
Манайхны төлөвлөсөн буюу “хийнэ гэж хэлсэн” ажлыг хийж байгаатай нь харьцуулахад 500 жил амьдрах гэж байгаа мэт санагддаг. Тухайлбал 500 тоосго өрнө гэж хэлсэн ч хэрүүл уруул, хэл ам, хуйвалдаан энэ тэр болж байж жилд нэгийг л арай чүү тавьж байгаа харагддаг юм л даа.
Ингээд хоёр жил өнгөрч хоёр дахь тоосгоо автал засаг солигдлоо… Дараагийн засаг гараад бас нэг нэгээр нь явуулж байтал сонгууль боллоо. Засгийн эрх нөгөө намд шилжлээ.
Арай гэж тавьсан дөрвөн тоосгыг нурааж хаяад шинээр тавихчаан болж байхад нь засаг солигд…. Яг л ийм чөтгөрийн тойргоосоо гарч чадахаа болиод 25 жил боллоо бид. Хүний нэгэн үе. Гэтэл бидний ажил хийх биологийн дундаж боломж үсрээд тавин жил ч хүрэхгүй. Бид яах аргагүй 10 дахин илүү бүтээмжтэй ажиллах шаардлагатай байна. Энэ нь илжиг шиг зүтгэж, өдөр шөнөгүй талхинд ажиллана гэсэн үг биш. Хуваарь, төлөвлөгөө, журам, хуулиар явна л гэсэн үг. Яг л Герман, Япон, Австрали бусад өндөр хөгжилтэй орнууд шиг. Манайд уг нь ийм журам мурам бий, харин сахилга бат л байхгүй.
Тиймээ, дэлхийн хамгийн шилдэг төлөвлөгөө бичсэн ч сахилга батгүй бол тэр зүгээр зохион бичлэг. Байгал эх хүнд үй олон боломж өгсөн. Гал, дугуй хоёрыг нээснээс хойш хүн төрөлхтөн хөгжил дэвшлийн замдаа орж өдгөө өөрийгөө хувилдаг болоод байна. Энэ нээлтүүд хүний түүхэнд тун ч цөөхөн удаа харвасан аугаа суутнуудын бүтээл. Харин эгэл бидэнд бурхан юу өгсөн юм бэ?
ЦАГ
Хүний байгалийн чадавхийг хүртэл ялгаатай хуваарилдаг Бурхан бидэнд нэг л зүйлийг тэгш эрхтэй ашиглах боломж өгсөн юм. Энэ нь цаг хугацаа. Цаг хугацаа бол хүний нэгэн насны амьдрал хийгээд шалгалтын сүүлийн нэг минут, хөлбөмбөгийн эцсийн ганцхан секундээр ч хэмжигдэх харьцангуй эд билээ. Богино нь уртаасаа муу гэх, эсвэл нэгж хугацаанд хэр их ажил амжуулдгаас нь шалтгаалж цаг хугацааг шүүх нь шударга биш.
Та бид бүх зүйлээс л цаг хэмнэх гэж оролддог нь үнэн. Бид бүгдээрээ л үр бүтээлтэй амьдрахыг хүсдэг. Оочирт зогсож, түгжрээнд гацаж, даргыг хүлээн өдөржин суухыг нэг ширхэг ч хүн хүсэхгүй. Уг нь бид ажлаа сайн төлөвлөж, амьдралынхаа хэмнэлийг өөрчилж чадвал Бурханаас заяасан цаг хугацааг туйлын үр бүтээлтэй өнгөрөөж, туулах амьдралтай харьцуулснаар өөрийн цаг хугацаагаа уртасгаж чадсан гэж үздэг аж. Харамсалтай нь бидний цагийг хулгайлдаг, дээр авсан гурван жишээ гурвуулаа биднээс биш төрийн менежментээс шууд хамаарч байна. Тиймээ, бид бол аргаа барагсад.
Бид өөр хоорондоо ч яахав болоод байна. Хувийн ажил хувийн бизнес хувийнхтайгаа тохиолцоод нэгнээ хөгжүүлээд явах боломжтой. Харин хүн-төр хоёр учрахаараа л хүн нь хохирч таараад байгаа юм даа.
ЦАГ ХУГАЦААНЫ ХУЛГАЙЧ
Бид олон талаараа Төрөөс (Төрийн албан хаагчдаас, тэдний гаргасан бүтдэг бүтдэггүй олон хууль журмуудаас) хохирол амсдаг. Үүний хамгийн нийтлэг, хүн бүрт тохиролддог зүйл нь цаг хугацааны хулгай юм. Сүрэнхүүг харцгаая:
Жишээ: “Сүрэнхүү заавал гарч яваад яахав гэж бодоод яамных нь сайтыг ухаж эхэллээ. (Даргынхаа өгсөн даалгаварыг өрөөнөөсөө гаралгүй амжуулчихвал азны коля шүү дээ).
