antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 17, 2016 Comments are off

“Тариан түрүү боловсрох тусам бөхийдөг”

нийтлэсэн Admin

Т.БАТСАЙХАН, Р.ОЮУН, Д.ЦЭРЭННАДМИД

Энэ удаагийн зочин бол гардан тулааны олон улсын хэмжээний мастер, холимог тулаанаас төрсөн анхны гавьяат тамирчин, “Чингисийн цавчилт” хочит Жадамбаагийн Нарантунгалаг юм.  Түүнийг Монголын Улсын гавъяат тамирчин хэмээх эрхэм хүндэт цол хүртсэнийх нь дараахан “Амьдралын тойрог”-тоо урьсан ч шинэхэн гавьяат маань дараагийн тулааныхаа бэлтгэлд аль хэдийнэ орсон байв.  “Тулаандаа ялчихаад уулзая” хэмээн тухайн үед бидэнд амлаж байсан.  Хэлсэндээ хүрч ялалт байгууллаа.  Тэрээр хэдхэн хоногийн өмнө Японд төрж, өссөн Солонгосын иргэн Котэцү Бокутай тулалдсан. Түүний тулааныг монгол түмэн амьсгаа даран үзсэн билээ. Гавьяат болсных нь дараагийн анхны тулаан учраас  ард түмэндээ ямар хэмжээний тамирчин болохоо харуулах чин хүсэл Ж.Нарантунгалагт байсан биз ээ. Тэрээр Солонгосын тамирчинг дэвжээн дээр боох мэхээр цэвэр ялж,  энэ төрлөөр эх орныхоо нэрийг дэлхийн давцанд дуудуулж, дэлхийн шилдэг тамирчдын зүрхэнд нь шар ус хуруулдаг тулаанч болохоо батлан харуулж чадсан юм.   Тиймээс шилдэг тулаанчийн туулсан амьдрал, гаргаж буй мөр, хараахан биелээгүй мөрөөдлийг нь багтаан, амьдралын хүрдийг нь эргүүлснээ хүргэж байна.

5-16-9a1_700x700

ХОС ЖАДАМБЫН ХҮЧ

Ж.Нарантунгалаг Булган аймгийн Бугат сумынх. Харин түүний бага нас Эрдэнэт хотод  өнгөрсөн.  Аав Б.Жадамбаа нь боксын спортын хүн, ээж нь Эрдэнэтийн хивсний үйлдвэрт ажилладаг байв.  Ийм л эгэл жирийн айлаас гаралтай нэгэн. Багадаа хөдөлгөөнтэй спортлог хүүхэд байсан болохоор түүнийг аав нь боксчин, харин ээж нь бөх болгоно хэмээн ярьдаг байж. Сургуульд орох жилээ буюу 1983 онд хүүхдийн баяраар аймгийнхаа хүүхдийн бөхийн барилдаанд түрүүлж зургийн дэвтэр, усан будгаар шагнуулан ээжийгээ баярлуулж, уйлуулж байсан удаатай. Гэсэн ч аав нь Ж.Нарантунгалагийг боксчин болгоно хэмээн зөрсөөр л байсан гэдэг. Багаас нь хүүхдэд дээрэлхүүлэхгүй гэсэндээ боксын спортын арга техник зааж, хүүдээ өөрийн мэргэжлээ өвлүүлэх их хүсэлтэй байж.  Тэрээр “Аав маань Минскт сургууль төгссөн, орос хэлтэй байсан учраас Эрдэнэтэд амьдардаг оросуудтай найз. Тэдний хүүхдүүдтэй зодолдоод уйлуулчихаар гэрийнхэнийх нь дэргэд намайг загнана. Харин айлаас гарангуутаа “Сайн байна. Миний хүү ааваараа юу авахуулах вэ” гээд орос дэлгүүрээс алим, амттан авч өгдөг байлаа. Тулааны спортод дурлах хүслийг аав, ээж минь багаас минь тавьж өгсөн. Тэд маань боксчин, бөх болгоно гэж маргалддаг байсан ч би хоёулангийнх нь хүсэл мөрөөдлийг биелүүлж, холимог тулааны тамирчин болсон. Аав ээж хоёр маань одоо тэнгэрээс хараад баярлаж суугаа биз ээ” гэлээ.  Аав Б.Жадамбаа нь түүнийг зургадугаар ангид байхад нь бурхан болжээ. Хүүгээ тулаанч болж, тив дэлхийг шуугиулахыг нь үзэж чадаагүй ч Ж.Нарантунгалагийн тамирчин болох үндэс суурийг нь сайн тавьж өгсөн байна. Харин ээж нь хүүгийнхээ олон амжилтыг харж, баярлаж бахархаж суусан гэдэг. Түүний ээжийнх нь аавыг Жадамба гэнэ. Ж.Нарантунгалагийг гадаадад тэмцээнд оролцоход Жадамбаа гэж аавынх нь нэрээр дууддаг. Энэ нь түүнд их л сайхан санагддаг гэлээ.  Учир нь аав нь  Жадамбаа, өвөө нь  Жадамба. Тийм болохоор өөртөө хос Жадамбын хүч бий хэмээн бодохоор өөрийн эрхгүй ухаан нь төвлөрч, сайн тулалддаг гэж байв.

