antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 2, 2016 14 comments

Наадам 2016 хүчит бөхийн барилдааныг эргэн дурсахуй…

нийтлэсэн Admin

147278711657c8f2ac5e13c

Хүннү гүрэн байгуулагдсаны 2222 жилийн ой, Их монгол улс байгуулагдсаны 810 жилийн ой, Ардын хувьсгалын түүхт 95 жилийн түүхт ойн баяр наадам өндөрлөөд хэд хонож байна. Ирэх жилийн наадам бүртэл ярих сонинтой, шагших, бахдах сэтгэлтэй Монгол түмэн маань өргөн дэлгэр сайхан наадлаа. Хүчит бөхийн барилдаанд газар газрын, нутаг нутгийн шилмэл 1024 бөх зодоглов. Аварга, арслан, заан, харцага, начин цолтнууд шинээр төрөв. Арын хангайн заан, начин хоёр түрүү булаалдаж, аварга арслан цолд хүрэв. Заан ахын, заан багшийн шавь заан цолтон болов. Ойрын жилүүдэд ийм олноор төрөөгүй, харцага, начингууд улсын цолтны бүлд багтлаа.

Гурван өдөр бүртгэв…

Тэгш ойн жил олон бөх барилдана, мөн аймгуудын наадам улсын наадмаас хойш болох зэрэг учир шаалтгаанаар бөхийн бүртгэл харьцангуй өргөн буюу гурван өдөр үргэлжлэв. Хамгийн эхэнд улсын заан Ч.санжаадамба, улсын харцага Ө.Даваабаатар, улсын заан Т.Санчир тэргүүтэй бөхчүүд ирж бүртгүүлсэн юм. Улс, аймгийн цолтой зарим бөхчүүд бүртгэл 17 цагт хаана гэдгийг мэдсээр байж хожигдож ирээд бүртгүүлэх гэж хэл ам татлах нь хойшдоо анхаарууштай, засууштай  зүйлийн нэг юм.

Жил жилийн наадмын бөхийн барилдаанд Улаанбаатар хот доторх цэргийн ангиудаас тодорхой тооны цэрэг барилдуулдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд аймгуудын наадам хойно болох учраас аймагт зодоглохоор явдаг сум, аймгийн цолтнууд бүгд барилдахаар бүртгүүлсэн учир бөхийн тоо 1200 гарсан тул аргагүйн эрхэнд цөөнгүй залуусыг хасаг шаадлага гарсан ч уламжлалаа дагаж Алдар болон Хилчин спорт хороодоос нийтдээ 24-хөн цэрэг зодоглуулахаар болсон юм. Тэд аварга, арслан, гарьдуудын аманд гарч, улсын заан цолтнуудын аманд сумын заанууд очсоноор нэгийн даваа эхэллээ. Харин нэгийн давааны төгсгөлд аймгийн начингууд хоорондоо нугарсан нь энэ наадмын чансааг харуулах эхний төрх байв.

Нээлт сайхан боллоо

Нээлт сайхан боллоо гэж хэн хүнгүй л сэтгэл дүүрэн. Омогшил, эх оронч үзлээр “дүүрэн” наадмын нээлтийн үеэр Төв цэнгэлдэх хүрээлэнд байрлуулсан тулганд гал бадрааж, наадмын талбайгаас “хөлөг онгоц”  хөөргөв. Мөн Т.Ариунаа гавьяат тэмээн жингийн цуваа ахалж, ая дуугаа өргөсөн нь  бас нэг чимэг байлаа. Энэ жилийн наадмын нээлтийг Монгол Улсын төрийн соёрхолт, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар найруулсан агаад ерөнхийдөө сайхан болсон тухай наадамчин олон төдийгүй харьд суугаа монголчууд, твиттер, фэйсбүүкийн хэрэглэгчид шагшин магтаж байна.  Дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ нар цэнгэлдэхэд байрлуулсан том тулганы галыг бадрааснаар хүчит бөхийн барилдаан эхлэв.

Наадмын нэг, хоёрын даваа орой 21 цаг гэхэд дууссан байлаа. Бөхчүүд ч тэр, барилдуулж буй багийнхан ч хэн хэн нь түргэн шуурхай, дүрэм журмынхаа дагуу  сайн ажилласных биз ээ. Аймгийн хурц арслан Т.Баттөмөр тэргүүтэй хэд хэдэн залуу бөх бүртгүүлчихээд ирсэнгүй. Өчнөөн олон залуу барилдаж чадалгүй хасагдаж байгааг мэдсээр байж, ийм хэнэггүй, хариуцлагагүй байж болно гэж үү.

Нас залуу, наадам олон доо…

Нэг, хоёрын даваанд а.а Б.Гончигтавхай, О.Хангай, Х.Оргилболд, У.Мөнхбаяр, У.Батгэрэл гээд цөөнгүй аймгийн цолтон тахим буулгаж, дараа жилийн наадам хүлээхээр үлдэв. Тэднийг цолд хүрчих болов уу гэж итгэж, хүлээгсэд цөөнгүй байсан нь мэдээж. Гэхдээ нас залуу, наадам олон. Тэдэнд дахиад зөндөө боломж бий.

Ерөнхийдөө гурвын даваа бол тэр чигээрээ дэмжлэг, татаас байсан гэж хэлэхэд нэг их буруудахгүй болов уу. Ахмад настай болон улсын бага цолтнууд нутаг нуга, спорт хороо, хамаатан садныхаа залуусыг олноор нь дэмжсэн, гар амар давуулсан. Хэн хэнийг авч хэрхэн барилдсаныг дүйзээс харах биз ээ.

