Яригдаж эхэлсэн цагаасаа хойш наашаа ч үгүй, цаашаа ч үгүй гацсан бүтээн байгуулалтад Монголын шинэ төмөр замын төсөл багтана. Дэлхийн зах зээлд хар алт моодонд орж байсан 2008 оноос эхлэн хөндөгдсөн энэ төсөл бүтэн найман жил дамнан яригдаж, бас ч үгүй Засгийн газраас олон сая төгрөг зарцуулаад байгаа. Эхэлбэл эхлээд, ашиглавал ашиглаж болохоор цаг хугацаа өнгөрчихөөд байгаа энэ төслөөс сайн мэдээ огт сонсогдоогүй. Сүүлдээ энэ төсөлтэй холбогдсон эзэд нь хуулийн байгууллагын хараанд орж, шалгагдаж саатуулагдсаар сүүлдээ Ардчилсан намыг навс ялагдахад том үүрэг үзүүлсэн улсытөрчдийн дундах хэрүүлийн бай болж гүйцсэн юм.
Үр дүнд нь анх яригдаж байсан 1800 км төмөр зам байтугай Ухаа худаг-Гашуунсухайтын боомт хүрэх 267 км төмөр замаа яг хэзээ ашиглалтад орох нь ч тодорхойгүй үлдсэн. Тэгвэл энэ сард УИХ-аар батлагдсан Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт төмөр замын талаар ямар бодлого, чиглэл барьж ажиллах вэ гэдгээ тусгасан байна.
Лав л эрх баригчид юуны өмнө босоо тэнхлэгийн буюу Таван толгой (Ухаа худаг)-гоос Гашуунсухайтын хилийн боомт хүртэлх 267 км төмөр зам, Хөөтөөс Бичигтийн боомт хүртэлх 200 км төмөр замыг нэн түрүүнд анхааралдаа оруулж барьж байгуулах ажилд орох бололтой. Үүнийгээ үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө “Тавантолгой-Гашуун сухайт, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замыг барьж ашиглалтад оруулна. Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замаас Оюутолгойн салбар төмөр зам, “Шивээ хүрэн-Сэхэ” чиглэлийн боомтын төмөр замыг барьж дуусгана” хэмээн зааж оруулжээ.
Өнгөрсөн жилүүдэд төмөр замын төслийн гол дүрд УИХ-ын гишүүн асан Х.Баттулга анхнаасаа тоглосон нэгэн. Тэгвэл түүний маш их оролцоотой, байнга ярьж бичиж нийгэмд элдэв янзын мессеж өгсөөр ирсэн Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн 267 км төмөр замыг энэ дөрвөн жилд МАН-ынхан үргэлжлүүлнэ. Хариуцаж ажилласан эздээ “аавынд” илгээчих гээд байгаа 267 км төмөр зам харин энэ удаа эргээд Х.Баттулгын гараас ангижирч MCS-ийнхэнд очих нь уу үгүй юу гэдгийг цаг хугацаа харуулна. Тун ч сонирхолтой хэрэг. Хэрвээ эрх баригчид MCS-ийг сонгож хариуцуулах, эсхүл хамтарч энэ төсөл дээр ажиллах эсэх нь одоогоор тодорхой болоогүй байгаа ч магадлал өндөр. Хэрэвзээ тиймдээ хүрвэл MCS-Женко, Женко-MCS гэсэн дарааллаар олон эздийн гар дамжсаар энэхүү 267 км төмөр зам барих ажил 2020 он хүрэх бололтой. Харин тэр цагт энэ төмөр зам Женкогийн үлдээсэн шиг асуудалтай хэвээр дараагийн Засгийн газартай золгох уу, эсвэл жин тан болж хэдийнэ үр ашгаа өгч эхлэх үү гэдэг ч бас ирэх жилүүдэд сонирхолтой л сэдэв.
