
“Биокомбинат”-ын захирал Д.Насанжаргал 2010 оны сүүлчээр тэтгэвэрт гарснаар энэ үйлдвэрт бужигнаан үүсчээ. ТӨХ 2010 оны гуравдугаар сарын 25-нд 124 дүгээр тогтоолоороо баталсан “Төрийн өмчит компани, аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирлыг сонгон шалгаруулах, ажилд томилох, чөлөөлөх журам”-аа зөрчин, ямар ч сонгон шалгаруулалт явуулалгүйгээр “Биокомбинат”-ын захирлаар “Цагаан залаа агвет” ХХК-ийн захирал Б.Баттогтохыг шууд томилжээ. Журам зөрчсөн гэдэг нь “Биокомбинат”-ын захиралд тавих шалгуурт малын эмч, тус мэргэжлээр мэргэшсэн, ашиг сонирхлын зөрчилгүй, төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан гэх зэргийн шалгуур тавьдаг аж. Харин тус үйлдвэрийн захирлаар томилогдсон Б.Баттогтох нь дээрх шалгууруудын ганцыг нь ч “давж” гарахгүй аж. Үүнийг доорх жишээгээр бататгаж болно.
Нэгдүгээрт, 2008 онд “Цагаан залаа агвет” ХХК-ийн захирал Б.Баттогтох нь ТӨААҮГ-тай бүтэн долоон сарын турш заргалдаж, Дээд шүүх хүртэл явж ялагдаж байсан. Тухайн үед “Цагаан залаа агвет” ХХК нь “Биокомбинат”-тай тендерт өрсөлдөж байжээ. Энэ нь Б.Баттогтохыг Биокомбинатын захиралд нийцэхгүй буюу ашиг сонирхлын зөрчилтэйг харуулж байгаа хэрэг.
Хоёрдугаарт, 2009 онд Б.Баттогтох нь вакцин үйлдвэрлэлийн технологийн баримт бичиг болох Технологийн заавар, стандарт, омгийн паспорт зэргийг өөрийн “Цагаан залаа агвет” ХХК руугаа Б.Дуламсүрэн гэгч этгээдээр хулгайлуулж байсан нь илчлэгдсэн байна. Уг булхайг нь Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч н.Эрдэнэбаатар шалгаж байжээ. Хууль бус ийм үйлдэл хийсэн хүн “Биокомбинат”-ын захирлын суудалд суухад даанч ичгэвэртэй.
Гуравдугаарт, Б.Баттогтох нь 2010 оны хоёрдугаар сарын 28- нд Ерөнхий сайд С.Батболдод хандаж, Биокомбинатын талаар гүтгэлэг доромжлол илгээж, 25 сая долларын шинэчлэлийг эсэргүүцэж, өөртөө 3-4 сая доллар хэрэгтэй байгаа талаар захидал бичсэн байдаг. Дэлгэрэнгүй өгүүлбээс, “Биокомбинат” үйлдвэрийг шинэчлэх зориулалтаар Унгараас авч буй зээл тусламжаас хувь хүртэх зорилгоор 2010 оны хоёрдугаар сарын 28-нд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод захидал илгээжээ
Тэрбээр уг захидалдаа “Зээлээр сайхан үйлдвэрийн байр, тоног төхөөрөмж ”Биокомбинат”-д бий болох хэдий ч дэлхийн биотехнологийн үсрэнгүй хурд, хөгжлийг ажил хэрэг болгох, монгол хөрсөнд суулгах чадварлаг боловсон хүчин, мэргэжилтэн тус үйлдвэрт байхгүй гэдгийг таны сонорт энэ ялдамд хүргэж байна. Засгийн газар БНУУ-аас “Биокомбинат”-ын шинэчлэлд зориулж 25 сая ам.долларын зээл авч байгааг бид буруу гэж үзэхгүй. Гэхдээ энэ зээлийг нэгэнт хөгжихөө больсон монополь үйлдвэрт өгч, зээлийн үр ашгийг хэт бууруулснаас, биологийн 2-3 үйлдвэр байгуулахад зээлийн зохих хувийг зарцуулах нь хамгийн оновчтой шийдэл болох төдийгүй, улс орны үндэсний аюулгүй байдалд чухал хэрэгтэй юм. Оюуны бүтээлд суурилсан үндэсний үйлдвэрлэгчийг дэмжсэн зээл “Биокомбинат”-д ч, мөн хувийн хэвшлийн манай үйлдвэрт ч ус, агаар мэт хэрэгтэй байна.
