– А.Нобель яагаад математикийн шинжлэх ухааныг үл тоосон бэ –
Нобелийн шагналыг дэлхийн хамгийн нэр хүндтэй шагнал гэж тооцдог ч өөрийн гэсэн сул тал бас байдаг ажээ. А.Нобель гэрээслэлээ бичихдээ бүх шинжлэх ухааны суурь болсон тооны салбарыг орхигдуулсан нь олон хүний гайхлыг төрүүлдэг. Энэ нь нөгөө талаараа Нобелийн шагнал бол хувь хүний бий болгосон, үзэл бодол нь шингэсэн шагнал гэдгийг давхар харуулдаг юм.
Тэгэхээр, Нобель гэрээслэлдээ хамгийн түрүүнд физик, химийн шинжлэх ухааныг бичсэн. Энэ ч ойлгомжтой, яагаад гэвэл тэр өөрөө физикч, химич хүн байсан. Альфред Нобель биеэ хэт чагнаснаас болж сэтгэл санааны таагүй байдалд орох эмгэг буюу ипохондриятай байсан учраас анагаах ухааны салбарыг оруулсан нь ч мөн л хувийн шалтгаантай байсан гэж тайлбарлах үндэслэлтэй. Тэгвэл уран зохиолын хувьд А.Нобель шүлэг бичдэг байжээ. Тийм ч учраас энэ салбарын анхны шагналтнаар түүний хамгийн дуртай яруу найрагч Анри Сюлли Прюдомыг тодруулсан байдаг аж.
Яагаад энхтайвны шагнал гэж. Альфред Нобель бүх насаараа гоонь явсан ч мэдээжийн хэрэг, түүнд хайрлаж явдаг эмэгтэй байжээ. Тэр нь даян дэлхийд энхтайван тогтоох хүсэл эрмэлзэлтэй, бас ч үгүй энэ зорилгынхоо төлөө тодорхой алхмуудыг хийдэг бүсгүй байж. Гэрээслэлд энхтайвны шагнал олгох тухай мөртүүд энэ шалтгаанаар бичигдсэн байна.
Тэгвэл тооны шинжлэх ухааныг яагаад орхисон юм бол. Энэ талаар олон сонирхолтой таамаг бий. А.Нобель эхэндээ шинжлэх ухааны бүх үндсэн салбарыг оруулсан ч сүүлд тооны шинжлэх ухааныг хасч энхтайвны шагналыг бичсэн гэнэ. Яагаад ингэсэн шалтгааных нь талаар ч үнэн худал нь мэдэгдэхгүй яриа явдаг. Бүр онигоо хүртэл бий. Түүнд өгүүлснээр бол, А.Нобель нэгэн бүсгүйд ухаангүй дурласан ч өнөөх нь математикч Миттаг Лефлерт дурлачихсан гэнэ. Нобелийн сангийн гүйцэтгэх захирал Микаэль Сульман нэгэнтээ “Янз бүрийн яриа бий, гэхдээ үнэмших аргагүй. Хамгийн үнэмшилтай тайлбар нь тэр өөртөө ойрхон салбарыг гэрээслэлдээ бичсэн. Тоо А.Нобелийн сонирхлыг татдаггүй байсан бололтой” гэж ярьж байжээ.
А.Нобель ийнхүү шинжлэх ухааны хааныг үл тоосон ч дутуу үлдээсэн орон зай нь нөхөгдөөд 14 жил өнгөрч байна. Альфред Нобель гэрээслэлдээ математикийн салбарыг орхигдуулсныг мэдсэн Норвегийн алдарт математикч Софус Ли урамшууллын хувьд Нобелийн шагналтай эн зэрэгцэх “Абелийн шагнал” гэгчийг санаачилжээ. Норвегийн алдарт математикч Нильс Хенрик Абелийн нэрээр нэрлэгдсэн уг шагналын анхны эзэн 1902 оны наймдугаар сарын 5-нд буюу мэндэлснийх нь 100 жилийн ойн өдөр тодрох ёстой байв. Шагналыг нь Норвегийн хаан Оскар II гаргахаар тохирсон байжээ. Гэвч Софус Ли 1899 онд нас барснаар сураг алдарчээ. Хэн нэг нь энэ талаар эргэн санах хүртэл бүхэл бүтэн зуун жил өнгөрсөн юм. Норвегийн эрх баригчид 2001 онд шагналыг бий болгох шийдвэр гаргаж, 2002 онд Н.Х.Абелийн 200 жилийн ойн төрсөн өдрөөр анхны шагналтныг тодруулснаас хойш жил бүрийн гуравдугаар сард зохион байгуулдаг уламжлал тогтоод байна.
Дашрамд сонирхуулахад, АНУ-ын нэрт математикч Жон Форбс Нэш нь Нобелийн болоод Абелийн шагналыг хоёуланг нь гардсан цорын ганц эрдэмтэн юм. Тэрээр алдарт “Тэнцэлийн томъёо”-гоороо 1994 онд Нобелийн эдийн засгийн шагналыг гардсан бол 2015 онд нас барахаасаа сар гаруйн өмнө Абелийн шагналын эзэн болжээ.
Эх сурвалж: Ардын эрх сонин
Холбоотой мэдээ
Comments are closed.