ӨРСӨЛДӨГЧӨӨСӨӨ ИЛҮҮ ӨӨРИЙГӨӨ ЯЛАХ ЗОРИЛГОО НЭГДҮГЭЭРТ ТАВЬДАГ 44

Түүний спортын гараа тун өвөрмөц. Бараг бүхий л төрөлд хүч сорьж, түүнийхээ эцэст холимог тулааны жинхэнэ тамирчин болж чадсан гэж болно. Дөрөвдүгээр ангидаа Эрдэнэт хотын аварга шалгаруулах цанын тэмцээнд орж түрүүлээд цаначин болмоор санагддаг болж. Бөх, бокс гэсэн хоёр зорилготой байсан бол цаначин болох бас нэгэн хүсэл, тэмүүлэл ч нэмэгдсэн байна.  Мөн Брюс Ли-гийн зохиосон ойрын зайн халз тулааны урлагаар 1993 оноос хичээллэж,  Эрдэнэт хотод Бэхээ багшийн удирдлага дор “Бяцхан луу” клубт явж эхэлжээ.  Харин 1994 онд  кёкүшинкай каратэгийн холбоонд элсч, Японоос гаралтай дорно дахины бие хамгаалах тулааны урлагийн тэмцээнд оролцож эхэлсэн байна. Энэ үеэс л түүний холимог тулааны тамирчин болох амжилтын гараа эхэлсэн гэлтэй.  Монголдоо кёкүшинкай каратэгийн гурван удаагийн аварга болж,  Азийн аваргаас  мөнгөн медаль, мөнгөн цом авсан. Мөн 2000 онд Монголын бүх бие хамгаалах урлагийн холбоод оролцдог тэмцээнд түрүүлээд холбооныхоо шилдэг тамирчин болжээ. Харин 2003 оноос Асашёрюү Д.Дагвадорж, аварга Д.Сумъяабазар нарын санаачилсан мэргэжлийн холимог тулааны тэмцээнд орж түрүүлсэн байна. Тэмцээнд хоёр жил дараалан түрүүлснээр энэ төрөлд олон улсад хүч сорих эрхтэй болсон гэдэг. Холимог тулаан гэдэг олон төрөл холилдсон, өрсөлдөөнтэй спорт. Чөлөөт, самбо, жудогийн мэхийг хэрэглэж болно. Мөн  бокс, каратэ, кикбокс, мутайбоксын  бүхий л арга барил, техникт суралцах хэрэгтэй болдог хэцүү төрөл. Гэсэн ч Ж.Нарантунгалаг эцэж цуцахаа мэдэлгүй хичээллэсээр л байв. Тэрээр “Шантарч, бэрхшээх үе байсан ч өрсөлдөгчөөсөө илүү өөрийгөө ялъя гэсэн зорилгоо нэгдүгээрт тавьдаг.  Тулааны үед өөрийнхөө хийе гэж бодож байсан бүх зүйлээ хийчихээд ялагдсан бол ялсан мэт сэтгэлд сайхан. Харин дэвжээн дээр хийхийг хүссэн, цохилт мэхээ  хийж чадаагүй бол харамсалтай санагддаг” гэж байв.

