Эдийн засгийн хямрал хөнгөн үйлдвэрлэлийн салбарт хэрхэн нөлөөлж байгаа талаар салбарынхан хэлэлцүүлэг өрнүүллээ. Энэ удаагийн хэлэлцүүлгийг МАН-ын бүлэг, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос хамтран зохион байгуулсан бөгөөд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Д.Хаянхярваа нар оролцсон юм.
Энэхүү хэлэлцүүлэг нь мэргэжлийн холбоодод бодитой ямар хүндрэл учирч байгааг сонсож, улмаар төрийн бодлогод тэднийн санаа бодлыг тусгуулах зорилготой аж. Ажил олгогч эздийн нэгдсэн холбоонд өнөөдрийн байдлаар 31 мэргэжлийн холбоо харьяалагддаг бөгөөд уулзалтад 20 гаруй нь хүрэлцэн ирсэн юм.
Хэлэлцүүлгийг эхлүүлж хэлсэн үгэндээ МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Эдийн засгийн хүндрэлээс гарахад ямар гарц гаргалгаа, шийдэл байгааг та бүхний амнаас сонсох нь чухал байна” гэдгийг тодотгосон. Мөн МАН-ын бүлгийн зүгээс хэд хэдэн асуудалд шийдэл хэрэгтэй гэж харж байгаагаа танилцуулсан. Тухайлбал, “Импортын бараанаас дотоодын үйлдвэрлэлээ хамгаалж, импортын гаалийн татварыг нэмэгдүүлэх. Өнөөдөр ОХУ, БНХАУ-ын импортын бараа нь маш өндөр татвартай байдаг. Тухайлбал, багадаа 20, дээд тал нь 50 хүртэлх хувийн татвар тавьж, үндэсний үйлдвэрлэл, баялаг бүтээгчдээ хамгаалдаг. Ингэж өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлдэг юм байна. Хоёрдугаарт, өнөөдөр бидний үйлдвэрлэж байгаа эцсийн бүтээгдэхүүн дэлхийн зах зээл дээр гарах ямар бололцоо байна вэ. Тухайлбал, 2004 оноос хойш 7200 нэр төрлийн бүтээгдэхүүнийг Европын холбооны улс руу ямар ч татваргүй гаргах бололцоотой болсон ч үүнийг бид бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байна. Нөгөөтэйгүүр өнгөрсөн жилээс Японы Засгийн газартай чөлөөлт худалдааны хэлэлцээр байгуулсан. Цаашлаад 5700 нэр төрлийн бүтээгдэхүүнийг эхний ээлжид хөнгөлөлтэй буюу бага татвартай, бүр цаашлаад татварыг нь тэглэх байдлаар Японы зах зээл дээр бараа бүтээгдэхүүнээ гаргах бололцоо бий. Өөрөөр хэлбэл, европын зах зээл дээр Монголын бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй үнээр гаргах бололцоо байна. Гэвч бид үүнийг ашиглаж чадахгүй байна. Үүний тулд бид ямар алхам хийх ёстой вэ?” зэрэг асуудлыг С.Бямбацогт гишүүн хөндсөн. Мөн тэрээр хөнгөн үйлдвэрийг сэргээн хөгжүүлэх 21:100 үйлдвэржилтийн бодлогыг санаачилснаа танилцуулсан юм. Өмнө цаасан дээр салангид байсан аж үйлдвэрийг хөгжүүлэх төрийн бодлогын баримт бичгүүдийг Монгол Улсыг 2030 он хүртэл хөгжүүлэх бодлого, Төрөөс аж үйлдвэрийн салбарт баримтлах бодлого, Үйлдвэржилтийн тухай хууль зэрэгт зангидаж, тодорхой бодлоготой болсон. Тиймээс эдгээр баримт бичгүүдэд үндэслэж, “21:100” хөнгөн үйлдвэржилтийн бодлогыг гаргасан байна.
Үүний дараагаар мэргэжлийн холбоодын төлөөлөл байр сууриа илэрхийлсэн. Тэдний хэлж буйгаас харахад төр мэргэжлийн холбоодоо бодлогоор дэмжихээ больсонд ихээхэн шүүмжлэлтэй байгаа нь харагдаж байлаа.
Мэргэжлийн холбоодын удирдлагуудын ярьж байгаагаар нэн тэргүүнд тулгамдаж байгаа асуудал нь өндөр хүүтэй зээл гэлээ. Үйлдвэрлэл эрхлэгчдийн дунд хийсэн судалгаагаар нийт бизнес эрхлэгчдийн 90 орчим хувь нь жилийн 18-20 хувийн хүүтэй зээл авч бизнес эрхэлдэг болохоо мэдүүлжээ. Ийм өндөр хүүтэй зээлээр үйлдвэрлэл эрхлэх боломж хязгаарлагдмал ч нэгэнтээ авсан зээлээ цаг хугацаандаа багтаан төлөхөөс эхлүүлээд асар их бэрхшээлтэй тулдаг байна. Иймд Монгол Улс үйлдвэрлэл хөгжүүлье гэвэл бага хүүтэй, урт хугацаат зээлийг бий болгох шаардлагатай гэнэ.
Түүнчлэн татварын бодлогоо уян хатан болгох. Өөрөөр хэлбэл, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд тавих татвараа бусдаас ялгаатай байлгах, зээл олгохдоо ганц хоёр биш олон жилээр өгөх. Ингэснээр тухайн үйлдвэрлэгч бизнесээ амжилттай өргөжүүлэх боломж бүрдэнэ гэдгийг хэлж байлаа. Ингэхгүй болохоор жижиг дунд бизнес эрхлэгчид зээл аваад дөнгөж бизнесээ эхлүүлж байтал үндсэн төлбөрөө төлөх болдог нь үйлдвэрлэлээ өргөжүүлэхэд садаа болдог байна.
Дараагийн нэг асуудал нь боловсон хүчнээ бэлтгэх чухал байна. 1990-ээд оноос өмнө Монгол Улс мэргэжилтнүүдээ бэлтгэдэг байсан бол энэ байдал сүүлийн үед алдагдсан нь хөнгөн үйлдвэрийн хөгжилд чөдөр тушаа болж байгааг ч хэлсэн.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.