Иймд мал сүргийн эрүүл мэндийг сахин хамгаалах, улмаар хүнсний аюулгүй байдлыг хангах нэг зорилготой биологийн хоёр үйлдвэрийг өмчийн хэлбэрээр нь ялгахгүйгээр, шударга өрсөлдөх боломж олгон, Засгийн газрын зүгээс бодитой тусалж, ухаалгаар дэмжин дотоод, гадаадын аль нэг эх үүсвэрээс 3-4 сая ам.долларын урт хугацааны, бага хүүтэй зээлийг манай үйлдвэрт олгож өгөхийг хичээнгүйлэн хүсье” гэжээ. Тэрбээр “Био комбинат”-д ирэх 25 сая ам.доллараас хувийн компанидаа унагахыг санаархдагийг Ерөнхий сайдад илгээсэн дээрх захидлаас нь тодорхой харагдана гэж тус үйлдвэрийн мэргэжилтнүүд үзэж буй аж. Түүгээр зогсохгүй Б.Баттогтох нь “Биокомбинат”-ын захирлаар томилогдсон даруйдаа өөртэй нь санал нийлэхгүй олон мэргэжилтнийг хууль бусаар хоморголон халжээ. Замдаа саад болсон хүн бүрийг Б.Батогтох зайлуулж, замаа чөлөөлж эхэлсэн байна. Тухайлбал, Ерөнхий эмч Ц.Өлзийтогтох, Бэлтгэл цехийн эрхлэгч С.Туяа, Вакцин үйлдвэрлэлийн I цехийн эрхлэгч М.Хаш билэг хоёрыг ажлаас нь халж, Жижиг амьтан үржүүлгийн цехийн эрхлэгч Д.Уранчимэг, Вакцин үйлдвэрлэлийн II цехийн эрхлэгч Б.Баяртогтох, Эсрэг ийлдэс үйлдвэрлэлийн цехийн технологич Г.Ганзориг нарыг тушаал бууруулан, оронд нь өөрийн хүнээ тавьжээ. Өөр олон хүнд халах сануулга өгч, заримыг нь талдаа татахаар элдэв арга хэрэглэж байгаа аж.
Б.Баттогтохын ар тал
Тэрбээр Өвөрхангай аймгийн уугуул, нийслэлийн суугуул иргэн. Бүр тодруулбал, ХААИСийн ректор, доктор профессор Б.Бямбаагийн дүү, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны тэргүүн Б.Бямбабаярын ах гэвэл өврийн хангайнхан манай нутгийн “унага” байна гэж мэднэ. Төрийн өмчийн хорооны дарга хүн байлаа. Тэр нь Өвөрхангай “угшилтай”, тэндээс УИХ-д нутгаасаа сонгогдож байсан. Нутгархаг үзэл газар авсан өнөө үед энэ зэргийн жалга, довны үзэл бага хэрэг гэж болох ч үүний цаана ашиг сонирхлын том зөрчил явагдаж байгаа аж. Одоогоос хэдэн жилийн өмнө ШУА-ийн харьяа Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Б.Бямбаа төрийн өмчит ХААИС-ийн захирлаар томилогдон ирсэн. Түүнийг энэ суудалд хүргэсэн хүн нь нутгийн дүү Төрийн өмчийн хорооны дарга байсан эр юм. Тэрээр Б.Бямбааг ХААИСийн ректор болгосон түүхтэй аж. Б.Бямбаа ректор ХААИС-д ирэх хүртлээ эрдмийн мөр хөөхийн зэрэгцээ малын эм, тарилга, вакциныг дотооддоо хийдэг хувийн үйлдвэртэй байсан. Малчдын хамгийн сайн мэдэх “Ивомек” гэдэг эрэлт хэрэгцээтэй тариаг хийж мал сүргийг хамуу, хачигнаас нь салгахад багагүй үүрэг гүйцэтгэсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг байлаа. Ямар сайндаа л Б.Бямбаа захирал УИХ-д нэр дэвшинэ гэж байхдаа нутгийнхаа малчдад “Ивомек” тариаг тонн тонноор нь үнэгүй тарааж байсан удаатай. Тун удалгүй нутгийн хүнийхээ татаасаар ХААИС-ийн захирал болсон Б.Бямбаа хувийн үйлдвэрээ төрсөн дүү Баттогтохдоо шилжүүлжээ. Шилжүүлсэн ч гэж дээ нэр нь Баттогтохынх боловч нидэр дээрээ Бямбаагийн өмч гэдгийг Монголын малын эмч нар мэддэг байна. Нутгийн ах дүү хоёрын ажлын уялдаа холбоо хүрээгээ тэлж, эгнээгээ өргөжүүлсэн байна. Үүний илрэл нь зарим нэг арга мэхтэй хүмүүсийн арааны шүлсийг асгаруулдаг “Биокомбинат” төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын суудлыг авах явдал байжээ. Ингээд том хуйвалдаанаар дээрх үйлдвэрийн газрын захирлын суудалд Б.Бямбаагийн төрсөн дүү Баттогтох “томилогдсон” байна.
