Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн зорилго нь хувь хүн, хуулийн этгээд бүртгэлээс гадуурх нуун дарагдуулсан хөрөнгө, орлого, үйл ажиллагаагаа сайн дурын үндсэн дээр ил болгон мэдүүлсэн тохиолдолд тухайн этгээдийг хуулийн хариуцлагаас нэг удаа чөлөөлөхөд оршиж байгаа юм. Энэ нь далд эдийн засгийг бууруулж, хөрөнгө оруулалтын урсгалыг сайжруулах, хувь хүн, бизнес эрхлэгчид шударгаар үйл ажиллагааг явуулах боломж, эхлэлийг тавих давуу талтай юм.
Хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын 2015 оны 389 дүгээр тогтоолоор Засгийн газрын нөөц сангаас 350 сая төгрөгийн хөрөнгө гаргахаар шийдвэрлэсний дагуу Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэхэд 250 сая төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн хэрэгжилтэд зориулан 100 сая төгрөгийг зарцуулаад байгаа аж.
Энэ талаар Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн баасан гарагийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд явцын талаар мэдээлэл хийлээ. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийг 2015 оны энэ сарын 7-ны өдрийн байдлаар татвар, гааль, нийгмийн даатгал, бүртгэлийн байгууллагуудын хүлээн авсан тайлан, бүртгэсэн хөрөнгийн талаарх тоо мэдээллээс үзвэл тайлан, бүртгэлийн давхардлыг арилган тооцсон цэвэр дүнгээр нийтдээ 3.5 тэрбум төгрөгийн орлого шинээр бүртгэгдэж, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх заалт, Засгийн газрын 384 дүгээр тоггоолоор баталсан хуулийг хэрэгжүүлэх журамд заасны дагуу 578.7 тэрбум төгрөгийн татвар болон 173.9 тэрбум төгрөгийн торгуулиас чөлөөлөгджээ.
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хүрээнд нийгмийн даатгалын шимтгэл болон улсын тэмдэгтийн хураамжийг чөлөөлөөгүй тул нөхөн бүртгүүлсэн цалингийн сантай холбоотой 220.8 сая төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төсөвт төвлөрсөн байна. Мөн түүнчлэн эд хөрөнгийн болон хуулийн этгээдийн улсын бүртгэлтэй холбоотой 4.7 сая төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төсөвт төвлөрөөд байгаа аж. Тухайлбал, 1737 аж ахуйн нэгж байгууллага хуульд хамрагдахаар ил тодын тайлан гаргахаар хүсэлт илгээсэн боловч 674 тайланг албан ёсоор баталгаажуулжээ.Өөрөөр хэлбэл, 565.2 тэрбум төгрөгийн хөрөнгө, орлогыг санхүүгийн тайлангаар ил болгоод байна. Энэхүү бүртгэлийн хүрээнд 2015 оны энэ сарын 7-ны өдрийн байдлаар 161.3 сая төгрөгийн торгуулиас чөлөөлсөн байна.
Харин албан татварын тайлангийн хувьд таван төрлийн татварын хүрээнд 5789 тайлангаар 3.5 их наяд төгрөгийн үнэлгээ бүхий хөрөнгө, орлого ил болж, 572.1 тэрбум төгрөгийн татвараас тус тус чөлөөлсөн байна. Энэхүү тайлангийн хүрээнд 171.6 тэрбум төгрөгийн торгуулиас чөлөөлжээ. Тайлан ирүүлсэн нийт татвар төлөгчийн 34.1 хувь нь татвар төлөгчөөр шинээр бүртгүүлсэн, 15.3 хувь нь өмнө тайлан гаргаж байгаагүй, 50.5 хувь нь татварын тайлангаа буруу гаргасан татвар төлөгч хамаарч байгаа аж.
Түүнчлэн татвар төлөгчийн бүртгэлийн хувьд 2015 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн байдлаар нийт 495 татвар төлөгч татварын албанд бүртгүүлсэн байна. Нийт 294.5 сая төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл бүхий 356 даатгуулагчид хамаарах нийгмийн даатгалын 254 нөхөн тайлан гаргасан. Үүнээс 220.8 сая төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлээд байна. Энэхүү бүртгэлийн дагуу 2015 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн байдлаар нийт 110.4 сая төгрөгийн торгуулийг чөлөөлжээ.
Тэгвэл гаалийн татвар, хураамжийн нөхөн мэдүүлгээс үзвэл 55 иргэн, 314 аж ахуйн нэгж, байгууллагын 6500 орчим нэр төрлийн 27.4 сая ам.доллар буюу 42.7 тэрбум төгрөгийн бараа, тээврийн хэрэгслийг ил болгон нөхөн мэдүүлж, нийт 6.6 тэрбум төгрөгийн татвараас чөлөөлөөд байна. Энэхүү бүртгэлийн хүрээнд 2015 оны энэ сарын 7-ны өдрийн байдлаар 1.98 тэрбум төгрөгийн торгуулиас чөлөөлжээ.
Б.Бат
Холбоотой мэдээ
Comments are closed.