Гурвын давааны төгсгөлд 30 гаруй аймгийн цолтон хоорондоо нугарчээ. Тэднээс  онцолбол Дорнодын Анар Булганы Энх-Амгалантай, Баянхонгорын Золбоо, Завханы Чимэдвандантай, Завханы Пүрэвгарьд Хөвсгөлийн Даваа-Очиртой гээд бас л хатуухан оноолтууд байлаа. Золбоо Чимэдвандангийн зайлж татах мэхэнд уначихаад орж ирэхдээ “Үлдтэй хүнээ хасаач. Зааланд хасаад байсан биз дээ” гээд ихэд бухимдалтай явна лээ. Пэрэнлэйн Батмөнх арслан Булганы Амарсайханыг бараг хаяж яваад тун харамсалтай уначихна лээ. Үетэй, мэдрэмжтэй, хийцтэй Амарсайханыг бүр баараггүй дарж байж л давлаа гэхгүй бол хэцүү гэж бөхчүүд ярьдаг. Унаж яваад хаяна гэдэг  мэдрэмж өндрийнх гэхээс яах.

Энэ жил ганцхан залуу бөх гурав давсан. Тэр бол Архангай аймгийн Бөхбилэгт дэвжээний О.Мөнх-Эрдэнэ байв.  Тэрээр нэгийн даваанд улсын начин С.Батсуурийг, хоёрт улсын харцага Л.Пүрэвжавыг, гуравт улсын заан Ц.Баярсайханыг тус тус давж, дөрвийн оноолтонд дархан аварга Г.Өсөхбаяртай таарч өвдөг шороодсон юм. Нас бага ч, арал, чацтай хүү харагдана лээ. Бараг 190 гаруй өндөр байгаа даг. Наадмын дараа болсон аймгийнхаа наадамд 5 даван шөвгөрч аймгийн начин цолны болзол хангасан түүнийг их ирээдүй  хүлээж буй биз ээ.

Харин бусад бага цолтнууд гэвэл 6-р сард болсон Бүх цэргийн наадмаар шөвгөрч цэргийн начин цол хүртсэн б.Зоригтбаатар, улсын начин Л.Өлзийбаярын хүү Ө.Дүүрэнбаяр нар байсан. Цэргийн начин Зоригтбаатар дөрөв дээр аварга Мөнхбаттай таарч нэлээд тэмцэлтэй, явж барилдсан боловч аргагүй хүч дутан унав бололтой. Дүүрэнбаяр ч гэсэн Эрхэмбаяр аваргатай сайн барилдсан. Тэрээр хоёрын даваанд улсын цолонд хамгийн ихээр яригдаж байсан Ховдын О.Хангайг даван энэ наадмын эхний дуулианыг тарьсан гэхэд болно.

Гучин залуу дөрөв давлаа

Аймгийн заан Буянт Баяржавхлан гарьдыг хамгийн түрүүнд давснаар дөрвийн даваа эхэлсэн. 1024 бөх зодоглсон учраас дөрвийн оноолт харьцангуй гайгүй таарах нь тодорхой байсан. Гэхдээ мэдээж бүгд биш л дээ. Завханы а.з Д.Бат-Эрдэнэ Азжаргал арслантай ёстой л хүчийг шавхан барилдсан. Азаа арслан барьц сонгуулсан ч биеэ маш сайн суллаж, үлддэг онцлогтой бөх. Тэд нэлээд хэдэн удаа барьц сонголцсоны эцэст Бат-Эрдэнэ давснаар цаашлаад начин, харцага цолны зүг итгэл дүүрэн гүйж байлаа. Харин Хөвсгөлийн Хөхчирэнгэр харцага Бат-Оршихыг шуудагнаас шахаж татангуутаа эргүүлж дараад хаячихсан нь энэ давааны оргил барилдаануудын нэг байлаа. Жил жилд сайн барилдана, наад зах нь заан болно гэж итгэл тавин дэмждэг Бат-Орших харцагыг ингээд дөрөвт уначихна гэж хэн ч бодоогүй л болов уу. Өвөрхангайн Х.Гантулга гарьд Бат-Эрдэнийг бас л их зовоож байж хаясан. Угийн бяртай, суурилаг барилддаг бахим арслан Бат-Эрдэнэ гарьдыг мушгиад л дарчихна лээ. Сүхбаатарын хоёр хурц арслан хоорондоо оноолт таарснаас Мөнгөнбаатар нь давлаа.

Энэ даваанд Өсөхбаяр заан Архангайн Цогт-Эрдэнийг барьц сонгож өргөөд, тавингуутаа халз хутгаад, Оюунболд арслан Ховдын Мөнх-Одыг давхар шуудагнаас шахаж татан мушгиад, Батсуурь арслан Говь-Алтайн Эрдэнэсайхныг суйлаад, Даваабаатар харцага Баянхонгорын Бат-Оршихыг хонгодоод, Сайнбаяр заан а.а Тамирыг барьц сонгоод, а.а Бат-Өлзий Нямсүрэн начинг шахаж татаад, өргөж хавиран давсан бол А.Отгонбаатар чөлөөтийн Ганзориг начинг мордоод, а.а Суманчулуун аралтай бяртай начин Батчулууныг барьц сонгоод тус тус давцгаалаа.

Сугаржаргал хоншоортой эр юм

Яагаад ингэж хэлэх болов гэвэл начин Сугаржаргал дөрвийн оноолтонд Дорнодын залуу арслан Анартай оноолт таарсан байв. Тэдний барилдаан сэрвүүгээс ч тэр, хав золгооноос ч тэр шийдэгдэлгүй нэлээд удсан. Эцэст нь Сугаржаргал начин “шодоод азаа үзчихье” гэсэн санал гаргаснаар тэд шодож. Азын шоо Анарт таарчээ. Сугаржаргал “Сайн барилдаарай” гээд л шууд тахимаа өгчихсөн. Энэ бол баргийн аавын хүүгээс гарах шийдвэр биш байлаа. Тэр тусмаа улсын наадам дээр шүү. Дийлэхгүй нь, давахгүй нь гэж халгасандаа өгөөгүй нь лавтай. Тэр үед начинг хэн хүнгүй л “Хоншоортой эр юм даа” гэж бодсон дог…

