
Өнгөрсөн оны сүүлчээр Налайх дүүргийн нутаг дэвсгэрт Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн “Ми-8” нисдэг тэрэг осолдсон хэрэг гарсан. Ослын шалтгааныг тогтоохоор Зэвсэгт хүчний жанжин штабын ажлын хэсэг, Цагдаа, прокурорын албан хаагчид хамтран шалгаж эхэлсэн ч бүтэн хоёр cap өнгөрч байхад энэ талаарх шалгалтын дүн эцэслэн гараагүй л байна. Уг нь өнгөрсөн сард БХЯ- ны удирдлагууд осолдсон онгоцны хар хайрцгийн мэдээллийг уншуулахаар ОХУ руу илгээсэн хэмээн хэлсэн ч хариу ирсэн эсэх талаарх мэдээлэл нь бүрхэг байгаа юм.
Тэгвэл энэхүү осолдсон онгоцны хар хайрцгийн мэдээллийг Москва хотын Олон улсын агаарын хөлгийн ослын шалтгааныг тогтоох мэргэжилтнүүд уншиж дуусгаад хариуг нь өнгөрсөн сарын 27-ны өдөр манай талд явуулжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар хар хайрцгийн мэдээллийг уншихад манай талаас Иргэний нисэхийн Ерөнхий газрын хоёр шинжээч, БХЯ-ны албаны хоёр хүн байлцжээ. Хар хайрцгийн мэдээлэл 10- 20 хуудас болсон бөгөөд үүнийг орчуулан УМБГ-ын шинжээчдэд өгөх бөгөөд тэд орчуулсан материалийг үндэслэн дүгнэлтээ гаргах гэнэ. Манай шинжээчдийн урьдчилсан таамгаар онгоц хэт нам өндөрт орсноо анзааралгүй буухаар доошилсон нь осолдох шалтгаан болсон байж магадгүй байгаа аж.
Ямартай ч осолдсон онгоцны хар хайрцагны мэдээлэл хуулийн байгууллагад ирчихэж. Тэгэхээр онгоц юунаас болж осолдов? Өнгөрсөн хугацаанд манай сонин энэ талаарх мэдээллийг тухай бүр мэдээлэн хүргэж байсан ба мэдээлэл нийтлэгдсний дараа тус яамны удирдлагууд ажилтнуудаа эгнээн зогсоож “Та нарын хэн нь энэ мэдээллийг гадагш гаргасан бэ” гэж асуун эх сурвалжийг нь олохыг ихэд чармайжээ. Мэдээж удирдлагуудынхаа энэ үйлдлийг албан хаагчид нь ил цагаан хэлж чадахгүй ч ямар нэгэн байдлаар мэдээлэл гадагшаа цацагддаг нь нууц биш. Яг үнэндээ өнгөрсөн хугацаанд Зэвсэгт хүчний нэг бус онгоц осолдож байсан ч дахин ийм осол гаргахгүй байх талаар ямар арга хэмжээ авч хэрэгжүүлсэн юм бол? Юутай ч холбогдох албан тушаалтныг ажлаас чөлөөлөх, тушаал бууруулах зэрэг арга хэмжээ авч байсан. Гэхдээ ингэлээ гээд дараагийн ослын шалтгаан, нөхцөлийг хааж чадсангүй. Хатуу боловч үнэн үг гэвэл хариуцлага алдсан тухайн ангийн удирдлагыг ажлаас нь яаралтай чөлөөлж орных нь хүнээр хэнийг томилох вэ гэсэн албан тушаалын халаа сэлгээ л явагдсан.
Уг нь бид өнгөрсөн сарын 14-ний өдөр Зэвсэгт хүчний Жанжин штабын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн Улсын нисэхийн хэлтсийн дарга Б.Дашаахүү хугацаа нь дууссан гэх дээрх осолдсон онгоцыг дахин нисгэхийн тулд сунгалтыг нь хууль бусаар хийсэн талаар мэдээлсэн. Гэтэл БХЯ-ны удирдлагууд энэ талаарх мэдээллийн үнэн худлыг дэнслэхгүйгээр мэдээлэл өгсөн байж болзошгүй алба хаагчдаа л хардаж эхэлсэн. Үнэхээр осолдсон онгоцны хугацаа нь дууссан байхад хуурамч сунгалт хийлгэж, эцэст нь хүний амь үрэгдэхэд хүргэсэн бол энэ нь өөрөө маш том гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм. Энэ талаарх мэдээллийн мөрөөр БХЯ-ны удирдлагууд үнэн, худлыг нь дэнслэх ёстой байтал өнөөг хүртэл таг хэвээр байгаа нь хачирхалтай. Уг нь хэвлэл мэдээллээр гарч байгаа ноцтой мэдээллийн мөрөөр албаныхан хариу тайлбар өгч буруу, зөвийг нь нотолдог. Гэтэл гэмт хүн гэлбэлзэнэ гэгчээр өөрсдийнхөө хууль бус үйлдлийг хаацайлахын тулд алба хаагчдаа урдаа номхон зогсоож байгаад хүүхэд шиг загнана гэдэг нь зүйд нийцэхгүй баймаар юм. Хэрвээ хууль хяналтынхан осолдсон онгоцны хэргийг үнэн зөвөөр нь тогтоож чадвал маш олон ноцтой үйлдлийг ил болгох нь дамжиггүй.
1 Comment