antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 12, 2016 5 comments

Оноос хойших улстөр-Сонгуулийн сурталчилгаа, бүлэглэлүүдийн тэмцэл

нийтлэсэн Admin
f7d588a5-4f5d-4d75-b74b-14a132d5df5f

Шинэ он гарснаас хойш сонгуулийн сурталчилгаа гаарч байна. Уг нь үүнийг хуулиар хориглодог.

 

Оны өмнө буюу хууль хэрэгжиж эхлэхээс өмнө УИХ-д дахин сонгогдохыг хүсэгчид мөн шинээр нэр дэвшихийг хүсэгчид нүүрс, нэгж, аяга, таваг, бурхан, цаашлаад бүр газар тараасан. Гэтэл оны дараа ч хэрүүл уруултайхан баталсан хуулиа зөрчөөд эхэлчихлээ. Тэгвэл үүнтэй зэрэгцээд Тавантолгойн нүүрсний орд, түүнээс хоёр тийш тавих төмөр зам тойрсон, хэн нь тэндээс хэр ихийг авахын төлөөх бүлэглэлүүдийн тэмцэл ч эрчтэйхэн өрнөж байна. Энэ тухай тоймлоё.

СОНГОГЧДОД ТААЛАГДАХ УЛСТӨР-ИПОТЕКИЙН ЗЭЭЛ БА ХҮҮХДИЙН 20 МЯНГА

Оны өмнөхөн батлагдсан Сонгуулийн тухай хуулийг Үндсэн хууль зөрчсөн тухай парламентын бус жижиг намууд мэдэгдэл гаргасаар байна. Тэднийг тоох амьтан ч ховор байна. Харин эрх баригчдын хувьд ирэх сонгуулиар олон нийтийн саналыг татах зорилготой хэд хэдэн ажиллагаа эхлүүллээ.

 

Эхнийх нь мэдээж Ипотекийн хүүг таван хувь болгох тухай АН болоод УИХ-ын дарга З.Энхболдын мэдэгдэл

Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээс үүдэн найман хувийн хүүтэй ипотекийн зээл зогсоод сар гаруй болж байна. Уг асуудлыг зохицуулахаар Хууль зүйн байнгын хороон дээр байгуулагдсан ажлын хэсэг баасан гаригт хуулийн төслөө өргөн барилаа. Ингэснээр сар шинийн өмнө асуудал шийдэгдэх нь. Ипотекийн зээл шинэ шинэ бэлэг, бонус дагуулсаар арай өөр журмаар олгогдож эхлэх амлалтыг ч эрх баригч АН өглөө.

З.Энхболд ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгох боломжгүй. Шоу хийхээ больцгоох хэрэгтэй гэж онцолсон. Харин жилийн 8 хувийн хүүг тав хүртэл хувиар бууруулах боломжтой гэв. Ингэвэл сард 520 мянгын зээл төлдөг өрх 412 мянган төгрөг зээлдээ өгдөг болох гэнэ. Үүнийгээ өрхийн хэрэглээнд чиглэсэн чухал алхам болно гэж АН-ын дарга З.Энхболд мэдэгдлээ.

Мөн урьдчилгаа төлбөрийн 10 хувийг төрөөс “даах” өөр нэг арга байгаа гэнэ. Ингэвэл улсаас ердөө 22 тэрбумыг л олгоно гэж тайлбарлав. Гэхдээ энэ нь маш ойлгомжгүй тоо. 10 хувийн батлан даалтыг 200 тэрбумаар гаргах тооцооллоор 10 мянган айл зээлд хамрагдахаар байсан. Гэтэл нийтлэг байдлаар яаж 22 тэрбумаар 10 хувь даах асуудал яригдах нь тодорхойгүй байна.

Тэгвэл үүнийг ажил болгон Иргэний хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг, ИЗНН-ын төлөөлөл зөвшилцөн, санал нэгдэж, 27 гишүүн санаачлан боловсруулан энэхүү хуулийн төслийг өргөн мэдүүлээд байна.

