УБХ-ын сонгуулийг оролцуулбал монголчууд сүүлийн хориод жилд 6 удаа
парламентын сонгуульд оролцов. Анх бизнесийнхнээс “Алтан шагай”-н О.Заяа, “Их засаг”-ийн улаан Ням-Осор гэсэн хэдхэн товариш оролцож байсан бол…
…сонгууль болгоноор тоо нь ахисаар эдүгээ эрс олширсон. Ирэх сонгуулиар тэдний нэрсийн жагсаалт улам олшрох нь тодорхой болсон бөгөөд намууд квотын төлбөр гэх жирийн иргэдийн аманд ч багтахгүй тоотой мөнгийг нэр дэвших хүсэлтнүүдээс саадаг болсон явдал улс төрд орох гэсэн ядуучуудын төлөөллийг бойкотлох том хэрэгсэл болдог. Тиймээс ч нэг бол өөрөө мөнгөтэй, эс бөгөөс хэн нэгний халаасанд багтаж байж л УИХ гэх “том” айлын хаалгыг татах эрхтэй болно.
Монголын улс төрд “Голомт”-ын Лу.Болд, “Монгол шуудан”-гийн гэгддэг Д.Зоригт, Монгол банкаар овоглогдох шахсан О.Чулуунбат гээд мөнгөний уутны аман дээр суудаг эрхмүүд шил даран орж ирсэн. Улс төргүйгээр бизнесээ өргөжүүлж, хөрөнгөө өсгөх боломж бараг байдаггүйг хэдийнээ мэдэрсэн хөрөнгөтэй эрхмүүд өөрөө биш ч гарын хүнээ УИХ-д суулгахын тулд хамаг мөнгөө хаядаг.
Энэ л жишгээр “Жаст”-ын Ш.Батхүү өөрөө улс төрд орохоос түдгэлзэн ээлжит гарын хүүхэлдэйгээ чихэхээр шийдэн бэлтгэлээ базааж эхэлжээ. Гэхдээ түүний ард бас нууц ноёнтнууд буй нь Тавантолгойгоос Япон Солонгостой хамтран 18 хувь авах болоод буй орос ах нар гэнэ.
Улс төрд өөрийн хөл, гарыг дүрээгүй ч утсан хүүхэлдэйгээ шургуулдаг баячуудын нэг нь яалтгүй “Жаст”-ын Ш.Батхүүг гэлцдаг. Анх МСS-ийн Ж.Оджаргалтай бизнесийн гараагаа хамт эхэлсэн тэрбээр хэдхэн жилийн өмнө шатахууны цөөхөн колонктой байсан бол эдүгээ Монголын тэргүүн баячуудын нэгэнд багтаж, Орос руу гаргадаг малын зах зээлийг барьдаг болоод удав. Анх Ш.Батхүү “Бурятмясопром” гэх Монголын малыг дангаараа Орост нийлүүлдэг компанийн хяналтын багцыг эзэмшдэг В.Морозов гэгч орос ахынхаа нөлөөгөөр том бизнесменүүдийн эгнээнд элссэн гэдэг.
Орос ах нар угаасаа олигархиудтай холбогдож татвараа хуваалцдаг зуршилтай тул Батхүүг хөл гарын үзүүртээ оруулах замыг Морозов тавьсан бөгөөд Алтанбулагийн боомтыг тэдний гарт орчихсон гэх яриа их байдаг. Жастын Батхүүг оросуудтай нийлдэг бүү хэл тэдний мафитай холбогдсон байж болзошгүй гэж Монголын “мэргэжил нэгтнүүд” нь ярьдаг. Мөн тэрбээр “Хадгаламж” банкыг “Чингис хаан” банкны Громовоос өртэй нь хамт худалдаж авсан. Чимэдцэрэн гэгч нөхөр “Хадгаламж” банкнаас 14 тэрбум төгрөг цөлмөн Солонгосын казинод үрсэн хэргээр хар гэр рүү ачигдахад Громов Монголын засгаас тэр мөнгийг нэхэж 3 сая ам.долларын нөхөн төлбөр авангуутаа Жастын Батхүүгээр 14 тэрбумыг төлүүлэх гэрээтэйгээр банкаа худалдсан.
“Орос” Батхүүгийн оффист “Орос ах”-ын хүргэн хүү байсан Ю.Цэдэнбал даргын хөргийг В.И.Ленин, Л.И.Брежнев нарын зурагтай хамт өлгөсөн агаад Путин, төмөр замын Якунин хоёрын зургийг ширээндээ залсан байдаг гэж сонсогдсон. Ийнхүү “Оросжоод” байгаа мань эрийг удахгүй оросын хадам болох нь гэсэн яриа намрын салхин дунд тэнүүчилж явна.
luivar
Холбоотой мэдээ
Comments are closed.