Оюу толгой, инфляци, өр зэрэг асуудлаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй ярилцлаа.
-Удахгүй манай улсын нийт өр дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувиас давах бололтой. Үүнийг олон улсын эдийн засагчид “аюул” нүүрлэлээ гэдэг биз дээ?
-Та маш чухал асуудал хөндөж байна. Өнөөдөр ирээдүйд орох орлогоо барьцаалж зээл авах асуудал түгээмэл боллоо. Тийм учраас өрийн дарамт үүсэх аюулын талаар давхар бодох шаардлага зүй ёсоор тулгарч байна. Олон улсын хэмжээнд тухайн орны гадаад нийт өр, түүний үйлчилгээний төлбөрийг дотоодын нийт бүтээгдэхүүн болон экспортод нь харьцуулан авч үздэг. Мөн зээлийн үйлчилгээний төлбөрийг төсвийн орлого, зарлагад харьцуулах зэрэг үндсэн долоон үзүүлэлтээр өрийн дарамтыг тодорхойлох аргачлалыг хэрэглэдэг. Энэ бол түгээмэл зүйл. Түүн дотроо дотоодын нийт бүтээгдэхүүнд харьцуулсан хоёр харьцааг “сигнал буюу дохио” өгдөг гэж үздэг л дээ. Хэрэв дээрх долоон үзүүлэлтийн гурав нь нэгэн зэрэг муудвал өрийн дарамтад орсонд тооцдог. Манай улсын хувьд өрийг дотоодын нийт бүтээгдэхүүнд харьцуулсан үзүүлэлт нь сэрэмжлэх түвшинд хүрчээ. Өөрөөр хэлбэл, 60 хувьд дөхөж, 55 хувь болсон байна. Энэ нь сэрэмжлэх түвшинд ойртсон шүү гэдэг дохио өгч байгаа хэрэг. Аюултай түвшинд дөхөж байна гэх үү дээ.
-Таны зарим хэвлэлүүдэд өгсөн ярилцлагаас харахад Оюу толгойн гэрээ нь Монголд ашиггүй болсон гэдэгтэй санал нийлж байгаа ажээ. Ер нь энэ гэрээнд ашигт малтмал ашигласны төлбөр, албан татварын тодорхой хэсгийг урьдчилж авахаар тохиролцсон нь томоохон алдаа болсон юм биш үү. Гэтэл үүнийг УИХ дэмжсэн байсан. Та юу гэж үзэж байна вэ?
-Тийм ээ, би эхнээс нь уг гэрээг сайжруулах шаардлагатай гэж үзсэн найман гишүүний нэг л дээ. Баялгийн эзэн болсон бид 50 хувиа үнэгүй авах нь битгий хэл, 34 хувиа зээлээр авсныг ер ойлгодоггүй юм. Үүнийг зөв гэх манай эрх мэдэлтнүүдийг бүр ч ойлгодоггүй. Өөрийн чинь асуусан урьдчилгааг манай сайд нар УИХ-д тайлбарлахдаа татвараа урьдчилж авах юм л гэсэн. Харин сүүлдээ энэ маань зээл болон хувирч өрийн дарамтыг нэмэгдүүллээ.
-Тухайн үед УИХ-ын эдийн засгийн байнгын хорооноос гаргасан санал дүгнэлтэд Оюу толгойн гэрээний төсөлд дэд бүтэц, барилга байгууламж, хот тосгон, нийгэм соёлын асуудлыг хэрхэн шийдэх нь тодорхой бус байна гэсэн байлаа. Гэтэл гэрээг эцэслэн батлахад энэ талаар бүрхэг тусгагдсан байсан. Засгийн газар зориуд ингэж гөжүүд аашилсан хэрэг үү?
-Үүнийг тэр үеийн Ерөнхий сайдаас асуух хэрэгтэй. Хуулиа зөрчих ямар эрх ашиг тэр хүнд байсныг би мэдэхгүй шүү дээ. Ашигт малтмалын хуулиар бол уг төслийн техник, эдийн засгийн үндэслэл батлагдсаны дараа хөрөнгө оруулалтын гэрээ хийх ёстой байсан. Өөрөөр хэлбэл, тэнд ямар бүтээн байгуулалт хийх дүр зураг нь гарсан хойно гэрээ байгуулах хуультай. Гэтэл гэрээг нь эхэлж байгуулаад зургаан сарын дараа техник, эдийн засгийн үндэслэлийг нь баталсан байдаг юм. Одоо бол хэдэн сендвичин байшин бариад, хагас цэрэгжсэн байдлаар ажиллуулаад л баялгийг аваад явах гэж байна. Манай Ерөнхийлөгч хүртэл үүнийг нь шүүмжлээ биз дээ. Эрдэнэт шиг хот босохгүй.
-Оюу толгойн гэрээний талаар Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас санал, дүгнэлтээ гаргасан. Уг дүгнэлтэд Оюу толгойн гэрээ нь монголчуудын эрх ашигт илэрхий харшилсан гэж бичсэн байсан. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Юун төрийн бус байгууллагын санал. Тэр бүү хэл, УИХ-ын 57 дугаар тогтоол, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг ч хайхраагүй юм шүү дээ. Эдгээр шийдвэрт тусгасан манай талын хувийг 50-иас доошгүй байлгах асуудал гэрээнд 30 жилийн дараа хэрэгжихээр орсон байдаг юм. Тэр үед энэ баялгийн өрмийг хамаад дуусах нь тодорхой.
-Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон хувь нийлүүлэгчдийн гэрээний цаашдын өөр бусад сөрөг үр дагавруудыг та хэрхэн төсөөлж байна?
-Нэн тэргүүнд манай талын хувийг хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа 50-иас доошгүй болгох асуудлыг шийдэх ёстой юм. Ингэснээр энэхүү 25 Бороо гоулд, 4 Эрдэнэттэй дүйцэхүйц, дэлхийд эхний гуравт ордог алт, зэсийн том ордыг Монголынхоо талд үлдээх баталгаа хангагдана. Тэгэхгүй бол “Айвенхоу майнз” компанийн хувьцаа зарагдчихад л дахиад өөр хүний гарт орох магадлал байгаа юм. Энэ мэт олон зүйлийг дахиж харах ёстой. Тухайлбал, экспортолсон бүх баяжмалын төлбөрийг гадаадад хадгалж, зарцуулна гэсэн заалт хүртэл цохиж яваа. Энэ бол баялгийн маань төлбөр орж ирэхгүй гадаадад үлдэнэ гэсэн үг. Мөн валютын нөөцөө нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэхгүй гэж ойлгож болно. Ийм л гэрээг сайн гээд байгаа юм даа. Тэгэхдээ цаг хугацаа шүүж, засах биз ээ.
-Хувь нийлүүлэгчдийн гэрээнд “Оюу толгой Нидерланд Би Ви” гэдэг компани оролцжээ. Чухам ямар үүрэгтэй нь тодорхой бус байна. Гэтэл “Айвенхо-майнз”, “Рио тинто” компани Нидерландын вант улсад давхар татварын гэрээтэй байгаа. Үүнийг Монголын татвараас бултах нэг арга зам гэж зарим мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Таны хувьд?
-Би санал нэгтэй байна. Энэ нөхөд чинь бусад улс орнуудыг луйвардаад сурчихсан, туршлагатай компаниуд шүү дээ. Яаж татвараас бултахаа сайн мэдэж байгаа.
-Энэ гэрээгээр эзэмших 34 хувиа өр зээлийн сүлжээ болгож хувиргасантай та санал нэгтэй байгаа юм байна. Бид урьдчилгаанд авсан мөнгөө хүүтэй нь хамт төлнө. Хэрвээ яг ийм байдлаар бид Оюу толгойн 50 хувийг эзэмшвэл хөрөнгө оруулалтад нь ямар хэмжээний мөнгө гаргах хэрэгтэй болох вэ?
-Манай тал 34 хувиа зээлээр авч байгаа тохиолдолд 2023 он хүртэл ногдол ашиг, татвараа авахгүй, зөвхөн зээлээ л төлөх юм билээ. Гэхдээ яагаад 50 хувиа үнэгүй авч болохгүй гэж. Баялаг гаргаснаа 50 хувьд тооцох чинь дэлхийд түгээмэл хандлага шүү дээ. Газрын маань дор энэ их баялаг байхгүй байсан бол ямар хөрөнгө оруулалт хийх юм бэ. Хэн, юу хайж олох юм. Тиймээс баялаг байна гэдэг чинь өөрөө тухайн төслийн 50 хувиас дээш гэсэн агуулгыг хадгалж байгаа юм.
-Хоёулаа эргээд инфляцийн талаар ярилцах уу. Инфляци удахгүй 19 хувьд хүрэх нь гэсэн мэдээлэл цацагдаж эхэллээ. Ирэх оны эхний хагаст 25 хувьд хүрнэ гэсэн урьдчилсан тооцоо ч бий гэнэ. Энэ нь хэр зэрэг бодитой бол. Яаж хязгаарлах вэ?
-Ирэх онд цалин, тэтгэврийн нэмэгдэл, эх орны хишиг олгох гээд үндсэндээ хоёр их наяд орчим бэлэн мөнгө иргэдийн гар дээр очно. Энэ нь шинэ эрэлт, хэрэгцээг бий болгоно. Мөн 1.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт нь импортын хэрэгцээг нэмэгдүүлж байгаа. Энэ бүгдийг цаг алдалгүй зах зээлд нийлүүлэх тээврийн болон хилийн боомтын хүчин чадал манайд бий бил үү. Үүнийг тооцож, энэ талаар урьдчилсан арга хэмжээ аваагүй байна. Тиймээс энэ нь том эрсдэл дагуулж болох юм. Мөн хувийн хэвшил цалингаа нэмэх гээд барааныхаа үнийг өсгөх вий. Энэ мэт олон асуудал ар араасаа гарах талтай. Эдгээр эрсдэлээс хамгаалсан арга хэмжээнүүдийг зайлшгүй авах ёстой.
-Хүмүүс ирэх оны төсвийг сонгуульд зориулагдлаа гэж шүүмжилж байна. Та үүнтэй санал нийлж байна уу?
Сонгуульд зориулагдсан гэхээсээ Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад чиглэсэн гэвэл онох байх. Бүрэн эрхийн хугацааны хөтөлбөрөө хэрэгжүүлэх сүүлийн жил учраас төсвийн ачаалал нэмэгдсэн байхыг үгүйсгэхгүй.
Ярилцсан Б.Отгонбаяр

Холбоотой мэдээ
Comments are closed.