ЗӨВ СОНГОЛТ

2007 онд Ж.Нарантунгалаг тулааны төрөлдөө нэлээд танигдаж, нэр хүндтэй олон тэмцээний аварга болсон байв. Гэсэн ч түүний нас 30 гарсан байлаа.  Тухайн он жилүүдэд  залуу үедээ зай тавьж өгч, дэвжээгээ орхих бодол түүнд хааяа хааяахан орж ирдэг болсон байна. Спортын их амжилтын хажуугаар эрхзүйч мэргэжил эзэмшсэн тэрээр спортоо орхиж энэ мэргэжлээрээ төрийн байгууллагад ажиллах уу. Эсвэл энэ спортынхоо эцсийг нь үзэх үү гэсэн хоёр замын эрэгт тулж иржээ.  Нэлээд бодсны эцэст тэрээр тулааны дэвжээгээ сонгосон байна. Энэ удаа тэрээр шинэ багш, цоо шинэ арга барилтайгаар их спортдоо эргэн “төрсөн” байдаг. “Япон-Монголын төв”-д Аригачи багштайгаа таарснаар түүний их амжилтын эхлэл нь дахин тавигдсан юм.  Тэрээр “Би өмнө нь сурсан бүх зүйлээ орхисон. Багшийнхаа зааснаар шинээр эхэлье гээд хөлд орж байгаа хүүхэд шиг гишгэлт, алхалтаас бүхнийг эхэлж сурсан.  Надад ч их сонирхолтой байлаа.  Ари багш маань мэргэжлийн үүднээс бүхнийг заасан даа” гэж байв.  Японы иргэн Аригачи  1996 оноос  Монголд амьдарч байгаа бөгөөд бие хамгаалах урлагийг олон тамирчинд заажээ. Ж.Нарантунгалаг багштайгаа уулзахаасаа өмнө боксын багшаар гар бариулж, каратэгийн багшаар хөлийн өшиглөлт заалгадаг, мөн бөхийн бэлтгэлийг тусдаа хийж тэдгээрийг эвлүүлэн бэлтгэлээ хийдэг байж. Харин багштайгаа уулзаж бүхнийг нэгтгэсэн техник заалгаж эхэлсэн нь түүний амжилтад нөлөөлжээ.  Аригачи багш бол Япондоо холимог тулааны сайн тамирчин байсан учраас энэ төрөлд нэлээд гаршсан нэгэн байв.  Ийнхүү тэд дөрөө нийлүүлэн их спортод ирснээр олон тулаанд оролцож, амжилт, аваргын бүсийн эзэн болж эхэлжээ.

ЧИНГИСИЙН ЦАВЧИЛТЫН ТҮҮХ

Түүнийг  ямар хэмжээний тамирчин бэ гэдгийг олон улсад илэрхийлж, мэдрүүлэх нэгэн зүйл нь Ж.Нарантунгалагийн хоч. “Чингисийн цавчилт” гэдэг нэрийг Асашёрюү аварга зүгээр ч нэг өгчихөөгүй биз ээ. Энэ цавчилтийн эхлэл нь 1994 онд тавигдсан байна.  Ж.Нарантунгалаг Эрдэнэтийн Онцгой байдлын 053 дугаар ангид гал сөнөөгчөөр ажиллаж байхдаа акробат үсрэлтийн төрлөөр хичээллэсэн байдаг.  Хөлөө хайчилж урагшаа өшиглөдөг өшиглөлтийг акробат үсрэлтийн төрөлтэй хольж урагшаа үсрэнгээ өсгийгөөрөө өрсөлдөгчийнхөө дээрээс цавчиж өшиглөх техникийг тэнд байхдаа гаргаж ирсэн байдаг.  Энэ нь хожмоо түүнд “Чингисийн цавчилт” гэх эрхэм хүндтэй нэрийг авчирна гэдгийг яахан мэдэх билээ. Түүнээс хойш 2000 онд кёкүшинкай каратэгийн төвд багшилдаг байхдаа дахин хийж, Д.Чинзориг багшдаа үзүүлжээ. Гэтэл тулалдаж байсан найз нь “Чингисийн цавчилт”-ын даалгүй муужраад уначихсан байна. Багш нь түүнд энэ мэхээ  “Монголд хийж болохгүй шүү” хэмээн тухайн үед захиж байсан.   2004 онд Токиод болсон  мэргэжлийн К-1 тэмцээнд Алберт Краус гэдэг тамирчинтай таарч тулааны төгсгөлд хийснээр түүний цавчилт амжилттай болсон гэдэг.  Тулааны үед судлаач нар Асашёрюүгаас “Монголчуудын тулаанд үндэсний урлаг гэж байдаг юм уу. Энэ ямар учиртай мэх вэ” гэхэд нь аварга “Чингисийн цавчилт” гэж хэлжээ. Тэр үеэс хойш холимог тулааны ертөнцөд түүнийг  “Чингисийн цавчилт” хэмээн хочилж, нэрлэсэн байдаг. Түүний  дараагаас Ж.Нарантунгалаг Аригачи багштайгаа нийлж, Чингисийн цавчилтаа улам боловсронгуй болгож, тэрхүү хувилбараа одоогоор ямар нэгэн тэмцээнд хэрэглээгүй байгаа гэнэ.

