Ам.долларын ханшийн өсөлттэй холбоотойгоор Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо Монголбанкийг шүүхэд өгөхөөр болжээ. Энэ талаар МҮЭХ-ны Ерөнхийлөгч С.Ганбаатараас цөөн асуултад хариулт авлаа.
-Монголбанкийг шүүхэд өгч байгаа гэсэн үү?
-Тийм ээ. Манай улсын эдийн засаг хүнд өвчин тусаад байна. Тэр өвчнийг Монголбанк анагааж чадахгүй байна. Үүнээс болж инфляци өслөө. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдээд байна. Яагаад ийм болов. Монголбанкны ам.долларын албан ханш нэг сарын дотор 1336-1428 төгрөг хүртэл өссөн. Тэгтэл Монголбанк юу ч хийлгүй байсаар байгаад оройтож интервенц хийсэн. Энэ бол зөвхөн өвчнийг түр л намдааж байгаа зүйл. Дараа нь нөөцийн бодлого хийх хэрэгтэй байгаа юм. Үүнийхээ дараа гаднаас орж ирж байгаа болон гарч буй мөнгөний урсгалын тэнцлийг хийх ёстой. Тэгтэл өнөөдөр 1.3 тэрбум төгрөгийн алдагдалтай байна. Дээрх шалтгаан эдийн засгийг хүнд байдалд оруулна гэдгийг Монголбанкныхан мэдэж байсан. Гэвч ямар ч арга хэмжээ авахгүй байсаар байгаад ийм байдалд хүрлээ. Тэгээд л инфляцийг хөөрөгдсөн хариуцлагыг Монголбанк хүлээх ёстой гэж бид үзэж байна. Ийм хариуцлагагүй байдалд хүргэсэн Монголбанк, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг зэргийг шүүхэд өгөх гэж байгаа юм.
-УИХ-д эдийн засгийн хямралын талаар уулзалт зохион байгаалах гэж байгаа гэж байсан уу?
-УИХ-аас холбогдох байгууллагуудад хариуцлага тооцуулах, Засгийн газраас иргэд хөдөлмөрчдийн нуруун дээр ирж буй ачааллыг зөөллөх зорилгоор ямар арга хэмжээ ааахаар төлөвлөж байгаа талаар мэдээлэл хийхийг шаардаж энэ сарын 9-ний өдөр Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороог хуралдуулахыг шаардсан бичиг хүргүүлсэн. УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд хандан Монголбанкинд хариуцлага тооцуулах талаар мэдэгдэл дөнгөж сая хүргүүлээд байна. Эдийн засаг ийм байдалд хүрсэнд Засгийн газар ч гэсэн буруутай. Өнөөдөр гэр хорооллын айл өрхүүд портерын тэвш нүүрс авч чадахгүй жижигхэн уутаар л нүүрсээ авч байна шүү дээ.
Э.ХҮРЭЛБААТАР
Холбоотой мэдээ
Comments are closed.