“Хурд” хамтлагийн ахлагч Д.Ганбаяртай уулзаж, ажил амьдрал, уран бүтээлийнх нь талаар халуун яриа өрнүүллээ. Жирийн төмөр замчин айлын авьяас билэгт хөвгүүд өнөөдөр Монголын урлагт арилшгүй мөрөө үлдээж, өөрсдийн халдашгүй орон зайг “дархлаад” уджээ. Рашаант зөрлөгөөс урлагийн их замналаа эхэлсэн эдгээр залуусыг төмөр замчид хаана ч элгэмсэн хүлээж авдаг. Тэд ч сэтгэл зүрхээрээ төмөр замчидтайгаа хамт явдаг ажээ
-”Хурд” хамтлагийн сүүлийн уүеийн уран бүтээлээс яриагаа эхлэх уу?
-Сүүлийн үеийн уран бүтээл гэвэл “Best of Hurd-2011″ тоглолтоо сая хийлээ. Энэ тоглолтодоо хамгийн гоё дуунуудаа дуулъя гэж зорьсон. “UB Palace’-т хоёр өдөр тоглолоо. Уг нь, гурав дөрвөн өдөр ч тоглоход ч хангалттай байж үү дээ. Фенүүд маань их хүлээсэн, санасан байна. Тоглолтын маань чанар чансаа, “Хурд”-ыг хүлээсэн сэтгэл хоёр өдөрт багтахгүй байлаа. Хэрвээ “UB Palace” цементээр баригдаагүй резинээр хийгдсэн бол нэлээд сунахаар харагдлаа.
-Та бүхэн үзэгчидтэйгээ уулзаагүй нэлээд удсан байх шүү. Энэ танай хэд дэх тоглолт билээ ?
-”Хаврын салхи” тоглолтоо СТӨ-нд тавьснаас хойш бүрэн хэмжээний тоглолт хийгээгүй хоёр жил гаруй болсон. Жил бүрийн цэргийн баяраар ‘Цэргийн бодол” гэж эрчүүддээ зориулсан тоглолтыг уламжлал болгон тоглож ирсэн. Энэ бол Монголын гүндүүгүй сайхан эрчүүдийн минь баяр учраас “Хурд”-ынхан тэр өдрийг эрчүүдтэйгээ өнгөрүүлэхийг эрмэлздэг. Гурван жил “Цэргийн бодол” тоглолтоо хийсэн. Ирэх жил ч бас хийх байх. Хамтарч хийе гэсэн санал хүсэлт бол энд тэндээс их ирдэг.
“Best of Hurd-201 Г тоглолт бие даасан 14 дэх тоглолт. Энэ тоонд “Цэргийн бодол” бол ордоггүй. “Хурд” оршин тогтноод 16-17 жил болсон байна. 1995 онд “Хар салхи” нэртэй анхны тоглолтоо хийснээ бид түүхийн хуудсаа эргүүлж эхэлсэн үе гэж үздэг. Түүнээс биш урд нь нийлээд бэлтгэл хийж байсан цаг үеийг оруулдаггүй юм. Ер нь, дэлхийн жишигт ийм. Дэлхийн нэрд гарсан хамтлагууд анхны концертоо тавьснаараа л хамтлагийн түүхийн хуудсаа эхлүүлсэн гэж тооцдог. Бид тэр жаягаар л яваа.
– Өө тэгвэл, сүүлийн үеийн хамтлагууд тоглолт байтугай 1-2 дуутай болоод л телевиз радио, хэвлэл мэдээллээр өөрсдийгөө рекламдаад байгаа юм биш үү?
-Одоо ч цаг үе нь тийм болсон юм байна. Хаана л бол хаана хэн юу сэтгэж чадав тэр хэмжээгээрээ хөлөө жийдэг болж. Хоёр дуу хийчихээд хамтлаг байгуулж, гурван дуутай болоод CD гаргаж байна. Иймэрхүү юм зөндөө. Миний бодлоор цаг үе нь тэднийг аяндаа шигшээд тогтох нь тогтоод тогтохгүй нь арга замаа бодох л байх. Зарим нь ч дуу дуулаад болохгүй бол улс төрд ороод явж байх шиг л харагдах юм.
