antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 4, 2012 Comments are off

Д.Энхбат: Оюу толгойн лицензийн асуудлаар Олон улсын шүүхэд хандах боломжтой

нийтлэсэн Admin

Дахиад л Оюу толгойн талаар өгүүлж байна. Уншигчид маань харин залхахгүй байх. Яагаад гэвэл Оюу толгойн гэрээ бол Монголын ирээдүй, хөгжил дэвшилтэй салшгүй холбоотой. Ер нь шавхагдашгүй сэдэв болсоор байх ажээ. Энэ удаа “Эрс шинэчлэл” хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Д.Энхбаттай ярилцлаа.

 

-Та иргэний хөдөлгөөнийхөө шугамаар Канадын иргэн Роберт Фрийдландыг нэлээд сайн судалсан уу. Түүнийг анх хэн зуучилж Монголд оруулж ирсэн юм бэ?

 

-Бид Роберт Фрийдландын талаар судалгаа хийсэн. Гэхдээ Монголд анх чухам хэн зуучилж оруулсан талаар нарийн мэдэх юм тун бага байна. Гэхдээ таамаглал бий. Тухайн үед өнөөгийн УИХын гишүүн Ц.Мөнх-Оргил Америкт хуулийн чиглэлээр суралцаж, тэндээ байхдаа хууль зүйн фирм байгуулж ажиллаж байсан. Энэ байгууллагын оролцоотой барууны орнуудын уул уурхайн томоохон компани, корпорациуд орж ирсэн гэдэг. Үүнийг бид яаж баримжаалсан бэ гэвэл, Ашигт малтмалын газрын бүртгэлд байсан лицензүүдийн бүртгэл, арилжаа, шилжилтийн байдлаас харж болж байлаа. Энд хууль зүйн талаас нь зөвлөх үүрэгтэйгээр оролцсон компаниудын дотор Ц.Мөнх-Оргилын байгуулсан “ИДШЭНД МОХАНИ” компанийн нэр тааралдаж байсан. Ер нь Фрийдланд гэдэг хүн Монголд ирж ажиллах нь хэрэгтэй байсан уу, үгүй юу гэдэг бол тусдаа асуудал байх. Энэ бүгдийг сайтар судлах л хэрэгтэй. Гэхдээ хэн түүнийг зуучилж оруулж ирсэн нь тийм ч сонин зүйл биш болов уу.

 

-Та нарын Оюу толгойн асуудлаар тавьж байсан зарчмын томоохон шаардлагууд яаж биелсэн юм бэ?

 

-Бидний тавьж байсан шаардлагууд бүхэлдээ биелэгдээгүй учраас Оюу толгойн гэрээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тухайн үед болон одоо мөрдөгдөж байгаа олон хуулийг зөрчихгүй байх, ард түмнийхээ язгуур эрх ашигт нийцүүлэх зэрэг зүйлсийг энэ гэрээнээс бид хүсч, хүлээж байсан. Гэрээг байгуулах гол хуулиудын нэг болсон Ашигт малтмалын тухай хууль хүчинтэй эсэх нь маргаантай хэвээрээ байна. УИХ-ын даргаар ажиллаж байсан Ц.Нямдорж энэ хуулийг 2006 оны зун батлагдсаных нь дараа өөрөө дур мэдэн засварласан нь илэрсэн. Үндсэн хуулийн цэцээс үүнийг нь бас нотолсон. Тэгээд мань хүн албан тушаалаасаа огцорсон шүү дээ. Үүнийг хүн бүхэн сайн мэддэг болжээ. Гэхдээ Оюу толгойн гэрээ нь анхны хувилбаруудаа бодвол арай дээрдсэн юм. 1997 оны Ашигт малтмалын тухай хууль бол тун тааруухан хууль байсан. Энэ хуулийн өөрчлөлтийн талаар бид санаа бодлоо хэлж, шаардаж байсны ач тус бага боловч гарсан байх. Харамсалтай нь шинэчлэн найруулсан хууль болон Оюу толгойн гэрээнд бидний шаардлагууд бүрэн дүүрэн тусч чадаагүй.

 

-УИХ-ын 40 дүгээр тогтоолд Оюу толгойн ордын 51 хувийг Монголын тал эзэмших зарчим баримталж уг гэрээг байгуулах нь зүйтэй гэж Засгийн газарт даалгасан байсан шүү дээ. Гэтэл Ц.Нямдоржийн зассан гээд байгаа 2006 оны хуульд 50 хүртэл хувь гэсэн заалттай байлаа. Энэ талаар та бүхэн ямар бодолтой явна вэ?

