Монгол Улсын гавьяат тамирчин, ОУХМ Доржготовын Цэрэнхандын нэрэмжит жүдо бөхийн холимог багийн халз барилдаан “Аса” циркт энэ сарын 16-нд болно. Анхдугаар тэмцээнд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин цолтой бөхчүүд нэг баг болох бол ОУХМ цолтой бөхчүүд тэдний эсрэг 50 сая төгрөгийн төлөө хүч үзэх юм байна. Хөдөлмөрийн баатар, гавьяатуудын багт Н.Түвшинбаяр, Х.Цагаанбаатар, Г.Болдбаатар, Д.Амартүвшин, М.Уранцэцэг, Д.Сумъяа, Ц.Мөнхзаяа нар байгаа юм. Харин нөгөө багт Ж.Амарболд, Д.Төмөрхүлэг, О.Ууганбаатар, Ө.Дүүрэнбаяр, “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт, ОУХМ Г.Отгонцэцэг, Л.Энхрийлэн, Б.Ганхайч нар зодоглох ажээ. Сонирхуулахад хоёр жилийн өмнө их спортоос зодог тайлсан Х.Цагаанбаатар тус тэмцээнд орж, эмэгтэйчүүдийн 48 кг-д дэлхийн аварга М.Уранцэцэг, Г.Отгонцэцэг нарын өрсөлдөөн жүдо бөх сонирхогчдын анхаарлыг ихэд татаж байна.