Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас тус аймгийн Ерөө, Хүдэр сумд болон Бугант тосгоны нутаг дэвсгэрт нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулахаар Сумдын ИТХ, Засаг даргын тамгын газраас зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж байгууллага, иргэдийг аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны албадтай хамтарсан ажлын хэсэг байгуулж Хүдэр, Могойн голуудад газар дээр нь очиж үзлэг шалгалтыг зохион байгуулжээ. Шалгалтаар, эвдэрсэн газрыг нөхөн сэргээх нэрийн дор хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан “С” захиралтай “Агро копт” ХХК нь Хүдэр сумын “Нуурын тагт” нэртэй газарт байгаль экологид 95 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан, “Б”-д холбогдох Ерөө сумын Могойн гол нэртэй газарт хууль бус аргаар ашигт малтмал олборлож, байгаль экологид 10 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт тус тус Эрүүгийн хуулийн 214 дүгээр зүйлийн 214.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Мөн “Б” гэгч нь Хүдэр сумын нутагт хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байгаль экологид 270 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож, эрүүгийн хуулийн 214 дүгээр зүйлийн 214.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэх саналтайгаар прокурорын байгууллагад материалыг хүргүүлсэн болохыг өнөөдөр ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хошууч Б.Баатархүү мэдээлэл хийхдээ хэвлэлийнхэнд дуулгасан юм.
Хамтарсан ажлын хэсэг Б, Г, Б нарт холбогдох гол усыг бохирдуулсан, хууль бусаар үйл ажиллагаа явуулсан гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдэд шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн ажиллаж байгаа юм байна.
Холбоотой мэдээ
Comments are closed.