Саарал утаа нөмөрсөн их хотын, бас нэгэн бүүдгэр өдөр манай сурвалжлах хэсэг СХД-ийн Толгойт дахь гэр хорооллыг зорилоо.
Ийн зорьсон учир нь нурууны хатингаршил гэх оноштойгоор хоёр жил хэвтэрт байснаасаа болоод нуруунд нь цооролт үүссэн зураг нь сүүлийн өдрүүдэд цахим ертөнцөөр цацагдаж хүн бүрийн сэтгэлийг эмзэглүүлсэн Б. Санжидхорлоо гэх эмэгтэйн гэрт сайн үйлсийн “Санцо” нэгдлийн эмч нар очиж үзлэг хийх, шаардлагатай бол цаашид эмчлэх гэж байгаа гэдгийг сонсоод хамт явахаар шийдсэн юм.
Эмч нарын бүрэлдэхүүнд Швейцарийн иргэн Лузана их сургуулийн профессор, мэс засалч, доктор Х. Баянмөнх, мэдрэлийн эмч, доктор Д.Баярмаа нар багтаж байсан бөгөөд эмч нартай анх уулзаад л Б. Санжидхорлоо гэх эмэгтэй ямар азтай юм бэ. Ийм мундаг эмч нар нэгдээд туслахаар боллоо. Эмчлэгдээд эрүүл болчихоосой гэсэн бодол төрж дотроо залбирч явлаа.
Бид гуравдугаар эмнэлэгийн гадна уулзаад толгойтыг зорьсон юм. Айлуудын яндангаас олгойдох хар утаа нүд аргуулж, гудамжаар яаран алхах хүмүүсийн цуваа, хаа нэгтээ нохой хуцах чимээ сонсогдоно. Энэ бүхэн захын хорооллын тэсгим хүйтэн өвлийн дүр зураг. Биднийг очиход Б.Санжидхорлоогийн том хүү Д.Мөнхбаярын ангийн эцэг эхийн зөвлөлийнхөн тосон авч газарчилсан юм. Хашаанд нь нэг жижиг гэр, барьж дуусгалгүй орхисон байшин байх аж. Харин гэрт ороход Б.Санжидхорлоогийн хүү 12-р ангийн Д.Мөнхбаяр болон гуравдугаар ангийн бяцхан охин нь угтаж авсан юм.
Санжидхорлоо дээш харан хэвтэж байх агаад шивнэх төдий ам нь хөдөлж мэндэллээ. Царай нь их муу харагдана. Эмч нар түүний зовиурыг асуугаад шууд үзлэгээ хийж эхэлсэн ба тэрбээр эмч нарын асуултад хариулж чадахгүй байсан тул хүү нь өмнөөс нь хариулж байлаа.
Эхлээд доктор Д.Баярмаа эмч үзлэг хийж урьдчилсан байдлаар тавьсан онош нь бүсгүйн оношоос өөр байлаа.
Тиймээс би түүнээс яагаад онош зөрж байгаа талаар тодрууллаа.
– Бүсгүйн биеийн байдал хэр байна вэ?
– Үзлэгээр 2 хөлний саажилттай. Өнгөц мэдэрхүй хэт их мэдрэг, хүрэх, шүргэх үед бадаарах, хорсох шинж тэмдэг илэрч байна. Үүгээр нь л нугасны үрэвсэл гэж оншилсон юм шиг байна. Гэтэл баруун нүд нь хараагүй болсон гэж байна. Энэ бол “Түгмэл хатуурал” гэдэг үрэвслийн гаралтай өвчний шинж тэмдэг юм.
– Тэгэхээр ямар эмчилгээ хийх шаардлагатай гэсэн үг вэ?
– Үрэвсэл дарах эмчилгээ хийлгэсэн байна. Үрэвсэл намжих талдаа орж. Одоо хамгийн чухал нь асаргаа. Хэдий хэвтрийн хүн ч гэсэн орон дотроо байнга идэвхитэй хөдөлгөөн хийх хэрэгтэй. Өөрөө хөлөөрөө хөдөлж чадахгүй байлаа гэхэд хүн хөлийг нь хөдөлгөж, хажуу тийшээ харуулж сэлгэж хэвтүүлж байх ёстой. Энэ нөхцөлд цооролт үүсэхгүй. Энэ хүнийг ямар ч хөдөлгөөнгүй байлгасаар байгаад нуруунд нь цооролт үүсгэчиж. Өвчин даамжирсан байна. Асаргаа буруу байгаад байна гэсэн үг. Тиймээс хамгийн эхний ээлжинд хүүд нь ээжийгээ яаж зөв асрах вэ гэдгийг зааж өгөх хэрэгтэй байна.
