antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 25, 2012 Comments are off

Б.Баяндэлгэр Балбын шоронгоос өнөөдөр суллагдах бололтой

нийтлэсэн Admin
Визийн зөрчилтэй гэсэн шалтгаанаар Балбын шоронд хоригдоод гурван сар болсон Б.Баяндэлгэрийн тухай мэдээлэл ар гэрийнхэнд нь хүрчээ. Зурагтаар л дүүгээ шоронд хоригдож байгааг мэдлээ гэсээр хоолой зангируулан ярьж буй түүний том эгч Б.Урантогостой 24tsag.mn утсаар холбогдлоо. Мөн хотод байдаг ах Б.Уранбилэг нь ч дүүгийнхээ тухай тодорхой мэдээлэл авах гэж “Дорнод нутаг” клуб болон www.24tsag.mn сайтад хандсан юм.

 

Эгч Б.Урантогос: Дүүгээ ирэхээр нь буцааж явуулахгүй

– Та Б.Баяндэлгэрийг Балбад байгааг анх хэзээ мэдсэн юм бэ? Хамгийн сүүлд хэзээ утсаар ярьсан бэ?
– Хамгийн сүүлд өнгөрсөн оны 12-р сарын 10-ны хавьцаа над руу залгасан. Өмнө нь 11 дүгээр сард залгаад визний хугацаа дуусчихлаа, зардлын мөнгө явуулаарай гэж байсан юм. Бид хэд ч байгаа хэдийгээ шавхаад өгөөд явуулсан л даа. Тэгтэл дүү маань сүүлд ярихдаа харих гэсэн мөнгө дутчихлаа, энд ажил хийж байна гэсэн. Сурах гэж явсан хүн яагаад ажил хийдэг билээ гэж гайхаад асуухад хямдхан хил гаргаж өгнө гээд байхаар нэг монгол ламд мөнгөө өгөөд алдчихлаа гэж байсан. Тийм болохоор нэг цайны газар аяга угаагч хийгээд тав арван төгрөг олж байгаа гэсэн юм. Би ч “Холбоотой байгаарай, яасан нь мэдэгдэхгүй алга болчихов оо” гэж захисан л даа. Тэрнээс хойш байхгүй. Ерөөсөө холбогдож чадаагүй. Харин өчигдөр /уржигдар/ нэг найз маань зурагтаар Б.Баяндэлгэр гээд танай дүүгийн тухай мэдээ гараад байна, үз гэлээ. Би ч гарах нь уу гээд л зурагт ширтээд суугаад байсан чинь орой МҮОНРТ-ийн мэдээгээр гарсан л даа. Би гэртээ очмоор байна гээд өөрийнхөө гараар бичсэн цаасыг нь зурагтаар үзүүлж байсан. /хоолой нь зангирав/

– Хүнд мөнгөө алдсан гээд ярьсных нь дараа дахиад холбоо барих боломж олдоогүй юм уу?
– Тийм ээ. Дүү маань миний утас руу л залгана уу гэхээс өөр рүү нь ярих утас байхгүй. Тийм болохоор хэрэндээ сураг чимээ тавиад суусан. Хийдийн багшаас нь асуусан чинь ямар сонин юм бэ гэж гайхаад өөрөө Энэтхэг рүү явж сураг гаргахаар болсон л доо. Хүн юмыг муугаар л боддог юм байна. Делигийн цагдаагийн газар очиж нэрийг нь шүүлгэхэд Б.Баяндэлгэр гэдэг нэр байхгүй гэж хэлсэн байгаа юм. Тэгээд л яана аа гээд байж байлаа.

– Б.Баяндэлгэр Энэтхэг явахаасаа өмнө ямар хийдэд суудаг байсан юм бэ?

– Манай Дорнодын Пунцагдаржайчойхорлон хийдэд суудаг байсан юм. Багаасаа 17 нас хүртлээ арваад жил сурсан. Аавын маань аав гэж лам хүн байсан. Хүүгээ лам болгоно гээд хөгшин аавын хүсэлтээр нэг, хоёрдугаар ангид байхад нь сургуулиас нь гаргаад лам болгосон юм. Өөрөө ч үүндээ их сонирхолтой. Энэтхэг рүү анх 2007 онд сурахаар явсан. Дүү маань хичээл номдоо ч их сайн. Сайн болохоор л багш нар нь сургахаар явуулсан байх.

– Ер нь ямар зан ааштай хүн бэ?

