Т.САЙХАН
Эхийн сүү ач тустай гэдгийг хүн бүр мэддэг ч, яг юунд сайн бэ гэдгийг тэр бүр мэддэггүй. Эхийн сүү нь лабораторийн нөхцөлд боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг ажээ. Энэ талаар НЭМХ-ийн Хоол судлалын төвийн мэргэжилтэн Б.Цэрэнлхам зөвлөж байна.
ЭХИЙН СҮҮНИЙ НАЙРЛАГА ХҮҮХДИЙНХЭЭ ХЭРЭГЦЭЭГ ДАГАН БАЙНГА ӨӨРЧЛӨГДДӨГ
Ээж бүрийн сүү нь өөрийн хүүхдэдээ тусгай үйлчилгээтэй. Эхийн сүүнд үнээний сүүнд байдаггүй, лабораторийн нөхцөлд боловсруулах боломжгүй 100 гаруй нийлмэл элемент агуулагддаг. Түүнчлэн эхийн сүү орлуулагчаас ялгаатай нь хүүхдийнхээ хэрэгцээг даган найрлагаа байнга өөрчлөн, шинэчилж байдаг. Өглөөний найрлага нь оройныхоосоо, нэг сартай хүүхдийн сүүний найрлага нь долоо сартайгийнхаасаа өөр байдаг байна.
ИЛҮҮ БАГА ХАРШЛАХ ЭРСДЭЛ
Эхийн сүүгээр хооллодог нярай хүүхдийн хувьд эхний зургаан сардаа болон нэмэлт хоолонд орох үед нь ч тэр хоол хүнсний тал дээр ямар нэгэн харшил өгөх нь угжны хүүхэдтэй харьцуулахад харьцангуй бага байдаг. Сүүнд агуулагддаг кальци, төмөр зэрэг нь үнээний сүүний найрлагатай эхийн сүүний орлуулагчтай харьцуулахад илүү сайн шимэгдэж, хүүхдийн цусны эргэлтийн системд шилждэг байна. Эхийн сүүгээр хооллодог хүүхдэд төмрөөс үүдэлтэй цус багадалт төдийлөн илэрдэггүй.
ДАРХЛААГ САЙЖРУУЛДАГ
Эхийн сүү бол хүүхдийг элдэв өвчнөөс урьдчилан сэргийлдэг дархлааны анкор хэмээх бодисыг дамжуулж дархлааны системийг нь сайжруулж байдаг. Эхийн сүүгээр хооллодог хүүхэд чихний үрэвсэл, ханиад зэрэг өвчнөөр бага өвчилдөг. Мөн эмнэлэгт хэвтэхээр нян бактерийн гаралтай өвчнөөр өвчлөх нь харьцангуй бага байдаг. Эхийн сүү нь хүүхдийг насанд хүрсэн хойно нь ч гэсэн хэт таргалалтаас хамгаалдаг.
СЭТГЭЛЗҮЙН ХӨГЖИЛД АЧ ТУСТАЙ
Эхийн сүүгээр хооллох явцад эх хүүхдийн хооронд дотны нандин холбоос үүсч байдаг. Энэ нь хүүхдийн сэтгэлзүйн хөгжилд эерэг нөлөө үзүүлж, эх хүүхдийн холбоосыг бэхжүүлж өгдөг. Мөн сүүг хэрэглэхэд үргэлж бэлэн, ариутгагдсан, байнга бүлээхэн. Хүүхдэд хэрэгцээтэй үед хаана ч, хэзээ ч бэлэн байдаг. Хөхүүл эхчүүдийг хөхний болон савны хавдраас илүү сайн хамгаалж байдаг.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Холбоотой мэдээ
Comments are closed.