Одоогоос хагас зууны тэртээ Орхон Сэлэнгийн сав газарт монгол чехийн геологичид хайгуул хийж, “Эрдэнэтийн овоонд” зэс, молибдений баялаг бүхий хүдрийн биет байгааг анх тогтоосон юм. Ингэхдээ 25 киллометрийн урттай, 3 киллометрийн өргөнтэй, зүүнээсээ баруун тийш сунаж тогтсон зэс, молибдений хүдрийн биетийг илрүүлжээ. Монгол чехийн геологичдийн баг “эрдэнэтийн овоо”-ны ордыг 1964-1968 оны хооронд ийнхүү нээсэн бол, нөөцийг нь оросууд 1971 онд тогтоосон байна. Энэ даруй эрдэнэтийн овооны зэс, молибдений ордын нөөцийг улсын бүртгэлд бүртгэн авч, үйлдвэр байгуулж ашиглах тухай асуудал яригдаж эхэлсэн юм.
Ингээд Эрдэнэтийн овооны зэс, молибдений нөөцөд суурилсан Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр 1978 онд ашиглалтад орсон цагаас хойш, манай улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болсоор ирсэн билээ.
Тус үйлдвэр жилд 4 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтайгаар анх байгуулагдаж байсан бол, үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлснээр 1980 онд 8 сая, 1981 онд 16 сая, 1989 онд 20 сая тонн хүдэр боловсруулжээ.
Уулын баяжуулах эрдэнэт үйлдвэр өнөөдөр хүчин чадлынхаа 70 хувийг ашиглаж байгаа бөгөөд жилд дунджаар 25 сая тонн хүдэр болорвсруулж, жилд 500 мянган тонн зэсийн баяжмал, 4 мянган тонн молибдений баяжмал үйлдвэрлэж байна.
Өнгөрсөн онд гэхэд 29 сая тонн хүдэр олборлож, үүнийхээ 26 сая тонныг нь боловсруулж, 500 мянган тонн зэсийн баяжмал гарган авчээ. Тус үйлдвэрийнхэн энэ жил хэдий хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэх талаар Уулын баяжуулах эрдэнэт үйлдвэрийн Тамгын хэлтсийн дарга Баттулгa ярихдаа “Эрдэнэт үйлдвэр сүүлийн 5 орчим жилийн туршид үйлдвэрлэлийн тоо хэмжээгээр жигд байгаа. Ерөөсөө жилдээ 500 мянган тонн зэсийн баяжмал, үүнээс цэвэр зэсийн агуулга 23 хувь хавьцаа байдаг. Өнгөрсөн жил ийм байсан, энэ жил мөн ингэж төлөвлөсөн. Энэ утгаараа орлого, зарлага ашиг энэ төвшинд явагддаг. Үүнд үнийн бодлогоос болж дээш доош болох асуудал бий. Манай уулын баяжуулах үйлдвэр өөрийн гэсэн лабораторитай. Энэ лаборатори өнгөрсөн жил олон улсын итгэмжлэгдсэн эрх авсан. Өөрөөр хэлбэл бид олон улсад зэсийн бэлэн бүтээгдэхүүний агуулга тогтоох шинжилгээ хийх бүрэн эрхтэй болсон. Үүнээс гадна манайд 2 гадаадын компани ажиллаж давхар хяналт явуулдаг. Энэ 2 компани нь мөн олон улсын эрхтэй лаборатори шинжилгээний компани юм. Тэгэхээр манай бүтээгдэхүүн 3 давхар хяналттай гарч байгаа гэсэн үг юм” гэсэн юм.
Эрдэнэт үйлдвэр ирэх жил үйлдэрлэх зэсийн баяжмалаа худалдаалах гэрээгээ мөн үзэглэжээ. Хэдийгээр бүтээгдэхүүнээ худалдаалах гэрээг урт хугацаанд хийдэг ч, үнэ, ханшийг нь сар тутам шинэчилдэг байна. Ингэхдээ, Лондонгийн металлын захын зэсийн ханшийг суурь үнээ болгодог байна.
Эрдэнэт үйлдвэрийн баяжмалын гол худалдан авагч нь америк, европ, япон, солонгос, хонконгийн 10 гаруй трейдер компани байдаг байна. Тэдэнд бүтээгдэхүүн нийлүүлэхээс тав хоногийн өмнө манай улс зэсийн баяжмалынхаа урьдчилгааг авдаг байх юм… Урьдчилгаагаа авч, бүтээгдэхүүнээ нийлүүлсэний дараа дээрх трейдер компаниуд манай түүхий эдийг хятадын зах зээлд худалдаалдаг байна. Өөрөөр хэлбэл, манай улс дэлхийн олон орны трейдер компаниар дамжуулж зэсийн баяжмалаа хятадын зах зээлд худалдаалж байгаа юм.
Харин манай улсын молибдений нөөц эцэслэн тогтоогдоогүй ч уг металлын 50 гаруй орд байгаа гэж судлаачид үздэг. Үүнд Цагаан суварга, Өндөр цагаан, Түргэн гол, Улаан энгэр, Буянт гол, Эрдэнэтийн овоо зэргийг нэрлэж болох юм. Эдгээрээс “Эрдэнэтийн овоо”-ны молибденийг манай улс ашиглаж байна. Уулын баяжуулах эрдэнэт үйлдвэрийг ашиглалтанд оруулсан цагаас хойш Эрдэнэтийн овооноос молибдений баяжмал гарган авч байгаа бөгөөд тус үйлдвэр анх 4 сая тонн хүдрээс багахан хэмжээний молибден гарган авдаг байжээ. Харин одоо бол 26 сая тонн хүдрээс 4000 мянган тонн молибдений баяжмал гарган авч байна.