Бадарч биеэ брьсаар унах юм…

Цойлоод гараад ирж мэдэх залуусын нэг гэгддэг Архангайн Бадарч ноднин жилийн начин Бо.Батжаргалтай оноолт таарч, хурц, эрэмгий барилдаанаа гаргаж чадалгүй биеэ барьсаар уначихав бололтой. Нэг удаа бүр ард нь гараад бараг л хаях шахаад алдчихаж байгаа харагдсан. Бас л харамсалтай барилдаан болсон доо. Мөн Эрдэнэхүү, Сүхбат хурцуудын барилдаан мөн чиг ширүүн болсон доо. Эцэст нь Сүхбат тахимдаж давснаар начин цолны даваанд босох эрхээ авсан бол энэ жил баараггүй цолд хүрнэ гэж яригдаж байсан Эрдэнэхүү хурц дараа жилийн наадам хүлээхээр үзэгчийн суудалд шилжсэнээр дөрвийн даваа өндөрлөв.

Ам авах гэж л энд суудаг байлаа…

Бөхийн спортоо орхиж, улс төрд орсон Сумъяабазар аварга гарын даа нарын асраар зочилж, хүн бүртэй гар барин мэндчилээд сууж айраг амсангаа “Ам авах гэж л энд ирж с уудаг байлаа. Сонин байна шүү” гэж бөхийн дэвжээнд халгиж, цалгиж явсан үеэ нэгэнтээ дурсаад инээмсэглэн гарч одов.

Уг нь дөрвийн давааны дараа наадам хэсэг завсарлаж, бөхчүүдийг даваа эхлэхийн өмнө ам авахуулдаг боловч энэ удаа цаг орой болж байсантай холбогдуулан дөрөв дуусангуут шууд ам авахуулах шийд гарсан байлаа. Дархан аварга Өсөхбаяр дүү Батбаяр харцагын хамт ирж нэр сонсон хэсэг зөвлөлдсөний дараа “Шинэбаатарыг авъя даа” гээд босов. Шинэбаатар бол дархан аваргатай нэг нутаг төдийгүй нэг сумынх. Дархан аварга түүнийг нутаг орныхоо нэрийг өргөж, цаашид улам сайн барилдаасай хэмээн итгэл хүлээлгэж амалсан нь гарцаагүй.

Харин С.Мөнхбат аварга Давааням зааны хүү, начин Лхагвадоржийг амалжээ. Лхагвадорж начин сүүлийн хоёр жил АНУ-д сурч амьдарч байгаад наадмын өмнөхөн эх орондоо ирсэн агаад бэлтгэлгүй шахуу барилдсан гэхэд төвөггүйхэн дөрөв давчихна лээ.  Дөрөв дээр гэхэд Говь-Сүмбэрийн бяртай арслан Пүрэвсүрэнг хаясан.

Эрхэмбаяр аваргыг ам авахаар ирэх мөчид утас нь дуугарсаар, аварга ч багагүй хугацаанд утсаараа ярив. Түүнтэй нагац ах нь болох Ц.Баярсайхан заан хамт ирж тэд нэлээд зөвлөлдсөн. Ямартай ч аваргын энэ давааны сонголт Увс аймгийн арслан Л.Жамсран байлаа.

Нутгийнх нь гурван ч залуу дөрөв давчихаад догдолж байсан болохоор Д.Ганхуяг арслан ямар ч эргэлзээгүйгээр а.а Х.Гантулгыг авлаа. Түүний араас Бүрэнтөгс Цэвэлсодномыг, Мөнхбаатар Нямдоржийг, Ганбат Ганзоригийг гэх зэргээр арслангууд аймгийн цолтнуудаас сонгосоор, амалсаар байв. Мэдээж тэр амлалтууд бүгд өөр өөрийн онцлогтой, учир жанцантай л байв бололтой.

Мөнгөнбаатар Анар хоёр тунажээ…

Тавын давааны хамгийн сонин содон мэдээний нэг яалт үгүй  хурц арслан Ш.Мөнгөнбаатар залуу арслан Д.Анартай тунасан явдал мөн байлаа. Энэ бол хамгийн их сонирхол татсан бас хамгийн ихээр халаглуулсан барилдаан байв. Гурвын даваанд шинэхэн заан, нутгийн ах Ц.Магалжав нь гаргаж өгсөн бол дөрөвт нутгийн арслан Ба.Батжаргалыг давсан Мөнгөнбаатарыг цолд хүрчихээсэй гэсэн олны дэмжлэг, хүлээлт тэр үед их байсан нь мэдээж. Ямартай ч улсын цолтнууд амлалгүй өнгөрөөсөөр, үлдээсээр байгааг ажаад “нутгийн дүү начин Бо.Батжаргал нь амлах нь дээ, бараг л улсын цолны босго алхах нь тодорхой боллоо” хэмээн хэн хүнгүй бодож, баярлаж байв. Гэвч Л.Цэрэнтогтох начин эрэмбийн дагуу Бо.Батжаргал начныг амласнаар Мөнгөнбаатар яалт ч үгүй тунаанд үлдсэн юм.  Ингээд тэд барилдсан. Хөмөрсөн. Хоёулангийнх нь дархан мэх. Хурц арслан арай түрүүлээд газардчихсан. Анар чанар чансаа дүүрэн начин цолны болзлыг хангаад тугны зүг гүйж хурц арслан дараагийн наадмыг хүлээхээр үлдэв.  Анарын хувьд дараагийн даваанд мөн начин цолны болзол хангасан Ховдын Бат-Өлзийтэй тунаж хүчийг үзэн барилдсан ч энэ удаа начин цол дээрээ үлдэж энэ жилийн хамгийн залуу начнаар тодрон хурдан удмын даага хөтөлсөн юм.

