Өнгөрсөн баасан гаригт Төрийн ордонд Монголын Барилгачдын VI их хурал болов. Барилгын салбар үүсч хөгжсөний 90 жилийн баярын хүрээнд өрнөсөн энэ хуралд 21 аймгийн 480, нийслэлээс 220 салбарын төлөөлөгч оролцсон гэж зохион байгуулагчид мэдэгдэж байна.
Төлөөлөгчдийн дунд салбарын нэр хүндтэй ахмадууд ч байв. Их хуралд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж илгээлт ирүүлж, УИХ-ын дарга М.Энхболд, Улаанбаатар хотын захирагч тэргүүтэй бусад холбоодын төлөөллүүд мэндчилгээ дэвшүүлж, Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр үг хэлсэн юм. Салбарын сайд хэлсэн үгэндээ орон нутагт үйл ажиллагаа явуулж буй Барилгачдын холбоодын үүрэг, хариуцлагыг өндөржүүлэх хэрэгтэй.
Орон нутагт баригдаж буй үйлдвэрлэлийн барилга, байгууламжийг нэг хувийн татвараар дэмжиж байгаа. Барилгын зураг төслийг анхнаас нь зохион байгуулалт сайтай, зөв хийх нь чухал. Зураг төслийн инженерүүд техник, технологийн шийдэлд анхаарахгүй байна. Наад зах нь нар, салхины эрчим хүчийг ашиглаж, хэвшүүлэх боломж тав, зургаан жилийн өмнөөс байсан зэрэг хэд хэдэн асуудлыг хөндсөн юм.Түүнчлэн Засгийн газар орон сууцны хөтөлбөрийн 8 хувийн зээлийг үргэлжлүүлэх, Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хэрэгжилтийг шинэчлэх, хөрөнгө оруулалтын асуудлыг эрчимжүүлэх, барилгын тусгай зөвшөөрлийг цахимжуулах асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаагаа дуулгав.
Уг нь бол Монголын барилгачдын холбоо VI дахь их хурлаа 2012 онд хийх байсан ч дөрвөн жил өнжөөсөн байна. Шалтгааныг нь холбооны удирдлага “Салбар орон нутгийн холбоодуудтай зөвшилцөн, салбарын 90 жилийн ойтой холбох мөн “тогтвортой төр засаг” тогтох үед хийх нь зүйтэй гэж шийдээд хойшуулсан гэж тайлбарлаж байна билээ.
Төсөвчид бодит үнийг аймшигтай савлуулдаг
Энэ салбарынхан 90 жилийн өмнө “Эсгий хот” тодотголтой, бурхан шашны зориулалттай сүм хийдээс өөр барилгажаагүй сууринг өнгөрсөн жилүүдэд өлгийдөж босгосон гэдгээрээ бахархаж байна. Хэдийгээр өнгөрсөн түүхээрээ гоёж, бахархах нь зайлшгүй ч зах зээлийн энэ цаг үед тулгараад байгаа хүндрэлтэй асуудлаа хэрхэн шийдэх вэ гэдгээ хэлэлцсэнгүй. Барилгачдын холбооны ерөнхийлөгч М.Батбаатарын илтгэлд энэ асуудал дангаараа хөндөгдсөн ч асуудлыг өлгөж аваад хэлэлцэх бяр барилгачдад дутав. Холбооны ерөнхийлөгч илтгэлдээ Барилгын салбарт төр хувийн хэвшил хэлбэрээ олоогүй, салбарын хөрөнгө оруулалтын орчин таагүй болсон, барилгын салбарын төсөв, үнэ бүрдүүлэлтийн систем хэт хоцрогдсон, мэргэжлийн ажилчид гудамжинд гарч, бригад хэлбэрээр ажиллах болсон, тэдний нийгмийн асуудлын талаар ярьж хэлэлцдэг газар үгүй болсон зэргийг дурдана билээ.
