“Үндэсний соёмбо” хөдөлгөөний тэргүүн Д.Лхагважавын цор цор хийж явсан эрх чөлөөт үе өнгөрлөө, хөөрхий.
МАН-д элсэж, Ерөнхий сайд С.Батболдын эдийн засгийн зөвлөх гэдэг томоохон албан тушаалд томилогдсон тэрбээр үүнээс хойш гудамжинд жагсч, Таван толгой, Оюу толгойн талаар олигтой үг дуугарах эрхгүй болов. Албан тушаал, эрх мэдэл, эднийг дагаж ирэх их хөрөнгө гэдэг ийм хүчтэй аж. Уг нь “Урбанек” компанийн үүсгэн байгуулагч Д.Лхагважавт идэж уух, эдэлж хэрэглэхээс авахуулаад дутагдаж, гачигдах зүйл үгүй. Гэсэн хэдий ч хүний шуналд хязгаар үгүй юм даа. Мэдээж ард түмний тархийг угаахдаа сайн, эдийн засаг, улстөрийн мэдрэмж, арга заль ихтэй Д.Лхагважав мэтийн хүмүүсийг төрийн эрхийг гартаа авсан том намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд өөртөө урвуулж, албан тушаал, эрх мэдлээр урхидахаа хэнээр ч хэлүүлэлгүй мэдэх байлгүй.
Сүүлийн үед төр засгийн байдлыг ажвал Д.Лхагважавын үүсгэн байгуулалцсан “Монгол 999 Үндэсний нэгдэл”-ийн бараг хагас жилийн хөдөлмөр үгүй болох нь ойлгомжтой боллоо. Өөрөөр хэлбэл УИХ-ын чуулганы 2010 оны долдугаар сарын долооны өдрийн хуралдаанаар “Таван толгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай” 39 дүгээр тогтоолыг баталсан нь өдгөө буцах хандлагатай болоод байна. Энэхүү тогтоолд “Эрдэнэс Таван толгой” компанийн хувьцааны 50 хүртэлх хувийг Монголын иргэд, аж ахуйн нэгжүүдэд эзэмшүүлэх, гадаад дотоодын хөрөнгийн биржид арилжаалах, үүний дотор Монголын иргэдэд 10 хувийг үнэ төлбөргүй, Монголын аж ахуйн нэгжүүдэд 10 хувийг нэрлэсэн үнээр худалдана” гэж заасан билээ. Харин өнөөдөр УИХ-ын баталсан хууль тогтоолыг эргүүлэн цуцалж, аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр зарах 10 хувийг ард түмэнд нэмж өгөх асуудал нэлээд дэмжигдэж эхлэв.
Тиймээс сая, сая төгрөг өгөн байж “Монгол 999 Үндэсний нэгдэл”-д нэгдэж, Таван толгойгоос ахиухан хувь хүртэх сонирхолтой байсан аж ахуйн нэгжүүд төр засгийн энэхүү шийдвэрийг ихэд эгдүүцэн, эсэргүүцэж байгаа нь тодорхой. “Монгол 999 Үндэсний нэгдэл”-ийг дэмждэг зарим эдийн засагчид ид яригдаж буй уг асуудалд тааламжгүй хандаж байгаагаа ч илэрхийлээд амжсан. Тухайлбал эдийн засагч Н.Дашзэвэг “Хэрэв ийм шийдвэр гарвал “Эрдэнэс Таван толгой”-н хувьцааны үнэ буурна. Үнэгүй хувьцаа тараачихсан компанийн хувьцаа үнэ хүрдэггүй юм. Нөгөө талаар үндэсний компаниуд энэ ажилд оролцохоор бэлтгэлээ хангаж зохион байгуулагдсан учраас одоо буцах аргагүй. Буцвал УИХ Монголын үндэсний эрх ашгийг илэрхийлэгч биш болно. Том алдаатай шийдвэр болно. Ингэж холбирсон нөхдийг дахиж УИХ-д сонгож болохгүй. Дараагийн УИХ-д энэ алдааг засах чадамжтай нөхдийг сонгох хэрэгтэй” гэдэг байр сууриа илэрхийлжээ.