Тэд “8 хувийн хүүтэй орон сууцны зээл маш их эрэлттэй байгааг холбогдох байгууллагуудын мэдээллээс харж болно. Яг одоо 18 мянга орчим өрх 8 хувийн хүүтэй орон сууцны зээл авахаар хүлээж байгаа. Нөгөөтэйгүүр, Монголбанкны удирдлагууд инфляци 2.9 хувьтай байгаа учир орон сууцны зээлийн 8 хувийн хүүг бууруулж, 5 хүртэл хувьд хүргэх бололцоо байна гэж хэлсэн.

Бас нэг зарчмын шинжтэй чухал өөрчлөлт гэвэл, өнөөдөр 8 хувийн хүүтэй зээлд хамрагдахыг хүссэн өрх сарын орлого 1.3 сая орчим төгрөг байх шаардлагатай байгаа бол энэ хууль батлагдсанаар сард 450 мянган төгрөгийн орлоготой өрх хамрагдах боломжтой болно” гэв. Энэ хууль шинээр орон сууц авахыг хүсч байгаа хүмүүст таалагдах нь мэдээж. Харин бушуу туулай борвиндоо баастай болчихгүй л байгаасай.

ХҮҮХЭД БҮРТ 20 МЯНГЫГ ӨГНӨ

Энэ оны төсөвт Эдийн засгийн хүндрэлийн улмаас хүүхдийн мөнгө хөтөлбөрт зориулсан төсвийг багасгаж Хүний хөгжил сангийн 2016 оны төсөвт 144.0 тэрбум төгрөгийг төсөвлөн баталсан. Хүүхдийн мөнгөнд зарцуулах хөрөнгийг бууруулсантай холбогдуулан Улсын Их Хурлаас 2015 оны 103 дугаар тогтоол гаргаж, хүүхдийн мөнгийг зөвхөн өрхийн амьжиргааны түвшингийн 1-17 дугаар бүлгийн өрхийн 0-18 хүртэлх насны хүүхдэд олгохоор шийдвэрлэсэн билээ.

Тэгээд уг асуудал хэрэгжиж эхлэх гэж байтал оны маргааш Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд болон Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар тохиролцон хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгоёгэлцсэн. Үүнийг Засгийн газар даруй ажил болгож, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг нэн яаралтай дэгээр хэлэлцүүлэхээр УИХ-ын даргад өнгөрсөн баасан гаригт өргөн мэдүүлэв.

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Хүүхдийн мөнгө хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилт дэвшүүлж, 2012 оны 10 дугаар сараас эхлэн Хүний хөгжил сангаас хишиг хувь болгон Монгол Улсын 0-18 хүртэлх насны хүүхэд бүрт сар бүр 20,0 мянган төгрөгийг олгож эхэлсэн. 2015 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 1 сая 30 мянган хүүхдэд хүүхдийн мөнгө олгоход зориулан 246.7 тэрбум төгрөг зарцуулахаар байгаа.

Хүүхдийн мөнгийг 2016 оны 01 дүгээр сараас эхлэн 1-17 дугаар бүлгийн өрхийн хүүхдэд олгоход 601.1 мянган хүүхэд буюу одоо хүүхдийн мөнгө авч байгаа хүүхдийн 58.2 хувь нь авч, өрхийн амьжиргааны түвшингийн 18-20 дугаар бүлгийн өрхийн 128,795 хүүхэд болон амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд хамрагдаагүй өрхийн 297,475 хүүхэд буюу нийт 426.3 мянган хүүхэд 2016 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн хүүхдийн мөнгө авахааргүй болж байсан юм байна.

Тогтоолын төсөл нь 2 заалттай бөгөөд 1 дэх заалтад “Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2016 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай” Монгол Улсын Их хурлын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 103 дугаар тогтоолын 2 дахь заалтын “1-17 дугаар бүлгийн” гэснийг хасахаар, 2 дахь заалтад уг тогтоолыг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тус тус заажээ

Ийнхүү эрх баригчид хоёр томоохон шийдвэрийг оны эхний долоо хоногт сонгууль угтан олон нийтийг татах зорилгоор гаргаад байна.

Тэгвэл сонгуультай холбоогүйгээр олны анхаарлыг татан улстөржиж буй бас нэг томоохон шуугиан байна. Уг шуугианыг өөр нэгэн шуугианаар дарахыг хичээж байгаа гэлцэж буй.

