antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 25, 2016 1 comment

Гайхамшиг

нийтлэсэн Admin
527-1456378833_MG_8029
Дуудах нэрийг эцэг эх өгдөг, дуурсагдах алдрыг өөрөө олдог гэсэн монголчуудын сургамжит үг байдаг. Амьдралаар нотлогдсон энэ үгний эзэд үй олон боловч сайн нэрийг хүсэвч олдохгүй, муу нэрийг хусавч арилахгүй гэдэгчилэн, хоосон мөрөөдөл, аар саархан зүйлээр алдрын оргилд хүрнэ гэж үгүй.
Чухамдаа цэцэг байж гэмээнэ, услахад ургадаг шиг, цэцэн билэгт ном байж гэмээнэ, уншихад ухаардаг шиг аливаа хүн чадах бүхнээ чанартай хийж, чадварлаг бүтээж байж, сая сайн нэр, сайхан зам мөрийг олно. Ийм хүний нэг бол өнөөгийн Монголын хөгжмийн урлагийн нэрт төлөөлөгч урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Лхагвадоржийн Балхжав юм.
Түүнийг Монголчууд сайн мэднэ. Л.Балхжав, Ленинградын Театр, кино, телевизийн дээд сургуулийг найруулагч мэргэжлээр дүүргэж, телевизийн салбарт он удаан жил найруулагч, уран сайхны удирдагч, захирлын алба хашсанаас, “Улаанбаатар” телевизийг тасралтгүй 25 жил даргалан бүтээлч хамт олныг бий болгож чадсан гавьяатан. Тэрбээр энэ олон жил хариуцсан байгууллагаа гэгээлэг сайхан өнгө төрхтэй, өөдрөг сайн авч яваа нь ёстой л хүчирхэг хамт олны цаана чадварлаг удирдагч байдгийн бодит жишээг үлгэрлэн үзүүлсэн буюу.
Тухайлбал, “Улаанбаатар” телевизийг урагштай ухаантай удирдаж яваа, 230 гаруй хүнтэй өнөр айлын эцэг болох Л.Балхжав захирлыг Менежментийн холбооноос жилд нэг л хүнд олгодог “Шилдэг менежер” өргөмжлөлөөр шагнасан бол уран бүтээлчид нь “Гоо-Марал”, “Алтан шонхор” наадмын тэргүүн шагналыг удаа дараа хүртэж, Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс тодруулсан “Шилдэг телевиз”, “Шилдгийн шилдэг телевиз”-ээр шалгарч, Монголын урдаа барих цөөхөн телевизийн нэг болсныг яавч дурдахгүй өнгөрч боломгүй.
Л.Балхжав дөрөв дэх засаглалыг удирдаж буйн хувьд сэтгүүл зүйг чухалчилан Сэтгүүлч, хөтлөгчийн төв байгуулж, “ТВ-ZONE” сэтгүүл гаргаж, “Улаанбаатар” телевизийг гурван сувагтай болгож, РМ-90,5 радио нээж, олон жүжиг, кинонд хөгжим дуу бичиж, кино найруулж, төсөл, наадам санаачилж, сонгодог болон ардын язгуур урлаг, рок попын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж, бие даасан 18 цомог бүтээж, уран бүтээлээрээ бүхий л тайз дэлгэц, радио, телевизийг тэгш дүүрэн эзэгнэж байгааг харахуй үнэхээр магтаад бахдаад баршгүй. Аргагүй л цагийг эзэлнэ гэдэг энэ юм даа. Товчхон хэлэхэд, дархан аваргын энтэй, нэртэй, хайрламаар уран бүтээлч.
Ер нь хувь хүн, хамт олны нийгэмд гүйцэтгэж буй ажил үйлс, амжилт ололт бүхэн ямагт түмний нүднээ ил байдаг. Тийм нэгэн тод хүн бол Л.Балхжав гавьяат. Гавьяатаараа бахархаж, “Манай Балхаа дарга” хэмээн үргэлж хүндэлж явдаг үе үеийн уран бүтээлч нөхөд нь түүний хэнтэй ч ижил тэгш, дотно зөөлөн харилцдаг байдал, ухаалаг даруу, хөдөлмөрч занг нь ихэд биширдэг юм билээ. Ингэж хөдөлмөр зүтгэлийнхээ үр шимийг амтлан, цаг үргэлж бусдын хайр хүндлэлд оршиж, төрдөө данстай, түмэндээ нэртэй явах гэгч юутай сайхан. Чухам л хүн ямар үр тарина түүнийгээ хураадаг гэдэг л энэ.
