
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өчигдөр 09.00 цагт товлосон ч ирц бүрдэхийг хүлээсээр 10.30 цагт эхэлсэн. Хуралдаанаар Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл мөн Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан, Үндэсний статистикийн хорооны дарга З.Мэндсайхан нарыг албан тушаалаас нь чөлөөлөх эсэх, Гацууртын ордын хувь эзэмшил тогтоох тухай, Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай зэрэг хоёр долоо хоногийн турш хойшилсон төслүүд хэлэлцлээ. Уг нь Сонгуулийн тухай хуулийн төслийг өчигдөр хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаасан байсан. Гэвч УИХ-ын гишүүн О.Баасанхүү гомдол гаргасны дагуу УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг дахин хуралдаж, дараа нь Төрийн байгуулалтын байнгын хороо дахин хуралдаж нэр бүхий гурван төслийг хэлэлцэхээс аргагүй болсон.
Чуулганы хуралдаанаар хамгийн түүнд Байнгын хороодын дарга нарыг томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тодруулбал, УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн Байнгын хорооны даргаар Л.Эрдэнчимэгийг, Эдийн засгийн Байнгын хорооны даргаар Ц.Баярсайханыг, Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны Байнгын хорооны даргаар Д.Батцогтыг ,Төрийн байгуулалтын Байнгын хорооны дарга А.Бакейг улируулах асуудлыг УИХ-аар хэлэлцээд олонхийн дэмжлэг авлаа. Үүний дараа Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхланг албан тушаалаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцсэн ч гишүүдийн 50 хувь нь буюу 27 нь чөлөөлөхийг дэмжсэнгүй. Ингэснээр Төв банкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан албан тушаалдаа хэвээр үлдсэн. Ийнхүү чуулганы үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхланг албан тушаалаас нь чөлөөлөх хүсэлтийг дахин хэлэлцэхийг УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа УИХ-ын даргаас хүсэв. Улмаар санал хурааж, үдээс өмнөх хуралдаанаас гаргасан шийдвэрээ хүчингүй болголоо. Үүний дараа Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхланг 90 хувийн саналаар дэмжин, албан тушаалаас нь чөлөөлсөн юм. Тэрбээр 2016 оны УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлэх зорилгоор УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан байна. Харин Үндэсний статисткийн хорооны дарга С.Мэндсайханыг албан тушаалаас нь чөлөөллөө. УИХ-аас 2016 оны төсвийн хуулийг батлахдаа Үндэсний статистикийн хороог Улсын бүртгэлийн ерөнхий газартай нэгтгэх шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор С.Мэндсайхан чөлөөлөгдөж байгаа юм.
Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн гишүүдийн 84.5 хувь дэмжсэнээр “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. Төсвийн байнгын хороо нь одоо үргэлжлүүлэн хуралдаж уг хуулийн анхны хэлэлцүүлгийг хийн, чуулган руу оруулж ирэх үүрэг авлаа. Улмаар УИХ-ын Төсвийн байнгын хороо өчигдөр /чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдааны завсарлагаар/ хуралдаж, Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм. Засгийн газраас өргөн мэдүүлсэн дээрх хуулийн өөрчлөлтөөр иргэн, хуулийн этгээдийн хөрөнгө, орлогоо ил болгон тайлагнах хуулийн хугацааг 2016 оны хоёрдугаар сарын 20 хүртэл сунгах юм.
УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаан 14.00 цагаас зарлагдсан байсан ч товлосон хугацаанаасаа нэг цагаар хоцорч эхэлсэн. Хуралдааны эхэнд Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээ тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд гишүүдийн 68.9 хувь дэмжсэнээр “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
Гацууртын орд нь Сэлэнгэ аймгийн Мандал суманд оршдог, тусгай зөвшөөрлийг “Сентерра гоулд” компани эзэмшдэг юм.