Ж.Ганбат: Биокомбинатын захирлын суудал анхнаасаа л улс төрийн оролцоотой байсан
Биокомбинатын Чанарын хяналт шинжилгээний лабораторийн эрхлэгчээр ажиллаж байгаад халагдсан Ж.Ганбатаас зарим зүйлийг тодрууллаа.
-Биокомбинатын захирал солигдсоноор тэнд олон асуудал гараад байгаа юм билээ?
-Тийм ээ. Манай үйлдвэрт Б.Баттогтох гэгч итгээд шургалах болсноос хойш үйл ажиллагаа болоод олон зүйл доголдох болсон. Ер нь энэ хүнийг ТӨХоос энд томилсон нь анхнаасаа л хууль бус хуудуутай ажил болсон. Захирлын сонгон шалгаруулалтын тухайд маш их юм ярьж болохоор байгаа юм. Уг нь ТӨХ нь салбар хүрээний яамтай зөвшилцөж, олон нийтэд нээлттэй. тендер улс орон даяар зарлаад шалгуур тавих ёстой. Гэтэл шалгуур тавих нь байтугай тендер ч явуулалгүй Б.Батогтох гэдэг хүнийг шууд л аваад ирсэн. Төрийн өмчийн хороо нь гаргасан журмаа зөрчөөд л Б.Баттогтохыг гаргаад ирэх жишээтэй. Ер нь л захирлын суудал илт дээрмийн шинжтэй болоод өнгөрсөн. Болсоор ч байна.
–Дээрмийн шинжтэй гэлээ. Үүнийгээ жаахан тодруулахгүй юу?
-Ерөөсөө л албан тушаалтнуудын авлига, хээл хахуулийн торонд Биокомбинат орчихоод байна шүү дээ. Манай үйлдвэрийнхэн тухайн үед хууль бусаар томилогдсон Б.Баттогтохын үйлдлийг өөрсдөө болон шүүх илрүүлсэн. Тиймээс ч анх ирж байхад нь тамга тэмдгийг нь үйлдвэрийн хаалгаар оруулаагүй юм. Тэр үед Б.Баттогтох заналхийлээд явсан. “Би заавал энд томилогдож ирнэ. Тэгээд та нарыг хална” гэж заналхийлээд гарч байсан. Тэгэхэд хажууд нь төрийн өмчийн хорооны хүмүүс ч байсан. Тэдний нүүрэн дээр нь тэгж хэлээд гарч явж байгаа юм.
– Б.Баттогтох тус үйлдвэрийн захирлаар томилогдох боломжгүй хүн үү?
-Олон талаараа энэ хүн тэнцэхгүй шүү дээ. Наад захын жишээ дурдъя. Биокомбинатын захирал байх хүн чинь хоёр мэргэжилтэй байх ёстой. Малын эмч, биохимичийн мэргэжлийг эзэмшсэн байх. Харин Б.Баттогтох бол хүний эмч хүн. Цаашлаад Биокомбинаттай асар их ашиг сонирхлын зөрчилтэй. Мөн тус үйлдвэрийн захирал хүн хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлгүй байх ёстой. Харин Б.Баттогтох гэдэг нөхөр дампуурсан “Зоос” банкинд 753 сая төгрөгийн зээлтэй байх жишээтэй. Түүнийг нь бид шүүхийн журмаар нотлуулаад гаргаад ирсэн. Ийм байхад л Б.Батогтохыг гаргаад ирсэн нь цаанаа хуйвалдсаны шинж.
-Хуйвалдсан гэдгийг нь юугаар батлах юм?
