ISIS буюу Исламын улс бүлэглэл өчигдөр шинэ дүрс бичлэгээ олон нийтийн сүлжээнд цацаж дараагийн удаа АНУ-ын нийслэл Вашингтон хотод халдлага зохион байгуулна гэж мэдэгдсэн билээ. Мөн Исламын улс бүлэглэл урьдынхаасаа илүү хүчтэй болсон учир зогсоож чадахгүй хэмээн мэдэгдэлдээ дурдсан. Тэгвэл Франц, Германы тусгай албадын цуглуулсан мэдээллийн үндсэн дээр Европт бас дахин томоохон халдлага болохоос урьдчилан сэргийлж амжсан байна.
Учир нь алан хядагчид Голланд болон Германы шигшээ багийн нөхөрсөг тоглолтын үеэр цуврал дэлбэрэлт үйлдэж алан хядах ажиллагаа явуулах гэж байгаа тухай Францын тусгай албад Германы талд сэрэмжлүүлсэн байна. Ингээд тоглолт болохоос хоёр цагийн өмнө аюулгүй байдлын өмнөөс цуцлаж байгаа тухай цагдаагийн газрын мэдэгдлийг багууд хүлээж авсан байна. Энэ тухай Германы үндэсний шигшээ багийн албан ёсны хаягаар твиттерт жиргэжээ.
Германы Der Spiegel, Bild Zeitung хэвлэлүүдийн мэдээлснээр “Иракийн дэр мод” хэмээх нууц нэртэй алан хядах ажиллагааны төлөвлөгөөг Францын тагнуулын албад бүхлээр нь гартаа оруулсан бөгөөд харамсалтай нь энэ бол Европт хийх Исламын улс бүлэглэлийн төлөвлөөд байгаа цуврал халдлагуудын зөвхөн нэг нь юм хэмээжээ.
Исламын улс бүлэглэл өнгөрсөн бямба гаригт цуврал халдлага үйлдэж 124 хүний аминд хүрсэн билээ. Улмаар Вашингтон, Москва хотуудад халдлага үйлдэхээр заналхийлээд байгаа юм.
Politik.mn
Холбоотой мэдээ
Comments are closed.