antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 17, 2016 Comments are off

Г.Идэр-Ууган: Би ер нь багадаа их ээрдэг хүүхэд байсан. Тэгээд сонирхлоороо НБА тайлбарлах болсон

нийтлэсэн Admin

145819903456ea59fa96797Манай www.ssport.mn сайтын хамт олон маань НБА тайлбарлагч Г.Идэр-Уугантай Монголын сагс болон НБА-н талаар яриа өрнүүллээ. Уншигч та бүхэн халуун дулаанаар хүлээн авахыг хүсье.

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе.

-Баярлалаа, өөрт тань ч гэсэн энэ өдрийн мэнд хүргэе.

Анх сагсанбөмбөгтэй хэзээнээс яаж холбогдож эхэлсэн бэ?

-Анх яг хэзээ гэдгээ мэдэхгүй байна. 2, 3-р ангиасаа л сонирхож эхэлсэн. 1992, 93 оноос л байх. 47-р байрны гадаа тухайн үедээ Орландо Мэжик гэдэг нэртэй алдартай шийд байсан. Тэгээд тэндээ байрныхаа ах нартайгаа их тоглодог байсан. Бас 48-р сургуулийнхаа зааланд найз нартайгаа тоглож эхэлсэн үеэс л энэ спортод орсон доо.

Америкт хэдэн жил ажиллаж амьдарсан бэ?

-Би АНУ-ын Чикаго хотод 2002-05 оны хооронд байсан. 2001 оны сүүлээр л очсон гэх үү дээ. Тэгээд тэндээ нилээн хэдэн сургууль дамжиж сурахын  хажуугаар ажиллаж амьдарсан. Намайг очоод удаагүй байтал Америкт байгаа Монголчуудын хооронд сагсанбөмбөгийн тэмцээн болдог гэж сонссон. Тэнд ажиллаж, амьдарч мөн сурч боловсордог залуучууд ордог. Тэгээд бүх хотын багууд нэг хотдоо очиж тоглохын зэрэгцээ тэр тэмцээн нь Монголчуудын хувьд нилээн алдартай тэмцээн байсан. Тэгээд манай Чикаго хотын багт, хуучин Бизнесийн Чөтгөрүүд багт тоглож байсан бас нэг тоглолтонд 100 гаруй оноо авснаараа алдартай Болор тоглодог байсан. Чикаго Фалконс гэж манай баг 3 жил дараалан аварга авч байсан юм даа.

Монголд NBA үзэгчдийг шинэ түвшинд аваачиж чадсан хүмүүсийн нэг бол та, анх NBA-г Монголд үзүүлж эхэлсэн талаар…?

-Анх бид нар 2006 онд NBATalk нэвтрүүлгийг Ийгл телевизээр гаргаж байхад эхний дугаар дээр би хэлж байсан. Монголд NBA-н тоглолтыг  гаргах бол бид нарын зорилго гэж. Тэгээд бид нар долоо хоногт 60-90 минут гардаг нэвтрүүлгийг хийж эхэлсэн. Тэр нь явсаар байгаад сүүлдээ Боловсрол телевиз дээр шууд тоглолт дамжуулдаг болсон.

Дараа нь бид нар өөрсдийн гэсэн “Спортбокс” телевизыг байгуулаад  NBA-тэй албан ёсны гэрээ байгуулаад 24 цагаар гаргадаг болгоод тэгээд цаашаа явсан даа. Анх эхлэхэд бол мөрөөдөл юм шиг санагдаж байсан дараа нь зорилгоо болгосон. NBA-ийн Ази дахь оффис ХонгКонг-д байж тэгээд Монголыг хариуцсан анхны хүн нь би болсон. Харин бид нартай хамтын ажиллагааны гэрээ байгуулж 2009-14 он хүртэл гаргасан. Би 2013 онд Спортбокс-ын захирлын ажлаа өгч байсан. Гэхдээ одоо ч хүртэл NBA-тэй холбоотой байдаг. Яагаад гэвэл сагсанбөмбөг гэдэг зүйл бол миний амьдралын нэг хэсэг учраас…

Монголд NBA үзэгчид өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Манайхны үзэх соёл гадныхантай харьцуулбал ямархуу түвшинд байгаа гэж боддог вэ? 