Ямар хэцүү юм бэ…

Заан Санжаадамба тавын даваанд ам авахаар нэр сонсож суухдаа ийн дуугарна лээ. Үнэхээр халаглахаас аргагүй. Зааны сонголтыг ч таах аргагүй байв. Хоёр дахин нэр сонссоны эцэст “Алтангэрэлийн Отгонбаатарыг авъя” гээд босов. Зөв ам авлаа гэж тэнд байсан ахмадууд дэмжлээ. Харин Батмөнх заан ирж суугаад “Дэлгэрсайхан, Давааням хоёрын нэгийг авъя даа. Хэн нь дээр вэ” гээд тэнд байгаа хүмүүсийг тойруулан харлаа. Энэ үед асарт дархан аварга Сүхбат ороод ирсэн өөдөөс нь хараад зогсож байсан юм. Аварга “Сайн бодож байж шийдээрэй” гэж хэлсэн. Ингээд заан Хөвсгөлийн Давааням арсланг амалсан юм. Давааням арслан өмнөх даваануудад барилдаж байхдаа хөлийнх нь бэртэл сэдэрсэн тухай сүүлд нь сонсогдсон. Тэгсэн ч заантай хамаг хүчээ шавхан барилдахыг хараад өмнөөс нь нэг бодлын халаглаж, нэг бодлын бахархаж байв. Бас л олон жил сайн барилдаж байгаа, дан ганц үндэсний бөх ч биш, самбо, жүдо, сүмо, кураш гээд бөхийн төрлүүдээр улсдаа төдийгүй дэлхийд хүч үздэг арслан даа.

Булганы Бат-Эрдэнэ арсланг Пүрэвсайхан харцагад унаад ирэхэд нь Мөнхбаатар арслан “Шатаагаад байгаа биз” гэж асуув. Бат-Эрдэнэ “Тэгдэг юм байна. Яагаад ч болсонгүй. За яахав, начин болох хэмжээнд бэллтгэл хийгээгүй л байна даа, би. Тийм ээ” гэж хэлээд айраг залгилчихаад яваад өгөв. Өөрийгөө чамлаж байна гэдэг амжилт ахихын үндэс билээ.

Ойрын жилүүдэд ийм олон цолтон төрсөн наадам ховор

Ойрын жилүүдэд ийм олон цолтон төрсөн наадам ховор оо. Төрөөгийн Баасанхүү, Нэгдэл начны хүү Жаргалбаяр, Баярхүүгийн Бат-Өлзий, Хүрэл-Очирын Гантулга, Дамдинпүрэвийн Бат-Эрдэнэ хэмээх арал бяр дүүрэн үндэсний бөхийн дараагийн өнгийг тодорхойлох шилдэг залуус улсын харцага цолонд хүрч, 18 залуу шинээр начны болзол хангаснаас дөрөв нь ийнхүү шууд харцага цолны эзэн боллоо.  Тавын даваанд гучин аймгийн цолтон боссоноос 18 нь ийнхүү улсын цолтны гэр бүлд багтлаа. Сайхаан сайхан.

Ноднин жил Ховд аймгийн Чандмань сумын уран барилдаант заан Бямбадорж хорвоогоос буцсан ч багшийнхаа шийрийг хатаах, алдрыг дуурсгах нэгэн сайхан заан төрлөө. Батзориг зааны ахын хүү Баатархүүгийн Пүрэвсайхан хэмээх залууг ямархан барилддаг, ямархан бөх гэдгийг бөх сонирхогчид надаар хэлүүлэлтгүй мэдэх хойно… Заан цолоо гардчихаад “Багшийнхаа ачийг хариуллаа” хэмээн ярилцлага өгч байна лээ, Пүрэвсайхан. Нээрээ л багшийнхаа ачийг хариулж байна даа. Улсад ч, аймагт ч Аварга дээд сургуулийн төгсөгч нараас олон ч цолтон төрлөө.

Арван дөрвөн начны тухайд…

Аймгаар нь ангилвал Архангай 4, Өвөрхангай 2, Хөвсгөл 2, Увс 1, Завхан 1, Дорнод 1, Сэлэнгэ 1,  Баян-Өлгий 1, Булган 1 начин цолтон өлгийджээ.  Тэрдундаа Баян-Өлгий аймгаас 35 жилийн дараа улсын цолтон төрлөө. Зөвхөн Өлгийнхан биш Монгол даяараа баярлав. Тэр их хүлээлтийг а.а Баатарцол тайлах учиртай байжээ. Уран барилдаант Даваабаатар харцагыг суйлж даваад шүү.

Олон жил барилдсан а.а Дэлгэрсайхан, Бат-Отгон, Нямдорж нарыг цолны босгоор алхахад олон хүн “болж дээ” гэж дэмжсэн, баярласан. Шантралгүй олон жил зүтгэсэн хөдөлмөрөө тэд үнэлүүлсэн.

Алдарт аваргуудын нэрийг өргөх хувьтай Завханы Чимэдвандан, Архангайн Ванданцэрэн нарыг бөх мэддэг хүмүүс болох л ёстой хүмүүс боллоо гэж байна. Сумын цолтны барилдаанаас тодорч, аймаг цэрэгт чамгүй амжилттай барилддаг Чимэдвандан бол улсын гарьд Б.Гончигдамбын гарын шавь нарын нэг. Харин улсын заан Ш.Гомбосүрэнгийн удмын бөх, биеийн хийц галбир сайхантай, өөртөө тохирсон барилдаанч Ванданцэрэн хавар “буур” Жамъяан аваргын нэрэмжит “Ирээдүйтэй бөх”-ийн шагналыг гардаж байлаа. Мөн Цэнхэр сумаас начин цолтон ихэрлэж төрсөн нь энэ наадмын бас нэг сонин мөн.