 

-Аливаа бизнесийн төслүүд 51-ээс дээш хувьтай байх нь тухайн улс орныхоо эрх ашгийг хангана. Энэ бол зарчмын чухал заалт байсан. Ер нь би 2006 оны хуулийг үндсэн хуулийн зарчмыг зөрчсөн хууль болсон гэдэг санаагаа дээр хэллээ. Уг хууль батлагдах шатанд тавдугаар зүйлд нь стратегийн ордын 34 болон 51 хувийг эзэмших байсан юм. Гэтэл үүнд хуйвалдаан орсон гэж үзэж байгаа. Хуулийн төсөл дээр одоо Монгол банкны Ерөнхийлөгч болоод байгаа Л.Пүрэвдорж, талийгаач Дамиран, УИХ-ын гишүүн Одхүү зэрэг хүмүүс ажилласан. УИХ-аар хуулийн төсөл хэлэлцэгдэж байх үед байхгүй байсан хувь хэмжээ бүхий заалт гэв гэнэт л гарч ирсэн байдаг юм. УИХ-ын тухайн үеийн хуралдааны тэмдэглэлийг үзэхэд энэ бүхэн тодорхой харагддаг. Тэнд хэний ашиг сонирхол давалгайлж байсан нь ч ойлгомжтой л байгаа. УИХ-ын 40 тогтоолоор Засгийн газарт үүрэг болгосон, Монгол улс Оюу толгойн 51 хувийг эзэмшинэ гэж. Мөн энэ тогтоолд бас нэг чухал санаа бий. Холбогдох хууль эрх зүйг бүрдүүлэх замаар гэрээний асуудлыг шийдвэрлэнэ гэж заасан байгаа. Энэ бол бидний ойлгож байгаагаар Ашигт малтмалын тухай хуулийг дээрх 34 болон 50 хүртэлх гэснийг өөрчлөх боломжтой байсан гэсэн үг. Засгийн газар хуулийн заалтыг өөрчлөх хувилбараа УИХ-д оруулан батлуулж бололгүй яахав. Усны тухай хууль, авто замын болон 68 хувийн татварыг тэглэх зэрэг хуулиудаа өөрчлөх санаачлага гаргаж болсон юм чинь тэрхүү 50 хүртэлх хувь гэсэн заалтыг өөрчилж болох л байсан. Гагцхүү хүсээгүй байхгүй юу. Тэгэхээр тухайн үеийн Засгийн газар нь УИХ-ынхаа шийдвэрийг биелүүлээгүй, хууль бус гэрээ болсон гэж үзэх үндэстэй байгаа биз дээ.

 

-Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээний нэг үндэслэл нь гадаадын хоёр компани хоорондын хувьцаа борлуулах гэрээ хэмээн тодорхойлсон байсан. Айвенхоу майнз Лимитед, Рио Тинто хоёрын хувьцаа борлуулах гэрээг харсан хүн олддоггүй. Нууц байсан юм уу. Та нар харсан уу?

 

-Иргэний хөдөлгөөнүүд тэр үед Засгийн газар болон гадаадын компаниудтай хамтран ажиллах талаар тохиролцсон байсан юм. Юун дээр тохирсон юм бэ гэхээр шаардагдах мэдээллүүдийг нь авч үзэж, анализ хийх явдалд гэрээний хоёр, гурав дахь талууд ч боломж олгох явдал байлаа. Бид үүн дээр их идэвх гаргасан. “Айвенхоу майнз” болон Засгийн газарт хандан ийм, ийм баримт материал та нараас авч, харах хэрэгтэй байна гэдэг байсан. Заримыг нь үзэж чадсан. Эдгээр хүсэлт, шаардлага болгож тавьсан бидний саналууд дотор компаниуд яг ямар оролцоотой байхыг тодотгохыг хүсч байсан юм. Гэвч зарим үзүүлэлтүүд нь одоо тодорхой бус байгаа. Айвенхоу майнз Лимитед, Рио Тинто хоёрын хооронд хувьцаа борлуулах гэрээг ч бид сонирхож байсан. Тэгтэл Айвенхоу майз”-аас хариу ирүүлэхдээ “Бизнесийн нууцтай хамааралтай зүйл учраас дангаараа шийдэж, та бүхний хүсэлтийг биелүүлэх боломжгүй байна” гэсэн. Хоёр компанийн хооронд хувьцаа борлуулах асуудлыг нь өнөөдөр ч манай хэн нэгэн дарга олж хараагүй байх магадлалтай байх шүү. “Рио Тинто” нь “Айвенхоу майнз”- ын хувьцааны 49 хүртэл хувийг эзэмших болсон гэсэн мэдээлэл бий.

 

-Айвенхоу Майнз-д олгогдсон лицензүүд хэр зэрэг шударга болсон бэ. Орост төлөх их өрийн барьцаан дээр лизенз олгогдсон гэдэг үнэн үү?

