-БҮРИЙ БОЛОХТОЙ ЗЭРЭГЦЭН ТАКСИЧИД МИКРОАВТОБУСНЫ ДУГУЙ ХАГАЛАХ, ЧУЛУУ ШИДЭХ МЭТЭЭР ШОГЛОЧИХДОГ АЖ-
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Дотоодын цэргийн 805 дугаар ангиас хойш Цэргийн хотхоны хооронд саяхныг хүртэл “нийтийн тээвэр үйлчилдэггүй байсан. Хувийн машинтай жолооч нар тэнд өөрсдийн гэсэн шугам бий болгож, ээлжээр иргэдийг зөөж байсан юм. Харин тэр чиглэлд өнгөрсөн жил зам засч, нийтийн тээврийн шугамд оруулахаар төлөвлөсөн байна. Тэр ёсоор энэ сарын 23-наас нийтийн тээврийн микро автобус Цэргийн хотхон хүртэл явах болжээ.
Хуучин Зүүнсалаа-100 айл хооронд явдаг байсан микро автобус шинэ чиглэлээрээ Зүүн салаа-КТМС-805 дугаар анги-Цэргийн хотхон буюу “Хотол чуулган” дэлгүүр хүртэл явдаг болсон аж. Нийтийн тээврийн ийм шинэ чиглэл бий болсноор 805 дугаар ангиас Цэргийн хотхон хүртэл халтуур хийдэг байсан жижиг машины жолооч нар ажилгүй болжээ. Тиймээс ажлын байраа тавьж өгөхгүй гэж нийтийн тээврийнхэнтэй сөргөлдөх болсон байна. Орой үдэш тэнд зорчигчдоо булаацалдсан нийтийн тээврийнхэн, хувийн машинтай жолооч нарын дунд багахан “үймээн” болдог талаар мэдээлэл ирсэн юм. Энэ талаар сурвалжиллаа.
“ӨӨР, ӨӨР ГАЗАР АВТОБУСНЫ БУУДАЛ ГАРГААД ӨГЧИХМӨӨР БАЙНА”
Бид Дотоодын цэргийн 805 дугаар ангиас “Зүүн салаа-Хотол чуулган дэлгүүр” гэсэн хаягтай микро автобусанд сууж Цэргийн хотхон руу явлаа. Тэндээс хоёр км орчим газар яваад л буудлынхаа эцэст очдог юм байна. Засмал замтай учраас жолооч нарт саадгүй гэнэ. Харин автобусны буудал гээд байх зүйл харагдсангүй. Эцсийн буудал дээр л жижгэвтэр зогсоол гаргажээ. Микро автобусны жолооч “Өнөөдрөөс л энэ шугаманд явж байна. Өглөөгүүр таксиныхан явуулахгүй чулуу шидээд хэцүүхэн юм болсон. Орой бол бүр хэцүү гэсэн. Уг нь шинэ шугам нээгдсэнээр иргэдэд хэрэгтэй. Ядаж л мөнгөө хэмнэх боломж олдож байна.
Эцсийн буудлаас суугаад Зүүнсалаа хүртэл явдаг хүмүүс ч цөөнгүй. Өөрөөр хэлбэл, талдаа 20 орчим км явахад 500 төгрөг л төлж байна, бидэнд. Тэгвэл хоёр хүрэхгүй км газарт 400 төгрөгөөр хувийн машинд сууж явдаг байсан шүү дээ. Адилхан хоолоо олж идэх гэж яваагийн хувьд хувийн машинтай жолооч нарын хоолны мөнгийг булаамааргүй байна. Тиймээс Нийтийн тээврийн газар, дүүргийн удирдлагуудаас зохицуулалт хийгээд өөр, өөр автобусны буудал гаргаж өгөөд тус тусад нь явуулмаар байна. Энэ сарын 23-наас хойш энэ чиглэлд “Авто-Өртөө”, “Эрийн хийморь” гэдэг хоёр компанид бүртгэлтэй 28 микро автобус хоорондоо таван минутын зайтай явах болжээ.