Хөвсгөлийн хоёр начинг хүмүүс мэднэ. Аймаг цэрэгт магнайлан барилддаг а.х.а Ганхуяг гуравт нутгийн ах у.н Баянмөнхийг, дөрөвт а.а Сүмбээг, тавд манлай начин Энхбатыг давж улсын цолтны бүлд орлоо. Харин Галт нутгийн хүү Хөхчирэнгэр гурвын даваанд а.а Т.Сүрэнжавыг, дөрөвт у.х Ө.Бат-Оршихыг, тавд чөлөөтийн Чулуунбат начинг давж, нутагтаа 15 жилийн дараа улсын цол авчирав. Түүнийг “начнаар тогтохгүй, том сайхан бөх болно доо” гэж нутгийнх нь ах, харцага Г.Ганхуяг итгэл дүүрэн хэлж байна лээ.

Өврийн хангайн хоёр бас сайхан начингууд. Жил жилийн наадамд л гайгүй барилдах болов уу гэж олны хүлээлт, итгэлийг хүлээдэг залуус. Аралтай, бяртай, удамтай Лутын Батзоригийг ноднинхон цэргийн арслан болоход нь хүмүүс мөн чиг их баярласан. Жилийн дараа ийнхүү улсын цолд хүрсэн нь тэр олны итгэл хий хоосон зүйл биш байсныг илтгэнэ. Тэрээр дараагийн даваанд шилдэг харцага Содномдоржтой сайн барилдсан. Өөрийн дархан гэхээр давуулж гуядах  мэхийг шийдэмгий хийсэн боловч өөр дээрээ татчихсан нь харамсалтай. Хужирт нутгийн хүү Чимэддорж арслан алдарт аварга, арслангуудын өлгий нутаг, зон олныхоо итгэлийг дааж, улсын цолд хүрлээ.  Зургаад түүнийг Гончигдамба гарьд амалж, барилдааныг нь сайн мэдэхийн хувьд тун чиг зай өгөлгүй сэнжигнээс дунгуйлдаж татаад давчихна лээ.

Шинэбаатар бол нэгэн цагт улсын цолны тааварт дээгүүр яригдаж байсан а.а Л.Үйтүмэнгийн дүү, жүдо бөхийн 90 кг-ийн жинд Монголыноо нэрийг дэлхийд мандуулж яваа Л.Отгонбаатарын ах, сайхан барилддаг арслан. Цаашдаа сайн барилдаж, цолоо ахиулах боломж бүрэн бий.

Анхдагчдын өлгий нутгийн хүү Амарсайхан хамгийн эхэнд тав давснаар нутаг усныхаа “анхдагч” гэдэг тодотголыг бас харуулаад амжив. Зургаад түүнийг Баасанхүү начин амалсан. Тоолвол нас чацуу, төөлвөл бие чацуугаар зогсохгүй барилдааны хурд техник, арга барил, ир хийц, тэсрэлт, уян хатан гээд олон зүйлээр адил төстэй тэдний барилдаан сонирхолтой болох нь тодорхой байв. Хоёулаа инээгээд л, яриад л барилдаад байсан. Яг яаж давсныг үнэндээ хараа гүйцэж хараагүй. Ямартай ч Увсын уран барилдаант начин Баасанхүү давчихаад гараа өргөөд гүйж яваа дүр төрх дэлгэцэнд үлджээ.

Бадрахын Ганзориг гэж залууг цэргийн арслан цолтойгоо үлдчихнүү дээ гэх битүүхэн халаглал өмнөх жилүүдийн наадамд их байлаа. Мөрний хүнд бэртлийн улмаас хэсэг хугацаанд бөхөөсөө хөндийрсөн ч улсын цолд хүрэх хувь ерөөл түүнд байжээ. Дорнодын Анар гэж жүдо стильтэй сүрхий барилдаанч нөхөр сүүлийн 2-3 жил бас шуугиулж яваа залуусын нэг. Тэр шилдэг арслан Мөнгөнбаатартай тунаж давсан. Тэртусмаа хөмөрдөг хүнийг хөмрөх мэхээр нь давсан. Сэтгэлзүй маш өндөртэй, нас залуу, барилдааны эвсэл сайтай түүнийг дахиад олон наадам, өндөр цол хүлээж байгаа. Говь-Алтайн Л.Цэрэнтогтох начин цолоо батлав. Харцага, заан цол ойрхон л байлаа, бяртай начинд.

1. Бадамсамбуугийн Ганхуяг Хөвсгөл Шинэ-Идэр

2. Батсайханы Дэлгэрсайхан Сэлэнгэ Сайхан

3. Мишкагийн Бат-Отгон Архангай Булган

4. Лутын Батзориг Өвөрхангай Өлзийт

5. Доржийн Анар Дорнод Дашбалбар

6. Лхагвасүрэнгийн Шинэбаатар Архангай Батцэнгэл

7. Бадрахын Ганзориг Увс Тэс

8. Цэрэндоржийн Нямдорж Архангай Цэнхэр

9.Батчулууны Баатарцол Баян-Өлгий Булган

10.Цэндзэсэмийн Чимэддорж Өвөрхангай Хужирт

11. Чинчулууны Хөхчирэнгэр Хөвсгөл Галт

12. Дэлгэрсайханы Амарсайхан Булган Сэлэнгэ

13. Эрдэнэцогтын Ванданцэрэн Архангай Цэнхэр

14.  Батцэнгэлийн Чимэдвандан Завхан Их-Уул

Ерөнхийлөгчийн бэлэг монгол гутал…

Харцага цолны болзол хангасан Ховдын Бат-Өлзий Зэрэг сумынх агаад Монгол улсын ерөнхийлөгчтэй нэг сум юм билээ. Ерөнхийлөгч нутгийн хүүдээ сайн барилдахыг ерөөн шинэ монгол гутал хийлгэж өгсөн тухай өмнө сонсогдож байв.  Бат-Өлзий арслан тавын даваанд у.н Амарзаяагийн хөлд орж, цацаад начин цолны босгоор алхав. Харин зургаад нас чацуу арслан Анартай тунаж давснаар харцага цолд хүрсэн юм. Долоод түүнийг аварга Эрхэмбаяр амалж, зүүн талдаа мушгиад хаячихна лээ. Мөн чиг хүчтэй, бяртай харцагатай болсон доо.

