U.S. 1040A Individual Income Tax forms are seen at a U.S. Post office in New York April 15, 2010. April 15 is the deadline for filing taxes in the United States.   REUTERS/Mike Sega

U.S. 1040A Individual Income Tax forms are seen at a U.S. Post office in New York April 15, 2010. April 15 is the deadline for filing taxes in the United States. REUTERS/Mike Sega

Кайман арал дээр үйл ажиллагаа явуулдаг Кайманы Үндэсний корпорацийн охин компаниуд болох Cayman National Securities болон Cayman National Trust компаниудын зүгээс АНУ-ын Холбооны шүүхийн өмнө уучлал гуйсан байна. Тодруулбал 2001-2011 оны хооронд буюу арван жилийн хугацаанд дээрх компаниудын үйлчилгээг авч оффшор дансанд олон тэрбум  доллар хадгалуулж байсан АНУ-ын үйлчлүүлэгчдийнхээ татвар төлөхөөс зайлсхийн зугтааж байсан явдалтай далдуур нүдээ анин эвлэрч байсны төлөө, нэг ёсондоо АНУ-ын хууль ёсны эсрэг хуйвалдаанд оролцож байсныхаа төлөө ийн уучлалт гуйсан байна.

Кайманы Үндэсний корпорацийн СЕО Стюарт Дак өөрийн биеэр АНУ-ын Манхэттэн дүүргийн Холбооны шүүхэд гэм буруутайгаа хүлээсэн бөгөөд “АНУ-ын харьяат үйлчлүүлэгчдийнхээ татвараас зугтаасан явдалтай эвлэрч, энэ нь буруу хэрэг болохыг мэдэж байсан ч олон жилийн турш оффшор дансаар үйлчилж байсан” хэмээн хэлжээ. Хариуд нь Манхеттэний Холбооны шүүхийн прокурор хэлэхдээ “Америкчууд бид татвараас зугтагсдыг Кайман арал, Швейцарь тэр бүү хэл диваажинд очсон байсан ч мөрдөн хөөж хуулийн хариуцлага хүлээлгэнэ” хэмээх гайхалтай үгийг хэлсэн байна.

Үр дүнд нь олон мянган компани, хувь хүмүүс татвараас зугтсан хэрэгт холбогдож хуулийн байгууллагуудад мөрдөн шалгагдаж эхэлжээ. Кайман арлын татваргүй дансаар үйлчилгээ үзүүлдэг дээрх томоохон компаниуд ч эртхнээс хаяагаа манаж уучлал гуйхын зэрэгцээ АНУ-ын Хуульзүйн яамнаас гаргасан мөрдөн байцаалтад зарцуулагдсан төлбөр хөлс болох хэдэн сая доллараас төлөлцөх болсон байна.

Сүүлийн жилүүдэд АНУ-ын шүүх, Холбооны хуулийн байгууллагууд оффшор данс ашиглаж татвараас зайлсхийж байгаа компаниудыг тогтоож, мөрдөн байцаалт явуулах ажиллагааг идэвхжүүлж байгаа юм. Мэдээж эсэргүүцэгчид улс төр, нийгмийн идэвхтнүүдийн түвшинд хүчтэй байсан ч эцсийн эцэст хуулийн байгууллагууд энэ ажлыг улсын эдийн засгийн тусын тулд хийж байгаа тул Цагаан ордон дэмжлэг үзүүлсэн юм. Ганц АНУ ч биш эдийн засаг нь гүнзгий хямарч байгаатай холбогдуулан Европын улсууд ч сүүлийн үед “татвараас бултагчидтай” ширүүн тэмцэл өрнүүлэхээр шийдээд байна.

Өнөөдөр Кайманы арлуудад 18 мянган аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн данс бүртгэлтэй байгаа нь хүн амаас нь ч илүү гэсэн үг. Кайманы банкуудын дансанд жил бүр 10 тэрбум ам.доллар орж ирдэг тухай нэр бүхий албан тушаалтан дурдсан байдаг. Дээр дурдсан 18 мянган бүртгэлтэй дансны дотор монголчууд ч хүртэл багтдаг болохыг бид хэдэн жилийн өмнөх С.Баярцогтын дуулианаас мэддэг болсон юм.

Ер нь дэлхийн оффшорын бүсүүдэд 7600 тэрбум буюу 7.6 их наяд ам.доллар хадгалагдаж байна гэсэн дүгнэлтийг Лондоны эдийн засгийн сургуулийн профессор Габриэль Зукман хийсэн байдаг. Түүний тоолсон долларын эзэд татвараа төлсөн бол олон орнууд төсвийн асуудлаа шууд шийдэж чадах байсан төдийгүй, өнөөгийн дэлхийн эдийн засгийн хямралт байдалд хүчтэй нөлөө үзүүлэх нь дамжиггүй хэмээн Германы Zeitung сонин нийтэлсэн байна.

Өөрийн судалгаандаа Габриэль Зукман нийтэд тодорхой байгаа  төв банкуудын мэдээнээс зөвхөн үнэт цаасны тооцоог гаргаснаас биш бэлэн мөнгө, дарвуулт завь, шилтгээн, урлагийн бүтээл зэрэг бусад үнэт эдлэлийг тооцоогүй гэлээ. Хэрэв тэр бүгдийг тооцвол мэдүүлэгт хамрагдаагүй мөнгөний хэмжээ нь дэлхийн бүх хувийн хөрөнгийн 11 хувьтай  тэнцэх гэнэ. Oxfam хэмээх сайн дурын байгууллага оффшор буюу татваргүй статустай хуулийн этгээдүүд 18 их наяд ам.долларын орлого олдог гэсэн тооцоог гаргасан байна.

АНУ-ын ДНБ 15 их наяд ам.доллар гэж үзвэл жил бүр татвараас бултагсдаас болж жил бүр улсын төсөвт 156 тэрбум ам.долларын хохирол учирдаг хэмээн тус улсын Холбооны банкнаас гаргасан судалгаанд дурдагдсан байна. Ийм төрлийн судалгаа оффшор дансны үйлчилгээ эрхэлдэг байгууллагын зүг томоохон дайралт болж өгдөг ч үнэндээ бие даасан статустай орны хуульзүйн эрх, хэм хэмжээнд баригдаад яаж ч болдоггүй гэнэ. Америкчууд, оросууд, Европын улсууд яаж ч бухимдаад тэрхүү оффшор данс үүсгэсэн бүсүүдэд нөлөөлж эрхзүйн өөрчлөлт оруулж чаддаггүй нь цаагуураа далд учиртай. Эдийн засагт ийм их хохирол учруулаад байдаг улсыг бараг цэрэг зэвсгийн хүчээр номхотгочихмоор санагдавч үнэн хэрэгтээ үйлчлүүлэгч нар нь эрх мэдэл, нэр нөлөөтэй улсууд байдагт хамаг учир оршдог аж. Наашаа харж олон нийтэд шударга улстөрчийн дүр эсгэн оффшор дансны эсрэг дуу хоолойгоо нийлүүлэх боловч цаашаа харж Кайман арал, Швейцарьт данс нээлгэж хөрөнгөө хадгалуулах улстөрчид дэлхийн бүх л улс оронд байдаг гэж үзэж болно.

Эх сурвалж: Politik.mn