ЭХ ОРНОО ЮУГААР Ч СОЛИХГҮЙ

uyuyuy

Дэлхийн тулааны тамирчид өөр орны нэр дээр тулаанд оролцох, түүгээр ч зогсохгүй өөр улсын иргэншилтэй болох нь хэвийн үзэгдэл байдаг.  Ж.Нарантунгалагт иргэншлээ солих, “манай улсад ирээч” гэсэн санал ч нэлээд ирж байжээ.  Гэсэн ч тэрээр эх орноосоо “урваагүй”.  Харин ч Монгол хэмээн дуудуулан дэвжээнд гарахдаа улам ихээр омогшиж, ялна гэсэн эрч хүч нь нэмэгддэг байна.  Холимог тулаанаар өндөр амжилт үзүүлж  байх үед нь Хятадын парламентын гишүүн Монголд ирж түүнтэй танилцжээ.  Тэрээр “Хятадад тулааны том тэмцээн болно. Одоохондоо Хятадын тамирчид тааруу байгаа учраас легионер тамирчин гаднаас авах гэж байгаа. Мөнхбаясгалан та хоёртой гэрээ хийх хүсэлтэй байна” гэжээ.  Тэгээд удалгүй “Легионер тамирчин гэж явж болохгүй байна. Хятадын нэр дээр бүрэн шилжчих. Манай улсын иргэн болоод тулалдвал  маш том бололцоо гарна. Амжилт үзүүлбэл та хоёр дээр доллар боодол боодлоороо асгарна” гэж байжээ.  Гэсэн ч тэрээр яваагүй.  Эх орноо гэсэн сэтгэлээ  тансаг амьдралаар солих хүсэл түүнд  жаахан ч  байсангүй.  Ер нь тэрээр тэмцээнүүдийнхээ бэлтгэлийг ч эх орондоо хийдэг.   “Чингисийн цавчилт” хэмээх нэрийг авсан тулаанд оролцохдоо ч  нэр, багш, дасгалжуулагч, бэлтгэл хангагч, хооллолт, сургуулилт гээд бүхнийг эх орондоо хийжээ. Тиймээс тухайн үеийн судлаачид “Монгол бол яалт ч үгүй  тулааны спорт өндөр хөгжсөн орон юм” хэмээн дүгнэн ярьж байсан гэдэг.  Түүний эх оронч сэтгэл нь өөр нэгэн зүйлээс мөн л тодхон харагдана.  Ж.Нарантунгалагаас “Монгол, гадаад өрсөлдөгчидтэй тулалдахад өөр үү. Аль нь хэцүү вэ” хэмээн асуухад “Монгол хүнтэй таарах их хэцүү.  Цаанаа нэг хайрлах сэтгэл төрөөд тулалдаандаа төвлөрч чаддаггүй. 2007 оны хавар Японд Ц.Амарбаясгалантайгаа таарсан. Би тэмцээний өмнө  өөрийгөө хурцлахдаа өрсөлдөгчөө дайсан мэтээр бодож, миний эцэг эхийг алсан хүн шүү гэж төсөөлөн үзэн ядах маягаар төвлөрдөг байлаа.  Гэтэл Амараатай хийх тулалдаанд төвлөрч чадаагүй.  Амараа бол монгол хүн, мөн сайн найз байдаг.  Надтай яг адилхан хүсэл мөрөөдөлтэй, дуртай зүйлээ хийж, эх орныхоо нэрийг гаргах гээд явж байгаа тамирчин гэдгийг мэдэж байгаа болохоор дайсан мэт үзэх гэхээр ерөөсөө болохгүй байсан” гэж байв.  Тиймдээ ч тэр тулаанд Ж.Нарантунгалаг хамгийн идэвхигүй тоглолт  үзүүлж ялагдсан байдаг.