-За, хоёулаа ярианыхаа сэдвийг та бүхний хүүхэд ахуй үе рүү аваачъя?
-Миний аав ээж хоёрын ажил, амьдрал Рашаант зөрлөгөөс эхлэлтэй. Бид тэнд өссөн. Ганц Рашаант ч биш одоогийн Хангай, Ногоон толгой зөрлөгт ч манайх байсан. Бид бол яалт ч үгүй төмөр замын “угшилтай”, төмөр зам дагаж өссөн, төмөр замчин гэр бүлийн хүүхдүүд. Биднийг зарим нэг хүн “хөдөөний” гэж тодотгодог. Бид төмөр замынх болохоос бүр хөдөөний сумын төвийнх биш шүү дээ.
Бид 20, 51 дүгээр сургуульд сурдаг байсан. Өвөлдөө энэ вокзалын арын хоёр сааданд, зуныг зөрлөгт л өнгөрүүлнэ. Төмөр замын эмнэлэгт төрсөн. Төрсөн газраа хөрвөөчихье гэх юм бол төмөр замын эмнэлгийн хашааг нь давж нэг өнхөрчихөөд явчихад бусад хүн атаархмаар шүү дээ. Одоо ч бараг төмөр замынхаа тосгонд амьдарч байна. “Хурд” гэдэг нэр маань хүртэл төмөр замтай холбоотой. Унасан газар, угаасан ус гэвэл төмөр зам л гэнэ.
-Аав, ээж хоёрынхоо тухай тодорхой яриач. Манай уншигчид дунд аав, ээж хоёрыг тань таних бас, сайн мэдэхгүй хүмүүс ч бий байх?
-Миний аавыг Ц.Дамба гэдэг Баянхонгор аймгийн Өлзийт сумын харьяат хүн. Ер нь, Баянхонгорын Ламын гэгээний удмынх. Бага залуудаа боловсрол эзэмшсэн, 1935 онд төрсөн. Ээжийг минь Ж.Памжав гэдэг. Завхан аймгийн Дөрвөлжин сумынх. Аав ээж хоёр минь илгээлтээр ирж, төмөр замчин болцгоож, 63-ын точик дээр танилцаж, гэр бүл болсон түүхтэй.
Аав ээж хоёр маань насаараа төмөр замд ажиллаж, одоо гавьяаны амралтаа эдэлж суугаа. Жирийн л замчид байлаа. Аав замчнаас эхлээд бригадын, шалгалтын бригадын даргаар ажиллаж байсан. Тэр хоёр минь насаараа хүнд хүчир ажил хийсний хариу юм шиг хүүхдүүд нь дандаа цагаан гартнууд болсон юм болов уу. Манайх арван хүү, ганц охинтой.
-Цагаан гартнууд гэхээр та урлагийн гэдэг утгаар нь хэлж байна уу? Нэг айлын хүүхдүүд бүгдээрээ ийм авъяастай төрнө гэдэг бурхны ховорхон хишиг байх даа. Аав ээж хоёр чинь дуулдаг хуурддаг авьяастай юу?
-Ээж маань баянхуур хөгжим дараад дуулчихдаг. Одоо ч дуулъя гэвэл цангинатал “аваад л хаячихна”. Ээжийн ген бидэнд нөлөөлсөн байх. Аавын хувьд урлагт ер нь янз бүрийн юм байхгүй. Дуу цөөнтэй, ер нь төлөөлүүлж хэлбэл, манай Цогоо шиг сайхан гүндүүгүй Монгол эр хүн. Манай гэрийн ерөнхий командлагч бол ээж. Гэрийн бүх асуудлыг зохицуулж, биднийг хөдөлгөдөг гол хүн нь ээж, ээжийн ухаан байсан шүү. Бидний багад бүх ажил хуваарьтай. Отгонбаяр гурил зуурна. Цогоо шал угаана, гэрийн гадна цэвэрлэгээг Мөнхөө хийнэ ч гэдэг юм уу. Яг эрэмбээрээ дэс дараатай. Маргааш нь хоорондоо хийх ажил нь солигдоод байдаг болохоос уг чанартаа бүгдээрээ нэг дор адилхан ажиллаж амьдарч ирсэн. Бид ингэж л өссөн.