Х.БАТТУЛГА НАРЫН ХЭРГИЙГ ИРВЭС ХАМГААЛАГЧ ЗАЛУУГИЙН ХЭРГИЙН ШУУГИАНААР ДАРЖ БАЙНА УУ

Манай улстөрчид нэг шуугианыг нөгөөгөөр дарж, олны нүд чихийг өөр чигт хандуулдаг аргатай. Энэ удаад ч ийм асуудал болоод байгаа тухай сошиалаар нэг мэдээлэл тархах боллоо. Өнгөрсөн оны 10 дугаар сарын сүүлчээс 11 дүгээр сарын эхний 10 хоногт манай хууль хяналтынхан томоохон баривчилгаануудыг хийсэн.

Түүний эхнийх нь улстөрд Х.Баттулгын хүн гэгдэх түүнийг сайд байхад Монголын төмөр зам компаний захирал, дараа нь Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяаг баривчилсан явдал. Тэгвэл шинэ төмөр зам барих нэрээр баахан мөнгө зувчуулсан гэгдсэн энэхүү хэрэгт оны зааг дээр Х.Баттулга болон А.Гансүх нарыг татан шалгаж эхэлсэн тухай хэвлэлүүд дуу дуугаа аван мэдээлсэн.

Оны эхний өдрүүдийн гол шуугиан ч энэ байсан. Тэгвэл уг мэдээлэл сүүлийн үед дарагдаж, харин ирвэс хамгаалагч залуу амиа алдсан хэрэг олны анхааралд хүчтэй орж ирлээ. Үүнийг Х.Баттулга нарын хэрэгт холбогдсон шуугианыг намжаахын тулд хийсэн үйлдэл болох тухай сошиал сүлжээнийхэн хэдэн өдөр маргалдаж байна.

Г.Самбаа

gereg.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • amaraa (January 12, 2016 10:54:09 am )

    Ямар ажил хийхээ төлөвлөөд мартсан нь буцаад иргэдэд 10 хоногийн бичиг цаас цуглуулах дарамт болов сайн тунгаа

  • зочин (January 12, 2016 12:11:12 pm )

    АН бүгдийг хутгаж өгч байна даа, ард түмнийг ядууруулах, мөнгөгүй болгох, татвараар, суурь үнээр, торгуулиар улам ядууруулах бодлого маш амжилттай хэрэгжиж байна, одоо жижиг наймаа эрхлэгчдийг зах зээлээс шахан траншейруу явуулах НӨАТ-ын бодлого эхэллээ

  • Zochin (January 12, 2016 6:00:46 pm )

    Enhbold darga ene udaagiin ih hurliig oligtoi udirdaj chadsangui,daranguilagch shig l sanagdlaa.Gishuud ni uzel bodloo buren ilerhiilj chadahgui,zangargan door,guitsengui,surug huchniig mun ch doosh ni hiilee…

  • зочин (January 12, 2016 6:26:20 pm )

    АН-ын луйварчдаас хурдхан шиг салж улс төрийн замбраагүйтэл завхрал том том толгойтой их мэдэгч чальчигч хийх ажилгүй гарын үсгээр баяжсан авилгачдыг эмх цэгцэнд оруулж гишүүний бүрэн эрх гээчийн хүрээг хумьж хатуухан дэг жаягт оруулах ард түмнийхээ нурууг тэнийлгэж хуурамч ардчилсан тамлалаас үтэр түргэн гаргаж нийгмийн дэг журмыг шинэчилэх амьд явах болон тайван амьдрах эрхийг нь бүрэн хэмжээгээр эдлүүлж чадах эх оронч хүмүүс сонгох асуудал Монголчууд бидний ямар ухаантай ирээдүйгээ яаж харж байгааг илэрхийлнэ.Төрд хорт хадар шиг шигдэн үхүүлэн амьдрагч аймшигуудаас салах ганц арга нь шударгаар зарлаад байгаа дахин сонгож болохгүй бузруудын нэрсийг хөдөө хот хоол хогын газар малын бэлчээр маанийн өргөөг ялгалгүй суртчлан таниулах нь юунаасч илүү чухал байна.Эцэсд нь хугцаанаасаа өмнө сонгуулийн суртчилгаа хийсэн хүмүүсийг хууль зөрчсөн тул тэр цагдаа сэргийлхээр шалгуулж хатуу арга хэмжээ авхуулах шаардлагатай.Хатуухан хуурч эрх мэдэлд хүрхээрээ араатан болдог нөхдүүдтэй хатуухан цэнзүүрээр тунгаах нь бидний бүрэн эрх биш гэжүү?

