Гадаадаас авчрах боломжтой олдворууд олон байна
Түрүүч нь 2016.01.18-ны дугаарт
Хууль бусаар олборлож, хил дамнуулан АНУ-д худалдаж, цааш нь дамлах гэж байсан Т.Батаарыг хэн гаргасан нь тодорхой болсон. Гэсэн хэдий ч Өмнөговийн Нэмэгтийн хөндийгөөс олборлоод ямар арга замаар хил давуулсан, тэрэнд нь хил, гаалийнхан хэрхэн оролцсон нь тодорхойгүй л байна.
Цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэх мэдээлэл өгөхөөс хэтрэхгүй. Өдгөө энэ хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж. Харин ахиж урагшилсан, Монголоос хууль бусаар гаргахад тусалсан гаальчдыг олж хариуцлагад татсан нь нэгээхэн ч үгүй.
Энэ нь магадгүй тухайн үед гаалийн байгууллагад ажиллаж байсан эрхмүүд, тэдний хамсаатнууд төрийн өндөр албан тушаал хаших болсонтой ч холбоотой байж мэдэх.
Гэхдээ манай цагдаагийн байгууллагынхан шаргуу ажиллаж, дэлхийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байсан мафийн сүлжээг илрүүлэн Монгол (Т болон түүнтэй хамт ажиллаж байсан жолооч Ө, малтагч Ө ), БНСУ (Яан), Англи (Крис Мүүри), Япон (тус улсад амьдардаг АНУ-ын иргэн Холлис Баатс), АНУ дахь (Эрик Прокопи) хань хамсаатнууд энэ ажилд оролцож байсныг тогтоочихоод байгаа.
Тэдний “минерал шоу” нэрээр халхавчилсан хууль бус наймааны улмаас Монгол орны өмнөд хэсгийн хөрс шороон дор XXI зуун хүртэл нуугдаж байсан палеонтологийн маш ховор олдворууд, тэр дундаа үлэг гүрвэлийн чулуужсан яснууд дэлхийгээр хэрэн хэсэж, наймаалагдах болсон юм.
Харин манай хууль хяналтын байгууллага, БСШУЯ, Палеонтологийн хүрээлэн, Үлэг гүрвэлийн музейнхэн хамтран шаргуу ажилласнаар Монголоос гаралтай олдворуудыг эх оронд нь авчрах нөхцөл боломжийг бүрдүүлжээ.
Харамсалтай нь манай улсад нүүрлэсэн эдийн засгийн хямрал хариас эх орноо чиглэсэн палеонтологийн олон зуун олдворыг хүлээн авч чадахгүйд хүрч болзошгүй байгаа.
Яагаад гэхээр төмөр зам, усан зам, агаарын тээврээр авчрах зардалд төлөх мөнгө улсад байхгүй болсонтой холбоотой бололтой. Гэхдээ БСШУЯ, Палеонтологийн хүрээлэн, Үлэг гүрвэлийн музейнхэн Монголоос гаралтай палеонтологийн олдворуудыг эх оронд нь авчрах, судалгааны эргэлтэд оруулах ажлыг шат дараатай хийж буй юм билээ.
Хуучнаар ССАЖЯ, түүний дэргэд үйл ажиллагаа явуулж байсан Палеонтологи, археологийн музейн шинэчлэл (ПАМШ) төслийнхөн Эрик Прокопигийн худалдахыг завдсан Т.Батаарыг эх оронд нь авчрах, олон нийтийн хүртээл болгох зардлыг хариуцсан.
Өдгөө ч тэд харьд гарсан олдворуудыг эх оронд нь авчрах боломжийг эрэлхийлж, зардал мөнгийг нь улсын төсөвт суулгуулахын төлөө зүтгэж байна. Харин бидний сонгосон түшээд маань эх оронч үзэл гаргаж, гадаадаас өгөх боломжтой гэсэн олдворуудыг авчрах зардал мөнгийг шийдвэрлэх хэрэгтэй болжээ.
АНУ-ЫН ДОЛООН МУЖИД МОНГОЛЫН ПАЛЕОНТОЛОГИЙН
ОЛДВОРУУД ХУРААГДЖЭЭ
Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад Засгийн газраас палеонтологийн олдворуудыг харилцан маргаангүй нөхцөлөөр эх оронд нь авчрахад гарын үсэг зурах эрх олгосон. Хэчнээн олдвор тэнд байгааг өнөөдөр уншигчид сайн мэдэхгүй.
