antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 31, 2011 Comments are off

О.Цагаанзам: Би Монголын иргэн болмоор байна

нийтлэсэн Admin

Халимагийн туульч О.Цагаанзамтай ярилцлаа.

-Та манай улсын иргэн болох хүсэлтээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид тавьсан гэсэн. Чухам яагаад ийм шийдвэр гаргах болов?

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид “Би Монголын иргэн болмоор байна” гэж хэлсэн. Халимагийн нэг туульд “Нэгэн шувуу арын бумбын орноос нисч явжээ. Тэр шувуу “Жангарын бумбын орныг жаргалтай гэж сонслоо. Өөрийн минь оронд амьд бүхэн үхээд хэцүү байна. Тэгээд би жаргалтай орныг зорин нисч байна” гэж хэлсэн тухай гардаг.

Хүмүүс гэдэг чинь нар дагаж л нүүгээд байдаг. Монголын аймаг овгууд нар дагаад л нүүгээд байж. Гэтэл 1771 онд халимагууд нар сөрөөд нүүчихсэн. Тэр нүүдлээс үлдсэн зарим халимагуудын үр удам одоо Ховд аймгийн Булган сум, Шинжаан, Ховог сайраар байна. Нар дагаад нүүвэл хамгийн амар бас дэвждэг.

Би тууль хайлдаг хүн. Халимагууд бид чинь эцэг өвгөдийнхөө газар нутаг, ус мөрөн болсон Монголд буцаж ирэх үү, яах вэ гээд ярилцаад л байна. Тэнд амьдрал хэцүү байна. Оросууд Халимагийг олигтой тоохгүй, доромжлоод байгаа ийм цагт надад хаана ч амьдарсан яахав. Миний бодлоор Эквадороос цааш амьдарвал хэцүү байх аа.

Эквадороос наана л байвал болж байгаа юм. Яагаад гэвэл Эквадороос цааш Алтангадас, Долоон бурхан одод харагдахгүй. Шөнө тэнгэр рүү харсан ч танихгүй баахан одод. Оддыг нь танихгүй шүү дээ.

-Халимагууд Монгол ёс уламжлал, өвөг дээдсийнхээ нутгаа санагалзаад нааш ирэх гэж байна уу. Эсвэл Халимагт амьдрахад эдийн засгийн талаасаа хүнд болсноос нааш ирэхийг хүсээд байгаа юм уу. Аль нь илүү давамгайлж байгаа бол?

-Бид чинь аав, ээжийнхээ нутаг ус, үндсээ гээд л ирэхийг хүсч байна. Бид нутгаасаа гараад их зовлон үзсэн. Өв уламжлал соёлоо хадгалж үлдэхийн тулд Сталины үед Сибирийг гаталж зугтаж байсан түүхтэй.

Эмэг эх маань 103 настайдаа өөд болсон. Монгол дээлээ өдөр бүр өмсдөг, оросуудын дунд амьдарсаар ирсэн хэрнээ оросоор ярьж чаддаггүй, халимагаар л ярьдаг хүн байсан юм. Бидний өвөг дээдэс ингэж л хэл соёл, хуучны заншлаа хадгалж ирсэн хүмүүс.

Халимагт эдийн засаг, амьдрал жаахан хэцүүдээд ирсэн чинь Орос, Европ тал руугаа соёлжсон хүмүүс нь Орос руу явчих санаатай. Үндэсний бодолтой нь” наран мандах зүг, Монгол руу ирэх хүсэлтэй болчихоод байна уу даа. Монголд ирнэ гэдэг тийм амар биш юм. Монголын амьдрал Америк, Европтой адилхан биш. Тийм болохоор нааш ирэх гэсэн мөрөөдөлтэй халимагуудын хүслийг үндэс язгуураа түшье гэсэн сэтгэл нь дийлчихээд байна.

-Тэгэхээр та юутай ч хүсэлтээ гарчихаад байгаа юм байна. Хэдийд Монголын иргэн болохоор төлөвлөж байна?

-Монгол давхар иргэншилгүй болохоор хүндрэл үүсээд байна. Оросын Халимаг, Буриадад давхар иргэншил олговол их сайн байна. Бид тэнд байгаа газар, өмчөө орхиод ирнэ гэхээр хэцүү л дээ. Аав, ээж маань тэр газарт олон зуун жил амьдарч ирсэн. Миний бодлоор Халимаг бол Монголын нэгэн хязгаар шүү дээ, Модун Шанью “Газраас илүү үнэтэй зүйл үгүй” гэж хэлсэн байдаг. Газар бол хамгийн чухал.

-Таныг Монгол, Халимагийг холбож буй гүүр юм болов уу гэж боддог юм. Та энэ удаад ямар ажлаар ирсэн бэ?

