцуулахад төлөөлөгчид ихэд дургүйцэж олон асуудлыг хөндсөн.
Хэдхэн хүн яагаад Хонгорын ард түмний нэр барьж сум орон нутгийг төлөөлөн гүтгэлэг хийж явдаг юм бэ? Тэд ямар эрхтэй болоод Монголын ард түмнийг цочирдуулан төөрөгдүүлж явдаг юм бэ? Үүнээс гарах сөрөг үр дагаврыг хэн хариуцах юм бэ? зэрэг олон асуудлыг хөндөж яриад эдгээр хүмүүсийг шүүхэд өгөх хэрэгтэй гэдэгт санал нэгдсэн юм. Буруу ташаа мэдээллийн хор уршгийг Хонгорын ард түмэн хангалттай эдэлсэн.
Сэтгэл санааны хүнд дарамтыг амсч байна. Ялангуяа эмэгтэйчүүд, хүүхэд багачууд маш эмзэгээр хүлээж авч байна. Үнэхээр тэдний ярьж байгаа шиг хамуутай, тэмбүүтэй гэхээр ямар эх хүнд олигтой санагдах вэ дээ. Эцэстээ иргэд маань Хонгорынх гэж хэлэхээсээ ичиж зовдог болж орон нутгаа нуухаас аргагүй байдалд хүргэж байна. Энэ бүхэн иргэдийн сэтгэл санаанд төдийгүй амьжиргаанд ч нөлөөлөх боллоо. Иргэдийн тарьж ургуулсан хүнсний ногоо, сүү цагаан идээ мал, мах зарагдахаа больж авах газар байхгүй болж байна.
Үүнээс болж иргэдийн амьжиргаа дээшлэхгүйд хүрч байна. Буруу ташаа мэдээллээс болж Хонгор суманд оруулах гэж байсан зарим томоохон хөрөнгө оруулалт хойшлогдож, зарим нь бүүр орж ирэхгүй байдалтай болж эхэллээ. Хонгорчууд минь бид Монгол Улсын иргэн энэ олон шуугиан дуулианы эцэст хэн хохирдог билээ зөвхөн хонгорчууд л хохирч үлддэг гашуун түүх бидэнд байна. Бидэнд тайван ажиллаж, амьдрах бодит мэдээлэл боломжийг олгож өгөөч ээ гэв.
ХонгорЧууд нарийн мэргэжлийн эмЧийн Үзлэг, шинжилгээнд хамрагдана
Хонгор сумын өндөр настан Банзрагч:-Би энэ суманд малын санитераас нь авахуулаад малын эмчээр насаараа ажиллаж ирсэн хүн. Хүүхдүүд минь хүний үгэнд орж олон түмнийхээ нэр төрийг битгий хөөдөж байгаач ээ. Манай Сараа миний хүүхэдтэй адилхан. Энэ нь цаанаа ямар нэгэн но байгаа, мөнгө өгдөг хэн нэгэн хүн байгаа гэж бодож байна. Амьтан хүн ч тэгж ярьдаг юм билээ. Тэгж болохгүй шүү хүүхдүүд минь гэв.
Дэмчигсүрэн:-Би хурал гэж бодоод ирсэн юм. Та нар ард түмнээ бодож байгаа нь хаана байгаа юм бэ? Битгий ард түмнийг хуулиар сүрдүүлээд бай. Хонгорт бүтэн хашаатай айл гэж байхгүй болсон бүгд муудсан, та нар хашааг маань шинэчилж өг. Ажлын байр ч байхгүй юм чинь 20 жилийн дараа хонгорчууд элгээрээ хэвтэх байх. Та нар Хонгор сумаа хордсон гэж хэлж болно бас хордоогүй гэж хэлж болно. Үүнийг хэн батлах юм бэ гэв.
Хонгор сумын иргэн Ш.Саранцэцэг:
-Миний өгсөн ярилцлага энэ байна. Би ард түмнийхээ төлөө л гэж явсан болохоос биш өөрийнхөө төлөө яваагүй юм. Цианит натри тухайн үед алдагдсан уу алдагдсан, Хонгор хордсон уу хордсон. Үүнийг баталж Монгол Улсын Ерөнхий сайд байсан С.Баяр уучлалт гуйсан уу гуйсан. Энэ чинь хордсон биш яасан юм бэ? гэтэл яагаад намайг буруу мэдээлэл өгсөн гээд байгаа юм бэ?.
Би сумын Засаг даргыг сумаа хамуутай, тэмбүүтэй болгосон гэж бичээгүй, тухайн үед сайд байсан Туяаг бичсэн сонин энэ байна. Бид үнэний төлөө явж байгаа, энд 42 жил амьдарч байна. Миний аав анхны атарчин хүн байсан. Миний нөхөр тухайн үед мөнгөн устай гарч, хүү маань цианитаас болж ухаан алдаж байсан удаатай гэв.
Хонгор сумын иргэн Алтангэрэл:-Хонгор сумын иргэд тухайн үед хордсон уу гэвэл хордсон. Харин одоо тэр хор нь байхгүй болсон. Би анх энэ хөдөлгөөнд орж явсан хүний нэг, гэтэл нэг л буруу тийшээ шоу хэлбэрт орж эхэлсэн болохоор нь хөдөлгөөнөөс гарсан. Хонгорчууд бид өөрсдөө өөрсдийгөө хүндэтгэх ёстой. Бидний амссан зовлон багадаагүй. Наад зах нь Хонгорын иргэн гэж хэлэхээс хүүхдүүд маань хүртэл ичдэг. Миний хүү Улаанбаатарт оюутан, гэртээ ирэхдээ найз нартаа Хонгорынх гэж хэлэхээс зовоод замдаа буулгүй Дархан ордог болохоор нь би Дарханаас тосож авдаг.