Манайхны үзэх соёл бол гаднынхнаас тэр тусмаа Америкчуудаас өөр л дөө. Яагаад гэвэл тэр хотод нь амьдардаг, хотын уугуул биш учраас яг үнэнчээр яс махандаа ортол дэмжинэ гэж хэлэхэд одоохондоо боломжгүй зүйл. Манайхны сум, орон нутгийнхаа бөхийг дэмждэг шиг байж чадахгүй. Гэхдээ сагсанбөмбөг сонирхогч хүүхэд залуус өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа. Хөлбөмбөгтэй харьцуулах юм бол сагсанбөмбөг бол номер нэг спорт болчлоо гэж харагдаж байна. Үзэх соёлоос гадна нэг дутагддаг зүйл нь бол мэтгэлцэх. Хоёр багийг эсвэл тамирчинг харьцуулахдаа ч юмуу мэтгэлцэж чаддаггүй. Нэг тоглогчийг нэгээс илүү гэж ярихдаа баримт дээр үндэслэх нь тааруу, өөрсдийн бодлыг бусдадаа тулгах хандлагатай байдаг. Гэхдээ яахав яваандаа хөгжих байх дөнгөж л одоо суурь нь тавигдаж байна. Голден Стейт Уарриорс-ын дэмжигч нарын эрин үе эхэлж байна. Бид нарын үед бол Жордан гэж л хэлд ордог байсан үед хэн нэгнийг харьцуулахыг хүсдэггүй тоглолтоо л үздэг байсан. Бид хэзээ ч Леброн Жеймс, Коби Брайнт нарыг Жордан-ы дээр гаргаж ярихгүй. Тэгэхээр хоёр үеийнхний хооронд л хэрүүл болоод байх шиг байна.

Та NBATALK with EDDIE, UFC TALK with EDDIE, FOOTBALL TALK with EDDIE зэрэг төрөл бүрийн спортын үзэгчид ба хөгжөөн дэмжигчдийг нэгтгэсэн групп бий болгосон. Энэ талаар, анх өөрөө санаачилсан уу?

Анх сошиал мэдиа гэдэг зүйлийг манай Эрдэнэбаясгалан бид нарт таниулж байлаа. Баясаа маань бид нараасаа хамгийн дүү нь тийм ч утгаараа. 2008-09 оны үед л Монголд Фэйсбүүк эрчимтэй орж ирж байсан. Тэгээд Баясаа анх Score студын пэйж хуудсаа нээгээд хөтлөөд явсан. Тэр үеэс л бид нар мэдээ мэдээллээ сошиалаар дор дор нь мэдээлж байх хэрэгтэй юм байна гэдэг ойлголтыг авсан. Тэгээд би өөрийнхөө хаягуудаа нээсэн, хүмүүс ч их дагасан. Тэгээд дараа нь яагаад групп нээж болохгүй гэж бодоод NBA Talk with Eddie гэж өөрийн нэрээр групп нээсэн. Тэгээд тэр маань бусад спорт руу тархаад Хөлбөмбөг болоод UFC болоод тэгээд бүр спортод хамааралгүй Movie Talk, Music Talk, Food Talk болоод явсан л даа. Энэ маань спортын хөгжөөн дэмжигчдийг нэг газар цуглуулах гэсэн санаа болохоос биш ямар нэгэн санхүүгийн мөнгө олох гэсэн зүйл байхгүй. АBA гээд манай сагсанбөмбөгийн секцны хүүхдүүдээ бүгдийг нь л тэндээс л олж авч байгаа болохоор надад их хэрэгтэй зүйл л дээ.

NBA TALK-ыг ямар нэгэн телевизээр гаргах боломж байгаа юу? Яагаад YouTube дээр тавиад байгаа вэ?