 

-Манай Эрс шинэчлэл хөдөлгөөнийхөн анх энэ тухай асуудлыг сөхөж тавьж байсан юм. Уул уурхайн лиценз олголтын байдалтай бид чадлынхаа хэрээр танилцаж, үнэлэлт дүгнэлтээ өгсөн. 2003 оны 12 дугаар сард Орост төлөх их өрийг тэглэсэн. Тэр үед Ерөнхий сайдаар Н.Энхбаяр ажиллаж байсан шүү дээ. Яахав, цаг хугацааны хувьд энэ нь Айвенхоу майнз компанид өгсөн Оюу толгойн ордын лицензтэй давхацсан тал бий. Уурхайн орд ашиглалтын дөрвөн лиценз авсан байсан. Лицензийг хуулийн дагуу л авсан юм билээ. Гэхдээ ашиглалтын лицензийг авах цаг хугацаа, нөхцөлийн хувьд ямар байв гэдэг дээр яриа байдаг юм. Хайгуулын үр дүн, орд тогтоогдсон байдал зэрэг шаардлагуудад нийцээгүй, эдгээрийг хангаагүй үедээ ашиглалтын лиценз авсан байсан. Магадгүй, энэ нь Орост төлөх их өрийн 50 сая долларыг босгох Засгийн газрын бондыг айвенхоу майнз худалдан авсан байхыг үгүйсгэхгүй. Бид эдгээр лицензийн асуудлаар Захиргааны хэргийн шүүхэд хандаж байсан шүү дээ.

 

-Шүүх дээр тэгээд ялагдсан уу?

 

-Тэгсэн. Гэхдээ бид Олон улсын шүүхэд хандах боломжтой байгаа. Ер нь хандана ч гэж бодож байна. Оюу толгойн лицензийг анх авсан “Би Эйч Би Блитон” компани Айвенхоуд лицензээ зарах үед лицензийн хугацаа нь дууссан байсан юм. Тухайн үеийн хуулиар бол тэрхүү лиценз авсан компанид уг лиценз байхгүй бол шилжүүлж авсан компанийн үйл ажиллагаа хүчингүй гэсэн утгатай заалттай байлаа. Тиймээс хууль бус болсон зүйл юм. Тиймээс бид тэр үед шийдвэр гаргасан кадастрын албаны нөхдийг шүүхэд өгсөн байсан. Ингээд гурван шатны шүүх дээр бид ялагдсан.

 

-Оюу толгойн гэрээ нь 2008 оны сонгуульд зориулагдсан гэрээ гэдэгтэй санал нийлэх үү?

 

-Улс төр, эдийн засгийн орчинд болж өнгөрсөн үйл явдлууд, улс төрчдийн авир араншиг хараад байхад Оюу толгой гэрээ нь яах аргагүй 2008 оны сонгуульд зориулагджээ гэж үзэж болохоор байгаа юм. Улс төр нь эрүүл саруул байх нэг нөхцөл бол хүчтэй сөрөг хүчинтэй байх явдал юм. Түүнээс биш хоёр өөр үзэл баримтлалтай намууд хамтраад Засгийн газраа байгуулахгүй л бол Оюу толгойн гэрээ байгуулагдахгүй байсан гэж ярьж яваа нөхөдтэй би санал нийлэхгүй. Сөрөг хүчин чанга, хүчтэй байна гэдэг бол хяналт сайн байна гэсэн үг шүү дээ. Оюу толгойн гэрээ ийм хяналтын дор хийгдсэн бол харин ч илүү сайн гэрээ болох байсан байх. Сөрөг хүчнийхээ амыг барьж байгаад хийгдсэн энэ гэрээ муу болох нь аргагүй болов уу. Өөрөөр хэлбэл улс төрийн хоёр том нам нийлж, хуйвалдсан л хэрэг биз дээ. Надад бол тэгж л харагддаг. Тийм ч зорилго анхнаасаа байсан байх.

 

-Таныг Оюу толгойн гэрээний талаар хурц шүүмжилж байсан тул хэн нэгэн үл таних хүнд зодуулан гэмтэж бэртсэн гэдэг. Одоо биеийн байдал ямархуу байна. Үнэхээр захиалгаар үйлдэгдсэн хэрэг байв уу?

 

-Өнгөрсөн оны хавар тийм юм болсон л доо. Бусдад зодуулж, нүдэндээ гэмтэл авсан нь Оюу толгой юм уу, аль нэг улс төр, бизнесийн сонирхолоос үүссэн явдал биш. Цэвэр хувийн асуудал гэх үү дээ. Орост очиж эмчлүүлээд ирсэн. Азаар бие маань их сайн байгаа. Өөр ярих юм юу байхав дээ.

 

Ярилцсан Б.Отгонбаяр

Үндэсний мэдээ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car