Уншигч та бүхнийхээ амралтын өдөрт зориулж монголчуудын ам дамжин өгүүлж ирсэн “Салхин хийгээд сарны явдлын тухай хууч”, “Аман яриа”, “Энгэр зөрүүлэх ёсны нарийн учир”, “Бадарчингийн паян”, “Хүмүүнийг шинжих судар сэлт”-ийг эмхэтгэн гаргасан Түүх судлаач С.Очийн “Үдшийн хууч” нэртэй номонд багтсан бүтээлүүдээс хүргэж байна.
Нэгэн эр айлд хоножээ. Тэр айлын охин нь халуун залуу настай, харахгүй байхад ч үзэгдэм гоо үзэсгэлэнтэй, харанхуйд туяарам цагаан магнайтай, хазаад авмаар бадмын улаан уруултай, хавьтахын хүслэн оргилуулам тэг сайхан мөөмтэй ажээ. Бүсгүйн ээж зүүн талын орон дээр, хоноц хоймроор, бүсгүй баруун талын орон дээр унтсан юмсан. Дурлалын багана нь сүндэрлэж /болдоггүй бор нь босож/, цэцгийн эрхи /эм бэлгэ/-ийг мөрөөссөн хоноц залуу даараагүй атлаа чичирсээр, зоригтой атлаа хулчийсаар зул бөхөхийг хүлээн үе үе шүүрс алдаж хэвттэл ширүүн бороо шижигнэн орж эхлэв гэнэ. Уранхай цоорхой гэрийн цавгаар усархаг бороо энд тэндгүй дусалж эхлэх үеэр зул ч жаргав гэнэ.
Аятайхан энэ эгзгэн дээр “ангасан азарга”-ныхаа амыг дийлэхээ больсон залуу баруун тийшээ тэмтрэн мөлхөж, бага залуу бүсгүйг чичигнэсэн гараар эв хавгүйхэн татваас:
– Хэн бэ? гэж байна гэнэ.
– Дусаал гуай нь байна гээд нарийн бэлхүүсээр нь тэвэрч, навчин улаан уруулыг нь озох гэтэл:
– Ээж ээ, энэ дусаал чинь зүгээр унтуулахгүй байна гэсэнд эх нь баруунтайгаас
– Хаа сайгүй дусаал, дуугүй унт! Зуны шөнө богино шүү! гэж зандрав гэнэ.
“Завхай харчуулд
Халуун өврөө нээж болохгүй
Заяаныхаа ханьд бол
Харамлаж хясаж болохгүй” гэж ээж нь сургадгийг бүсгүй нэгэнтээ санаад “Энэ залуутай загас наадуулахыг ээж минь зөвшөөрч байна. Бодвол эртний сүйт, өнийн заяат залуу минь мөн байж таарлаа” гэж бодоод ороо зайчлан цаашаа хажуулж, орж ирсэн залуутай озолдон үнсэлдээд тийм гэхийн аргагүй соньхон үнэр анхилуулж тэгш сайхан нуруугаа тэвхдэн нумлаж, тэсгэл алдан хасаа дэлгэхэд Дусаал гуай дурлалын баганандаа цэцгийн эрхиэ өвч ороогоод зөөлөн зөөлнөөр гийнаж, ширүүн ширүүхнээр загас наадуулж эхлэв гэнэ.
Тэнгэр, газар хоёр тэн тэндээ шивнэлдэн, хагсаагаа тайлж, хоноц, бүсгүй хоёр баруун орноо бал бурмаар байн байн залуу биесээ дайлж “хушиган” дэнгийн дуу таслалгүй шөнийг барж, үүр цайлгав. Эрийн дурлалын багана ч гэж ган багана, эмийн цэцгийн эрхи ч гэж яг л дэлбээгээ нээх сарнай тул хоёр сэтгэлдээ юутай жаргалтай, хос биесдээ юутай амттай байсныг өгүүлэх юун.
Ийнхүү шөнийн үүлэн борооны цэнгэлд цэцэгт газар дэлхий, цэцгийн эрхит бүсгүй хоёр үнэнхүү цадан ханаж, жарган нялхарчээ. Үүрийн цагаан гэгээ өрхийн зайцаар хуруугаа оруулан ичиглэхийн үеэр хоноц залуу сүүндээ цадсан унаганы нойроор зүүрмэглэн бүхий гоо бүсгүйн дулаан өврөөс дурамжхан гараад хоймор бүхий хүйтэн хөнжил дэвсгэр тийшээ маадгархан мөлхөхүй “болдоггүй бор” нь “боргоцой бор” болсон байв гэнэ ээ.
Эх сурвалж: Түүх судлаач С.Оч “Үдшийн хууч” номоос
Холбоотой мэдээ
Comments are closed.