Өчигдөр Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойг тэмдэглэж байна. Үүнийг хүмүүс янз бүрээр хүлээн авч байгаа. Тусгаар тогтнолоо олсон өдөр мөн биш хэмээн маргалдаж байна. Гэхдээ юутай ч УИХ-аас шийдвэр гаргаж, энэ өдрийг баярын өдөр, амралтын өдөр болгов. Арай л бөхийн цол олгоё гэсэнгүй. Өнөөдөр хэд хэдэн арга хэмжээ болох юм. Үүний нэг нь Төрийн ордны дундах зайд байдаг Төрийн ёслол, хүндэтгэлийн өргөө болох гэрийн тулганы галыг бадраах ёслол гэнэ. Хамгийн хачирхалтай нь энэ ёслолд зөвхөн эрчүүд оролцох гэнэ. Эмэгтэйчүүд оролцож болохгүй гэнэ. Энэ юу гэсэн үг вэ. Уламжлалт зан заншилд харин ч эмэгтэй хүн тулганы галаа асаадагсан биш бил үү. Эсвэл манай эрчүүд гал манагч болж байгаа юм уу хэмээн шоолох хүн цөөнгүй байна. Хэн ийм хачин юм санаачилдаг байнаа хэмээн хачирхах нэгэн ч бас тааралдаж байна.
Төрийн гал бадраах ёслолд эмэгтэйчүүд, эмэгтэй сэтгүүлч, зураглаачдыг оруулахгүй байхыг хэн нэгэн мундаг албан тушаалтан үүрэгдсэн тухай хэвлэлийнхэн ярьж байна. Ууланд гарах, цэргийн догшин хар сүлд цэнгүүлэхэд эмэгтэй хүн оролцдоггүй гэдэг. Энэ бол байж болох талтай санагдана. Гэтэл тулганы ёслолд бүсгүй хүн байлцахгүй гэсэн ёс журмыг өнөөгийн төр, засгийн зүгээс гаргасан нь инэдэмтэй, бөгөөд эмгэнэлтэй санагдана.
МОНГОЛЫН МЭДЭЭ СОНИН
Холбоотой мэдээ
Comments are closed.