ТУЛААНД ЯЛАХЫН ТӨЛӨӨ ҮХЭХЭЭС Ч БУЦАХГҮЙ

Холимог тулааны тамирчин тоглолт бүрийн өмнө амь насаараа дэнчин тавьдаг. Дэвжээнд гарахын өмнө “Тулааны үед амь насанд ямар нэг эрсдэл гарахад гомдолгүй” гэсэн бичигт гарын үсэг зурна. Эгэл жирийн хүмүүст бол хэцүү сонголт.  Харин тулааны тамирчид ялахын төлөө үхэхээс ч буцахгүй сонголтыг хийдэг.  Тэрээр “Амь насаа алдсан тохиолдолд харамсах зүйлгүй гэсэн утгатай гэдгийг мэддэг учраас орчуулж уншихгүй, өөрөө дуртай юмандаа орж байгаа гээд л шууд гарын үсэг зурдаг байсан.  2010 онд Японд тэмцээнд оролцохдоо Аригачи багшаараа бүгдийг нь орчуулж уншуулсан. Тэгээд сэтгэл нэг л сонин болоод явчихсан шүү” гэж байв.  Тэр үед “Тэмцээнд орж байхад болон орсноос хойш гурав хоногийн дотор ямар нэг гэмтэл, бэртлээс шалтгаалж амь насаа алдсан тохиолдолд тэмцээнээс олсон шагналын мөнгийг хэнд өгөх вэ. Японы хуулиар бол гэр бүлийнх нь хүнд өгдөг. Үүнийг зөвшөөрч байна уу. Зөвшөөрөхгүй бол ямар хүнд өгөх вэ. Тэр хүнийхээ нэр, холбоо барих утас, хаягийг бичнэ үү” гэсэн байжээ. Энэ бичиг тухайн үедээ гүн сэтгэгдэл төрүүлж байсан ч түүний тулааны спортыг гэсэн сэтгэлийг нь ялан дийлж чадаагүй юм. Ж.Нарантунгалагийн гэр бүлийн хүн ч ханийнхаа чинь хүсэл зорилгыг ойлгодог учраас тэрхүү айдсыг даван туулж, дэмждэг байна.   Ж.Нарантунгалаг эхнэртэйгээ 1998 онд танилцан гэр бүл болжээ.  Тэднийх гурван хүүхэдтэй.  Эхнэр Г.Сэржав  нь төрийн байгууллагад ажилладаг. Том охин нь 16, дунд охин нь 13, хүү нь 10 настай бөгөөд бүгдээрээ нийслэлийн тавдугаар сургуульд сурч байгаа гэв.  Тэрээр “Сайн тамирчин байхын тулд хоол, амралт, бэлтгэл маш чухал байдаг. Энэ бүгдийг эхнэр маань зохицуулдаг учраас би эхнэрээ бас нэгэн бэлтгэл хангагч маань гэж боддог.  Харин эхнэр маань миний тулааныг үзэж чаддаггүй. Мөн аливаа тулаанд орохдоо гэр бүлээ авч явмааргүй юм билээ. Хайртай хүмүүс маань үзэж байгаа гэж бодохоор тулаанд төвлөрч чаддаггүй” гэж байв.  Ж.Нарантунгалагийн бага хүү нь зураг авахуулахдаа инээхийн оронд гараа зангидаж поз авна. Тэрээр тариан түрүү боловсрох тусам бөхийдөг гэдэг үгийг амьдралдаа мөрддөг. Хүүхдүүддээ ч гэсэн энэ үгийг ойлгуулахын тулд тулааны урлагаар заавал хичээллүүлж мөн чанарыг нь таниулна гэлээ.  Харин тулаанч болгож, дэвжээнд гаргахыг хэзээ ч  зөвшөөрч чадахгүй гэж байв. Тулааны урлагийн мөн чанар хүндэтгэлээр эхлээд хүндэтгэлээр өндөрлөдөг. Мөн хүн гэдэг ямар учиртай юм бэ. Тулааны урлагт суралцаж, өрсөлдөгчөө ялахын тулд эхлээд өөрийгөө олж таньдаг. Өөрөө ямар тэвчээртэй, ямар цохилтыг даах чад­вартай юм. Ямар өвдөлтийг тэсвэрлээд өрсөл­дөгчийнхөө сэтгэлийн хатыг буулгах чадвартай вэ зэргээр  өөрийгөө таних чадварыг энэ спортын төрлөөc олж авдаг байна.