Сайт дээр нь яамны бүх мэдээлэл байна гэж зарласныг өмнө сонссон хэрэг. Харин сайтыг… зүгээр л хакердаад эвдчихсэн байх нь тэр. Сүрэнхүү яам руу залгаж хэллээ. Утас авсан хүн “… өө тиймүү, за би хариуцсан хүнд нь хэлье даа гэсэн хариу өглөө.
Сүрэнхүү самбаачлаад мөнөөх хүнээс яамны мэдээлэл өөр хаана байж болохыг лавлаж амжив. Тэгсэн ч гэсэн утас авсан хүн, “за байз, сайн мэдэхгүй байнаа. Мэддэг хүнээс нь л асуу даа” гэж хариуллаа. Сүрэнхүү бүр ч их овсгоо гаргаж “мэддэг хүнийх нь утсыг өгөөч’’ гэсэн ч “За тэрийг бас мэддэг хүнээс нь авах ёстой доо та” гэсэн хариу сонсов. Сүрэнхүү яаман дээр биеэрээ очихоос өөр аргагүй болжээ. Тэр сайтаас болж даргадаа монжуулчихсан юм шиг санагдана….
Сүрэнхүү яаман дээр очлоо. Гэтэл энэ хүсээд байгаа бичиг баримтуудыг авахын тулд бүрдүүлэх ёстой бичиг баримт гэж байдаг аж. Яая гэхэв журам л бол журам. Сүрэнхүү найраад барсангүй, эргээд л жирийлээ (Бодол дотроо жирийхээс биш бодитоороо түгжрээд явж байгааг уншигч та мэдэх бизээ). Өөдрөгөөр бодоход хагас өдөр, хэвийнээр бодоход бүтэн өдөр, манай нийгмийн хамгийн хэвшмэл бүтээгдэхүүн залхуу Сүрэнхүүгийнхээр бол хоёр өдөр ийнхүү алга болов.
Энд Сүрэнхүүгийн буруу их бий. Сүрэнхүү буруутай ч гэсэн түүний амьдралын хэмнэл, хэлбэрийг заах эрхтэй нь бид биш. Харин бидний асуудлыг шийднэ гэж сонгогддог дарга нарын цаг ашиглалтын тухай, бидний цагийг хэрхэн хороож, хулгайлж байгаа тухай зайлшгүй ярих ёстой юм. Ард түмэн гэдэг чинь яаж ч байсан үхдэггүй, унадагч үгүй ургаа хад биш шүү дээ.
Энэ асуудлыг хөврүүлбэл мөнөөх Сахилга бат гэдэг ойлголт руу л аваачна. Гаргасан журам дүрмээ сурталчилдаггүй, ядаж мэдээллийн ажилтан нь бараг үргэлж маш хангалтгүй мэдээлэлтэй” сууж байдаг төрийн албаны хариуцлага дэндүү сул байдаг. Ийм нэг тохиолыг ч тэвчье гэж бодъё. Тэвчсээр ч ирсэн ард түмэн. Харин бүтэн дөрвөн жил “хий эргэдэг” төр, засгаа яаж тэвчих вэ?
Бид дөрвөн жилээр сонгож, тэр тоолонд дэвшил гардагсан бол өнөөдрийн амьдрал 90 оныхоос нэлээд ялгаатай байх байсан даг. Тэр үед бид таавчиг хийчихдэг байсан, одоо ч гэсэн хийчихээд л байгаа. Тэр үед малаа маллаад ноос ноолуураа ашигладаг байсан, өнөөдөр ч гэсэн ноолууран цамц сэлтээ өөрснөө хийж л байна. Ерэн онд мод төмөр балбаад морин хуур зэргээ урлачихдаг байсан, одоо ч мөн хийж чадаад л байгаа. Өөрчлөгдсөн юм гэвэл арай олон байшин барьдаг болж. Харамсалтай нь байшин хөгжлийн илэрхийлэл биш..
Харин хүмүүсийн амьдралд заримын нь хэт хурдан өөрчлөгдөж ихэнх хүмүүсийн амьдрал бахь байдгаараа, зарим газрын барилга байшин хэт хурдан шинэчлэгдэвч нийт ардын амьдардаг газар хэв хэвээр 25 жил өөрчлөгдөөгүй хэвээр үлдэв. Тиймээ, дарга нар маань дөрвөн жилийн турш хийснээ нурааж, нэрлэснээ больж, гаргаснаа оруулж, оруулснаа гарган тоглож байгаад дараагийн сонгуультай залгаад байна.
Өөрсдийнх нь сандал ширээ харин өөрчлөгдөхгүй дээ! Удирдагч хүний гол шинж нь багаараа ямар нэг үр бүтээлтэй зүйл хийж, бүтээн байгуулж, эерэг өөрчлөлт хийх билээ. Харин манай Төрийг бүрдүүлэгч намууд, Намыг бүрдүүлэгч гишүүд, дарга нар нь хүй нэгдийн үеийн омгийн ахлагч шиг эхлээд өөрөө ямар нэг асуудлыг хүч түрэн, заль нэмэн шийдсэнээр орчиндоо нэр хүндтэй болсон нь олон байдаг.