-Баярлалаа. Энд эдийн засгийн нэг форум болсон. Форумын үеэр болсон тоглолтод оролцлоо. Дээд Монгол, Хөх нуурын дуучид ирсэн. Мөн Өвөр Монголоос дуучин Чибулаг ирсэн. Бид хамтраад дуугаа дуулаад, туулиа хайллаа. Хүмүүс Халимагийн талаар буруу ойлголттой байдаг юм шиг ээ. Биднийг Орост урваад зугтаад гарсан гэж ярьцгаадаг. Чингэс хааны дараа Монгол Улс задраад баруун монголчууд төрөө босгож авахын тулд ахан дүүс хүртэл бие бие рүүгээ илд далайсан. Тэр үед торгуудууд хамаатан садантайгаа дайтаж, биенээ алахынхаа оронд эндээс явъя гээд хасагаар дамжаад Бат хааны Алтан ордны улс руу нүүдэллэсэн. Үүний дараа хэд хэдэн удаа нүүсэн байдаг.

Нарт дэлхийд буруу, зөрүү зүйл байдаг. Буруу зүйлээр үзэл суртал хийгээд байвал сайн зүйл болохгүй. Нар алтан шар өнгөтэй. Тэнгэр хөх өнгөтэй.

Манжийн дарлал бол асар хүчтэй зүйл байсан. Түүний долгион нь Европт ч хүрэхээр тийм их далайцтай байжээ. Түүнийг баруун монголчууд цээжээрээ зогсоосон.

Одоо сайхан цаг ирж байна. Зөв, буруу нь ялгарч байна. Би Европын католикийн том сүмүүдэд туулиа хайлсан удаатай. Эхлээд хайлахад эвгүй л байсан. Хүний бурхны газарт яаж ингэж, туулиа хайлах вэ гэсэн чинь “Үгүй, зүгээр ээ. Католик сүм бол соёлын газар. Зарлиг гаргачихсан” гэж байсансан.

-Та нэг ярилцлагадаа “Кирсан бид хоёр цаашид хамтрахгүй. Тэр хүн үндэсний хэлээ мэддэггүй,    Москваг илүүтэй шүтдэг. Оросын нөлөөнд орчихоор хүн. Халимагийн ард түмний амьдрал жилээс жилд хэцүүдэж байна” гэсэн байна лээ. Та Кирсан Илюмжиновын Үзэл суртал хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Түүнтэй харилцаа тань муудсанаас манай иргэн болохоор шийдсэн юм уу?

-Илюмжиновын талаар ярих сонирхол алга. Илюмжинов бол ганц хүн. Түүний тухай ярихын оронд аугаа газар нутаг, түүх гарвал, аав, ээж, ард түмнийхээ тухай яримаар байна.

-Бид таны нэрийг л мэдэхээс, хувийн амьдралыг тань сайн мэддэггүй. Та Халимагийн хаагуур нутагладаг вэ. Үр хүүхэд, гэр бүлийнхээ тухай яривал…

-1987 оноос эхэлж тууль хайлсан. 24 жил болчихож. Би одоо 54 настай. 30 наснаасаа тууль хайлсан юм байна шүү. 18 настайдаа сургуулиа төгсөөд Германд цэргийн алба хаасан. Түүний дараа Москвад атомын цахилгаан станцын барилгын инженер мэргэжлийг эзэмшсэн.

-Гэр бүлийнхээ тухай?

-Хоёр хүү, нэг охинтой. Ууган нь 30 настай, отгон нь арван настай. Элстэйд л байдаг. Ээжтэйгээ амьдардаг. Товшуураа үүрээд л гадаадаар явж байгаад гэртээ очдог юм. Ирэн очин байдаг даа. Гэрээсээ гараад бараг хоёр сар болчихсон байна шүү.

-Та Монголын уран бүтээлчид, нийтийн дууныхантай хэр хамтарч ажилладаг вэ. Найзалдаг уу?

-Монголд олон сайхан дуучин байна. Сайхан дуу ч олон. Надад дуучид гэхээсээ илүүтэй Монголын яруу найрагчид их таалагддаг. Сонсоход нүдэнд нулимс дүүрээд ирдэг шүлэг байна.

Намайг монголчууд дуучин гэж хүлээж авдаг, таньдаг. Би туульч хүн шүү. Тууль хайлахын хажуугаар ийм сайхан дуу байдаг юм шүү, энэ дуунуудыг мартаж болохгүй шүү гээд л хэдэн дуу дуулсан. Тэдний нэг нь “Ээж минь” дуу.

2004 онд миний гаргасан цомог Англид шилдэг 700 цомгоос шалгараад топ аравт багтаж “Best album-2004” цомогг орж байсан.

-Та хөөмийлдөг үү?

-Хөөмийг тав, зургаан янз төрөл байдаг, энэ тэр л гэдэг. Би зөвхөн туулиа л хайлдаг.

-Та Монголд ирэхээрээ баруун аймгуудаар явдаг уу?

-Явна аа. Би 1989 онд Монголд анх ирэхдээ Ховдод очсон. Торгууд, дөрвөдүүд нь хаагуур аж төрдгийг мэддэггүй байсан. Чандмань суманд очоод хэдэн хөөмийчидтэй уулзчихаад долоо хоноод буцчихсан. Би товшуураа үүрээд, туулиа сэтгэлдээ хадгалаад л явдаг хун.

Д.ГАНСАРУУЛ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

Comments are closed.

antalya rent a car