uioiuo9i

Аливаа тулаанд орохдоо гэр бүлээ авч явмааргүй юм билээ. Хайртай хүмүүс маань үзэж байгаа гэж бодохоор тулаанд төвлөрч чаддаггүй” .  

556565

Тэрээр “Тариан түрүү боловсрох тусам бөхийдөг” гэдэг үгийг амьдралдаа мөрддөг. Хүүхдүүддээ ч гэсэн энэ үгийн утгыг ойлгуулахын тулд тулааны урлагаар хичээллүүлж мөн чанарыг нь таниулна гэлээ.

ТЭРЭЭР 20 ГАРУЙ МЭРГЭЖЛИЙН ТУЛААНЧ БЭЛТГЭЖ БАЙНА

56565

Ж.Нарантунгалаг одоо “Комит сервис” компанийн харуул хамгаалалтын албыг ахлан ажиллаж байна.  Энд ажиллах болсон шалтгаан нь бэлтгэлийн байр.  Тус компанийн захирал Э.Тамир спортод элэгтэй нэгэн учраас тулааны спортын стандартад нийцсэн заалыг  байгууллага дотроо тохижуулжээ.  Өмнө нь Ж.Нарантунгалаг бэлтгэлээ хийх гэж бокс, бөх  гээд олон төрлийн спортын заалыг ээлжлэн зорьдог байж.  Боксын бэлтгэл хийхийн тулд боксын багш нар дээр очно.  Санаандгүй мишокийг өвдөглөж, өшиглөөд  загнуулна. Учир нь зөвхөн гараараа цохих ёстой гэсэн хатуу журамтай. Харин каратэгийн зааланд бэлтгэл хийхэд дэвжээ байхгүй учраас барилдаж болохгүй гэх мэтчилэн тусдаа өөр газарт хийдэг байжээ. Харин энд ирснээр ажлаа ч хийж,  бэлтгэлээ ч нэг газраа ая тухтай хийдэг болсон гэлээ. Тулааны спортоо орхиогүй эхний шалтгаан нь Аригачи багш нь байсан бол хоёр дахь том шалтгаан нь энэ бэлтгэлийн байр байсан гэдэг. Тэрээр “Төрийн байгууллагад орох уу, байх уу гэж байх үед Батмөнх ах маань “Манайх гоё заалтай болсон. Манайд орчих, дандаа тулаанчид байгаа. Чи ирвэл бүр  гоё болно” гэдэг саналыг тавьжээ. Тэгээд нэг өдөр ирж, зааландаа бэлтгэлээ хийгээд спортдоо үлдэх сэтгэл нь хөдөлж, төрийн алба “баяртай” болсон гэдэг. Тэрээр энэ тухайгаа “Төрийн байгууллагад орно гэж амлаад тохирсон хүн маань “Ирээч ээ” гээд  утасдаад байдаг. Гэтэл сэтгэл минь явж өгдөггүй. Би тухайн үед төрийн албыг сонгосон бол магадгүй харамсах байсан.  Харин спортоо сонгосондоо өдөр бүр баярладаг” хэмээн ярьж байна. Одоо тэрээр энэ л зааланд бэлтгэл сургуулилтаа хийхийн зэрэгцээ  ирээдүйд эх орныхоо нэрийг гаргах холимог тулааны тамирчдыг бэлтгэж байна.  Ж.Нарантунгалаг 20 гаруй шавьтай. Тэрээр шавь нараа өөрийн явсан хүнд бэрх замыг туулуулахгүй, яг нэг чиглэлд нь дайчлан амжилт гаргуулахыг төлөө явна гэлээ. Түүний хувьд  холимог тулааны тамирчин болохын тулд жүдо, самбо гээд бөхийн төрлүүд, бокс, цана, акробат, каратэ, кик бокс, мутайбокс зэрэг спортын бүхий л төрлөөр хичээллэж, энэ бүхнээс өөрийгөө олж авах гэж нэлээд бэрх замыг туулсан мэт санагдана.  Мөн түүнд сайн багш нар таарсан нь амжилтад нь нөлөөлж байжээ.  Анх бөхийн дугуйланд орж байхад нь Р.Раднаабазар багш хүлээн авч, Эрдэнэтийн спорт хорооны багш, дасгалжуулагч Ч.Тэрбиш, Д.Дэлгэрбаяр нараар самбо, жүдогийн арга, мэх, техникүүдийг заалгаж байсан гэдэг.  Тулааны урлагаар Бэхээ багшид шавь орж,  кёкүшинкай каратэгийн Монгол дахь салбарын тэргүүн Д.Чинзориг багшаар тулааны урлагийн мөн чанар, төлөвшил зэргийг заалгасан гэдэг.  Энэ олон салаа замын эцэст тэрээр Аригачи багштайгаа таарч, тулааны бэлтгэлээ хийхийн зэрэгцээ, багш нарынхаа заасан тулааны урлагийг бусдад хүргэж байна.