Хонгорын хүүхдүүдтэй найзлах, гэр бүл болох хүн бараг байхгүй болсон гэж манайхан ярьдаг, энэ бол үнэн. Сонгууль дөхөхөөр л энэ хордлогын асуудал сэргэж байх шиг байна. Бид ингэж улс төрийн золиос болмооргүй байна. Нэр төрөө сэргээж авмаар байна. Үүнийг үнэн зөвөөр нь Монголын ард түмэнд таниулах нь зүйтэй. Харин тухайн үед хордож эдгэрсэн иргэдээ аймаг, орон нутгаас эргээд эрүүл мэндийг нь дахин нэг сайн үзэж, хэрвээ эрүүл мэндэд нь ямар нэгэн сөрөг нөлөө байвал эрүүлжүүлж эмчлүүлэх арга хэмжээ авах хэрэгтэй гэв.
Хонгор сумын иргэн Лхагвасүрэн:-Бидний сонгосон ардчилсан ерөнхийлөгч маань телевизээр ямар ч батлагдаж нотлогдоогүй мэдээллийг ашиглаж хариуцлагагүй юм ярьсанд маш их харамсч байна. Ерөнхийлөгчийн тэр хэлээд байгаа шиг Хонгор суманд долоо хоног бүр 2-3 хүн нас бараад байгаа юм огт байхгүйг хонгорчууд та бүхэн бүгд мэдэж байгаа.
Төрийн тэргүүн маань хүртэл ийм бодолтой ингэж хандаж байхад бидний нэр төр гэж юу байх юм бэ? Хонгорын хор гэж Монголын ард түмний зүрхэнд орсон аймшиг хэвээрээ байгаа юм шиг орон даяар шуугиж байна.
Энэ нь орон даяар айдас түгшүүр төрүүлж байгаагаас өөр юу байгаа юм бэ? Хаа холын аймгаас амьтан ах дүүс маань та зүгээр үү гэж утасдаж байна. Хэдий болтол бид ингэж гүжирдүүлж гүтгүүлж явах юм бэ? Хонгор сум маань тухайн үед хордсон гэдэгтэй хэн ч маргахгүй. Төрийн буянаар тэр хорноос тэр дороо л салсан. Гэтэл тэр үед сонгуульд нэр дэвшсэн зарим нэг нь улс төрийн шоу хийж биднээр тоглосон. Одоо тэр нь бас дахиад эхэлж байгаа юм шиг байна.
Нүүлгэж суулгахдаа ч тулж хүн бүрт өчнөөн сая төгрөг өгнө гэж амлаж байсан тэр хүмүүс сонгууль дуусангуут л ор сураггүй алга болсон. Эцэст нь хэн хохирсон бэ гэвэл хонгорчууд бид нэр төр, сэтгэл санаагаараа хохироод л үлдсэн. Хэдхэн сарын дараа сонгууль эхлэх гэж байна, бас л нэг сайхан юм ярьж хонгорчууд бидэнд нэг их санаа зовсон амьтан болж гарч ирээд бидний толгойг эргүүлэхээр ирэх байх. Тэр үед нь бид тэднийг сумандаа ойртуулалгүй өшиглөөд хөөх хэрэгтэй гэв.
Энэ мэтээр 14 иргэн санал бодлоо хэлж үндэслэлгүй буруу ташаа мэдээлэл өгч Хонгорын ард түмний амар тайван аж төрөх эрх ашигт хортой нөлөө үзүүлж олон түмнийг төөрөгдүүлсэн нэр бүхий иргэд болон хүний амаар баталгаагүй мэдээллийг бичиж нийтлэн олон түмнийг цочирдуулсан тухайн нэр бүхий сонины сэтгүүлч, сониныг нь шүүхэд өгч нэр төрөө сэргээхийг санал болгон дэвшүүлж байлаа.
Мөн үеэр зөвхөн хордлогын төдийгүй сум орны хөгжил, ард түмний амьдралыг дээшлүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлж, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, мал, мах, хүнсний ногооны борлуулалтад тусалж иргэд болон аж ахуйн нэгж байгууллагуудад газар тариалангийн чиглэлээр газар эзэмшүүлэхэд анхаарч дэмжлэг үзүүлэхийг хүслээ.
Үг хэлсэн зарим иргэд энэ гайтай цианитийн “буян”-аар сумын төвийн цэвэр усны хангамж сайжирч, цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмж шинэчлэгдэн, эрүүл ахуйн орчин дээшилсэн гэж хэлсэн хүн ч байлаа.
Уулзалтын төгсгөлд аймгийн Засаг дарга Хонгор сумын иргэдийн эрүүл мэндийг нарийн мэргэжлийн эмч нарын багийг ирүүлж үзлэг шинжилгээнд оруулж, өвчин шаналал байвал эмчлүүлэх ажлыг зохион байгуулахыг аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Э.Энхжаргалд үүрэг болгов. Мөн үеэр гарсан бусад саналыг хүлээж авснаа мэдэгдээд аймаг, сумын түвшинд шийдвэрлэх болно гэв.
Б.Норовсамбуу
Эх сурвалж: “Монцамэ”
Холбоотой мэдээ
Comments are closed.