Энэ цагийн өндөр бөхчүүдийн нэг гарьд Ганбаатарын зургаагийн давааны амлалт Завханы Бат-Эрдэнэ байв. Гарьд ерөнхийдөө өөртэйгээ чац ойролцоо өндөр бөхчүүдийг амалж барилдаад байгаа харагддаг. Харин Бат-Эрдэнэ энэ даваанд тун итгэлтэй, зоригтой барилдаж, өндөр гарьдыг мордоход нь дагуулж хөмрөн даваад харцага цолтон болов. Мөн Нэгдэл начны хүү харцага цолд хүрэв.  Сэлэнгэ аймгийн Мандал сумаар овоглож, Увснуур дэвжээнд бэлтгэлээ базаадаг түүнийг аавынхаа цолыг алгасан харцага болох ерөөл билэг хүлээж байжээ. Тавын даваанд түүнийг гарынх нь багш Өсөх-Ирээдүй харцага цолны босго алхуулж өгсөн бол зургаад тэр начин цолны болзол хангасан Хөхчирэнгэртэй тун хүнд барилдаан хийж давсан. Өвөрхангайн Гантулга мөн харцага болов. Бахим биетэй, ойгүй бяртай гэгддэг Уянгын залуу арсланг энэ даваанд Говь-Алтайн бяртай начин Л.Цэрэнтогтох амалсан.  Гантулга барьц сонгон давснаар ийнхүү шинэ цолны эзэн болж, өврийн хангайн цөөхөн харцага цолтны тоог нэмлээ.

Долоогийн даваанд Мөнхбат аварга Жаргалбаярыг амалж, харин Эрхэмбаяр аварга нэлээдгүй “бодлого бодов”. Дахин дахин нэр сонсож, ярилцаж, зөвлөлдөж байгаад Бат-Өлзийг авав. Бүрэнтөгс, Батсуурь арслангууд шинээр харцага болсон залуусыг амалж, Оюунболд харцагад энэ цагийн шилмэл хэдээс сонгох сонголтыг үлдээв. Залуу арслан нэг их удаж төдсөнгүй Батмөнх зааныг, Гончигдамба Пүрэвдагва начинг амалжээ. Санжаадамба заан Содномдорж, Пүрэвсайхан, Баасанхүү гурваас сонгох гэж багагүй бодов. Тэгээд “Хэсэг бодоодхоё” гээд босч явав. Асрын хажууханд суусан Дүвчин багш дээрээ очиж хэсэг ярилцсаны дараа эргэж ирээд Баасанхүү начинг авав. Ингээд Содномдорж Пүрэвсайхан нар заан цолны төлөө тунажээ.

Барьцаа авчихлаа гэж бодсон, хальтирчих юм. Содномдорж Пүрэвсайханд уначихаад ирэхдээ ингэж хэлэв. Тэгээд айраг амсаж, идээнээс авч хангай дэлхийдээ өргөчихөөд талбайгаас гарч одов. Үүнээс цааш олон даваа, олон амжилт хүчит харцагыг хүлээж байгаа нь гарцаагүй. 

Болж байгаа юм уу Мөнхбат аа?

Наймын даваанд Мөнхбат аварга Эрхэмбаяр аваргыг амлаад босоход нь асарт орж ирээд зогосж байсан Өсөхбаяр аварга “Болж байгаа юм уу… Мөнхбат аа” гэж тун нухацтай дуугарав. Мөнхбат аварга огцом эргэж харснаа “Яахав, яахав” гээд гараа сэгсэрчихээд л яваад өгсөн. Энэ даваанд аварга аваргаа амална гэж олон хүн таагаагүй л болов уу. Харин Эрхэмбаяр аварга ёстой л чардайтлаа үзсэн дээ. Хэдэн ч удаа барьц сонголцсон мэдэхгүй, сүүлдээ хэн хэн нь бүр цуцаж, барьц барингуутаа л алдчихаад байв. Гэхдээ Эрхэмбаяр аваргын шийдсэн мэх давааг өндөлүүлэв. Барьцаа авангуутаа мушгиад л зүтгэчихсэн. Мөн ч их бяр гарсан байх аа. Харин давчихаад огч ядраагүй мэт гүйж яваа түүнийг хараад бүх зүйлээ шавхсан байлаа ч ялалт гэдэг тэрхэн хоромд ч ямар их хүч өгдгийг мэдрэх шиг л болсон.

Тунасан хоёрын барилдаан бас л онцгой. Санжаадамба үнэхээр хараатай,  мэдрэмжтэй барилдсан. Оюунболдыг барьцаа алдах мөчид л хавирчихсан. Харин Пүрэвсайхан Батсуурийг хөмрөх гээд өөрөө түрүүлээд газардчихав. Сайхан барилдаан гэхээс яах.

Үнэндээ камерын бичлэгээр монгол бөхийн даваа, унааг тогтоох боломжгүй

Харин Бүрэнтөгс, Пүрэвдагва нарын наймын давааны барилдаан энэ жилийн хамгийн их дуулиантай барилдааны нэг болов. Хөлийн цэц, гарын даа нар П.Бүрэнтөгсийн зүүн хөл, Р.Пүрэвдагвын баруун гарны тохой хоёрын аль нь түрүүлж газарт хүрснийг бичлэгээс хараад ч шийдэж чадахгүй байсан болохоор хайнцсан гэж үзэн, дахин барилдуулах шийдвэр гаргасан.

Үнэндээ камераар шүүхийн тухайд бол унасан гэдгийг яг зүлэгний дайнд тааруулсан камераар л шүүх боломжтой. Тэрнээс нэг юмуу тэрнээс дээш метрийн зайнд байрлуулсан камерын бичлэгээр монгол бөхийн даваа, унааг тогтоох боломжгүй.