Түүнд албан тушаал, алдар цол, авьяас билэг арвин бүтээл, нэр хүнд гээд сайн сайхан зүйл тун их. Гэсэн ч олноос илүүрхэж огтхон ч боддогтүй, олон зангаар хувирч хувьсдагтүй энгийн төлөв байдал нь түүний хүн ухааны ховор сайхан чанарыг илтгэнэ. Тэр зөвхөн хамт олныхоо бүтэц зохион байгуулалт, ахуй амьдралд нь анхаараад зогсохгүй бас өөрийн баялаг урын санг бүтээн цогцлоож, үзэгч, сонсогчдын нүд, чихийг байнга баясгаж яваа гайхалтай хөдөлмөрч, бүтээлч хүн.
“Бүх урлагийн дотроос хамгийн чухал нь кино” , “Агуу урлагийн амин сүнс, амьд хэл гэдэг ердөө л хөгжим”  хэмээсэн онч мэргэдүүдийн тодотгол байдаг. Л.Балхжав тэр л урлагийн чухлыг урлагийн хэлтэй нь хослуулан “Зүрхэнд гэрэлтэх од”, анхны мюзикл кино, “Шувууд буцах намар” зэрэг уран сайхны 10 гаруй кино, 20-иод жүжгийн хөгжмийг бүтээж цөөнгүй уран сайхны болон баримтат кино найруулсанаар Балхаагийн кино гэсэн шинэ нэр бий болов. Ялангуяа, үзэгчдийг шуугиулсан “Содура” уран сайхны кино нь хүмүүний үхэх төрөхийн үнэн хийгээд хүн байгалийн хосгүй шүтэлцээ, унаган нутаг, уул ус, ургамал амьтанаа хамгаалж, анд нөхөд, амраг сэтгэлээ хайрлах хүний дотоод мөн чанарыг сайн харуулсан маш сонин содон өвөрмөц кино болсон юм.
Иймээс ч Канын кино наадамд оролцох урилга хүлээн авчээ. Урьд нь “Хожмын дурсамж”, Легница-750″, “Батхаан,” зэрэг баримтат кинонд нь олон улсын “Ямагата” кино наадмын шагналт байрт шалгарсан юм. Харин одоо, морин хуурын тухай “ Говийн домог” уран сайхны кино бүтээж байна.Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, урлаг судлалын ухааны доктор, профессор, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров: ”Хөгжим гэдэг авьяасаар төдийгүй, ухаанаар бүтдэг урлаг” гэв.
Тэгэхлээр Л.Балхжав унаган авьяасаа ухаанаар тордож, урт настай уран бүтээлээ туурвих үүд хаалгаа нээж амжилтад хүрсэн нь лавтай. Жишээ нь, түүний хөгжмийн олон бүтээлийг Улсын филармонийн симфони найрал хөгжим, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга, Морин хуурын чуулга гэх мэтчилэн урлагийн хамгийн том газрууд тоглосон бөгөөд дан хөгжмийн бүтээлүүд нь МҮОНРТ-ээр байнга эгшиглэж, мөнхийн бүтээл болох “Алтан сан” хөмрөгт өөрийн орон зайг нэгэнт эзэлжээ.
Анх Хөгжим бүжгийн коллежийн морин хуурын ангийг Төрийн шагналт, Ардын жүжигчин Г.Жамъянгийн гарын шавиар төгсөж, тун удалгүй, “Морин хуурын”, “Морин хийлийн”, “Хийлийн гоцлол”-ууд зохиосноор, их урлагт эргэлт буцалтгүй хөл тавьсан гэдэг. Энэ л үед Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Д.Пүрэвдоржийн “Амин нутаг” шүлгэнд аялгуулсан анхны дууг нь Ардын жүжигчин Д.Самбуу, “Инээмсэглэл”, “Камертон” хамтлаг, дуучин Н.Ганхуяг, гавьяат жүжигчин Д.Сарантуяа нар цаг цагт өөр өөрийн өнгө аясаар дуулжээ. Хамтлаг, дуучдыг ийн хуйлруулсан урт настай уг дуунаас хойш, хөгжмийн зохиолчийн тоолж баршгүй олон сайхан дуу ар араасаа хөвөрч, “Л.Балхжавын дууг хэн сайн дуулах вэ?” уралдаан бий болж, өдгөө ч уламжлал болон зохиогдсоор байна.
