Баянголын Засаг дарга асан Л.Амгалангийн эх орончдын өдрөөр дэвшүүлсэн мэндчилгээ өөрийг нь шаварт хутгачихсан. “Ногоон малгайт” нэр авсан түүний хувьд эх орончдын өдрөөр дэвшүүлсэн мэндчилгээг нь хэн нэгэн хакердаад, өмссөн бор малгайг нь ногоон болгочихсон хэмээх тайлбарыг хэлж байсан. Хэрэв энэ үнэн бол бор малгайтай анхны бичлэгээ олон нийтэд ягаад цацаж болохгүй гэж. Үнэхээр бор малгай өмссөн бол шүү дээ. Үнэн зөвийг нь таниулая гэвэл тэр бичлэгээ цацаж, хэн хакердаж, нэр хүндийг нь унагах болов гэдгийг ил болгочиход Баянголын гэх тодотголтой Л.Амгалангийн нэр хүнд өсөх бус уу. Гэтэл яагаад одоог хүртэл чимээгүй сууна вэ.
Түүний мэндчилгээ ёстой л “галууг дуурайж хэрээ хөлөө хөлдөөв” гэгчийн үлгэр л болсон. Эх оронч Түвдэнгийн Борыг дуурайж малгай өмссөн нь түүний хувьд муугүй сурталчилгаа болно гэж бодсон бололтой. Гэтэл харамсалтай нь Хятадын гамингуудынх шиг ногооныг өмссөн нь Л.Амгаланг шүүмжлэх гол бай болж орхисон юм. Тэр өөрийгөө хөөдөөд зогсохгүй Монгол Ардын намыг хамтад нь доош нь чангаачихав. Сураг сонсох нээ энэ асуудлаас болж Л.Амгалан намынхаа даргатай уулзаж, энэ хүнд байдлаас хэрхэн гарах талаар ярилцсан гэнэ лээ. Гэсэн ч МАН “ногоон малгайт” Л.Амгалангийнхаа буруу пиараас болж нэр хүндээ дордуулсан. Олон шүүмжлэлийг дарж ядаж яваа дээр нь Л.Амгалан эх орончдын өдрөөр намдаа гоё “бэлэг” барьчихсаныг яалтай.
Баянгол дүүргийг нэг хэсэг удирдаж, уг дүүргээр овоглож явсан Л.Амгалан энэ сонгуулиар ч мөн дүүрэгтээ хүч үзэх сонирхолтой бололтой юм. Ямарсайндаа л эх орончдын өдрөөр мэндчилгээ дэвшүүлж байхав дээ. Тэр ганцаараа бүтэлгүйтээд зогсоогүй намаа хүнд байдалд оруулсныг нь намынх нь удирдлагууд хэрхэн хүлээж авах бол. Цаашлаад Баянголд түүнийг сойх уу гэдэг нь Л.Амгалангийн хувьд дараагийн хүнд асуудал болж үлдэв бололтой. “Галууг дуурайж хэрээ хөлөө хөлдөөх” нь ийм л аюултай юм шүү дээ.
16 Comments