Онцлоход барилгын салбарын аж ахуйн нэгжүүд ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг хаясан. Тухайлбал, “Жигүүр Гранд” ХХК гэхэд олон зуун ажилчинтай ч зөвхөн 15 хүний нийгмийн даатгалыг хариуцдаг. Барилгын бригадуудыг бүртгэлжүүлэх, тэднийг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамруулах, мэргэжлийн зэрэг дэв олгох ажилд компаниуд анхаарал хандуулахаа больсон.
Энэ онд барилга дээр хүний амь настай холбоотой 41 осол гарсны нэг нь л ослын эзэн холбогдогч нь хуулийн дагуу хариуцлага хүлээсэн. Инженер, техникийн ажилтнуудыг мэргэшүүлэх шаардлагатай. Барилга Хөгжлийн Төв дээрх мэргэшүүлэх сургалт арилжааны шинжтэй, бизнесийн байгууллага болсон. Монголын барилгын салбар үнэлэмжгүй болсон. Зах зээлд шилжсэн энэ 25 жилийн хугацаанд барилгын салбарынхан “гуйлгачин” хэвээр байна гэдэг асуудлыг тавьсан юм. Үнийн хөөрөгдөлтөд төсөвчид буруутай
Нийгмийн бүх л салбарууд өнөөдөр эдийн засгийн хямралыг хэрхэн даван туулах вэ хэмээн гарц хайх оролдлого хийцгээж байна. Салбарууд дунд нэн хүнд байгаа салбар бол барилга. Тэргүүлэгч салбарт багтдаг энэ салбарт 2016 оны эхний хагас жилийн байдлаар ойролцоогоор 20 мянга орчим орон сууц эзнээ хүлээж, 765 тэрбум төгрөг түгжигдээд байгаа юм. Эдийн засагчид барилгын салбарын зах зээлийн тэнцвэр алдагдсан. Буруутан нь эрх баригчдын алдаа бодлого шийдвэр гэж үздэг.
Түүх сөхөхөд Засгийн газар 2006 онд 40 мянган айлын орон сууц хөтөлбөр хэрэгжүүлэх талаар ярьж эхлэхтэй зэрэгцэн нэг метр квадрат нь 300-350 мянган төгрөг байсан орон сууцны үнэ 550-650 мянган төгрөг болж нэмэгдсэн байдаг. Хожим 2010 онд төрийн албан хаагчдыг орон сууцжуулах төсөл хэрэгжиж эхлэхэд энэ үнэ 950 мянгад хүрсэн бол 2012 оны хавар 1.2 сая төгрөг болон нэмэгдэж, энэ оныхоо намар есдүгээр сард 2.5 сая төгрөгт хүрсэн байдаг. Орон сууцны зах зээлд ийм шуурга дэгдэж байхад барилгын материал үйлдвэрлэгчдийн тоо ч гэрлийн хурдаар хамт өсөж байв.
Тухайлбал, 2005 онд улсын хэмжээнд Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрийг оруулаад барилгын материалын 40 гаруй үйлдвэр ажиллаж байсан бол 2009 он гэхэд энэ тоо 400 гаруйд хүрч байлаа. 2010-2011 он гэхэд арилжааны банкууд хүү багатай орон сууцны зээл олгож эхлэхэд барилгын материалын үнэ 20, газрын үнэ 30-40 хувиар тус тус нэмэгдэж байв. Үйлдвэрлэл нэмэгдэж, орон сууцжуулах ажил эрчтэй өрнөх сайн хэдий ч үүнийг дагаад зохиомол үнийн хөөргөлт, зохиомол гацаа үүсэж байсан.
Өнөөдөр зөвхөн энэ салбар төдийгүй иргэд, монголын төр зохицуулалтгүй хаясан бодлогынхоо золиос болчихоод байгаа. Барилгын салбарт төр хувийн хэвшил хоёр зохицон ажиллахад хүнд, хөрөнгө оруулалтын орчинд эрсдэл үүсээд удаж байна. Мэргэжлийнхэн энэ асуудлыг нэг буруутан нь барилгын төсөв зохиогчид гэж үздэг. Барилгын салбарт ажиллаж үзээгүй, нэг ширхэг тоосго, нэг ширхэг цементын үнэ мэдэхээс цаашгүй, барилгын үйлдвэрлэлийн технологи, өртөг мэдэхгүй захын нэг хүнийг сургалтанд хамруулаад барилгын төсөв зохиох эрх өгч байгаа нь хямралын суурь болж өгсөн гэцгээж байна. Өнөөдүүл нь барилгын төсөвт өртөгийг гаргахдаа хэн нэгний нөлөөнд автан, зардлыг өсгөчих гэвэл замбараагүй өсгөөд, хас гэвэл юу ч үгүй танаад бодит үнийг аймшигтай савлуулдаг гэж мэргэжлийнхэн ярьж байна.