NBA Talk  хувьд бол би NBA-н тайлбараас хөндийрнө гээд шийдсэн байсан. Спортбокс-н гэрээ ч гэсэн дууссан. Тэгээд бид нар дараагийн залуучуудад боломж олгоё, зайгаа тавьж өгөхөд асуудал байхгүй ээ гээд явсан. Зайгаа тавьж өгье гээд явах үед инээ тэрээ асуудал ихээр гарсан. Тийм ч учраас бид нар NBA Talk хэвээр нь байлгая үзэгчдийн хүлээлт их байгаа юм байна гээд бид 3 ярилцаад өөрсдөөсөө тодорхой хэмжээний зардал гаргаад хийж эхэлсэн. Олон телевиз бид нартай ярьсан NBA Talk гаргаачээ гээд. Гол нь бидэнтэй хамтрах телевиз заавал NBA-тэй гэрээ байгуулах NBA-ийн дүрсийг албан ёсны эрхтэйгээр ашиглах эрхтэй байсан учраас тэр үедээ боломж байгаагүй. Сүүлд миний сонссоноор Стар телевиз NBA-тэй албан ёсны гэрээ байгуулж байгаа. Эхний удаад бид хамтраад өдөр тутмын тоглолтоо тоймлон хүргэе, мэдээж давхар  NBA Talk амралтын өдрүүдэд гаргаад явъя гэж ярилцаад тохирсон. Гэхдээ Youtube дээрээ тавигдах нь бол хэвээрээ байна. Тэгээд тун удахгүй албан ёсоор гэрээгээ хийгээд үзэгчидтэйгээ уулзах болно.

Хүүхэд залуучуудад зориулсан тэднийг багаас нь зөв суурьтай сагсанбөмбөг тоглож сурахад чиглэсэн үйл ажиллагаа Монголд хэр явагдаж байгаа вэ?

      Энэ зүйл л одоо миний амьдралаа зориулах гол зүйл болчихоод байна. ABA (American Basketball Academy) гээд Аллен багш бид хоёрын үүсгэн байгуулсан хүүхдэд суурийг нь зөв тавьж өгөх зорилготой сургалт байгуулсан. Манайхан ихэнх багш дасгалжуулагчид хуучны орос арга барилтай багаа боловч энэ нь одоо үед хоцрогдож байна л даа. Оюутны лиг төсөл дээр харж байхад суурь мэдлэггүй мэргэжлийн бус багш нар багаа удирдаад, дасгалжуулаад явж байна. Тэд нарын бол буруу биш л дээ. Гол нь тэр хүмүүсийг бид нар сургах хэрэгтэй. Сагсанбөмбөг бол маш олон арга барилтай Европ арга барил, Бразил арга барил, Америк арга барил гэх мэт. Тэр дундаа Америк арга барилыг би одоо эхнээс нь зөв суурьтай заагаад явж байна. Өөрөө ч гэсэн дасгалжуулагч хийгээд 2 жил болохдоо олон зүйл сурч авсан байна. Энэ тал дээр их анхаарч ажиллаж байгаа, ялангуяа багаас нь сургах бол маш чухал зүйл.

Монголын сагсанбөмбөгийн хөгжилд хамгийн нөлөөлж байгаа хүчин зүйл юу гэж боддог вэ? (Жишээ нь: Супер Лиг… )