“Хурд” хамтлаг байгуулаад оюуны бүтээл хийгээд олон түмний сэтгэл оюунд эх оронч үзэл, бие биеэ хайрлах сэтгэлийг “асааж” яваадаа бурхандаа, аав ээждээ баярладаг. Бурханаас заяасан ховорхон хишиг гэж бодож явдаг шүү.
Миний удаах дүү эмэгтэй. Ганц эмэгтэй дүү маань аав ээжийн ажлыг өвлөөд 384 дүгээр гарам дээр жижүүр хийдэг. Байгалмаа гэдэг бүсгүй бий. Харчууд нь хүрз барьдаггүй, хөгжим тоглодог цагаан гартнууддаа.
-”Хурд”хамтлагийн үндэс соёолж эхэлсэн нь хэзээ вэ?
-Биднийг бага байхад энэ олон хүүхдийг яаж хүмүүжүүлэх вэ гэж аав ээж хоёр бодож байсан байх. Гэхдээ биднийг өсгөж хүмүүжүүлэх гэж нэг их мэргэн түргэн ухаан гаргаад байгаагүй байх гэж боддог юм. Аав ээж хоёр нэг удаа Их дэлгүүрээс “35″-ын банзан гитар бидэнд авч өгч билээ. Манайхыг гитартай болонгуут бусад айл хүүхдүүддээ гитар авч өгөөд Рашаантын жижигхэн тосгон 5-6 гитартай болсон байх.
Тэр чинь 1968-1969 он байх шүү. Бид ч зунжингаа гадаа гитар тоглоод суудагсан. Бидний урлагт дуртай болсон нь тэр үеэс юм даа. Миний хувьд 1974 онд 20 дугаар сургуулийн дөрөвдүгээр ангид байхдаа төмөр замын ҮЭ-ийн байгууллагын 15 жилийн ой дээр билүү дээ, төмөр замын Соёлын ордны тайзан дээр гарч дуулж байв. Манай сургуулийн хоёр охин, хоёр хүү дуу дуулсны нэг нь би.
Одоо тэр үеийнхээ зургийг олмоор санагддаг юм. Би 20 дугаар сургуулийн “Ган зам” чуулгад дуулдаг байсан. Чүлтэмсүрэн багш бол яалт ч үгүй намайг урлагт хөтөлсөн хүн. “Ган зам” чуулга “Ардын” гэдэг цол хэргэмтэй ганц чуулга байлаа. Манай чуулгынхан дандаа төмөр замчдын хүүхдүүд байсан. Одоо ч хоорондоо холбоотой явдаг.
-Төмөр замын сэдэвтэй уран бүтээл хэр хийж байна вэ?
-Бид төмөр замын тухай дуу хийх ёстой, өртэй гэж бодож явдаг. Өнөөдрийн байдлаар хоёр дуу хийсэн. Улаанбаатар өртөөний 60 жилийн ойгоор нэг сайхан дуу хийж өгсөн. Өртөөнийхний сүлд дуу болсон байна лээ. Уг дууг хийхэд Ц.Лувсан дарга их сэтгэл гаргаж, бидэнтэй хамтарч ажилласанд баярлаж явдаг. Мөн Замын хоёрдугаар ангийн 60 жилийн ойд зориулан “Замд шингэсэн заяа” гэдэг дуу хийсэн. Ер нь, замчин хүний тухай дуу хийе гэж бодож явсан.
“… Малгайгаа гандтал хээрийн салхитай нөхөрлөөд
Мартаж боломгүй хамт олны сэтгэлээр ижилсээд…” гээд л гарын таван хуруунд багтах хэдхэн байшинтай жижигхэн суурингийнхан бие биетэйгээ ах дүу шиг ижилсэж, жаргал зовлонгоо хуваалцаж амьдардаг эгэл үнэнийг өгүүлсэн дуу болсон.
-Клипэнд нь аав тань тоглосон харагдсан?
