-Ингэж байж л эдийн засгаа аварч, хүмүүсээ ажилтай, орлоготой болгоно-
Монголчууд бид нэгэн үе үйлдвэрлэгчид байв. Өөрдсийн гараар гутлаа, хувцсаа оёж, нэхмэл сүлжмэл бүтээгдэхүүнийг торолгүйгээр үйлдвэрлэж тэр ч бүү хэл малын арьс ширээ дотооддоо боловсруулан савхин хувцас үйлдвэрлэж гангардаг байлаа. Басхүү махаа боловсруулан лаазалсан бүтээгдэхүүн болгож, чихрийн, гурилын, талхны үйлдвэрүүд дотоодынхоо хэрэгцээг ямар ч асуудалгүй хангаж байсан алтан дурсамж бидэнд бий. Гэвч 1990 он буюу монголчууд зах зээлийн нийгэмд шилжих тэр үед хөнгөн үйлдвэрийн салбар тэр чигтээ уналтад орж, харин бид импортлогч улс болж зүсээ хувиргасан юм. Импортлогч улс болсны баталгаа нь манай улс нийт хэрэглээнийхээ 88 орчим хувийг импортоор авдаг бол мах, гурил, ногоо гэх мэтчилэн 12 орчим хувийг нь өөрсдөө, үйлдвэрлэж байна гэсэн тоон мэдээ. Мөн үүнээс гадна ургамлын тос, хүнсний бүтээгдэхүүн, мод, модон эдлэлээс гадна хэдхэн жилийн өмнө монголчуудын бахархал болж байсан нэхмэл болон нэхмэл бүтээгдэхүүн, гутал хувцсыг импортоор авахын тулд жилд 468 сая ам.доллар зарцуулдаг гэсэн тоо баримт нь бас л эмзэглэл төрүүлж буй юм. Учир нь манай улсын эдийн засаг хүндэрч, өрөнд орсон гэдгийг хэн хүнгүй хэлж буй. Иймээс эдийн засагчид “Монголчууд “Чингис” бондын гуравны нэгтэй тэнцэх хэмжээний мөнгийг гадагш нь өгч байна. Иймээс өөрсдөө хөнгөн үйлдвэрлэлээ хөгжүүлэх ёстой” хэмээн ярьж, энэ ажлыг төрөөс зайлшгүй дэмжих шаардлагатай болсныг өгүүлж буй юм. Мөн эрүүл мэндийн салбарынхан бас нэг таагүй мэдээ дуулгаж буй нь импортоор оруулж ирж буй хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой. Тодруулбал, манай улсын 26-64 насныхны 61,9 хувь нь цусан дахь нийт холестерины хэмжээ нь ихэссэн. Монголын ирээдүй болсон бяцхан үрс буюу нярайн 10 амьд төрөлт тутмын нэг нь хорт хавдар болон төрөлхийн ямар нэг гажиг согогтой, генийн өөрчлөлттэй хорвоод мэндэж буй нь хамгийн их сэтгэл зовоосон асуудал болсныг дуулгасан. Үүнээс гадна сүүлийн үед монголчуудын айдас болчихоод буй хорт хавдрын өвчлөл эрс залуужсан, таргалалт, тэжээлийн доройтол нэмэгдэж есөн хүн тутмын нэг нь илүүдэл жинтэй эсхүл, жингийн алдагдалтай болсон бөгөөд энэ бүхний гол шалтгаан нь хөдөлгөөний хомсдол, орчны бохирдол, хүнсний аюулгүй байдал алдагдсанаас үүдсэн гэдгийг хэлж байгаа юм. Нөгөө талаар энэ тоо баримтаас манай төр засаг хөнгөн үйлдвэрийн салбарт анхаарал хандуулж, сэргээх болсныг сануулж буй дохио гэж ойлгож болно.
Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт гишүүнийхээ хувиар “21:100” үйлдвэржилтийн бодлого дэвшүүлжээ. Тэрбээр энэ тухайгаа хүнд болон уул уурхайн үйлдвэрлэл зогсонги байдалд орсон энэ үед хамгийн хурдан хугацаанд бүтээн босгож болох хөнгөн үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх ёстой гэж тайлбарласан. Товчхондоо өмнө цаасан дээр салангид байсан аж үйлдвэрийг хөгжүүлэх төрийн бодлогын баримт бичгүүдийг Монгол Улсыг 2030 он хүртэл хөгжүүлэх бодлого,Төрөөс аж үйлдвэрийн салбарт баримтлах бодлого, Үйлдвэржилтийн тухай хууль зэрэгт зангидаж, тодорхой бодлоготой болсон. Тиймээс эдгээр баримт бичгүүдэд үндэслэж, “21:100” хөнгөн үйлдвэржилтийн бодлогыг гаргасан тухайгаа онцолж байсан юм. Хамгийн эмзэглүүштэй нь тэрбээр “Бид 56 сая малтай, малын тоогоороо дэлхийд тэргүүлдэг гэх атлаа гаднаас сүү авч ууна гэдэг эмгэнэл” гэж байса бөгөөд сүүлийн жилүүдэд Оюутолгой, Тавантолгой гэж туйлширснаас хөнгөн үйлдвэрийн салбарыг мал аж ахуй, газар тариалангийн бэлэн түүхий эдэд тулгуурлан хөгжүүлэх асуудал орхигдсон. Тиймээс ч өр тавьдаг биш, өөрсдөө хийдэг, хот хөдөөгөөрөө ялгардаг биш хотол олноороо хөгждөг Монгол болохын төлөө энэ бодлогыг дэвшүүлж буйгаа хэлж байсан юм.
Үүнэндээ түүний санаачилсан бодлого нэн даруй ажил болбол, 2021 он хүртэл хөдөө аж ахуйн, газар тариалан, хүнсний үйлдвэрлэл, барилгын материал зэрэг паркууд бий болно. Мөн шинэ технологи нэвтрэх, ажлын байр бий болох, бүтээгдэхүүний өртөг буурч, стандарт чанар сайжрах гээд олон давуу талтай. Үүнээс гадна бүс нутгуудад ложистик, үйлчилгээний бизнес хөгжих, хот хөдөөгийн хөгжлийн түвшний ялгаа багасах, сум бүрийн жижиг, дунд үйлдвэр эрхлэгч, нөхөрлөл хоршоод нь хөнгөн үйлдвэрлэлийн паркуудын бэлтгэн нийлүүлэгч болох зэрэг олон боломжууд нээгдэх юм билээ.
Түүнчлэн парк байгуулах хөрөнгө оруулалтын тооцоог гаргасан гэж буй бөгөөд 21 парк байгуулахад 500 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгтэй аж. Тэгвэл Оюутолгойн ордоо ашиглахад 21 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 5000 ажлын байр бий болох юм байна. Өөрөөр хэлбэл, 21 аймагт үйлдвэртэй болоход Оюутолгойд хийсэн хөрөнгө оруулалтаас 42 дахин бага хөрөнгө оруулалтаар найм дахин их буюу 42 мянган ажлын байр бий болно гэж тооцжээ. 500 тэрбум төгрөгийн үйлдвэрлэл явуулж байгаа хөнгөн үйлдвэрийн салбар жилдээ 5 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх болтлоо хүрээгээ тэлэх өөдрөг ирээдүй харагдаж байгаа аж. С.Бямбацогт гишүүний хувьд энэ санаачлагаа төрийн бодлого болгож, “21:100” гэсэн нэртэй хууль болгон хэрэгжүүлнэ гэж байсан.
Дашрамд сонирхуулахад, хөнгөн үйлдвэрийн салбарыг сэргээн хөгжүүлэх уг бодлогыг 21:100 гэж нэрлэсэн нь учиртай. 21 гэдэг нь 2021 оноос өмнө 21 аймагтаа хөнгөн үйлдвэрүүдийн паркуудтай болох зорилт юм. Харин 100 гэдэг нь 2021 оноос өмнө 21 аймагтаа 100 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хөнгөн үйлдвэрүүдтэй болсон байх зорилтыг нэрлэжээ.
Л.Гэгээн
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.