Тарифын хувьд 805 дугаар анги хүртэл 300 төгрөг, түүнээс цааш бол 500 төгрөг авдаг аж. Жолооч нарын яриагаар ийм тарифтай явахдаа нийтийн тээврийн компанидаа зургаан мянган төгрөг тушаадаг гэнэ. Шатахуунаа хийгээд өдөрт дунджаар 30 мянган төгрөгийн цэвэр ашиг олдог аж. Гэтэл шинэ шугамд орсноос хойш хувийн машинтай жолооч нарт шоглуулаад хэцүү байгаагаа учирлаж байсан юм. Тухайлбал, Л.Бямбаагийн микро автобусны дохионы гэрлийг таксичид хагалчхаад зугтчихсан гэнэ. Тэрбээр “Орой 18.00 цагаас хойш бол таксичид огт явуулдаггүй. Иргэд шугамтай микро автобусанд суух гээд байдаг. Харин таксичид бидэн рүү чулуу нүүлгэж, хөөхдөө иргэдийг гэмтээчих гээд байна. Түүнээс гадна нууцаар дугуй хагалаад зам тээврийн осол гаргачих гээд байх юм. Өдрийн цагт арай тохьтой хүмүүс гардаг. Бүрэнхий болонгуут залуучууд нь гарч ирээд ажил хийлгэхгүй юм. Арга ядахдаа өнөөдөр компанийнхаа удирдлагуудад хэлье гэж бодож байна. Энэ хэвээр байвал гэмт хэрэг ч гарч мэдэхээр байна” гэсэн юм.
“ЗАМГҮЙ, ХЭЦҮҮ БАЙХАД БИД ХӨЛ ЗАЛГУУЛЖ БАЙСАН. ОДОО ИНГЭЭД ХАЯЧИХАЖ БОЛОХГҮЙ”
Цэргийн хотхон, 805 дугаар анги хооронд 33 такси ээлжээр яваад цөөнгүй жилийг үдэж байгаа аж. Ихэвчлэн “Эксел”, “Элентра” маркийн жижиг машинууд явдаг байжээ. Жолооч нарын яриагаар ийм машинтай хотын төвөөр халтуур хийгээд явах боломжгүй. Төв замд гараад л журмын хашаанд орно. Тиймээс гэр хорооллын дунд иргэдийг зөөж амьжиргаагаа залгуулдаг байсан аж. Тэд халтуур хийхдээ замаа өөрсдөө тэгшлүүлж, янзлуулдаг байжээ. Бүр дүүргийнхээ удирдлагуудтай тохирч, сард 10 мянган төгрөгийн татвар төлдөг болсон аж. Өөрсдийгөө “Бид нийтийн тээврийн унаа шиг цагаа тохируулаад, тогтсон тарифаар явдаг байсан. Замгүй, хэцүү байхад энэ хавийнхны хөлийг бид л залгуулдаг байлаа. Гэтэл зам засчхаад биднийг ажилгүй болгочхож болохгүй шүү дээ. Ядаж урьд нь Нийтийн тээврийн газраас бидэнд мэдэгдэж болох байсан. Нэг л өглөө ирээд зорчигчдыг маань булаачхаж байгаа юм. Бид микро автобусныханд хохирол учруулаагүй. Харин эхний өдөр явуулахгүй гэж зам хаасан нь үнэн. Зодоон цохион болоод байгаа зүйл байхгүй” гэцгээж байсан. Цэргийн хотхоны эцсийн буудал дээр зогсч байсан Ж.Энхбаяр 20 орчим минут хүлээсний эцэст таван хүн суулгаад 805 дугаар анги руу явсан юм. Түүнээс зарим зүйлийг тодрууллаа.
-Ингэж халтуур хийгээд өдөрт хэдэн төгрөг олж байна вэ?
-Микро автобуснууд явах болсноос хойш бензинээ ч хийж чадахаа болиод байна. Хагас цаг зогсч байж арай гэж таван хүн олохоор микро автобусны кондукторууд “300 төгрөгөөр явлаа” гэж орилж ирээд л авчихдаг. Жижиг тэрэгнүүд уг нь 400 төгрөгөөр явдаг юм. Арга ядахдаа тарифаа буулгаад байна.
-Уг нь гайгүй ашигтай байсан уу. Хотын төвөөр яваад халтуур хийж болдоггүй юм уу?
-Энэ шугаманд хэдэн жил яваад, ажлын байр шиг минь болчихсон газар. Урьд нь өдөртөө 20 орчим мянган төгрөг олчихдог байсан. Шугамгүй, замгүй байхад бид иргэдэд тус болж байсан. Харин дүүргийн удирдлагууд биднийг ингээд орхичхож болохгүй. Тиймээс Баянзүрх дүүргийн удирдлагуудад 30 орчим өргөдөл өгсөн. Удахгүй асуудлыг шийднэ гэсэн.
-Тэгвэл та нар яагаад микро автобусны жолооч нар руу чулуу шидэх, машиных нь дугуйг хагалах мэтээр шоглоод байдаг юм бэ?
-Тийм зүйл байхгүй. Эхний өдөр л жаахан зөрчил гарсан. Хэнд ч хохирол учруулаагүй гэсэн юм.
Ц.ӨРНӨХ
Холбоотой мэдээ
Comments are closed.