Хөгжмийн айзмаар хүмүүний дотоод сэтгэлийг хөглөх их хүч гагцхүү хөгжмийн зохиолчдод байдаг болохоор 17 жилийн турш тасралтгүй тоглож буй Л.Балхжавын “Миний дуунууд” тоглолт жил бүр Улаанбаатарын концертын хамгийн том танхимыг дүүргэж ОХУ, АНУ, Франц. Япон, Солонгос, Куба,  Филиппин, ӨМӨЗО, Буриадын гээд газар газрын уран бүтээлчид ирж оролцдог нь хөгжмийн зохиолчийн нэр төр, чадал чансааг бүрэн илтгэмүү.
Мөн улс төрийн намууд өөрийн нэршигдсэн дуутай болохыг нэрт хөгжмийн зохиолчоос хүсэмжлэхэд, ямар ч намын харьяалалгүй тэрбээр бүгдийнх нь хүндэтгэлийг болгоон АН-д: “Өнө мөнхийн эх орон”, МАН-д:“Өглөө шиг эх орон”, МАХН-д: “Амин хайрын эх орон” дууг зориулсан байдаг. Харин намуудын өөрийнх нь дуу зохиогдсон тэр л жилд нь тэр л нам сонгуульд ялалт байгуулж байсан нь бэлэгшээн бодох сонин тохиол болжээ. Ямартай ч, хүний сэтгэлийг хөглөн уясаах хөгжмийн эгшиг юутай увидастайг хэлэх юун. Тэрхүү увидасыг бүтээгч, Монголын хөгжмийн ертөнцийн ноён оргилууд болох агуу Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн, С.Гончигсумлаа, Д.Лувсаншарав, Г.Бирваа, Э.Чойдог, Ц.Намсрайжав, Н.Жанцанноров, Б.Шарав нарын зэрэг эрхэмүүдийн залгамж хойч үеийн нэгэн бол нэрт хөгжмийн зохиолч Лхагвадоржийн Балхжав юм.
Түүнийг Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, нэрт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров “Орчин цагийн С.Гончигсумлаа гуайн үүргийг Балхаа л гүйцэтгэж байна” хэмээснийг зориуд онцлууштай. Хэнийг хэн, хэнээр зүйрлэн жишив? гээд бодохуй, Л.Балхжав мэргэжлийн дээд түвшний хөгжмийн зохиолч гэдэг нь илт. Тиймээс ийм хүний сэтгэл оюунаас омогшин оргилох хөг аялгуу гайхамшигтай байхаас ч яах билээ.
Алив авьяастныг аав ээж нь төрүүлдэг ч, авьяасыг нь байгаль ээж хайрладаг болохоор энгүй авьяас тээж, эгэлгүй бүтээл тууривах аваас, тэр Монголын баялаг.
Тухайлваас, энэ цаг дор урлагт баялаг ундруулагч, дундрашгүй авьяастан, дуусашгүй бүтээлтний нэг нь Л.Балхжав бөгөөд тэр яруу найрагч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар, Ү.Хүрэлбаатар, Ц.Хулан, До.Цэнджав нартай дийлэнх дуугаа хийдэг ч, түүнд найрагч анд дэндүү олон тул зөвхөн дууны бүтээл нь өдгөө хагас мянгад хүрчээ. Ийм олон зуун дуутай хүн, “Миний дуунууд хэчнээн цаг хугацаа, орон зайг туулан танд хүрч, баясал гуниг, ухаарлын алиныг нь авчрахыг би таашгүй” хэмээх нь зүй ёс ажгуу. Эрт болон эдүгээгийн зарим яруу найрагч, хөгжмийн зохиолчдод “Эзэнтэй дуу” гэж байдаг.