БСШУЯ, Үлэг гүрвэлийн музейн эрдэм шинжилгээний ажилтны хэлснээр тус улсын долоон мужид Монголоос гаралтай палеонтологийн олдвор байгаа нь тодорхой болж, АНУ-ын Дотоод аюулгүй байдлын департаментаас хураан аваад байгаа юм байна.
Хамгийн сүүлд гэхэд Нью-Иорк мужийн өмнөд хэсгийн шүүх Нью-Жерси мужийн Нью-Арк боомтод хураагдсан Алиорамус нэртэй үлэг гүрвэлийн гавлын яс Монгол Улсаас хууль бусаар очсон болохыг нь тогтоож, эх оронд нь хүлээлгэн өгөх шийдвэр гаргаад байна.
Манай тал ч хүлээн авах бэлтгэл ажлын хүрээнд Элчин сайдад эрх олгосон юм билээ. Үүнийг хууль бусаар гаргасан сүлжээ нь талийгаачийн Т-ын оролцсон бүлэглэл болох нь тодорхой болсон талаар цагдаагийн байгууллагын эх сурвалж хэлж байгаа. БНСУ-Франц-АНУ гэсэн маршрутаар гаргасан 90 гаруй олдворын нэг нь ийнхүү хураагдсан аж.
Албан бус мэдээллээр өдгөө АНУ-ын Денвер, Оригон, Аризона, Флорида, Теннисси, Колародо, дээр дурдсан Нью Жерси гэсэн долоон газарт палеонтологийн 11 олдвор байгаа юм байна.
Энэ талаар албаны хүн “Монголоос гаралтай палеонтологийн олдворуудыг хамгийн түрүүнд өнгөөр нь мэдэж болдог. Бусад улсаас олдсон олдворууд хар, бараандуу өнгөтэй байдаг бол Монголоос олдсон нь газрын хөрс, говь, цөлийн бүсэд хамаардаг болохоор цайвар шаргал өнгөтэй байдгаар нь бусдаас ялгаж таньж болно.
АНУ-д хураагдсан олдворуудын олонх нь Монгол Улсаас аваачсан гэдгийг тус улсын шүүх нотолж, харилцан маргаангүй нөхцөлөөр эх оронд нь шилжүүлэх талаар гэрээ байгуулах бэлтгэл ажил хийгдэж байна” гэсэн юм.
Монгол Улсаас гаралтай палеонтологийн олдвор болохыг баталж, шүүхээр эцэслэн тогтоолгохын тулд багадаа 2-3 сар, цаашлаад хагас жил хүртэл хугацаа зарцуулдаг юм байна.
Холливудын алдарт жүжигчин Николас Кэйжийн эх оронд нь шилжүүлэн өгөхөөр мэдэгдсэн батаарын гавлын ясыг Монголынх гэдгийг батлахаар өдгөө АНУ-ын шүүх нотлох баримт цуглуулах ажилд ороод байгаа бөгөөд уг яс 2006 онд Монголоос гарч арилжааны палеонтологич гэх хүмүүсийг хууль бус замаар явсаар 2007 онд Калифорнийн минерал аукцион дуудлага худалдаагаар борлуулсан юм билээ.
НОТЛОХ БАРИМТАА ГАРГАЖ ӨГВӨЛ ФРАНЦ, БНСУ
МАНАЙД ШИЛЖҮҮЛНЭ
АНУ-ын нутаг дэвсгэрт хураагдсан Монголын говиос гаралтай палеонтологийн олдворууд эх орондоо ирэх нь бараг л тодорхой болж. Хөрөнгө мөнгө нь байдаг бол олон улсын тээвэр зуучлалаар эх орондоо авчрахад ойрхон болсон гэхэд ч буруудахгүй.
Тэгвэл бусад улс ч Монголынх гэдгээ нотолж чадвал эх оронд нь шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэсэн утгатай бичиг манай БСШУЯ, ХЗЯ-нд ирүүлсэн гэх мэдээлэл байна.
Талийгаач Т-ын гар хөл болсон гаалийн байгууллагын зарим ажилтан “Монгол гэр” гэсэн бүрдүүлэлтээр палеонтологийн олдворуудыг хил давуулсан нь тодорхой болсон талаар бид өмнө нь мэдээлсэн.
Уг нь аливаа байгууллага архив, сан хөмрөгтөө бичиг баримтаа хадгалж үлдээдэг. Тэгвэл гаалийнхан тэгээгүй бололтой.