Хоёр холбооны хэрүүл дунд явж байсан би бас нэгийг нь дэмжээд нэгийг нь эсэргүүцдэг хүний хувьд миний бичиж байсан нийтлэлүүд зэрэг нь үзэгчдийг хуваагдахад нөлөөлсөн гэж боддог. Тухайн үедээ хийж байсан зүйлүүд маань сайн байсан гэж боддог ч одоо бодоход бас 2 холбоог хурцатгахад нөлөөлж, муу зүйл хийжээ гэж боддог юм. Тэр утгаараа Монголын сагсанбөмбөгөөс хөндийрсөн. Сүүлийн жилүүдэд Лиг дотоодын тэмцээн уралдаан зэргийг үзэхээ байсан болохоор сайн хэлж мэдэхгүй байна.Миний харж байгаагаар сагсанбөмбөг даяаршиж байгаа энэ үед NBA-ийн сурталчилгаа, Голден Стейт Уарриорс-ийн амжилт, Леброн Жеймс багтаа буцаж ирсэн зэрэг үйл явдлууд нь үзэгчдийг өдөр ирэх тусам татаж байна. Бас бүх насны улсын УАШТ болдог болсон U-16, U-17, U-18, U-19 гээд л бүх насныхны тэмцээн болж байгаа нь хөгжилд ихээхэн нөлөөлж байгаа байх. Дээрээс нь гадаа шийд, спорт заалууд маш ихээр ашиглалтанд орж байна. Бизнесийн байгууллага болгон л өөрсдийн гэсэн спорт заалтай болж байна. Энэ нь мөнгөтэй хүмүүс ажилчид болон ирээдүйдээ бас эрүүл мэнддээ анхаарал тавьж байна гэсэн үг. Монголын сагсанбөмбөгийн хөгжил  бол үнэндээ зогсчихсон байгаа. Энэ маань боломжууд  хаа сайгүй байгаа болохоор тэгж харагдаж байгаа юм. Энийг л цэвэрлээд тайраад, нэг шугаманд оруулаад услаад системтэй явах ёстой. Энэ бол харин хөгжил. Энэ бүгд 2 холбооноос л болж байна. Бие биенийгээ үгүйсгэдэг, бие биенийхээ дээр гишгэдэг, улс төрждөг, тамирчид болон үзэгчдийг 2 хуваадаг гээд зөндөө юм байгаа. Тэгэхээр 2 холбоо байгаа цагт Монголын сагсанбөмбөг хөгжихгүй ээ. Монголын сагсанбөмбөгийн хөгжилд нэгдмэл байдал хэрэгтэй байна.

NBA ямар баг дэмждэг вэ? Энэ жил ямар баг аварга авна гэж бодож  байна.

          Чикагод байсан болохоор мэдээж Чикаго Бүллс-ийн фэн. Анх Майкл Жордан-оор сагсанд орсон болохоор тэгээд л Чикагог автоматаар дэмжиж эхэлсэн. Энэ жил бол аварга авах магадлалтай баг бол мэдээж Голден Стейт Уарриорс гэж бодож байна. Магадгүй 60 хувьтай байна. Үлдсэн 40 хувийг хуваагаад үзэх юм бол 30 хувь нь Сан Антонио Спөрс, үлдсэн 10 хувь нь Кливленд Кавальерст л байна даа. Кливленд бол дорнод бүсээсээ гараад ирэх боломж ихтэй байгаа. Өрнөдөөс бол Спөрс, Уарриорс 2 гараад ирэх болов уу гэж бодож байна. Өнгөрсөн жил Кливлендээс Кэвин Лав, Кайри Өрвин нар бэртэлтэй байсан тэгээд Леброн ганцаараа финалдсан гэж хэлж болно. Кливлендэд аварга авах боломж бий гэхдээ учраа олох хугацаа бага үлдсэн. Дорнодоос бас эвгүй багууд гарч ирж байна. Торонто Рэпторс, Бостон Селтикс зэрэг багууд гараад ирэх байх. Ялангуяа Чикаго сүүлийн байраар гараад ирэх юм бол Кливлендтэй амиа тавьж үздэг баг болохоор тиймэрхүү магадлалтай л байна даа. Аварга авах баг гэвэл би бүх мөнгөө Уарриорст л тавина.

Одоо идэвхтэй тоглож байгаа NBA тоглогчдоос өөрийн гарааны таван тоглогчийг нэрлэ гэвэл?

Төвийн байрлалд бол маргаангүй Демаркус Казинс, хүчний довтлогчийн байрлалд хувийн ур чадвар зэргээр нь Энтони Дэвис, довтлогч дээр бол Леброн Жеймс байраа тавьж өгөх болоогүй байгаа, хамгаалагчаар бол Бүллс-иинхаа Жимми Батлер, холбогчийн байрлалд Стефен Карриг л нэрлэнэ дээ.

C – Demarcus Cousins

PF – Anthony Davis

SF – Lebron James

SG – Jimmy Butler

PG – Stephen Curry

Тайлбарлагч хүн гэдэг бол үзэгчдийг спортод татах гол хүчин зүйл болдог. Зөвхөн сагс гэлтгүй Монголын спортын тайлбарлагчдын ур чадвар болон ёс зүйг хэрхэн хардаг вэ?