  • Зочин (January 12, 2016 8:55:20 pm )

    Эрх баригчид ардчилал тогтлоо гэж уран үгээр уянгалуулан зарлаж байхад ард түмэн “ардчилал” ерөөсөө худал юм, бүтсэнгүй хэмээн хашгирч байна. Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, тэгш эрх гэм мэт ардчиллын үнэт зүйлс өнөөдөр нэгэнт бүтсэнгүй. Харин эрх баригчид өнөөдөр энэ бүхэн биелэгдчихлээ хэмээн зарлаж байна. Энэ ямар их зөрчил вэ? Эрх баригчдын амаар ертөнц хувирахгүй нь даана ч харамсалтай. Даргын биш хуулийн засаглал тогтчихлоо хэмээн худал залж байхад эрх мэдэлтнүүд хууль үйлчлэхгүй байгааг ард түмэн нэгэн дуугаар шүүмжилж байна. Аливаа орны эрх баригчдын хамгийн том алдаа бол ард түмнийг усан тэнэг гэж боддог явдал гэдэг. Ард түмнийг хуураад байж болно гэсэн эрх баригчдын хүсэл хэзээ ч биелэгдэхгүй. Ардчилал хэмээн хүн төрөлхтний үнэт зүйлийг монголын хөрсөнд нутагшуулах хүндтэй үүргийг эрх баригчид биелүүлж чадсангүй. Өнөөдөр тэд нэгэнт бүтээж чадсангүй учраас ярьж, хууран мэхлэх үе шатандаа оржээ. Хаа сайгүй л худал уриа лоозон хашгирч байна. Уриа лоозонгоор ардчилал биелэхгүй нь харамсалтай. Эрх баригчдын “хугацаа” жил жилээр биш харин өдөр өдрөөр тоологдож эхэллээ. Тэд өнөөдөр юу ч мэдэхгүй бас юу ч чадахгүй гэдэг нь тодорхой болжээ. Хүсэл байвч нэгэнт мэдлэггүй учраас хоосон ярихаас хэтрэхгүй. Тэд “мэдэхгүй”, “чадахгүй” гэдэг энэ гарцаагүй үнэнд ялагдах болно. Философи, онолоос дэндүү гадуур улс төр хийх гэж оролдоод өнөөдөр үнэний өмнө сөхөрч байна. Тэдэнд боловсрол дутагдаж байна. Тэдэнд улс төр, нийгэм эдийн засгийн онол дутагдаж байна. Ардчиллын “алтан хараацайнууд” 1990 онд төрийг авсан шиг буцааж ард түмэнд өгөх цаг болжээ. Социализм ёстой муухай, ардчилал бол илүү сайхан гэж байсан боловч өнөөдөр манай нийгмийн бараг тал хувь нь социализмаа хүсэж байна. Яагаад гэвэл тэнд шударга ёс, тэгш эрх байжээ. Харин хүний эрх, эрх чөлөө хязгаарлагдмал байсан ч хүмүүс илүү хангалуун амьдарч, нийгэм амар амгалан байжээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар ард түмний төрийг хэзээ буцааж өгөх вэ? Та бүхэн улс орныг авч явж чадахгүй гэдэг чинь ч харагдлаа. Ерөөсөө өнөөдрийн төр засгийн АН, МАН аль аль нь хямралаас гаргаж, улс орныг хөгжилд хүргэж чадахгүй гэдгийг иргэд ойлгож байна. Хэзээ төр засгийн эрх мэдлийг ард түмний гарт өгөөд өөрсдөө улс төрийн тавцангаас буух вэ?

antalya rent a car