Сан хөмрөгөөс нь хил давуулсан палеонтологийн олдворуудын гаалийн бүрдүүлэлтийг хянаж үзэхэд ямар ч баримт олдоогүй нь мөрдөн байцаах ажилд саад учруулаад байгаа гэх мэдээлэл байна.
БНСУ, Японы талд “Монгол гэр” гэсэн бүрдүүлэлтээр очсон баримт нь байгаа атал эндээс бүрдүүлэлтийн дугаар, холбогдох хавсралт нь олдоогүйгээс гаалийнхан архивын баримтаа устгасан байж болзошгүй гэсэн хардлага төрөөд байгаа юм.
Гэхдээ хууль бусаар гарсан палеонтологийн олдворууд орчны шинжилгээ зэргээрээ Монголынх болох нь батлагдаад байгаа. Тиймдээ ч Бельги, Франц,БНСУ-ын тал нутаг дэвсгэрт нь хураагдаад байгаа чулуужсан яснуудыг эх оронд нь өгөх боломжтой гэдгээ илэрхийлсэн аж.
Тухайлбал, Бельгийн Рояал музей болон шинжлэх ухааны байгууллагатай нь тус улсад суугаа манай улсын Элчин сайд Даваадорж хамтын ажиллагааны санамж бичиг байгуулжээ.
Энэ талаар БСШУЯ-ны Соёлын өвийн хэлтсийн дарга С.Урантөгс “Европ руу гарсан археологи, палеонтологийн олдворуудыг цуглуулан Бельгид төвлөрүүлж, судалгааны эргэлтэд оруулах, цаашид Монгол Улсын өмч гэдгийг баталгаажуулах, судалгааны эргэлтээс гарсан олдворыг эх оронд нь шилжүүлэх талаар хамтын ажиллагааны санамж бичиг 2015 оны арваннэгдүгээр сарны 22-нд БСШУЯ-ыг төлөөлж Элчин сайд Даваадорж байгуулсан” гэсэн юм.
Энэ ажлын хүрээнд Завролоф хэмээх үлэг гүрвэлийн үр хөврөлийн чулуужсан олдворыг эх оронд нь авчрах ажлыг БСШУЯ, Палеонтологийн хүрээлэн, Үлэг гүрвэлийн музей, ПАМШ төсөл зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод буй гэнэ.
2013 онд дуулиан шуугиантайгаар эх орондоо ирсэн Т.Батаарын ихэр Францад байгаа. Өдгөө тус улсын хууль хяналтын байгууллага гарал үүслийг нь тогтоохоор шалгаж буй гэнэ. Харин энэ хугацаанд уг олдворыг Францын Лион хотын “Музей де Комплюс”-т хадгалж байгаа аж.
Тус улсын тал Монголынх гэдгийг баталбал шилжүүлэн өгөхөд татгалзах зүйлгүй гэж мэдэгдсэн гэх. Хэрэв баталж чадахгүй бол түүнийг олж авсан өөрийн улсын иргэнийхээ талд шүүхийн шийдвэр гаргах магадлал өндөр байгаа аж.
Эдгээр олдвороос гадна БНСУ-ын хууль хяналтын байгууллага 11 хайрцаг бүхий 11 олдвор хурааж аваад байгаа тухай бид өмнө нь мэдээлсэн. Түүнийг эргүүлэн авах ажил бэлтгэл шатандаа байгаа сурагтай. Гэхдээ тус улсын тал бас л Франц шиг нотлох баримт нэхэж буй гэнэ.
Дэлхийн хэмжээний сүлжээг илрүүлэн хууль бус наймааг нь нурааж чадсан жижигхэн Монголын чадавх өнө эртний олдворууд манайх гэдгээ баталж чадах нь дамжиггүй.
Харин дэлхийгээр тархсан палеонтологийн 100 гаруй төрлийн олдвороо эх оронд нь авчирч чадлаа гэхэд түүнийг агуулах байр сав, Үлэг гүрвэлийн музей маань бэлэн бил үү. Үүнийг бид дараагийн цувралдаа сурвалжлан хүргэх болно.
Үргэлжлэл бий
Г.РАВЖАА
Холбоотой мэдээ
-
иргэн (January 22, 2016 1:57:04 pm )
жирийн нэгэн иргэд нь амь зууж аж төрөх орон байхгүй байхад юун тэр эртний ясны байр бэлдэх вээ? Харин тэдгээрийг одоо байгаа улс орнуудтай нь тохиролцон худалдан борлуулж,эдийн засагтаа нэмэрлэх хэрэгтэй……
1 Comment