– Миний дүү их сэргэлэн, нүүрний баясгалантай хүүхэд. Ер нь сэтгэл сайхантай хүүхэд шүү дээ. Муу санаагүй, хүнд итгэмтгий болохоороо мөнгөө алдаж байгаа байхгүй юу. “Намайг явах гэж байсан чинь нэг хүн таараад хямдхан гаргаад өгье гээд мөнгийг маань авчихсан. Монгол хүн болохоор нь би итгэчихсэн юм аа” гэж байсан.

– Таны хувьд ямар ажил эрхэлдэг вэ?

– Одоо Дорнодын зах дээр ногооны лангуун дээр ажиллаж байна.

– Дүүг тань удахгүй гэрт нь авчрахаар болжээ. Яаж тосч авъя гэж бодож байна?
– “Дорнод нутаг” клубынхан дүүгийн маань торгуулийг төлөөд, дээр нь Монголд ирэх зардлыг нь даахаар болсон. Энэ хүмүүст, ялангуяа С.Отгонбаатар гуайд үнэхээр их баярлаж байна. Бараг таван сая гаруй төгрөг болж байгаа гэж надад хэлж байна лээ. Санаа зовох хэрэггүй, удахгүй гэрт нь аваачна гэсэн болохоор сэтгэл санаа арай гайгүй байна. Бас дүүгийн сургийг гаргаж өгсөн танай сайтын сэтгүүлч М.Буянбадрах, ntv production студийн Г.Батнягт ахад баярлаж байгаагаа хэлэх үг алга аа, эгч нь. Тэгэж таараагүй бол бид мэдэхгүй л байсан. Сэтгэл муутай хүн байхад сайхан сэтгэлтэй хүн бас байх юм аа. Хүмүүс минь, бие биенээ хайрлаач, битгий нэгнийгээ луйвардаж хагацал үзүүлээрэй л гэж хэлмээр байна.

– Ирэхээр нь Энэтхэг рүү буцаагаад явуулах бодол байна уу?

– Одоо ийм юм болчихоод байхад яаж зориглож явуулах юм бэ? Дахиж явуулж чадахгүй шүү дээ. Бүрэн бүтэн амьд мэнд байгааг мэдээд харин санаа амарч байна.

Ах Б.Уранбилэг: Ганц хатаасан хиамтай гарсан юм, махсаа байх даа…

– Та дүүтэйгээ хамгийн сүүлд хэзээ утсаар ярьсан бэ?
– Бараг гурван жилийн өмнө интернэтээр нүүр нүүрээ харж байгаад ярьсан. Тэр үед сайн сурч байгаа гэж байсан.

– Яагаад гурван жилийн турш дүүтэйгээ ярьж чадаагүй юм бэ?
-Би Улаанбаатар хотод ажил хийх гэж гурван жилийн өмнө ирсэн. Дүү маань том эгчийн дугаарыг л мэддэг, эгч рүү л ярьдаг юм. Тийм болохоор сургийг нь эгчээс сонсож байсан.

– Хэзээ Б.Баяндэлгэрийг Балбад байгаа гэдгийг мэдээд бидэнтэй холбогдох болов?

– Эгч өчигдөр /уржигдар/ утсаар ярихад нь зурагтаар мэдээ үзэж мэдсэн. Сүүлд визийн хугацаа, бас сурах хугацаа ч дууслаа гэртээ харья гэхээр нь бид тал талаасаа мөнгө нийлүүлээд явуулсан. Ногооны зах дээр байдаг эгч маань хүнээс мөнгө зээлээд, хотод байдаг хэд нь ч цалингаа буухаар нь нэг, хоёр зуун мянган төгрөг өгөөд явуулсан. Гэтэл чамайг хурдан, хямдхан гаргаад өгье гээд нэг хүн зардлынх нь мөнгийг авсан юм билээ. Тэгээд дүү маань наашаа гарах мөнгө төгрөггүй болоод бидэнд ч дахиж сая саяар нь мөнгө төгрөг олдоогүй.

– Уг нь хэдэн төгрөг явуулсан юм бэ?

– Хоёр сая төгрөг.

-Тэр үед дахиад хоёр сая төгрөг олдохгүй байжээ. Тэгвэл өөр хүмүүсээс мөнгө асууж үзсэн үү?

-Үгүй, үзээгүй.

