Өнгөрсөн бямба гаригт Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр байрны долоон давхарт хийн баллон дэлбэрч, гурван хүн түлэгдэн, тус байрны 220 иргэнийг аюулгүй газар шилжүүлсэн тухай бид өмнөх дугаартаа мэдээлсэн. Одоо нөхцөл байдал ямар байгаа, ямар арга хэмжээ авсан талаар ОБЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч Б.Дуламсүрэнгээс тодрууллаа.
-Дархан-Уул аймагт болсон дэлбэрэлтээс үүдэн Улсын Онцгой комисс хуралдсан. Ямар шийдвэр гаргав?
-Ням гаригийн орой Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга М.Энхболд Улсын онцгой комиссыг яаралтай хуралдуулж холбогдох үүрэг чиглэл өгсөн. Хэргийн газар ажиллах МХЕГ, ОБЕГ-ын мэргэжлийн шинжээчдийн баг Улаанбаатар хотоос тус аймаг руу явлаа.
-Тухайн байрны олон айлын хаана, тааз нурсан гэсэн. Хамгийн сүүлд ямар мэдээлэл ирэв?
-Хамгийн сүүлд ирсэн мэдээгээр 63 цонх хагарч, хоёр айлын хана, тааз нь цөмөрч, арван айлын хана цуурснаас гадна 26 айлын эд хогшил бүрэн шатаж, дахин ашиглах боломжгүй болсон.
-Түлэгдсэн иргэдийн биеийн байдал ямар байгаа бол. Гэр бүлийн хүмүүс гэсэн үү?
-Дэлбэрэлтийн улмаас түлэгдсэн Б, Ж нар гэр бүлийн хүмүүс. Ж-ийн биеийн 48 хувь нь түлэгдэлттэй, биеийн байдлаас шалтгаалан бөөрний дутагдалд орох магадлалтай байгаа гэсэн мэдээ ирлээ. Тус аймгийн Эрүүл мэндийн төвийнхөн шаардлагатай эмчилгээг цаг алдалгүй хийж байгаа гэсэн. 22 настай Л-ын биеийн байдал хүнд байгаа учир өнөөдөр (өчигдөр) 15.20 цагт Улаанбаатар хотод авчирсан.
Холбоотой мэдээ
Comments are closed.