-Тавьсан шаардлагад бүрэн нийцээгүй хүнийг гаргаж ирснээр нь л үүнийг нотлоход хангалттай. Төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан уу гэвэл үгүй. Ганц ч өдөр ажиллаагүй. Тухайн байгууллагын үйл ажиллагааны чиглэлээр мэргэшсэн үү гэвэл үгүй. Мөн Хууль зүйн дээд боловсролтой юу, бас л үгүй. Ашиг сонирхлын зөрчил бий юу, байгаа. Ер нь ТӨХноос тус үйлдвэрийн захиралд нэр дэвшсэн дөрвөн мэргэжлийн хүнийг шууд хасаад, харин ганцхан мэргэжлийн бус хүнийг гаргаад ирэх жишээтэй. Б.Баттогтох захирлаар очсоноосоо хойш үнэхээр илэрхий дээрэм хийж эхэлсэн. Хууль бусаар буюу үндэслэлгүй 20-иод хүнийг, мөн түүнтэй хамтарч ажиллах боломжгүй гэсэн өргөдлөө өгсөн 10 гаруй нийлээд гучаад хүнийг ажлаас нь халаад байна. Хууль бус гэдэг нь шүүхээр ч тогтоогдсон.
-Хууль бусаар халагдсан хүмүүс шүүхийн шийдвэрийн дагуу эргээд ажилдаа орсон уу?
-Б.Баттогтох оруулахгүй байгаа. Харин халагдсан хүмүүсийн оронд маш их хүн хэтрүүлэн ажилд авсан. Ажилд авсан тэр хүмүүс нь ямар хүн байна гэхээр тэтгэвэртээ гарсан, өөртэй нь хамтарч ажилладаг байсан, өөрийнх нь хувийн компанид ажиллаж байсан хүмүүсийг аваад байгаа. Тэр үйлдлийг нь мэргэжлийн хяналтын газраас ч тогтоогоод байгаа шүү дээ.
-Та түр хороо байгуулаад ажиллаж байгаа юм байна. Холбогдох газар нь буюу ТӨХ, ХХААХҮЯ-ны удидлагуудад Б.Баттогтохын хууль бус үйлдлийн талаар хандсан л биз дээ?
-Бид Ерөнхий сайд, ХХААХҮЯ-ны сайд, ТӨХ-ны даргад удаа дараа хандсан. Гэвч тусыг эс олдог. Нэг, нэгэн рүүгээ л шидээд байдаг. Энэ бүхнээс дүгнэхэд Биокомбинатын захирлын суудал анхнаасаа л улс төрийн оролцоотой байсан юм билээ. Б.Баттогтохын цаана хорыг нь найруулж байгаа хүн бол тухайн үеийн ТӨХ-ны дарга, ХААИС-ийн захирал Б.Бямбаа нар юм. Учир нь Б.Баттогтохын хууль бус үйлдлийг удаа дараа Ерөнхий сайд С.Батболд, Т.Бадамжунай, Д.Сугар нарт сануулаад байхад л томилно гэдэг шударга бус хэрэг. Ер нь Б.Баттогтохтой холбоотой болж бүтэхгүй олон юм дурдаж болно.
-Жишээлбэл?
-Б.Баттогтох Биокомбинатын захирлаар томилогдож ирснээсээ хойш Вакцин үйлдвэрлэлийн 1, 2 дугаар цехүүдэд үйлдвэрлэлийн явцад технологийн алдаа доголдол олонтаа гаргасан. Үүнээс болж ойролцоогоор 180 сая гаруй төгрөгийн үнэ бүхий 9000 литр гологдол шингэн вакциныг асгаж устгасан тухай баттай мэдээлэл байгаа. Мэргэжлийн хяналтын газрын шалгалтын тогтоосноор өнөөдрийн байдлаар 350 гаруй сая төгрөгийн үнэ бүхий вакциныг үйлдвэрийн дотооддоо стандартын шаардлага хангахгүй үйлдвэрлэж устгаад байж байна.. Мөн шинэ жилийн үйл ажиллагааг 30 гаруй сая төгрөгийн үрэлгэн зардалтай зохион байгуулсан. Түүнчлэн үйлдвэрлэлд бага хэмжээгээр шаардагддаг Панкилсин ферментийг тендер зарлалгүйгээр “Монэнзим” ХХК-иас их хэмжээгээр худалдан авч, зориулалтын бусаар ажигласан байдаг. Үүнээс болж 10 гаруй сая төгрөгийн үргүй зардал гарсан байх жишээтэй. Энэ мэтчилэн олон зөрчлийг хэлж болно. Хамгийн гол нь манай түр хороо энэ хүний зөрчил дутагдал, мууг нь үзэх гэсэн үгүй. Биокомбинатын үйл ажиллагааг доголдолгүй явуулж, малчдад чанарын өндөр түвшний вакцин хүргэхийг эрмэлзэж байна. Харин Б.Баттогтох мэт хүмүүс энэ мэт хууль бусаар ашиг хонжоо хайж, Биокомбинатад шургаж байгаад эмзэглэж байна.
С.ӨЛЗИЙБАЯР

Холбоотой мэдээ
Comments are closed.