– Цуг явсан хүмүүс нь юу гэж байх юм?
– Манай дүү таван жилийн өмнө 17 настайдаа Энэтхэг рүү явсан юм. Цуг сурч байсан хүмүүс нь аль хэдийн буцаад ирчихсэн. Харин дүү маань тэнд үлдээд таван жил суръя гэсэн. Өөрт нь бол суръя, мэрийе гэсэн зорилго байсан.

– Энэтхэгт олон жил сурахдаа амьдарч байгаа газар, орчныхоо тухай юу гэж ярьдаг байсан бэ?

– “Халуун байна. Гэхдээ сайн сурч байгаа, санаа зоволтгүй” гээд интернэтээр ярьж байсан. Бас гэр орон, ах дүү нараа санаж байна гэж байсан. “Би хэдэн хүүхдүүдтэй цуг хулгайгаар махан хоол идэж байна. Энд махан хоол идэж чадахгүй байна” гээд ярьдаг байсан юм. Одоо бол бүр хэцүү байгаа байх. Эндээс анх явахдаа ганц толгой хиам хатаагаад аваад явж байсан. Махаа санахаараа мах орлуулагч гэдэг юм иддэг шиг байсан шүү. Анх явуулахдаа бас л энд тэндээс мөнгө цуглуулж байж  арай гэж явуулсан.

– Б.Баяндэлгэр ямар зан чанартай вэ?
– Цайлган томоотой. Зөөлхөн, хүмүүстэй айхтар чанга дуугараад байдаггүй. Бид энд байхад нь ном уншдаг ганданд нь ороод суудаг байсан байхгүй юу. Ном уншиж байгааг нь сонсоход маш сайхан хоолойтой. Дорнодынхон бол мэднэ дээ. Хамгийн жижигхэн лам. Хөөрхөн, цангаа цохиод л номоо уншдаг. Балингаа бариад сууж байдаг. /Нулимсаа арчив/ Уг нь их биеэ даасан хүүхэд дээ.

– Та хэдэн насаар ах вэ? Зургийг нь харахад таньтай их төстэй юм аа?
– Би арван насаар ах л даа. Бид том болчихсон болохоор Б.Баяндэлгэр яг доод талын охин дүүдээ их аминчхан байсан. Манайхан ер нь хоорондоо их төстэй. Бага байхдаа өвөөгийнд зуныхаа амралтаар хөдөө очдог. Дөрөв таван банди нар мөлхдөгөөсөө алхдаг хүртлээ тоглож өссөн. Олуулаа өвөө эмээ дээрээ өссөн дөө.

– Танаас өөр ах дүү нар чинь хотод байдаг уу? Ямар ажил хийдэг вэ?

– Би гурван жилийн өмнө хотод орж ирээд барилга дээр ажиллаж байна. Дорнодын бүртгэлээ шилжүүлээгүй байгаа. Нэг дүү маань бас энд надтай адилхан ажил хийдэг. Манай гэр Баянхошуунд байдаг. Ихэнхдээ ажилтай, ажилгүй үедээ гэртээ амардаг болохоор хотыг сайн мэдэхгүй ээ.

– Б.Баяндэлгэрийг ирэхээр нь ахын хувьд яаж тусалъя гэж бодож байна?

– Хорь гарсан, том болсон хүн өөрөө мэдэж байгаа байх аа. Ямар ч байсан буцаад явна гэвэл бараг л хэрэггүй гэж бодож байна.  Хэцүү шүү дээ.

–  Сэтгэлээрээ тусалж байгаа хүмүүст юу гэж хэлэх вэ?

– Тусалж байгаа хүмүүст маш их баярлалаа. Манай дүү танай сэтгүүлчтэй уулзаад эгчийн утасны дугаар, овог нэрийг бичээд өгсөн юм билээ. Даанч эгч маань тэр дугаараа хаяад сэргээлгээгүй, өөр дугаартай болчихсон байсан. Дүүгийн тухай сонсоод өнөөдөр хуучин дугаараа сэргээгээд барьж байгаа.

– Цагаан сараас өмнө гэртээ очно гэж “Дорнод нутаг” клубынхан ярьж байсан. Дүүгээ ирэхээр цуг явж шинэлэх үү?
– Нэгдүгээр сарын 28 гэхэд ирэх юм шиг байна лээ. Тэр үеийн байдал, мөнгө төгрөгийн боломжоо харж байгаад болно доо. Уг нь хамтдаа шинэлбэл сайхан л байна.

Ярилцсан Б.Баярмаа (24tsag.mn)

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car