     Монголд яг спортын тайлбарлагч гэдэг мэргэжлийг олгодог сургууль байхгүй учраас мэргэжлийн тайлбарлагч бол байхгүй. Мэргэжлийн гэдэгт хамгийн их дөхөх хүн бол хөлбөмбөгийн тайлбарлагч Батзаяаг гэж боддог. Бид нар бол сагсанбөмбөг тайлбарлаад 4, 5 жил болж байна, өмнө нь анализ хийдэг байлаа. Ер нь бид нарын хувьд хүлээн зөвшөөрөгддөг болсон байна.

Би ер нь багадаа их ээрдэг хүүхэд байсан. Тэгээд манай арван жилийнхэн “Чи яаж байгаад тайлбарлагч болчихов гээд л” ярьдаг л байсан. Би өөрөө ч тайлбарлагч болно гэж бодож байгаагүй.

Яг тайлбарлагч гэдэг хүнийг мэргэжлийн үүднээс судлаад үзвэл 3 янз байдаг юм.

1. Тайлбарлагч ба заалны тайлбарлагч зааланд болж байгаа үйл явдлыг тайлбарлах

2. Хөтлөгч буюу үзэгчдийг хөтөлж авч явдаг хүн (энэнд хамгийн их дөхөх хүн бол манай Ялалт, олон үггүй дундыг баримталж явдаг)

3. Аналистууд байдаг, тэд нар бол өөрсдийн харсан өнцгөөс хоорондоо мэтгэлцэж байдаг. Гадаадын мэргэжлийн спортын хөтлөгчид дандаа 50 гарсан хүмүүс байдаг. Тэгэж байж л үзэгчид түүний үгийг сонсож түүнийг хүлээн зөвшөөрдөг. Бас буйр суурьтай болно мэдлэгийн түвшин асар их болно гэх мэт. Телевизийн тайлбарлагч хүн бол болж байгаа үйл явдлыг давтаж ярих хэрэг байхгүй. Харин нэмэлт мэдээлэл өөр статистик зэрэг сонирхолтой баримт, мэдээ мэдээллийг үзэгчдэд цаг тухайд нь хүргэх ёстой. Монголд бол Баясаа бид 2 гайгүй хийдэг юм шиг байгаа юм. Төмөрөө бас сайн аналист хийдэг. Сүүлд Төмөрөөг SPS-д оронгуут нь бид нарын хооронд элдэв юм яриа гарч хагаралдуулаад, тэрэнд нь манай Төмөрөө автаад  буруу зөрүү юм яриад байгаа бол их харамсалтай.

Тайлбарлагч нар бол нэг нэгийгээ дэмжиж байх хэрэгтэй болохоос биш тэр нь илүү, энэ нь илүү гэх нь хэрэггүй л баймаар. Мэргэжлийн тайлбарлагч гэдэг дээр бол манайханд төрөл төрлөөрөө байхгүй, хөгжөөгүйд л хамаг учир байгаад байна.

Энийг бол цаг хугацаа л харуулна. Бас нэг юм нь түрүүлж таамаглаж болохгүй. Сагсанбөмбөг бол шүгэлийн дууны дараа л бүх зүйл шийдэгддэг учрааас. 30 оноогоор ч хожигдож явсан байсан ч аль болох сонирхолтой үүднээс оноог барьж болох арга зам ч гэдэг юмуу тэр талаас нь тайлбарлах хэрэгтэй. Би бол өөрийгөө 45 хүрээд л нилээн ганган тайлбарлагч болно гэж бодож байгаа шүү. Яагаад гэхээр би сагсанбөмбөгийг яг одоо л ойлгож эхэлж байна. Pick&Roll гэж яг юу юм гэдэг талаас нь. Харин хүмүүсийн ойлголт бол хоёр тоглогч бие биедээ зөвхөн заслаа тавьж өгч байна гэж харагддаг. Тэгээд яг тактик, арга барил судлаад эхлэхээр сагсанбөмбөг чинь бас өөр болоод эхэлж байгаа юм.

Сагсанбөмбөг бусад спорттой адилхан л багийн спорт, гэхдээ яг юугаараа тэднээс онцгойрч ялгарах вэ?

