УИХ-ын ээлжит чуулганаар 2016 оны төсвийг баталлаа. Энэ удаа нэгдсэн төсвийн орлого 7013.9 тэрбум, зардал 7954.4 тэрбум, алдагдал 940.5 тэрбум төгрөг байна. Энэ нь орлого ДНБ-ий 25.4 хувь, зардал ДНБ-ий 28.8 хувьтай тэнцэж байгаа аж. Дээрх тоо нь Засгийн газрын оруулж ирсэн төсвөөс зарлага нь 100 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдсэн юм.
Гэхдээ үүний нөгөө талд хөрөнгө оруулалтын зардлыг 149.9 тэрбум төгрөгийг хасч, 79.2 тэрбум төгрөгийг нэмж тусгалаа. Мөн тэвчиж болох зардлыг дахин 16.4 тэрбум төгрөгөөр бууруулах, Хөгжлийн банкны эх үүсвэрээс хэрэгжүүлэх төслийг 26.6 тэрбум төгрөгөөр тус тус бууруулсан. Өөрөөр хэлбэл, орлого, зардлагыг 100 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн ч эсрэгээрээ хөрөнгийн зардал болон хөгжлийн банкны санхүүжилтийг танасан билээ.
Ирэх жил сонгууль болно. Сонгуулийн жилийн төсвийг батлахад багаггүй зүйлийг анхаарах аж. Иймд Сонгуулийн ерөнхий хороо 25.2 тэрбум төгрөгийг зарцуулахаар тусгажээ.
Ирэх онд төсвийн ерөнхийлөн захирагч нар буюу сайд нарын зарцуулах хөрөнгийг дараах байдлаар тодорхойлжээ
1. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга – 4.7 тэрбум
2. УИХ-ын дарга – 18.637 тэрбум
3. Үндсэн хуулийн цэцийн дарга – 809.2 сая
4. Улсын Дээд Шүүх – 3.396 тэрбум
5. Шүүхийн ерөнхий ерөнхий зөвлөлийн дарга – 48.9 тэрбум
6. Хүний эрхийн үндэсний комисс – 748.4 сая
7. Улсын ерөнхий прокурор – 15 тэрбум
8. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл – 2.22 тэрбум
9. Улсын ерөнхий аудитор – 9.6 тэрбум
10. Авлигатай тэмцэх газрын дарга – 8.332 тэрбум
11. Санхүүгийн зохицуулах хорооны дарга – 2.755.8 тэрбум
12. Төрийн албаны зөвлөл – 558.2 сая
13. Сонгуулийн ерөнхий хороо – 25.2 тэрбум
14. Ерөнхий сайд – 99.630 тэрбум
15. Шадар сайд – 110.1 тэрбум
16. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга – 27.2 тэрбум
17. Байгаль, орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд – 57.3 тэрбум
18. Гадаад хэргийн сайд – 72.7 тэрбум
19. Сангийн сайд – 3,122.8 тэрбум
20. Хууль зүйн сайд – 391.8 тэрбум
21. Зам тээврийн сайд – 242.6 тэрбум
22. Батлан хамгаалахын сайд – 218.6 тэрбум
23. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд – 1218.3 тэрбум
24. Батлан хамгаалахын сайд – 17.945 тэрбум
25. Хүнс хөдөө аж ахуйн сайд – 131.1 тэрбум
26. Хөдөлмөрийн сайд – 170.7 тэрбум
27. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд – 497.2 тэрбум
28. Эрүүл мэнд спортын сайд – 691.1 тэрбум
29. Эрчим хүчний сайд – 67.6 тэрбум
30. Аж үйлдвэрийн сайд – 40.8 тэрбум
31. Барилга хот, байгуулалтын сайд – 49.4 тэрбум төгрөг байна.
-Зарим газруудыг нэгтгэнэ
Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Худалдан авах ажиллагааны газар, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах албыг татан буулгахаар байсан. Харин үүнийг парламент хүлээж аваагүй. Гэхдээ Статистикийн байгууллага болон Улсын бүртгэлийн ерөнхий газрыг нэгтгэх, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газруудыг нэгтгэхийг хүлээн зөвшөөрсөн. Засгийн газраас оруулж ирсэн төслөөр статистикийн байгууллагыг улсын бүргэлийн ерөнхий газартай нэгтгэж, Засгийн газрын харьяанд оруулахаар байсан. Харин хэлэлцүүлгийн явцад дээрх хоёр байгууллагыг нэгтгэж болох ч харьяалал нь УИХ-ын дэргэд хэвээр байх нь зүйтэй гэж үзлээ.
Мөн Аж үйлдвэрийн сайдын багцад Говийн бүсэд нефть боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулахад 7 тэрбум орчим төгрөг тусгагдсан байсан. Үүнийг Ц.Нямдорж гишүүн санал гаргаж, нефть боловсруулах үйлдвэрийн оронд 21 аймагт цагдаагийн кабон барих ажлыг үргэлжлүүлэх хэрэгтэй гэж үзсэн. Эл саналыг байнгын хороо дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлгээр ч дэмжигдсэн юм.
Үүнтэй холбоотойгоор сайд Д.Эрдэнэбат эл саналыг буцаах саналаа гуравдугаар хэлэлцүүлгийн явцад УИХ-ын даргад уламжилсан юм. Харин ажлын хэсгийн ахлагч Д.Ганхуяг “Нефть боловсруулах үйлдвэр барихгүй гээгүй. Гагцхүү хувийн хэвшил л үүнийг хийх хэрэгтэй. Хувийн хэвшлийн хийх ажлын урдуур төр орж, цаас үйлдвэрлэх хэрэггүй” гэсэн. Түүнчлэн УИХ-ын дарга ч бас нэгэнт дэмжигдсэн саналыг буцаах боломжгүй гэсэн юм. Ингээд хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр Ц.Нямдорж гишүүний гаргасан саналыг дэмжсэн саналыг дахин дэмжих нь зүйтэй гэж санал хураалгасан. Эл саналыг чуулганы нэгдсэн хуралдаанаар ч дэмжсэн юм.
Г.Төмөр
Холбоотой мэдээ
Comments are closed.