Харин П.Бүрэнтөгс “Би давсан” хэмээн үзэгчдийг нэлээн хугацаанд хүлээлгэсэн. Тэр үед үзэгчид “Пүрэвдагва, Пүрэвдагва” хэмээн дуу нийлүүлэн хашгирч, нар зөв 10-аад удаа босч суун давалгаалж сүрийг үзүүлэв. Цаг орой болж, дээр нь барилдаан шийдэгдэлгүй удаж, үзэгчид бухимдаж эхлэх үеэр цагдаа нар хамгаалалтын өндөржүүлсэн бэлэн байдалд хүртэл орсныг нуух юун. Ямар сайндаа л баяр наадмын комиссоос шинэхэн хотын дарга Су.Батболдыг илгээж,  яаравчлуулснаар хоёр бөх дахин шодож, Пүрэвдагвын талд бууж, сугадаж түрж хөөн мушгиад давсан юм. Бүрэнтөгс арслан тахим өгөхдөө Пүрэвдагвын толгой руу ёворч, цаашлаад дэвжээн дээр элэглэн хэвтээд уйлахыг ард түмэн харсан. Өөр өөрийнхөөрөө дүгнэсэн.

Түүх сөхөхөд 1969 оны улсын баяр наадамд удаан барилдсан шалтгаанаар Ж.Мөнхбат, Х.Баянмөнх нарыг барилдаанаас хасч, улсын арслан Г.Дэмүүл түрүүлж байсан удаатай. Үнэндээ тэднийг “Хөлийн цэцийн шийдвэрийг биелүүлэхгүй удсан” гэдэг шалтгаанаар хасчихаж мэдэхээр нөхцөл байдал үүсч байсан ч наадамчин олноо гонсойлголгүй хоёр бөхийг барилдуулан хайн хагалж, наадам үргэлжилсэн билээ.

Нэг аймгийн бөхчүүд улсын наадмын түрүү булаалдсан түүх давтагдав

Дараагийн даваанд Эрхэмбаяр аваргыг Санжаадамба хавирч давсан бол Пүрэвдагва Батсуурийг сугадаж мушгиад тэр чигт нь тахимдад хөөгөөд хаячихав. Ийнхүү төрийн их баяр наадамд нэг аймгийн бөхчүүд түрүү булаалдахаар шалгарч үлдсэн түүх давтагдав. Тэртусмаа Архангай аймгаас 1962 онд улсын арслан Д.Жамц, Ж.Чойжилсүрэн нар, 1943 онд улсын арслан “аат” Лувсанжамц, Содов нар, 1926 онд “буур” Жамъян, Төмөрбаатар нар түрүү булаалдаж байсан түүх давтагдсан нь гайхамшигтай.

Ийнхүү улсын их баяр наадамд улсын заан Ч.Санжаадамба түрүүлж, улсын аварга цол, улсын начин Р.Пүрэвдагва үзүүрлэж, улсын арслан цол хүртлээ. 1024 бөх барилдсан тул Үндэсний их баяр наадмын тухай хуулийн дагуу 10 давж түрүүлсэн бөхөд улсын аварга цол, 9 давж үзүүрлэсэн бөхөд улсын арслан олголоо.

Шөвгийн дөрөвт улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын арслан Н.Батсуурь нар үлдлээ.

Энэ жилийн наадамд түрүү бөх Ч.Санжаадамба улсын наадамд зодоглосон 15 дахь жилдээ түрүүлж, аварга цолонд хүрчээ.Тэрбээр Монгол Улсын 22 дахь, хүчтэний өлгий Архангай аймгаас тодорч буй тав дахь аварга цолтон болов.

Олон жилийн хүлээлтийг тайлсан шинэ аварга

Ч.Санжаадамбын дээлийн захыг монголчууд олон жил мушгисан даа. Бөхийн чансаа гэж өөр юм. Заан цолондоо багтаж ядан байсан Ч.Санжаадамба аварга, арслан цолыг нэг наадмаар хүртэж, наадамчдын олон жилийн хүлээлтийг тайлж, цэнгэлийн манлай болов.  Түүний ямар хүчтэй өрсөлдөөнөөс сугаран гарч ирснийг наадамчин олон “Байх ёстой байрандаа, очих ёстой цаг хугацаандаа хүрлээ” хэмээн тайлж байна. Тэр ард түмний сэтгэлийг дүүртэл сайхан наадлаа. Заан болсныхоо дараа “Миний зорилгодоо хүрэх эсэхийг цаг хугацаа л харуулна даа” хэмээн даруухнаар өгүүлж байсан бол үнэхээр цаг хугацаа түүний зорьсон зорилгодоо хэрхэн хүрэхийг харууллаа. Гэхдээ энэ зогсоол биш. Дахиад олон наадам түүнийг хүлээж буй. Жилийн өмнө анхны дархан аваргаа тосон авсан Архангайчууд түүнээс дараагийн дархан аварга цолыг хүлээж эхэлсэн нь гарцаагүй.

Иртэй, эрэмгий 47 дахь арслан

Үндэсний бөхийн засуул Рэнчинбямбын хүү Пүрэвдагва бол Монгол бөхийн түүхэн дэх 47 дахь арслан цолтон. Иртэй, эрэмгий түүнийг начин цолноос арслан цолд хүрсэн цөөн хүчтэний нэг. Бөхийн галбир сайтай, хичээнүй, маш хөдөлмөрч, сайхан барилдаанаараа үзэгчдийн хайр талархлыг хэдийнээ хүлээсэн түүнийг бөхийн өндөр цолд хүрсэнд баярласан нь олон. Өөрийн багш, хамаатны ах Рагчаа гарьдынхаа хамт ногоон дээлээр ижилсэн наадамласан түүнд хамгийн ойрын зөвлөгч нь наадмын талбай дээр Рагчаа гарьд байсан. Нутгийн хоёрыгоо түрүү булаалдахаар үлдэхэд баярын нулимстай догдлон зогссон дархан аварга Г.Өсөхбаяр, улсын гарьд Д.Рагчаа тэргүүтэй Бөхбилэгтийнхэн аваргатай, арслантай, дөрвөн начинтай онцгой их олз омогтой наадлаа.