Төсөвчдийн ийм ёс зүйгүй хандлага барилгын салбарынханд чагт болж байгаа аж. Ийм хуурамч төсөв улсын төсөвт бол ачаа болж төсвийг бодитоор хэлэлцэхэд сөрөг нөлөө үзүүлдэг гэдгийг дуулгахгүй бол болохоо больсон цаг иржээ.
900 мянгаар босдог барилга 1.6-2.5 сая төгрөгөөр зарагддаг, зөрүү нь хэнд очдог вэ?
Нөгөө талаар энэ салбарын мэргэжлийн ажилчид гудамжинд гарч, бригад хэлбэрээр ажиллаж байгаа. Барилга үйлдвэрлэгч томоохон компаниуд улсад төлөх татвар, даатгалаас зугтан цөөхөн тооны ажилтантай байхыг хүсдэг болсон.
Харин жинхэнэ ажилчдыг гудамжинд гарчихаад байгаа бригадаар түр хугацааны гэрээ байгуулан хийлгэдэг болсоор удаж байна. Үнэ хөлс нь ч хямд. Нийгмийн даатгал болон бусад татвараас зугтахад хялбар. Үнэ хөлсөн дээрээ тохирохгүй бол дараагийн бригад бэлэн байдаг нь тэднийг бага хөлсөөр том барилга босгох сонирхол руу хөтөлдөг аж. Үнэн хэрэгтээ барилгын нэг мерт квадратыг барилгачид яг одоо 900 мянган төгрөг босгож байгаа юм байна.
Атал барилгын нэг мерт квадратыг иргэд, аж ахуйн нэгжүүд 1.6-2.5 сая түүнээс дээш үнээр худалдан авч байгаа. Энэ мөнгөний зөрүү харин хэний халаасанд очдог вэ. Ийм асуулт зайлшгүй гарна. Тэгвэл энэ мөнгө барилга захиалагчдын халаасанд ордог юм байна. Барилга захиалагчид гэж чухам хэнийг хэлээд байна вэ гэж гайхах хэрэггүй. Энэ тэнд баригдаж байгаа мөнөөх алдартай tower-уудын эзэд ч энд багтаж байгаа. Төрөөс төрсөн тэрбумтанууд өөр өөрийн tower-аа хэдийнэ босгосон гэдгийг монголчууд мэдэхийн ихээр мэдэж байгаа.
Барилгын компаниуд ажлын хөлс ийнхүү барилга захиалагчдын мэдэлд очжээ. Ийм байхад нэг кв.метр нь сая сая төгрөгөөр үнэлдэгддэг барилгын компаниуд хямралтай, гэрээт барилгачид нь ядуу байхаас яахав. Гэвч компаниуд барилга захиалагчдын тогтоосон үнэ зах зээлд ноёрхоод байгааг ил хэлж зүрхэлдэггүй юм байна.
Бурууг нь салбараараа үүрч, барилгачдаа ядууруулсан барилгын компанийн эзэд энэ үнэнийг цаашдаа олон жил нуух аргагүй болж иржээ. Эндээс харвал зах зээлд ноёрхсон барилгын салбарын “хөөс” захиалагч эзэдтэй их бага хэмжээгээр холбоотой болж таарлаа.
Хоолой дээр тулж ирсэн хямрал хэргийн эздийг ил болгохыг өөрөө шаардаж байгаа нь үнэн юм. Энд нэг жишээ өгүүлэхэд, 16 давхар барилга барихад 9,8 тэрбум төгрөг зар¬цуулъя гэж бодоход тухайн барил¬гын олох ашгийн 20-30 хувь нь хөдөлмөр хамгааллын зардал байх ёстой байдаг аж. Гэтэл хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хуульд ашгийн нэг хүртэлх хувийг зарцуулна гэсэн бүдэг бадаг заалт бий.
