Өчигдөр Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотод 15 минут орчим үргэлжлэн орсон ширүүн борооны улмаас аймгийн төвийн баруун талын Далангийн гол дүүрч хальсан байна. Түүгээр ч зогсохгүй Зүүнсайхан, Оюут, Дундсайхан, Аргалант хорооллын зарим гудамж, айл өрхүүд, аймгийн төвийн зарим хэсэг үерт автжээ. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Засаг даргын орлогч, ТЗУХ-ийн дарга, ХБХ-ийн дарга, аймгийн ЗДТГ-ын холбогдох мэргэжилтнүүд, Даланзадгад сумын удирдлагууд, мэргэжилтнүүд, аймгийн Онцгой байдлын газрынхан болон бусад албаны хүмүүс газар дээр нь ажилласан байна. Ингэхдээ Далангийн голын урд хэсгээр сэтлэн зам гаргаж үерийг Ногооны талбайн урд, Өвсний фондын хойгуур Урд голын хэсгээр урсгах арга хэмжээ авсан бөгөөд энэ нь хохирлын хэмжээг багасгахад нөлөөлсөн ажээ.
Дашрамд сануулахад, ширүүн борооны улмаас ийм нөхцөл үүсч байгаа тул ард иргэд өөрсдөө сонор сэрэмжтэй байж анхан шатны холбогдох арга хэмжээ авч ажиллахыг аймгийн мэргэжлийн байгууллагуудаас зөвлөсөн байна.
Холбоотой мэдээ
Comments are closed.