-Аав ээжийгээ оруулалгүй яахав. Тухайн үед байсан ахмадуудыг ч, одоо ажиллаж байгаа замчдаа ч оруулахыг бодсон юм. Үе үеийн замчдыг аль болох өргөн хүрээтэй хамруулахыг хичээсэн. Тэдний л тухай дуу юм чинь. Ер нь, нэг зүйл нэмээд хэлэхэд төмөр замын удирдлага замчдынхаа соёлын талаарх асуудлыг орхигдуулаад байна уу гэж бодогддог. Бидний багад соёлын галт тэрэг гэж явдагсан. Түүнийг өртөө зөрлөгт ирэхэд замчид төдийгүй гэр бүлийнхэн нь баярладаг. Одоо тийм арга хэмжээ мартагджээ. Тэр бөглүү сууринд ажиллаж амьдарч нэг насаа элээж яваа хүмүүсийг битгий мартаад байгаачээ гэх гэсэн юм.
Би шугам замын дагуу тоглолт хийгээд явах санал гаргаад зарим дарга дээр орж л байсан, дэмжээгүй. Цэрэгтээ хайргүй генерал ялалт байгуулдаггүй. Би яагаад ингээд байна гэхээр хамт тоглож өссөн багын олон найз минь аав ээжийнхээ ажил мэргэжлийг өвлөөд замчин болсон. Зөрлөгт амьдарч, ажиллаж байна. Тэднийгээ харахаар надтай нас чацуу мөртлөө тав, арван насаар ахимаг харагдаад байна шүү.
Тэд бидэнтэй л адилхан. Төмөр зам дагаснаараа гундах учиргүй, бахархаж амьдрах ёстой. Төмөр замын алба сайхан. Түүн шигээ ажилчид нь ч сайн сайхан явах ёстой. Би төмөр замчны хүүхэд, буйдхан зөрлөгт өссөний хувьд тэндэхийн амьдралыг сайн мэднэ. Тийм учраас би Т.Очирхүү даргад санал тавья гэж бодож байгаа.
“Хурд” хамтлагийг шугам замаар яваад төмөр замчидтай уулзаж тоглолт хийхийг дэмжээд өгөөсэй гэж боддог. Төмөр замчдынхаа улаан буланд тоглоод, тэднийгээ нэг удаа ч гэсэн сайхан дуулуулаад бүжиглүүлээд сэтгэлийг нь сэргээж өгөхсөн. Тэгвэл тэд минь гурван жилдээ ажрахгүй дээ. Замчид минь ширээгдсэн ган шигээ хатуужсан улс. Дэндүү уужим, тэгсэн мөртлөө дэндүү омголон оргилуун сэтгэлтэй хүмүүс.
Бидэнтэй ганц хоёр эмч явуулчих Соёлын галт тэргийг сэргээж чаддаггүй юмаа гэхэд соёлын машин гаргаад өгчих. “Хурд” хамтлагийнхны төмөр замчдынхаа төлөө хийж чадах зүйл энэ л байна. Энэ саналаа ойрын хугацаанд Т.Очирхүү даргад тавина гэж бодож байгаа. Хэрхэн хүлээж авахыг нь мэдэхгүй.
-”Хурд” хамтлагийнхны хувьд шинэ жил хэрхэн өнгөрдөг вэ?
-Урлагийнхны хувьд аливаа баяр ажлын өдөр байдаг. Өөрөө баярлаад шинэ жилд орж байсан үе бараг байхгүй. Дандаа л бусдыг баярлуулаад. Он солигдохоос өмнө гэртээ харих гэж их хичээдэг. Заримдаа гудамжинд явж байхад л он солигдчихдог. Гэртээ ороод хувцсаа тайлж амжаагүй байхад л он гарчихлаа гээд л хүүхдүүд хашгиралдаад л … Тийм үе зөндөө. Маргааш нь баярлах гэхээр баярын уур амьсгал алга болчихсон сонин байдаг. Нэгэнт өнгөрсөн байхад баярлаад ч яах юм билээ.
– “Хурд” хамтлаг дуу дагуулсан. “Чоно” хамтлагийнхны уран бүтээлийн талаар тантай уулзсаных асуумаар санагдлаа?
