Тэгэхээр хавдартай хүн гадаадад оношлогоонд явж, сар бүр хоёр сая төгрөгийн эм уухаар жилд багаар бодоход 70 гаруй сая төгрөгийг эмчилгээнд зарцуулж байна.
Дүүргийнхээ эмнэлэгт очиж шүд авахуулах далимаар хавдрын эмчээр ажилладаг танил эгчийнхээ өрөөгөөр оров. Гэтэл 30 гаруй насны залуу өвчний түүх, эмчилгээ бичсэн цаас бололтой нэлээн зузаан хавтастай зүйл барьчихсан орж ирлээ. Тэгснээ “Үнэндээ сар бүр хоёр сая гаруй төгрөгийг эмчилгээндээ зарцуулах хүндрэлтэй байна. Энэ курс эмийг саяхан гадаадаас авчрууллаа. Энэ эмгүй л бол би чинь өнгөрнө шүү дээ” гэж нэг жижиг савтай эм харуулчихаад, заавар зөвлөгөө аваад гарлаа.
Гарсных нь дараа эмчээс ямар өвчтэй хүн болохоороо сард хоёр сая төгрөгийн эмчилгээ хийлгэдэг юм бэ гэхэд “Цусны цагаан эсийн хавдартай хүн. Дархлаа дарангуйлах эмийг байнга уух ёстой. Гадаадаас өндөр үнээр захиалж авахуулдаг. Мөн жилд нэг удаа гадагшаа явж бүх биеийн оношлогоо буюу биед нь хавдрын эс үсэрхийлсэн эсэхийг 50 сая төгрөгөөр оношлуулах ёстой. Энэ хүн оношлогдоод хоёр жил болж байгаа ч нэг л удаа гадаадад оношлогоо хийлгэсэн. Дархлаа дарангуйлах эм уухаар байнга ханиад хүрч, бүх бие, ясаар нь өвддөг” гэв. Өөрөөр хэлбэл, химийн тариа хийлгэсний дараа энэ эмийг уухгүй бол үхнэ гэнэ. Тэгэхээр ийм хавдартай хүн гадаад руу оношлогоонд явж, сар бүр хоёр сая төгрөгийн эм уухаар жилд багаар бодоход 70 гаруй сая төгрөгийг эмчилгээнд зарцуулж байна. Өөр олон төрлийн эмчилгээ хийлгэдэг гэнэ.Тэгээд өөрөө ажил хийх боломжгүй гэж бодохоор энэ залуугийн гэр бүл зөвхөн цаг нөгцөөх хуруун чинээ хайрцагтай эмийн төлөө яаж хөдөлмөрлөж, яаж шаналдаг бол гэсэн бодол өдөржин толгойноос салсангүй. Дээр нь манай улсад хавдрын өвчлөл эрс нэмэгдэж, дэлхийн дунджаас найм дахин илүү байгаа гэсэн мэдээллийг бид чихэндээ хоногштол сонсч байна. Гэвч бид яагаад хорт хавдар хэмээх аймшигтай өвчнөөс урьдчилан сэргийлэхгүй байна вэ. Уг нь амьдралын энгийн хэмнэл, зөв хэвшил аливаа өвчнөөс урьдчилан сэргийлнэ гэдгийг бүгд мэддэг хэр нь ойшоодоггүй. Ядаж ундны усанд заналхийлээд байгаа зориулалтын бус,хар тугалганы хольцтой хуванцар савнаас татгалзъя. Бидний өдөр тутамдаа хэрэглээд байгаа хөх, шар савнуудыг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс хорт хавдар үүсгэдэг, хүүхдийн цусан дахь хар тугалганы хэмжээг нэмэгдүүлж төв мэдрэлийн системд нөлөөлдөг гэдгийг судлаад, олон улсын байгууллагаас нь хориглоод удаж байгаа. Гэтэл бид хэрэглэж л байна.
Ихэнх айлын усны сав “7” гэсэн тэмдэглэгээтэй. 3,6,7 гэсэн тэмдэглэгээтэй савыг хүнсний зориулалтаар ашиглахыг хориглодог төдийгүй “7” тэмдэглэгээтэй хуванцар сав бисфенол-А гэсэн хавдар үүсгэдэг нэгдэлтэй тул зөвхөн химийн бодис хадгалах, зөөвөрлөхөд ашигладаг байна. Мөн НЭМХ-ээс нийт хүн амны 70 хувь нь хөх, шар савыг ундандаа ашигладаг гэсэн судалгааг гаргасан байна. Тэгвэл ус хадгалах зориулалтын савыг хаанаас авч болох вэ. Хариулт олохоор “Нарантуул” худалдааны төв орсон юм. Хөх, шар сав зардаг том талбайтай бүтэн эгнээ байна. Хуванцар савнууд багтаамжаасаа хамаараад 3000 төгрөгөөс дээш үнэтэй. Харин “5” тэмдэглэгээтэй савыг хайгаад олсонгүй. Худалдагчдын хэлж буйгаар худалдааны төвүүдээр бараг зардаггүй. ОХУ-аас оруулж ирсэн хүмүүс хувиараа 50-70 мянган төгрөгөөр зардаг гэсэн мэдээллийг өглөө.
Энэ талаар ШӨХТГ-ын дэд дарга А.Ариунболдоос тодруулахад “Нарантуул худалдааны төвд “5” тэмдэглэгээтэй сав зардаггүй юм байна лээ. Тиймээс бид зориулалтын хуванцар савны үйлдвэр байгуулах, эсвэл хилээр “5” тэмдэглэгээтэй савыг оруулж ирэх талаар хөтөлбөр боловсруулж байгаа. Саяхан шадар сайд холбогдох байгууллагуудтай уулзсан. Удахгүй Засгийн газрын хуралдаанаар оруулна гэсэн. Зөвхөн хөх, шар сав ч гэлтгүй албан байгууллагуудын хэрэглэж байгаа цэвэр усны боллонууд хавдар үүсгэдэг байж болзошгүй. Өөрөөр хэлбэл цэвэр усны савнууд зарим нь тэмдэглэгээгүй, зарим нь олон улсад огт хэрэглэдэггүй тэмдэглэгээтэй байна. Тиймээс бид 10 гаруй цэвэр усны үйлдвэрийн савнаас дээж авч шинжлүүлэхээр ажиллаж байгаа. Энэ асуудлыг ойрын хугацаанд шийдэхгүй бол үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрнэ” гэв.
Албаны хүмүүсийн хэлж буйгаар хөтөлбөр боловсруулаад Засгийн газрын хуралдаанд оруулж цэвэр усны үйлдвэр байгуулах эсвэл хилээр оруулах хүртэл хугацаа шаардлагатай гэнэ. Тиймээс сонгуулийн сурталчилгаа ил далд эхэлсэн энэ үед нэр дэвшигчид тойрогтоо “5” тэмдэглэгээтэй хуванцар сав тараавал иргэдийнхээ эрүүл мэндэд том хөрөнгө оруулалт хийж байна гэсэн үг. Бал, дэвтэр, бидон сав төдийхөн тарааж байхаар Монголд олдохгүй байгаа мөртлөө иргэдэд хамгийн их хэрэгтэй байгаа зориулалтын сав тараагаад үз. Магадгүй сонгогдох ч юм билүү.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Холбоотой мэдээ
Comments are closed.