– Эмчилгээ, асаргаагаа сайн хийлгэвэл засал авах боломж хэр байна вэ?
– Эхний ээлжинд цооролтыг нь нөхөх мэс ажилбар хийгээд, хөдөлгөөн заслыг нь хийгээд байвал энэ эмэгтэй энэ өвчинтэйгээ хамт амьдраад байх боломжтой. Хэрвээ ингээд хөдөлгөөн засал, асаргаа хийхгүй бол хоёрдогч халдвараар хүндрэх аюултай.
– Өвчинтэйгээ амьдрана гэхээр бүрэн эдгэрэх боломжгүй гэсэн үг үү?
– Хоёр хөл нь саажчихсан байгаа учраас дахиад хөл дээрээ зогсох, явах боломжгүй. Хэрэв өөрөө сайн тэмцээд зөв эмчилгээ хийлгэвэл, цаашдаа тэргэнцэр дээр суугаад 2 хүүхдийнхээ дэргэд хэдэн ч жил амьдрах боломжтой.
Баярмаа докторын үзлэгийн дараа сүүжний цооролтыг нь Баянмөнх доктор үзэж цэвэрлэгээ хийгээд Швейцараас авч ирсэн халдваргүйжүүлэх үйлчилгээтэй, мөнгөний найрлагатай тусгай боолт хийж наалт тавьлаа.
Түүнээс бүсгүйн энэ цооролт эдгэх боломжтой эсэхийг тодрууллаа.
-Цооролт эдгэрэх боломжтой юу. Наашаа түрээд ирсэн хойно нь арьс нөхөх мэс засал хийх боломжтой гэж фэйсбүүкт бичсэн байсан. Таныхаар бол ямар байна?
– Урьдчилсан үзлэгээс харахад наашаа түрж эдгэхийг нь хүлээнэ гэвэл энэ бүсгүй маш удаан зовно. Нөгөөтэйгүүр хэлбэл энийг зөвхөн өнгөн арьс авч нөхөх төдийгөөр шийдэхгүй. Хажуугийнх нь арьс ба арьсан доорх зөөлөн эдийг хамтад нь нүүлгэн шилжүүлэх мэс засал хийх хэрэгтэй болж.
– Тэгэхээр энэ өвчтөнд хэзээ мэс засал хийх боломжтой вэ?
– Энэ мэс засал бол зүгээр нэг арьс татаж авчраад наачихна гэсэн үг биш. Уургын, эрдэс бодисын дутагдалтай, удаан хэвтээд бие нь нэлдээ суларчихсан байгаа тохиолдолд нөхөн сэргээх мэс засал хийгээд ямар ч нэмэргүй. Эхлээд шинжилнэ. Шаардлагатай эмчилгээ хийнэ. Өвчтний биеийн ерөнхий байдал, холголтоос үүссэн шарх, бодисын солилцооны төлөв байдлыг сайжруулах ёстой. Дараа нь мэс засал хийнэ.
– Мэс засал нь хэр хүнд вэ?
– Айхтар хүнд биш.
– Хэрэв мэс засал хийлгэхгүй бол цаашдаа ямар хүндрэл гарах вэ?
– Үхжлийн процесс цаашаа үргэлжилнэ гэсэн үг. Цаашаа даамжираад яс руугаа очихоос гадна нян бактери үүсээд амь насанд нь заналхийлнэ.
– Энэ маслыг ямар үнээр хийх үү?
– Мэдээж үнэ төлбөргүй хийж өгнө.
Б.Санжидхорлоогийн хүү Д.Мөнхбаяр энэ жил төгсөх анги боловч ээжийг нь харж асрах хүн байхгүй учраас хичээлдээ явах нь ховорхон аж. Түүний эмч нарт туслаж, ээжийгээ асарч, ээжтэйгээ харьцаж байгааг нь хараад өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрснийг нуух юун.