Анх МСS компани 2012 онд дээр яригдсан 1800 км төмөр замын зургааны нэг буюу Тавантолгойгоос Хятадыг чиглэх 267 км төмөр замын бүтээн байгуулах ажлыг хийж гүйцэтгэхээр Сү.Батболдын Засгийн газартай концессын гэрээ байгуулсан. 2010-2012 онд МСS компани энэ эрхийг авахын төлөө нэлээн хүчин чармайлт гаргаж байсан бол ЗТБХБ-ын сайд байсан Х.Баттулга ч зүгээр суугаагүй. Тэрээр 2011 оны хавар шинэ төмөр замын төслийн техник эдийн засгийн үндэслэлийг АНУ-д төвтэй, Хонконг, Бээжинд салбартай гэх “Маккензи” группээр хийлгэж, 15 сая орчим ам.доллар төлсөн байдаг. Өндөр өртөгтэй энэ төсөл Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдээгүй, “Маккензи” групп тендергүй авсан гэдэг юм. Төмөр замын талаар барьж буй хоёр хөршийн бодлого тусгагдаагүй, төмөр зам тавих газрын газар зүйн байрлал, онцлогийг нарийвчлан тогтоосон сансрын зураг, маршрутгүй энэ ТЭЗҮ-ийн хөлсийг “Монголын төмөр зам” ХК ХААН банкны барьцаанд гурван зүтгүүрээ тавьж зургаан сая ам.доллар зээлж өгсөн ба төмөр замын төслөөс мөнгө завшсан байж магадгүй хэмээн одоо Интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа Ч.Ганбатын нэр “Маккензи” групптэй холбогдоод байдаг.
За тэгээд 2012 оны сонгуулийн өмнө Тавантолгойгоос Хятадыг зорих 267 км төмөр замыг барьж байгуулах эрхийг Засгийн газар MCS компанид өгсөн ч 2012 оны УИХ-ын сонгуулиар парламентад бусдаасаа илүү суудал авч бусад намуудтай хамтран Засгийн газраа байгуулсан АН-ын зүгээс MCS-ийг төмөр замын тоглоомноос гаргаж орхисон. Ингээд төсөл төрийн өмчит “Монголын төмөр зам” ХК-д буюу ерөнхийдөө Х.Баттулгын гарт дахин очсон.
Гэвч шинэ төмөр замын төсөлд Чингис бондоос хөрөнгө оруулалт татаж Х.Баттулгын шийдвэрээр 2011 оны хавар, зун намар говьд төмөр зам барихаар ажилласан гэх дотоодын 30 гаруй компанид олгоно гэж байсан ч компаниуд нь мөнгөө авч чадаагүй хэвээр харин төмөр замын төслөөс мөнгө завшсан томоохон дуулиант хэрэг цагдаагийнхан үүсгэж шалгаж эхэлсэн байдаг. “Монголын төмөр зам” ТӨХК-ын ТУЗ-ийн дарга Б.Батзаяаг ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд гэрээс нь баривчилж хорьсон, Өмнөд Солонгосын “ Samsung C&T” компани энэ хэрэгт холбогдсон дуулиан сонгуулийн өмнө ид босож байсныг эргэн сануулъя.
Үүгээр ч зогсохгүй тухайн үед “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийн хүрээнд төмөр замын суурь бүтцийг “барих-ашиглах-шилжүүлэх” концессийг “Монголын төмөр зам” ТӨХК-д олгохоор шийдвэрлэж төслийг хэрэгжүүлэхэд эхний ээлжинд шаардагдах 55 сая ам.долларын санхүүжилтийг олгохыг Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрч байсан аж. Тэгвэл зээлийн эргэн төлөлтийг тухай бүр нь улсын төсөвт тусгаж, шийдвэрлэх үүрэг авч байсан тухайн үеийн Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр ч тэр, 55 сая ам.долларыг цааш нь Шинэ төмөр зам төслийн бүтээн байгуулагчдад олгох байсан Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат нар хөтлөлцөөд хуулийн байгууллагынханд шалгагдаж эхэлсэн мэдээлэл ч цацагдлаа. Тэднийг Чингис, Самурай бондын зарцуулалттай холбоотой асуудлаар шалгаж эхэлсэн гэж байгаа тул төмөр замын асуудал ч мөн холбогдож л таарна.
Тэгэхээр байгуулагдаад зуу ч хоноогүй байгаа Засгийн газар маань Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогод тусгагдсанаасаа хойш дуулиан дагуулсаар ирсэн 267 км төмөр замтай зууралдах нь, чингэхдээ энэ удаа Женкогийн гараас MCS хүртэлх замыг туулах нь уу үгүй юу, элдэв дуулиан нийгэмд дагуулсаар олон ч өндөр албан тушаалтнууд торны цаана орох нь уу үгүй юу гэдэг нь ойрын хугацаанд ил болох биз ээ.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
бат (September 27, 2016 10:11:53 am )
аль аль биш монголын төмөр зам барих хэрэгтэй.