Хуульдаа ингээд заачихсан байдаг болохоор компаниуд хөдөлмөрийн аюулгүй байдалд анхаарах тухай ойлголт компаниудын бодлогоос гээгдэж үлддэг юм байна. Тэд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хямдхан каск, хямд тороор аргацааж байгааг дуулгах ёстой.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
Зочин (September 12, 2016 9:51:38 am )
Нийтлэлд бичсэн санаа зөвөө, санал нэг байна. БАРИЛГЫН САЛБАРЫГ ТӨРӨӨС ЯНЗ БҮРЭЭР ХӨХҮҮЛЭН ДЭМЖИЖ ИРСЭН Ч ХУДАЛДАН АВАГЧ ТАЛД ЯМАР Ч ДЭМЖЛЭГ БОЛООГҮЙ,ЯМАГТ БАРИЛГЫН ЭЗДИЙГ БАЯЖУУЛАХ АРГА ХЭРЭГСЭЛ БОЛСООР ИРСЭН. Одоо хөөсөрсөн үнээ буулгахгүй өндөр байлгахыг эрмэлзэж барилгын салбар нурлаа,сөнөлөө гэж гонгиноцгоохын оронд борлогдоогүй барилгуудаа бодит үнээр нь зарах хэрэгтэй дээ,харамсалтай нь шулж сурсан зангаа тавихгүй үнээ хөөсрүүлсээр л байх юм, зах зээлийн жамаараа л яваг,барилгын салбарыг зүгээр орхи,амьдрал аяндаа шийдээд өгнө, төр бүү оролц
-
мөнх (September 12, 2016 12:23:10 pm )
тэр үнийг хэн бодитой тогтоох вэ үнийн хөөсийг хэн арилгах юм зах зээл гэж 26 жил хуцлаа хаана байна тэр зах зээл чинь хаана байна тэр хөгжил чинь ард түмний төлөө гэж орилж гарч ирчихээд юу хиисэн юм нам дамжсан хэдхэн олигархуудыг л төрүүлсэн шүү одоо болсон ард түмний аж амьдралын доройтлыг зах зээлийн жам гэж тэнэгтээд америк загвар,20 мянган хувьсагч гэж ард түмний тархийг угаадгаа боль монголын ард түмнээс гуйж царай алдаж байж монголын төрд гарч ирчихээд битгий шогтоод бай монголоор бод монголоор сэтгэ монголоор ярьж сур хоёр том хөршөө сайн хар сайн тань мөнхийн эрх ашиг гэдэг үгний учрыг оилго дараа нь гуравдагч хөрш рүүгээ харж сур саахалт айлаас давж сааль ниилдэггүй юм саахалт айлаас салаад нүүж болно монгол нутгийг аваад нүүнэ гэж байхгүй энэ чинь мөнх тэнгэрээс заяатай бидний нутаг өнөөдөр монгол сэтгэл монгол зүрх дутаж байна сэтгэл зүрх хоёр байвал монгол хөгжинө
-
-
deer chin ard tumen (September 12, 2016 10:34:05 am )
Manai zarim barilgiin kompanid meregjliin bus huneer nariin meregjliin manuuhai tavih/yalanguya bugs sain emegteig/ tohiodol ih boljee.Ted tsalin huls golohgui. Yavandaa taalagdval tsalin nemne.Tsaashid duulgavargui neg em bar garch irne.Minii medehiin zugeer neg tseverlegch avgai unuudur talbain injiner hiigeed tuuj yavna.Buur 1 uruu bairtai bolood…Tend gadna pasadnaas humuus unaj zarim ni nad barj,eremdeg bolj l bdag.Ar gert ni heden bor yom atguulaad,injiner shuuhees
-
Ard (September 12, 2016 4:04:50 pm )
Barilga uuriin urtguu 10 nugaldg biznes shyy
4 Comments