-Дүү хамтлаг жаахан залхуураад байгаа. Юм хийхээсээ тансаглах, бэлэнчлэх нь ихдээд. Юу ч гэмээр юм бэ дээ, хийсэн өчүүхэн жаахан юмандаа хахаад, цадчихаад ч байгаа юмуу. Ер нь, хойрго байгаа. Фенүүд нь ч шүүмжлэлтэй хандаад. Миний хувьд бол гэрийн даалгавар өгсөн. Бид их сайхан бэлтгэлийн байртай. Монголын рок попынхон дотор манайх шиг сайхан байртай, иж бүрэн тоноглолтой хамтлаг байхгүй. Мэдээж, тохитой дулаан байранд юм хийхэд хүртэл урамтай.
-Уран бүтээлчдийн “арын алба”-ныхан иэлээд тэвчээртэй бас урлагт их сэтгэлтэй хүмүүс байдаг байх шүү?
-Тэгэлгүй яахав. Манай хамтлагийнхны ар талыг дааж явдаг гэр бүлүүдийн минь хувь нэмэр бидний уран бүтээлд давхар шингэж явдаг гэдгийг зориуд хэлмээр байна. “Хурд” хамтлаг оршин тогтноход их том үүрэг гүйцэтгэсэн улс бол гэр бүлийнхэн. Миний ханиас өгсүүлээд… Миний ханийг Оюунгэрэл гэдэг. Бид гурван хүүтэй. Намайг цэргээс ирээд “Хурд” хамтлагийг байгуулах анхны цэгийг тавихаас эхлээд надтай хамт байсан хүн. Дэлгүүрийн лангуун дээр давснаас өөр юмгүй үед биднийг гитараа нүдээд бэлтгэлээ хийж байхад хоол хийгээд ирнэ. Энэ хамтлагийг босгож, хүсэл зорилгодоо хүрэхэд маш их нөлөөлсөн хүмүүс бол бидний ар гэрийнхэн. Тэдэндээ баярлаж явдгаа “Ган зам” сониноороо дамжуулж хэлье.
-Нууц биш бол гэргий тань хаана ямар ажил хийдэг вэ?
-Өө, одоохондоо надаас мөнгө саагаад л гэртээ байж байгаа даа /инээв/. Миний хань тухайн үедээ хийдгээ хийчихсэн хүн гэж би үнэлдэг юм.
-Таны хүүхдүүдээс урлагт хөл тавьж байгаа юу?
-Ганц хоёр нь байх шиг байна. Гэхдээ би юу ч болоогүй байхад манай хүүхэд “алаад өгөх нь” гэж хэлэхгүй. Ерөнхийдөө ажиглаж л байна, юу болох нь вэ. Тэгээд ч өөрсдөө мэднэ биз дээ. Манай том хүү 23 хүрч байна. Бид хоёрыг эмээ өвөө болгочихсон.
-Аав ээж дээрээ хэр очиж байна ?
-Тэр болгон очих зав гарахгүй юм. Дүү нар бол байнга очиж эргэж тойрч байгаа. Утсаар ярьдаг. Дутагдаж байгаа зүйл байхгүй, эрүүл байна гэхээр нь санаа амраад л яваад байх юм. Сардаа нэг очно.
-Сүүлийн асуултыг таны мэдэлд үлдээе?
-”Хурд”-ынхан төмөр замын гэдэг овгоороо үргэлж бахархаж явдаг. Бүр онцлоод хэлэхэд 2004 онд Америкийн “Нью-Йорк таймс” сонинд “Хурд” хамтлагийн тухай Монголын төмөр замчин гэр бүлээс гаралтай гээд гарч байсан. Бид бас дэлхийн тавцанд Монголын төмөр замчдын нэрийг жаахан ч гэсэн гаргаж чадсандаа баяртай явдаг.
Боломж олдвол өртөө, зөрлөг, замын хэсэг бүрт очиж, та нартайгаа уулзаж, улаан буланд нь тоглож, жаврыг үргээж өгөхсөн гэж бодох юм. Эцэст нь төмөр замчиддаа шинэ жилийн баярын мэнд хүргэж, ажилд нь амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хувиасаа болон “Хурд” хамтлагийнхаа нэрийн өмнөөс хүсэн ерөөе. Та бүхэнтэй сэтгэл зүрхээрээ үргэлж хамт явдаг шүү.
Б.Гүнжинлхам
Эх сурвалж: “Ган зам”
Холбоотой мэдээ
Comments are closed.