Бид түүнтэй цөөн хором ярилцсан юм.
– Ээж нь хэзээнээс өвдөж эхэлсэнбэ?
– Хоёр жилийн өмнөөс өвдөж эхлээд, жилийн өмнө нугасны хатингаршил гэж оношлогдоод эмчилгээ хийлгэж эхэлсэн.
– Ямар ямар эмчилгээ хийлгэж байсан бэ?
– Энэ өвчин нь өөрөө мэс заслын аргаар эмчлэгдэх боломжгүй гээд ямар ч эмчилгээ хийлгээгүй.
– Өмнө нь Гранд мед болон дүүргийнхээ эмнэлэгт хэвтсэн гэж байсан. Тэгэхдээ ямар эмчилгээ хийлгэсэн бэ?
– Эхлээд нуруу нугасны суулт гээд эмчилгээ хийлгэж байсан. Харин дараа нь нурууны суулт биш байна. Онош тодрохгүй байна гэж байгаад бас нэг онош хэлээд тэрэнд нь зориулж 2 хоног эмчилгээ хийлгээд мөнгө дуусаад гарч байсан.
– Сая Д.Баярмаа эмч үзээд “Түгэмэл хатуурал” гэсэн онош тавьлаа. Энийг өмнө нь сонсож байсан уу?
– Би өмнө нь сонсож байгаагүй юм байна лээ.
– Аав нь ээжийг нь өвдсөний дараа хаяад явсан гэсэн үү?
– Тийм ээ. 2 жилийн өмнө ээжийг өвдөж эхлэнгүүт хаяад явчихсан. Дараа нь жилийн өмнө ээж өвдөөд болохгүй байна гэсэн чинь ирээд эмчилгээний мөнгө өгөөд явсан. Тэрнээс ямар ч сураггүй болсон.
– Ээжийн чинь талаар хэн анх цахим ертөнцөд нийтэлсэн бэ?
– 103-ын эмч болон манай ангийн эцэг эхийн зөвлөлийнхөн бичсэн байна лээ.
– Хүмүүс хэр их ирж байна вэ?
– Зөндөө олон хүн ирж байгаа. Маш их туслаж байгаа. Бүгдэд нь баярлалаа гэж хэлмээр байна.
– Ихэвчлэн юу авч ирж байна вэ?
– Ихэнх хүмүүс нь памперс авч ирж өгсөн. Зөндөө олон памперстай болсон.
– Сайхан сэтгэлт хүмүүсийн цуваа дуусахгүй байх. Тэгэхээр та бүхэнд туслахыг хүсэж байгаа хүмүүсийг юу авч ирээсээ гэж хүсэж байна. Хэрэгтэй зүйл байна уу?
– Хамгийн гол нь ээжийг маань босоод эрүүл болоход туслаасай гэж хүсэж байна. Түүнээс бид нар яахав дээ.
– Энэ жил төгсөнө гэсэн. Ямар мэргэжилтэй болохыг хүсдэг вэ?
– ШУТИС-ийн барилгын Архитектурын ангид орохыг хүсдэг. Болохгүй бол болохгүй л байх даа.
Өдгөө 18-хан настай ээжийгээ эдгээх чин хүсэлтэй Д.Мөнхбаяр хүү ийн ярьсан юм. Түүнтэй ярилцаж дуусаад эмч нар зөвлөлдөөд дараа ирэх өдрөө товлон, он гаргаад эмнэлэгт хэвтүүлэхээр шийдсэнээ Б.Санжидхорлоод хэлээд буцсан юм.
Буцах замдаа бид сайхан сэтгэлт эмч нарын нэгдэл болох “Санцо” нэгдэлийн менежер Ж. Мэндбаяртай ярилцлаа.
– “Санцо нэгдэл” хэзээ байгуулагдсан бэ. Та бүхний зорилго?
– Бид нэгэндээ хайртай байх хэрэгтэй байна. Монголын шилдэг эмч нартай хамтарч сайн үйлсэд нэгдэж байгаа шалтгаан энэ. Одоогоор мэс засал, мэдрэл, хавдарын гурван доктор нэгдээд байгаа. Доктор Баянмөнх фэйсбүүкээс энэ бүсгүйн тухай анх хараад сайн үйлсээ үүгээр эхлүүлэх санал тавьсан. Сая очиж үзээд эмчлэх боломжтой гэж байна. Тэгэхээр үүнээс хойш Санжидхорлоо маань манай нэгдлийн эмч нарын хяналтан доор бүх эмчилгээгээ хийлгэнэ. Тэргэнцэр дээр бүжиглэдэг болно гэдэгт найдаж байна.