Батлагдсан нөөцөөр 50 тонн алттай. Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулагч компанитай хэлэлцээр хийснээр Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь 34 хүртэл байхаар. Ингэхдээ 34 хувийг тусгай рояльтигаар буюу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээгээр орлуулах тохиролцоонд хүрсэн аж. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Оюутолгой, Тавантолгой төсөл зогсоогүй явж байгаа. Гол нь энэ төслүүдийн үр өгөөж харагдахгүй байна. Гацууртын орд мөн тийм болоод байна. “Нинжа” дайрлаа л гэх. Гацуурт төсөл хэрэгжсэнээр эдийн засагт ямар үр өгөөж өгөх юм бэ. Үр өгөөжөө хэзээнээс эхэлж өгөх вэ” хэмээн асуулаа. Харин Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Төрийн эзэмшлийн хувь хэмжээг тусгай нөөц ашигласны төлбөрөөр солихоор анх удаа оруулж ирж байна. Үр ашиг хэзээ гарах вэ гэж та асуулаа. Үр ашгийг аль болох хурдан гаргахын тулд ийм хэлбэрээр оруулж ирсэн. Уул уурхайн ажил эхлэнгүүт олборлолт явангуут ашиг нь гарна.
Хүндрэлийг даван туулах нь чухал байгаа. Гадаадад бонд гаргахад Гацууртын орд чинь хөдлөх үү, яах вэ гэхчлэн асуудаг. Хөрөнгө оруулагч тал УИХ энэ асуудлыг шийдэж өгөхгүй бол гарна гэдэг. Энэ нь олон улсад буруу дохио болж очино. Монгол Улсын эрх ашиг байгаа учраас төслийг хэрэгжүүлэх ёстой. Бид нутгийн иргэдийн санал хүсэлтийг сонссон. Орон нутаг дэмжиж байгаа. Нинжа нарыг зохицуулахын тулд орон нутгийн төсвөөс 50 сая төгрөг зарцуулсан байна. Цагдаа байнга мөнгө шаардаж байгаа. Өнгөрсөн хугацаанд хууль бус үйлдэл гарснаас гурван хүний амь үрэгдлээ. Хариуцлага хүлээх шийдвэр гаргахгүй бол болохгүй. “Хан ресурс”-ын зөвшөөөрлийг цуцалснаас Монгол Улс Арбитрын шүүхэд дуудагдаж, 107 тэрбум төгрөг төлөх шаардлагатай болсон. Гэтэл шийдэж чадахгүй явж байна. Энэн дээр Гацуурт нэмэгдвэл ямар үр дагавар дагуулах вэ, эдийн засагт улам хүндрэл учруулна” гэлээ. Харин УИХ-ын гишүүн Д.Ганхуяг “Аж ахуйн нэгжид буруу байхгүй, төрийн шийдвэрт байгаа. Татвар төлсний ашгаас 34 хувь авах нь ойлгомжтой. Шороон ордыг өмнө нь ашиглачихсан. Үндсэн ордыг ашиглахаар байгаль орчин нөхөн сэргээгдэнэ гэж ойлгож байгаа.
Палентологийн судалгаа бүрэн хийгдсэн гэж ойлгосон. Баталгаажсан нөөц нь 50 тонн алт. Монголбанк гэрээ байгуулаад урьдчилж авсан нөхцөлд гадаад валютын нөөц бүрдэнэ. Хэдэн хувийн ашиг олох боломжтой байгаа эсэх талаар асуусан. Уул уурхайн сайд Р.Жигжид “Хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийгээд 34 хувийг эзэмших, үүнтэй дүйцүүлээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр авахаар тохиролцсон. Рояльтын татвар гурван хувь байна. Энэ нь 432.3 тэрбум төгрөг буюу нийт ашгийн 68.2 хувь оногдоно гэсэн урьдчилсан тооцоо бий. Археологийн олдвор бий эсэхээр судалгаа хийсэн. Таван сард ажлын хэсэг гарч ажилласан. Трассынх нь дагуу судалгаа хийсэн. Ганц нэг олдвор бий. Олборлолт хийхэд хамаарахгүй байгаа. Энэ орд жилдээ таван тонн алтыг төв банкинд тушаана. Своп нөхцөлөөр тушаасан нөхцөлд 189 сая ам.долларын орлого бүрдэнэ. Хөрөнгө оруулагч талтай ярилцаж байна” хэмээн харилсан юм.
Дугаар шилжих мөчид УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байлаа.
Эх сурвалж: www.mminfo.mn
Холбоотой мэдээ
-
ЦАГААН САР (January 16, 2016 8:34:56 pm )
ЗӨВ ШҮҮ
1 Comment