Хүннү гүрэн байгуулагдсаны 2222 жилийн ой, Их монгол улс байгуулагдсаны 810 жилийн ой, Ардын хувьсгалын түүхт 95 жилийн ойн Төрийн их цэнгэл баяр наадам маань сайхан болж өндөрлөлөө. Ерөнхийлөгч маань анх удаа долдугаар сарын 13-нд зарлигаа уншиж, баяр наадмын хаалтаа ёслол төгөлдөр хийв.

Эх сурвалж: Бөх сонин. С.Бадамгарав


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

14 Comments

  • Anonymous (September 02, 2016 11:29:58 pm )

    Burentugsiin davaag bulhaitai shuusentei ijil olympod manai 3 – g bugdiig ni bulhaitai shuuleedee, huchtei tom ni jijig buraigaa herhen yaj damshigladagiig mongolchuud bugd harsan uzsen, harin manai naadam deer olonhi ni tsuunhuu yaj huch turdegiig tsuunh ni harlaa olonhi eruul uhaanaar harahyg ch hussengui, yadaj uls dotroo shudarga baitsgaah yumsan daa

    • Бүрэнтөгс үнэндээ 2 УНАЧААД арай дэндүү Даварсан ААШ гаргасан. (September 03, 2016 2:32:54 pm )

      Бүрэнтөгсийг дахин наадамд барилдахыг нь хорьвол таарна. Угаасаа нохой мордохоос өөр олигтой мэхгүй, барилдаан үзүүлдэггүй. Тэгээд дээрээс нь маш муухай авиртай, наадмын талбай руу нулимдаг, өрсөлдөгч бүх рүүгээ УС ЦАЦДАГ эсэн бусын балиар хараал жатганы гэмээр үйлдэл наадмын талбай дээр хийдэг нөхөр. Маш Муухай жудаггүй!!! Уначаад тахим өгдөггүй, өрсөлдөгч бөхөө толгой руу нь цохьдог!!! Уначаад УЙЛДАГ!!! Барьц сонгож барилдчаад давж чадаагүй шүү дээ.

      • Anonymous (September 04, 2016 12:12:43 am )

        Olympod manai gurav bugd unen zuv yalagdsan yalagdsan, tegeed bas uilaad ..

  • Монгол хүн (September 03, 2016 12:50:50 pm )

    Бүрэнтөгс хоёр дахиж унасан шүү дээ. Та нар битгий нутгархаж ийм ярьж бай. Баянмөнх төөр жил Мягмарт уначихаал яаж луяйвардлаа. Мөн хар тамхи оруулж ирээд шоронд суухад нь модон сэтгэлгээт Батмөнх гаргаж авч байсан. Тэгээд ч хоёр дахиж уначихаад тахимаа өгөхгүй, уйлж унжиж амьтны шившиг болсон Монгол бөх түүхэнд байгаагүй.

  • zzz (September 03, 2016 1:02:54 pm )

    arhangai 3 terbumaar naadsan

  • ZOCHIN (September 03, 2016 1:22:59 pm )

    Saihan naadam bolsoon Ard tumen Purewdawgiig demjsen Purewdawgach saihan hayasan Saihaan saihan

  • enee (September 03, 2016 3:53:10 pm )

    ene tsol avsan bohchuud bvgd nairaagaar bolson sh te

    • Anonymous (September 04, 2016 12:22:06 pm )

      чи мэдэж байгаа юм байна АТГ чамайг дуудаж асуух байх даа батлагдахгүй чи өөрөө хүн гүтгэсэн эрүүгийн хэрэг хүлээх байхдаа

  • Anonymous (September 03, 2016 9:22:54 pm )

    Архангайн Пурэвдагваас болж Батцэцэг олимпоос медальгуй хоцорсон юм даа

  • Anonymous (September 03, 2016 10:34:29 pm )

    Burentugs arslan zaluu hun baij zuleg nogoon devjeen deeree uilj hevteh ni estoi muuhai bsan shuu . tegeed yaw Olympoos manaih amjilt baihgui . er ni zaluu buhchuud sain alsiig harjumand uujuu baijee , uhaantai bai . naadam ymar olymp bish . jil bolgon boldog naadam .

  • Anonymous (September 04, 2016 12:08:36 am )

    ирэх жилин наадмууд санжаа аварга бүрэнтөгс оюунболд батсуурь пүрэвдаваг арслангууд тэгээд гончигоо гарьд пүрэвсайхан заан содном харцгуудын л хооронд болох юм байналдаа. эднии дундуур гарж ирэх хэцүү. энэ хүн наадмын тухай сайхан бичжээ

  • сонирхогч (September 04, 2016 2:01:51 am )

    Бөхийн барилдаанруу улс төрийнхөн орохоо болимоор юм.Ерөнхий сайд аварга Эрхэмбаярлуу яриад Санжаадамбад өгүүлээд тэр мөнгийг нь Ж.Мөнхбат хаанаас гаргаж өгч байгаа нь маш сонин байгаа биз.Энэ муухай мөнгөний наадмыг 1-10 даваа хүртэл сугалаагаар барилдуулбал зүгээрсэндээ.Ард түмнээ аваргууд нь улс төрийнхөнтэй нийлээл хуураад доромжлоод байхаар яаж улс орон минь хөгжинө дөө зайлуул

  • гахх (September 04, 2016 12:55:26 pm )

    Сугаржаргал гэж ямар ч мэхгүй хулмастай нөхөр юуны эр хүн байдгийн ,шодолт таараагүй дээ бантаад,баадгаараа тавиулахаасаа зовоод өгөөд зайлав биш үү гахх гахх

  • Anonymous (September 04, 2016 8:02:11 pm )

    Purevdavga bainga unachaad heruul hiij bdag buh shuu dee

antalya rent a car