Эрдэнэт үйлдвэр өнөөдөр зэс, молибдений баяжмалын экспортоороо дэлхийд дээгүүрт буюу эхний аравт бичигдэж байгаа билээ.
Уулын баяжуулах эрдэнэт үйлдвэр ийнхүү жилд 500 мянган тонн зэсийн баяжмал, 4000 тонн молибдений баяжмал үйлдвэрлэсээр байвал, эрдэнэтийн овооны нөөц 35 жилийн дараа дуусна гэсэн тооцоо бий.
Эрдэнэт үйлдвэрийн хэтийн төлөвийн талаар Монгол-Оросын хамтарсан Уулын баяжуулах эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлын нэгдүгээр орлогч Фоменко Александр Петрович ярихдаа “Үйлдвэрийн цаашдын хэтийн төлөвлөгөөг тодорхойлсон хөгжлийн томоохон бодлогын баримт бичгийг боловсруулсан байна. Энэ нь Эрдэнэт үйлдвэрийг 2025 он хүртэл хөгжүүлэх бодлогын баримт бичиг юм. Эрдэнэт үйлдвэрийн ажиллах хугацааг уртасгахын тулд, нэмэлт хайгуулын ажил хийх шаардлагатай байгаа талаар мэргэжилтнүүд хэлдэг.
Эрдэнэт үйлдвэрийн эзэмшилд өнөөдөр таван хайгуулын тусгай зөвшөөрөл байдаг байна. Эдгээр тусгай зөвшөөрлийг бид хэтийн хөгжил, хүдрийн олборлолтыг нэмэгдүүлэх боломж гэж харж байгаа. Тиймээс ч тусгай зөвшөөрлийн талбайд энэ онд эдгээр хайгуул хийхэд зориулж 11 сая долларыг өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон эрдэнэт үйлдвэрийн зөвлөлийн буюу советийн хурлаас баталж өгсөн. Энэ бол хайгуул хийхэд хангалттай, хүрэлцэхүйц мөнгө. Энэ оны хоёрдугаар хагаст бид хайгуул ажлаа эхлүүлнэ гэж бодож байна. Үүнтэй холбоотойгоор геологийн хайгуулын ажлаа идэвхижүүлж, хайгуулыг гардаж явуулах ерөнхий геологичийг томилсон. Мөн техникийн хэлтэс шинээр байгуулаад байна. Манайх өмнө зөвхөн үйлдвэрлэлийн хэлтэстэй байсан бол, одоо техникийн хэлтэстэй болж байна. Техникийн хэлтэс хайгуулын ажлыг хариуцаж ажиллахаас гадна, хайгуулын ажлын цаашдын хэтийн төлөвлөгөөг тодорхойлж ажиллахаар байгуулагдсан… Хайгуул хийхээс гадна, бид бага агуулгатай хүдрээ дахин боловсруулах замыг хаяж байна. Ингэхдээ, хаягдлын далан дахь бага агуулгатай хүдрийг боловсруулах гарц хайж байна. Мөн хүдрийн овоолго дахь ядуу агуулгатай балансын бус хүдэр, мөн арай баян агуулгатай исэлдсэн хүдрийг дахин боловсруулах гарц хайж байна. Бага агуулгатай хүдрийг дахин боловсруулах технологийг орос, япон, хятад, солонгосын мэргэжилтнүүдтэй хамтраад олж чадвал, эрдэнэт үйлдвэрийнхэн бага агуулгатай хүдрээ 20-25 жил ашиглах боломжтой болох юм. Өнгөрсөн онд зэсийн үнэ 8000 долларын дундаж ханштай байсан. Энэ үед манай үйлдвэр, олборлосон хүдэр дээрээ 25 балансын бус хүдрийг хольж, бүтээгдэхүүн гаргаж авсан байгаа. Ийм маягаар бид эрдэнэт үйлдвэрийн ажиллах хугацааг уртасгахыг зорьж байна. Бид урдаа ийм том зорилт тавин ажиллаж байна” гэлээ
Эрдэнэтийн овооны одоо байгаа нөөцийг ашиглахын зэрэгцээ, одоо тогтоогдоод байгаа шандын ордын нөөцийг ашиглавал, эрдэнэтийн баяжуулах үйлдвэр 55 жил ажиллах бололцоотой юм байна. Хэрэв хаягдлын далан дахь хүдэр, исэлдсэн хүдэр, балансын бус хүдрийг дэвшилтэд технологиор дахин боловсруулж чадвал, Эрдэнэт үйлдвэр дахин 20-25 жил ажиллана гэсэн тооцоо бий. Өөрөөр хэлбэл, өнөөдөр Эрдэнэтийн овооны нөөц багасч байгаа ч, байгаа боломжоо ашиглаж чадвал, тус үйлдвэр цаашид 80 жил ажиллах бололцоо байгаа ажээ.
Холбоотой мэдээ
Comments are closed.