Тэгвэл 30 гаруй жил ханилан суугаа сайн гэргий, сайхан бүсгүй Ё.Ариунаадаа зориулж, До.Цэнджавын шүлгээр зохиосон “Хайрын дээд хань” дуу нь Л.Балхжавын олон сайхан хит дууных нь нэг болсон юм. Ер нь Балхаагийн дуунууд хүний зүрх сэтгэлд ямагт хүрч, хэн ч чих тавин сонсохгүй байхын аргагүй соронзддог нь түүний иртэй, уртай их авьяасынх бөлгөө.
Тэрбээр гавьяат жүжигчин, Д.Жаргалсайхан, Г.Ариунбаатар, Ө.Уянга нарын дуулсан Төрийн шагналт, яруу найрагч Ц.Бавуудоржийн үг “Гүрэн Монгол чинь хүлээнэ” дууны түүх оршоосон том шүлгэнд яруу тансаг аялгуу зохируулж, монгол хүний элгэмсүү хайлган сэтгэлийг илэрхийлсэн шүлгийн санааг хөгжмийн эгшгээр уясаан, бодол ухааралд хөтөлсөн гайхалтай сайхан дуу бүтээснийг яахан сонсохгүй байх билээ.Ямартай л түүний дууг дуулаагүй л бол “дуучин” биш гэх ойлголт дуучдын дунд хургахав. Ийнхүү тэр, дууны сайнаар шинэ залуу дуучдыг олж, нээж, олонд таниулж, дууны урлагийг хөгжүүлэх үйлсэд тууштай зүтгэсээр л…
Хөгжмийн зохиолчийн эх орон хөдөөгийн сэдэвт бүтээлүүд нь нүдэнд харагдтал сэтгэлд гүн бууцаг нь тэр хүүхэд байхын л морь унаж, адуу манаж, морь хөлсөлж, хонь хариулж тэр ч бүү хэл, тарвага агнаж, хадлан хадаж, ер хөдөөгийн амьдрал дунд өвөө, эмээ дээрээ байнга зуншдаг байсантай нь холбоотой биз ээ. Мөн монгол ая урлах ур ухааныг ч, эндээс олсон нь дамжиггүй. Жишээ нь, яруу найрагч С.Оюунчимэгийн шүлгэнд зохиосон “Талын монгол айл” дууг сонсоход л уудам цэлгэр их талын анир чимээгүйн дунд ганц хоёр, гурав дөрвөөрөө налайн байх мөөгөн цагаан гэрүүд, эргэн тойронд нь амар амгалан идээшлэх мал сүрэг гээд, яг л хөдөө сайхан нутаг тэр чигээрээ дүрслэгддэг.
Өөрөөр хэлбэл, монгол хүний зүрх сэтгэлийг огшоон, самсааг шархируулах үзэсгэлэнт хөдөөгийн даанч сайхныг хөгжмийн хэлээр, уран зураг адил тод томруун харуулсан юм. Ийм сэдэвтэй өөр нэгэн дуу бол дуучин Э.Төрмандахын, дуундаа аархаж омогшин дуулсан, яруу найрагч Ш.Гүрбазарын шүлэг “Хутагтын хурд” дуу. Энэ дуу Л.Балхжавын бас л гайхамшигт дууны нэг. Чухам л дууны гурван жигүүрийн чадал чансаа нар зөв сүлэлдэн нийлж, дуу гэмээ нь дуу болсон сор бүтээл буюу.. Ийнхүү сор гэгдэх хэчнээн дууг нь хэлж барах билээ.
Хүний дотоод сэтгэлийг хөндөж ухаарал нэмэх агуу их хүч, гагцхүү хөгжмийн зохиолчдод илүүтэй оршдог болохоор сайн найрагчийн сайхан шүлэг, сайн дуучны сайхан дуу хоолойг тэр л тодотгон гаргадаг бус уу… Хэдийгээр хөгжмийн зохиолч байлаа ч, нэг хүнээс яаж тийм олон тооны тэнгэрлэг аялгуу төрнө вэ? Мөнөөх төрмөл авьяас гэдэг нь л тэр байх., Гайхамшиг, үнэхээр гайхамшиг.
Соёлын гавьяат зүтгэлтэн, 
“Гоо марал” шагналт, нэвтрүүлэгч  Г.Отгон

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • зочин (February 25, 2016 3:36:04 pm )

    улс орондоо нэг их гай тарьчилгүй өөрийгөө ингээд болгоод явж болоо ш дээ энэнээс илүү яах ёстой юм

antalya rent a car