Өнөөдөр 11.00 цагаас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно. Чуулганы өнгөрсөн баасан гаригийн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудал хэлэлцэж, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон нарын танилцуулгыг сонсохооор төлөвлөсөн байсан юм. Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас нэр дэвшин Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилогдсон Т.Хадхүү, Улсын Их Хурлын Тамгын газраас нэр дэвшин Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилогдсон Д.Даваа-Очир нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул нэр бүхий гишүүдийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, үүнтэй холбогдуулан Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Самдангийн Цэдэндамбыг, Улсын Их Хурлын Тамгын газраас Балдангийн Баатарзоригийг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилуулахаар нэр дэвшүүлэх саналыг холбогдох байгууллагуудаас Улсын Их Хуралд өргөн мэдүүлжээ. Энэ асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд дэмжсэн юм.
Харин хэлэлцэхээр төлөвлөсөн асуудалтай холбогдуулан Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга С.Эрдэнэ тус намын бүлгээс гаргасан зарчмын байр суурийг илэрхийлж горимын санал гаргасан юм. Тэрээр Төрийн албаны орон тооны гишүүдийг томилох талаар өмнөх Улсын Их Хурлаас гаргасан тогтоол хүчинтэй хэвээр байгаа, нөгөө талаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх гэж буй эдгээр хүмүүс өргөдлөө албан ёсоор өгөөгүй, ээлжийн амралттай байгаа, түүнчлэн холбогдох танилцуулга бүрэн биш байгаа учраас тус намын бүлэг энэ асуудлаар завсарлага авах хүсэлт гаргасан тул хуралдаан даргалагч тус намын бүлэгт ажлын гурав хоногийн завсарлага өгсөн. Завсарлагын хугацаа өнөөдрөөр дуусч буй. Тэгэхээр дээрх асуудлыг хэлэлцэнэ.
Ер нь бол өнөөдөр УИХ-ын чуулганы анхдугаар хуралдаан хаалтаа хийж магадгүй гэсэн мэдээлэл бий.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.