Хоршооллын хөдөлгөөний хөгжлийг эрчимжүүлэх талаар төр засгаас гаргасан тогтоол шийдвэрүүдийг сурталчилах, тэдгээрийн хэрэгжилтийн байдалд үнэлгээ өгөх, цаашид хэрэгжүүлэх бодлого зорилтоо тодохройлох, хоршооллын хөдөлгөөний давуу талыг олон нийтэд сурталчилан таниулах, иргэд эдийн засаг, нийгмийн хэрэгцээгээ хоршооллоор дамжуулж хангах нөхцөлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Монголын Хөдөө Аж Ахуйн Хоршоологчдын Үндэсний Холбоо /МХААХҮХ/, аймгийн Хөдөө аж ахуйн хоршоологчдын холбоо, аймгийн ИТХ, ЗДТГ, сумдын ИТХ, ЗДТГ хамтран Хөдөө аж ахуйн хоршоологчдын Зүүн бүсийн зөвлөгөөнийг 2015 оны 7 дугаар сарын 29-ны өдрөөс 8-р сарын 02-ны өдрүүдэд Дорнод аймгийн Халхгол суманд, Баруун бүсийн зөвлөгөөнийг 2015 оны 08-р сарын 10-наас 12-ны өдрүүдэд Увс аймгийн Хяргас суманд тус тус зохион байгууллаа.
Тус зөвлөгөөнүүдэд 10 аймгийн хөдөө аж ахуйн хоршоологчдыг төлөөлж хоршооны удирдлага, гишүүд, малчид, тариаланчид, төр захиргааны байгууллагын холбогдох албан тушаалтан нийт 207 хүн оролцов.
Зүүн бүсийн ХАА-н хоршоологчдын зөвлөгөөнд Монголын Хөдөө Аж Ахуйн Хоршоологчдын Үндэсний Холбооны ерөнхийлөгч Д.Сумъяабазар оролцож хоршоологчдод хандан хоршооллын хөдөлгөөний өнөөгийн байдал, Үндэсний холбооны цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаарх мэдээлэл хийж хоршоологчдын сонирхосон асуулт, хүсэлтүүдэд тодорхой хариулт өгч байв.
Тус зөвлөгөөний үеэр Дорнод аймгийн ХААХХолбооны тэргүүн Ч.Базар Дорнод аймгийн ХАА-н хоршоодын өнөөгийн байдал, аймгийн холбооны үйл ажиллагааны талаар илтгэл тавьж, ХХААЖДҮГазрын МАА-н хэлтсийн дарга Д.Наранхүү, Халх гол сумын Засаг дарга В.Мөнхтайван нар Зүүн бүс болон аймгийн хөдөө аж ахуйн хоршооллын салбарын хөгжлийн талаар өөрсдийн баримталж буй бодлого зарчим, хэрэгжүүлэх үйл ажиллагааны тухай танилцуулж мэдээлэл хийв.
Баруун бүсийн ХАА-н хоршоологчдын зөвлөгөөнд Үндэсний Холбооны дэд ерөнхийлөгч Д.Чулуунбат оролцон хурлын үйл ажиллагааг удирдан явуулж “Төр хоршооллын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь” сэдвээр үндсэн илтгэл тавихын зэрэгцээ Үндэсний холбооны цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, оролцогчидтой санал бодлоо солилцов. Баруун бүсийн хоршоологчдын онцлог, тулгамдаж буй голлох асуудлуудын талаар Увс ХААХХолбооны тэргүүн Ц.Батсүх илтгэл, мэдээлэл хийж хоршоологчдын сонирхосон асуултуудад хариулт өгч харилцан ярилцаж байв.
Зөвлөгөөний хөтөлбөрийн дагуу “Хоршооны хөрөнгө санхүүгийн чадавхийг сайжруулах”, “Хоршоод хоорондын хамтын ажиллагаа, аймгийн холбоодыг чадавхжуулах”, “Хоршоодын бүтээгдэхүүн борлуулалтын сүлжээг идэвхжүүлэх” сэдвүүдийн хүрээнд Салбар зөвлөлийн хуралдаануудыг зохион байгуулж, хэлэлцүүлсэн.
Дээрх гурван салбар зөвлөлийн хуралдаанд Үндэсний холбооны ерөнхийлөгч Д.Сумъяабазар оролцож өөрийн санал бодлоо хоршоологчидтой нээлттэй хуваалцан, хамтран ажиллах боломжуудын тухай ярилцлаа. Хэлэлцүүлгийн үр дүнд хоршоологчдын санал санаачилгуудыг үндэслэн ажил хэрэг болгох, үйл ажиллагааг нь дэмжихэд гарах бодит хэрэгцээ шаардлага, тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлж чадсанаараа онцлог байв.
Мөн Зүүн бүсийн хоршоологчид Дорнод аймгийн Буйр, Баруун бүсийн хоршоологчид Увс аймгийн Хяргас нуурын байгалийн үзэсгэлэнт газруудтай танилцаж, нуурын хөвөөнд зөвлөгөөнд оролцсон аймгуудын дунд “Шилдэг бүтээгдэхүүн шалгаруулах үзэсгэлэн” болон элсний гар бөмбөг, олс таталт, элсний СУМО, усан уралдаан, хөгжөөнт буухай тэмцээнүүдийг зохион байгуулж, нийт оролцсон аймгуудыг амжилтаар нь дүгнэн 1,2-р байрыг тус тус эзэллүүлэн Цом, Өргөмжлөл үнэ бүхий зүйлээр шалгарсан ХААХХолбоо, хоршооны хамт олныг шагнаж урамшууллаа.
Хөдөө аж ахуйн хоршоологчдын бүсийн зөвлөгөөнийг төр, хоршооллын байгууллага түншлэлийн хэлбэрээр хамтран зохион байгуулж, салбар зөвлөлийн хурал хийж хоршоологчдын санал, санаачилгыг тусган авч илүү ажил хэрэгч байр суурьнаас хандсанаар өмнөх зөвлөгөөн, үзүүлэх сургуулиудаас онцлог, илүү үр дүнтэй болсон гэж оролцогчид дүгнэв.
Энэ удаагийн бүсийн зөвлөгөөнүүд нь томоохон хэмжээний хэлэлцүүлэг, үзүүлэх сургууль, хоршоодын үзэсгэлэн худалдаа болсноороо бүсийн хэмжээний хоршоод харилцан туршлага солилцож, хоршооллын байгууллагын хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн хүрээтэй ажил болж чадсан юм.
Тус бүсийн зөвлөгөөнд хоршоологчид төдийгүй орон нутгийн төрийн үйлчилгээний байгууллагуудын удирдлага, ажилтнууд идэвхитэй оролцож, товчоор хэлэхэд Аймаг, сум даяараа хоршооллын хөдөлгөөнийг дэмжиж ажилласнаараа бахархууштай байлаа.
Холбоотой мэдээ
Comments are closed.