Багийн спортууд бол хоорондоо нийтлэг чанар ихтэй л дээ. Гэхдээ сагсанбөмбөгийн нэг ялгарах зүйл байдаг. Сагсанбөмбөгийг нийт 2 цаг 30 минутын хугацаанд тоглоход тэдгээр 15 хүний нэг болно гэдэг бол нөгөө үлдсэн 14 хүндээ итгэх ёстой. Нэг хүн шиг цогц байна, бусадтай харьцахаас авахуулаад л бөмбөггүй үедээ нэгнийгээ харцаараа ойлгодог байх мэдээж эрүүл мэнд гээд л бүх зүйлийг нэгтгэж чадсанаараа л онцлог. Би хүүхдүүддээ заадаг нэг гол зүйл бол та нар 90 хувь бөмбөггүй талбай дээр тоглож байгаа, өөрөөр хэлбэл нийт 10 хүний 9 нь бөмбөггүй гүйнэ. Нэгэнд нь бөмбөг ирэхээр бусад нь бөмбөггүй гүйнэ гээд бөмбөггүй гүйлт их чухал. Сагсанбөмбөгт хамгийн гол зүйл бол хамгаалалт, бөмбөггүй үедээ яаж хамгаалах яаж бие биендээ итгэх зэрэг илүү гүнзгийрсэн элемент рүү хүүхдүүдийг оруулах гээд л байж байна. Тийм учраас тэднийг илүү нийгэмшүүлэх талаас нь ажиллах хэрэгтэй. Бас бага зэрэг хор шар бол байх л асуудал. Тэгэж байж л амьдрал дээр илүү их амжилт гаргадаг. Тэр талаараа маш их давуу талтай.

 Сагсанбөмбөгийн талаар цаашдаа хийнэ гэж төлөвлөж байгаа ямар нэгэн зүйл байгаа юу?

Төлөвлөж байгаа зүйл бол зөндөө байна. Эхлээд Монгол дахь сагсанбөмбөгийн асуудал буюу 2 холбооны асуудал шийдэгдээсэй гэж би маш их хүсэж байгаа. Аль ч холбоо гарсан бай нэгдмэл буюу нэг холбоотой болсон тохиолдолд би дэмжиж хамтран ажиллахад бэлэн байна. Цалингүй ажилласан ч бэлэн байгаа. Яагаад гэвэл гол нь мөнгө биш энэ спортыг илүү дэлгэрүүлэх, сурталчилах нь л гол зүйл байна даа. Нэгдмэл холбоо бол сагсанбөмбөг сонирхогчдын хамгийн их хүсэж байгаа зүйл гэдэгт найдаж байна. Хамгийн гол нь багадаа л 10 жилийн сургалтын хөтөлбөрт оруулах хэрэгтэй. Аллен багш бид 2 хөтөлбөр гаргаж байсан гэхдээ хэрэгжүүлэх боломж олдоогүй. Тэгэхээр тийм ажлыг би маш их хүсдэг. Хамгийн гол юм бол хүүхдүүдээс эхлэх ёстой, тэднийг бүр багаас нь 7, 8 наснаас нь эхлэх хэрэгтэй. Одоо хүүхдийн клубуудын дунд бас үйл ажиллагаа явуулах гэж байгаа. Одоогоор 8 клуб байна. Энэ цаашдаа өргөжөөд магадгүй лиг болох боломжтой. Өөрийнхөө академийг нилээн томруулна гэж бодож байна. Илүү дасгалжуулагчийн талаар цаашдаа албан ёсны шалгалт шүүлэгт нь орж мэргэжлийн гэсэн сертификат авахыг хүсэж байна. Энэ хугацаанд Монголын сагсанбөмбөгийн асуудал шийдэгдээсэй, илүү эмх замбараатай гол нь зөв системтэй болоосой л гэж хүсэж байна даа. Тэгэж байж л энэ спорт Монголд хөгжлийн замдаа орох болно.

За сайхан ярилцсанд танд баярлалаа. Таны гэр бүл болон цаашдын ажил хөдөлмөр, эрүүл мэнд чинь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе

За баярлалаа. Танай сайтын хамт олонд ч гэсэн ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе. Бас надтай ярилцсан явдалд их баярлалаа 

Ярилцсан: Г. Баярцогт

Эх сурвалж: Ssport.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car