-
pro (September 27, 2016 1:01:08 pm )
батулгын буруу энхсайханы зөв байсан гэдгийг одоо бүгд харж бна. гэхдээ төмөр зам хэн барих нь чухал биш харин хэрхэн ашиглах вэ, юу ачих вэ, ашигтай ажиллаж чадах у гэдэг л чухал. ТЗ-г дангаараа бие даасан, ашигт суурилсан төсөл хэлбэрээр барьж ашиглах хувилбар зохиогоод зүтгээд байвал баттулга ч, MCS ч барьж чадахгүй. ЭТТ- тэй юмуу, ер нь Тавантолгой төсөлтэй уялдуулж хэрэгжүүлэх хэрэгтэй дээ.
-
ЗОЧИН (September 27, 2016 1:03:22 pm )
МАН-ЫН ЗАСГИЙН ҮЕД МСS-ИЙН ОФФИСТ ЯРИГДСАН ЗҮЙЛ ЗГ-ЫН ШИЙДВЭР БОЛЖ ГАРДАГ УЛАМЖЛАЛТАЙ УЧРААС ЭНЭ ӨНДӨР МАГАДЛАЛТАЙ,
-
Anonymous (September 27, 2016 3:17:42 pm )
Battulga-iin baridag gej yu baihavde
-
ЗА ТЭР (September 27, 2016 3:22:42 pm )
ЮУ Ч МЭДЭХГҮЙ ЮУ Ч ХАРААД ОЙЛГОЖ ДҮГНЭХ ЧАДВАРГҮЙ НӨХӨР БИЧЖЭЭ. ЗАМ ТЭЭВРИЙН ЯАМ ТЭР ЧИГЭЭРЭЭ ЖЭЭНКЭЭГИЙН ХҮМҮҮС БОЛЧИХООД БАЙХАД ЯАЖ ЭМСИЭЭС АВАХ ЮМ БЭ?
-
мо (September 27, 2016 6:12:45 pm )
Шийдвэр гарсан бол тэрийгээ хэрэгжүүлдэг төр засагтай баймаар байх юм.Төмөр зам барьсан бол одоо Монголчууд хожоод,нүүрсээ төмөр замаар зөөгөөд байж байхгүй юу даа. гэтэл худлаа улс төржүүлээд юу ч хийлгэхгүй гацаасан даа.оронд Орос л хожиж Тувагаас төмөр замаар Хятад руу нүүрс гаргаж байна. Хараад байхад Яагаад Монголын улс төрчид эх орныхоо эсрэг хувьдаа өчүүхэн олз хайсан юм хийж байдаг юм бэ дээ.эгэхэд бусад орны улс төрчид тухайлбал Орос,Хятадынх эх орондоо сайн зүйл хийх гэж чармайж явах юм.
-
зочин (September 28, 2016 8:59:48 am )
Энэ бол дэндүү эмгэнэлтэй түүх. Ингэж л төр засгийг гартаа авсан олгихаруудын хоорондын цусгүй дайны балаг өнөөдөр монголын эдийн засгийн сан хөмрөгийг доош нь хөмөрч ард түмэн бүсээ чангал гэж хашгарахаас өөр замгүй болгосон. Тэр тусмаа Женкогийн соёлтой дээрэмчид хөрөнгө мөнгийг дэндүү балмад үрэн таран хийсэн нь олон нийтэд цацагдаад байгаа. Ямарч байсан энэ засгийн газар төмөр замыг ашиглалтанд оруулах зайлашгүй шаардлагатайг амьдрал харуулж, бидний баялаг үнэгүйдэж, ард түмэн хоосорч мэдэрч байна. Хэн барих нь сонин биш хурдан барьж дуусгавал ядахнаа говь нутгийн маань эмзэгхэн хөрс эдгэрэх байгаа даа.
-
ЗОЧИН (September 28, 2016 9:24:35 am )
ТӨМӨР ЗАМ ТАВЬСАН БОЛ ӨДИЙД 60 ГАРУЙ МЯНГАН ХҮН АЖИЛТАЙ БОЛООД НҮҮРСЭЭ ДАЛАЙН ЭРЭГТ АВААЧИЖ ЗАРААД АРДЧИЛСАН НАМ ХИЙЖ ЧАДДАГАА ХАРУУЛААД СУУЖ БАЙХ БАЙЛАА ОДОО ЯАХАВ ЧАДААГҮЙ ЭХ ОРНОО ХОРОЛСОН ШААР НУУД ШОРОНДОО ОРЦГОО
8 Comments