Харин “Монгол 999 Үндэсний нэгдэл”-ийн ТУЗ-ийн гишүүн Д.Лхагважавын хувьд аргагүй л амаа үдүүлсэн хүн шиг ярьж байна лээ. Тэрбээр “Таван толгой, Оюу толгойн хувьцаа, газрын баялгийг ард түмэнтэйгээ холбож өгье гэдэг нь иргэний хөдөлгөөнүүдийн 2005-2006 онд баримталж байсан зарчмын нэг. “Монгол 999” гэдэг байгууллага эвлэлдэн нэгдсэнээрээ Засгийн газрын бодлогыг өөрчилж, УИХ-ын 39 дүгээр тогтоолыг батлуулсан. Уг тогтоолын дагуу Таван толгойн хувьцааны 10 хувийг иргэдэд олгохоор болсон шүү дээ. Хувьцааны 10 хувийг аж ахуйн нэгжүүдэд авч өгье гэж байсан. Намын бүлгүүд дээр “Аж ахуйн нэгжид олгох хувьцааг иргэдэд нэмж олгоё” гэж яриад байна лээ. Миний зарчим бол “Арван хувийг иргэдэд олгохдоо заавал ч үгүй борлуулах ёстой. Ард түмэндээ, аж ахуйн нэгжид борлуулах ёстой” гэдэг. Намын бүлгүүд “Хувьцааг иргэддээ борлуулъя. Иргэд түүнийгээ борлуулах эрхтэй” гэсэн асуудлыг ярилцаж байх шиг байна. Нэг ёсондоо, аж ахуйн нэгжүүдийн хувьцаа авах аргыг бага зэрэг өөрчилж байгаа гэж ойлгож байгаа” гэжээ.
“Нэг ёсондоо, аж ахуйн нэгжүүдийн хувьцаа авах аргыг бага зэрэг өөрчилж байгаа гэж ойлгож байгаа” гэдэг өгүүлбэр дэндүү бөөрөнхий, эрх мэдэл, албан тушаалд амаа хамхиулсан хүний үг шиг сонсогдож байгаа биз. Эсвэл том намын даргадаа таалагдах гэсэн, тал алдахгүйг хичээсэн үг биш байна гэж үү. Юун нөгөө 2000 гаруй аж ахуйн нэгжийн нэгдлийг төлөөлж буй байгууллагын ТУЗ-ийн гишүүн бэ. Ерөөсөө л МАН, Засгийн газрыг төлөөлж буй өнгө төрх, үнэр Д.Лхагважаваас нэвт үнэртэх болжээ.
Мэдээж ард түмэнд 10 хувийг нэмж олгоё гэдэг асуудлыг шүүмжилж байгаа юм биш. Улааныг харж урваж, шарыг харж шарвадаг хүний тогтворгүй, ичгүүр сонжуургүй царайг илэрхийлэх гэсэн минь энэ. Магадгүй хоёр хүний дундуур гүйх хар муурын явдлыг энэхүү нийтлэл санагдуулж байж болно. Гэвч Д.Лхагважавын үнэн дүр төрх ийм аж. Бас болоогүй ээ, олон намаар гуйлгуулж байж МАН-д очсон гэдгээ тэрбээр илэрхийлээд амжсан шүү дээ.
“Би 2005 оноос улстөрд орсон. Үүнээс хойш надад тодорхой санал тавьсаар ирсэн. Бараг бүх нам “Элсээч” гээд хадаг өгсөн дөө. Хариуг нь өгч чадаагүй байсан юм. Харин Ардын намын дарга С.Батболд “Монгол Улсын эдийн засаг хөгжлийн гараанд ирлээ. Сүүлийн хоёр жилийн хугацаанд төсвийн орлого хоёр дахин нэмэгдлээ. Эдийн засгийн энэхүү хөгжлийг хувь хүн, иргэд рүү чиглүүлэх хэрэгтэй байна. Та хамтарч ажиллах уу” гэдэг саналыг тавьсан. Түүнийг нь би хүлээн авсан. Тэгээд ч “Засгийн газрын тэргүүн эдийн засгийн энэхүү өсөлтийг зөв тийш нь чиглүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг явуулж байна” гэж бодож байгаа. Нуух юм алга. Миний намд элссэн өдөр бол 2011 оны арваннэгдүгээр сарын 10. Энэ өдрөөс эхэлж би МАН-д харьяалагдаж эхэлсэн. Намын дүрэм, журамтай танилцсан. Ерөнхий бодлого барина гээд байгаа” гэх мэтээр Д.Лхагважав өөрийгөө тэнгэрт тултал рекламдаж байна. Ийнхүү Д.Лхагважавын цор цор хийх хөг нь өнгөрлөө. Жаахан дуугарч, үзэл бодлоо ичиж эмээлгүйгээр илэрхийлчихдэг нөхдийг нэг нэгээр нь намдаа элсүүлээд нам дардаг үзэгдэл газар авах болсон нь туйлын харамсалтай.]
Холбоотой мэдээ
-
Anonymous (November 23, 2011 7:02:48 am )
URBANIKAA ICHIJ VHEECHEE
1 Comment