Байдаг газар нь үржил шимгүй, гадны дайсан ихтэй болсон ч сүргийн ахлагч лужир биет, настай бич бусдыгаа ойртуулахгүй эргэлдэн архирна. Илүү шийдэл гаргах, илүү хурдан ажиллах, илүү сонголт хийх залуус шийдэж ядан, тойргийн гаднаас санаа зовнино….
БАЙРАНДАА ЭРГЭЭД Л…
Нийгмийн бухимдал юунаас үүсч байна вэ гэсэн асуултад авилга, ажилгүйдэл, архидалт, бага цалин гэсэн ерөнхий хариулт сонссоор байгаад бид дөжирсөн. Дарга нар нь ч авилгыг арилгана, ажилгүйдлийг устгана гэж тэрүүхэн тэндээ ярьсаар байгаад сурчихсан. Яаж гэдгийг хэн нь ч хэлээгүй. Бас хийгээ ч үгүй бололтой. Учир нь эдгээр асуудлууд багасаагүй, нэмэгдсээр байгаа.
Иргэд нь ч юмыг бодитой харахаа больж, “төр яг юунд буруутай юм?” гэсэн цэцэн асуултад бүдэрч унадаг болж. Үнэндээ Чингисийн талбайн гацуур модыг бүтэн сар засдаг, хувийн компанийн том ёолкыг гурав хоногт засдаг. Ялгаа эндээс эхэлнэ. Төрөөс хийж байгаа л бол энгийн зүйлийг хүртэл хурдан хийх боломжийг алдагдуулдаг нь жам ёс болсон байна.
Утаа арилгахын тулд зөвхөн 2012 онд 105 тэрбум төгрөг заржээ. Утаа арилаагүй, арилах ч шинжгүй байгааг та бид ханнгалттай харсан. Энэ мөнгөөр дутагдаад байгаа 100 цэцэрлэг барьчих боломж байсан…..Хайран ч цаг хугацаа. Төр засгийн албан тушаалтнууд газрын наймаа, ашигт малтмалын лицэнзийн наймаанаасаа нэг жил татгалзахад л 1500 км төмөр замаа, Мянганы замаа, өөр бусад олон олон санал санаачлагаа аль хэдийн дуусгах байсан бизээ. Тэд ард түмнээсээ цагийг нь, мөрөөдлийг нь, урам зоригийг нь буюу нийлүүлээд хэлбэл амьдралыг нь хулгайлж байна. Амьдралын үнэ цэнэ ямар цаг хугацаанд юу хийж бүтээснээр, оюуны болоод материаллаг ямар баялаг бий болгосноор хэмжигддэг. Харин бид нэг хэмжигдэхүүнээ хулгайд алдсан…
Үүний хамгийн хөнөөлт шалтгаан нь авилга юм. Учир нь авилга өрсөлдөөнийг үгүй хийдэг. Төрөөс зарласан тендерийн мэдээллийг албан тушаалган түрүүлж хүртээд ашиглаж болно, нэгээхэн зүйл заалтаар бусад өрселдөгчийг шахаж болно эсвэл… зүгээр л тендерээс гарах “татгалзахааргүй санал” ч тавьж болно шүү дээ.
Тендер ч гэлтгүй мөрөөрөө яваа аль нэг төсөл, бизнес төлөвлөлтийг нураах, хураах төрийн гар ороод ирж болно. Эсвэл популизмын нэрэн доор, бараа үйлчилгээний төрлийг хэт нэг тийш нь хазайлгаснаар ирээдүйгүй, үнэтэй, чанар муутай хэрэглээг дэмжих байдал илэрч болно. Төрийн зүгээс, төрийн авилгач түшмэдийн зүгээс өрсөлдөөнийг энэ мэт замаар үгүй хийдэг.
Угтаа бизнесийн эрүүл өрсөлдөөний үр шим хэрэглэгчдэд, ард түмэнд л очдог хуультай. Гэвч одоо тэр нь үгүй болж байна даа. Ингээд, эргэлдээд л байдаг ч бахь байрандаа л үлддэг дамар дотор гүйгч хулгана шиг харагдаж байна Монгол улс. Цаг хугацаа харин зогсолтгүй урагшилж байна. Мөнгөнийх нь хулгайг уучлаад ч болов цаг хугацаагаа эргүүлж авах сан.
Москвагийн их сургуулийн докторант Бадарчийн Одсүрэн
Холбоотой мэдээ
-
Зочин (February 29, 2016 8:39:40 pm )
дамар дотроо эргэдэг хулганууд шиг Саихан шуумжлэл бна
-
unen ug (March 01, 2016 8:08:21 am )
tsetserhel shumjlel gomorholiin ug bagadaaguiee ene heden jiluuded mongolchuud deven delhiig duurtel haraaj doromjilj muu ugeer utaa mai tavij tuundee hordsoor l baih yum daa daarin deer davs nemdeg mongol uhaan mon uu uhaantai erdemtei humuus mini yadaj sainiig hrelj ysrij busdiig ulgerlen urialaasai
2 Comments