– Сүүлийн үед хүнд өвдсөн хүмүүст туслах сайн үйлсийн аян маш ихээр өрнөдөг болсон?
– Хараад байхад тэдэн төгрөг өгөөч тийшээ явж эмчлүүлэх гэсэн юм гэхээр л сайн үйлсийн аян гэж мөнгө цуглуулдаг юм байна. Харин манай нэгдэл ийм хандивийн ажиллагаанд оролцохгүй. Өөрсдийнхөө чадах зүйлээр л туслана. Энэ айл гэхэд л тэр хойд байшиндаа амьдарч байхдаа цахилгаан халааттай байж. Аав нь хаяад явсанаар эд нар орлогын эх үүсвэргүй болсон. Цахилгааны төлбөр нь хуримтлагдаад сая зургаан зуун мянга болсон учраас эрчим хүчнээс ирээд цахилгааныг нь салгацан, айлаас тог татаад сууж байна. Жишээ нь би гэхэд эрчим хүчнийхэнтэй ярьж энэ төлбөрөөс нь чөлөөлүүлэх асуудал, бүсгүйг тэргэнцэртэй болгох асуудлыг хөөцөлдөнө. Харин эмч нар маань бүсгүйг тэргэнцэр дээр нь суулгаад бүжиглүүлээд өгнө. “Санцо нэгдэл” бол өөр өөрийн чадвараараа бусдад туслах сайн дурын нэгдэл.
– Цаашдаа улам өргөжиж бүр олон хүнд туслахыг хүсэе?
– Баярлалаа. Цаашдаа олон мундаг докторууд бидэнтэй нэгдэж олон олон Санжидхорлоод туслана гэдэгт итгэлтэй байгаа? Ер нь бол дэлхийд гарцан, гарах ч боломжтой ийм чадалтай, сайхан сэтгэлтэй эмч нар байсаар байхад мэс засал, эмчилгээний зардал гэж монголчууд бие биенээсээ хандив цуглуулаад, хашаа байшин хамаг юм аа зараад гадаадын нэг тосгоны эмнэлэгт аваачаад л өгөөд байна л даа. Үүнийг багасгах боломж бий гэдгийг “Санцо нэгдэл”-ийнхэн харуулна.
Энэ мэт сайхан сэтгэлтэй, чадварлаг хүмүүс Б.Санжидхорлоод туслаж байгаа учраас удахгүй эдгэж, гэр бүл нь инээд хөөрөөр дүүрэн аз жаргалтай амьдрана гэдэгт итгэлтэй байна. Сэтгүүлч миний бие энэ сурвалжлагаараа дамжуулан энэ гэр бүлд туслахыг хүсэж буй сайхан сэтгэлт хүмүүст нэгэн зүйлийг хэлэхийг хүссэн юм. Учир нь аливаа зүйл зорилготой байх хэрэгтэй. Хүүгийн ярьж байгаагаар сайхан сэтгэлт хүмүүсийн өгсөн ууттай памперс гэрээр нь дүүрэн байна. Одоо түүнд босно гэсэн сэтгэлийн тэнхээ хэрэгтэй гэж эмч нар хэлсэн. Мөн өмнө нь хийлгэж байсан шинжилгээнийхэн бичгүүдийг бүгдийг нь алга болгосон гэсэн. Тэгэхээр оношийг нь бүрэн тогтоохын тулд дахин шинжилгээнүүд хийлгэх хэрэгтэй. Тэр шинжилгээнүүд нь нилээн өндөр үнэтэй учраас тэдэнд мөнгө хэрэгтэй. Эргэж очсон хүмүүс Б. Санжидхорлоод сэтгэлийн дэм өгөхөөс гадна шинжилгээгээ хийлгэж, сайн эмчлүүлээд эрүүл болоорой гээд памперсны оронд 10 мянган төгрөг өгөх хэрэгтэй байна өнөөдөртөө.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
Т.Болормаа
26 Comments