Францын нийслэл Парис хотод энэ сарын 13-нд үйлдсэн халдлагуудыг зохион байгуулсан хэрэгт сэжиглэж байгаа Абдельхамид Абааудыг тус хотын дагуул Сен-Дени хотод лхагва гарагт явуулсан ажиллагааны үеэр устгасан гэж “Вашингтон пост” сонины цахим хувилбарт мэдээлжээ.
“Парисын халдлагыг удирдан зохион байгуулсан хэргийн сэжигтэн цагдаагийн өргөн хэмжээний шуурхай ажиллагааны явцад амь үрэгдсэн гэж Европын тагнуулын албаны хоёр төлөөлөгч мэдэгдсэн” гэж тус сонины мэдээлэлд дурдсан байна. “Вашингтон пост” сонинд онцлон тэмдэглэж буйгаар, террорист Парис хотоос хойш нуугдаж, шинэ халдлага зохион байгуулахаар төлөвлөж байж магадгүйг тогтоосны дараахан ажиллагааг явуулжээ.
“100 гаруй цэрэг, цагдаа террористын нуугдаж байсан байшин руу 7 цагийн турш довтолсны эцэст Парисын халдлагыг зохион байгуулагч Абдельхамид Абаауд, Бельгийн хэт давруу үзэлтэн нарыг устгасан” гэж Вашингтоны сонинд мэдээлсэн байна.
Парист болон тус хотын дагуул Сен-Дени хотын “Стад де Франс” цэнгэлдэх хүрээлэнгийн ойролцоо 11 дүгээр сарын 13-нд цуврал халдлага үйлдсэн билээ. Хамгийн сүүлийн мэдээллээр, террористуудын халдлагын улмаас 129 хүн амиа алдаж, 352 хүн шархадсан байна.
Д.Жаргал
Холбоотой мэдээ
Comments are closed.