Түүнээс сая Сингапурт болсон тулааных нь талаар сонирхлоо. Тэрээр “Арга барил нь олдохгүй, яаж ч мэдэхээр их барилдаанч хүн байлаа.  Би 30 гаруй бичлэгийг нь үзсэн. Кикбокс буюу босоо тулааны төрлийн тэмцээнүүдэд оролцдог. Босоо зодооноор олон хүнийг нам цохиж унагаасан тулаанч л даа. Тэр талаараа туршлагатай гэж судлаач нар үзэж байсан. Ялсан гол шалтгаан нь багш бид хоёрын боловсруулсан тактик зөв байлаа “ гэж байв.  Ж.Нарантунгалаг өмнө дэлхийн аваргын бүсээ хамгаалах барилдаандаа хэвтээ барилдаандаа  муу гэсэн ойлголтыг судлаачдад өгчээ. Харин өрсөлдөгч Солонгосын тамирчин нь тэр байдлыг нь ашиглах гэсэн ч Аригачи багштайгаа боловсруулсан тактик нь түүнийг аль ч байрлалд  хэнийг ч дагуулахгүй гэдгийг тулалдааны үед нотлон харуулсан байна.  Түүнд ялагдчих вий гэсэн бодол төрөөгүй. Харин гавьяат гэсэн цолонд тэнцсэн тамирчин байх юмсан гэж төвлөрч ялсан гэж байв. Энэ сарын 27-нд Марат Капаров гэх өрсөлдөгч нь аваргын бүсээ хамгаалах тулаанаа Японы Ёокото Язунеритэй хийнэ. Энэ хоёрын тоглолтоос Ж.Нарантунгалагийн  дараагийн тулааны тов гарах юм.  Монголын нэрийн хуудас болсон шилдэг тулаанчийн амьдралын  нэгээхэн хэсгийг өгүүлэхэд ийм байлаа.  Түүний аав ээжийнхээ мөрөөдлийг биелүүлж, тамирчин болсон зам нь олон салаа байсан ч тэр эцэж цуцашгүй тэмцэн, эх орныхоо нэрийг дэлхийд цуурайтуулсан жинхэнэ тулаанч болж чаджээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car