Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын харьяат 66 настай иргэн хачигт хазуулж нас барсан талаар бид мэдээлсэн.
Харин энэ удаа хачигт халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэх талаарх мэдээллийг хүргэж байна.
Хачиг нь үе хөлтний хүрээ, аалз хэлбэртний ангид багтах бөгөөд дэлхий дээр 3000 гаруй зүйл хачиг бүртгэгдсэнээс манай улсад 462 зүйл хачиг байдаг нь тэмдэглэгдсэн.
Хачгууд нь өвчин үүсгэгч вирус, нян, эгэл биетэн зэргийг биедээ агуулж, мал, амьтдын цусыг сорохдоо хүн, амьтанд дамжуулдаг.
Цаг уур ба газарзүйн байрлал, улирлын байдал зэргээс шалтгаалан хачиг нь 4-5-р сарын дунд үед ичээнээс гардаг. Бие гүйцсэн хачгийн идэвхтэй үе нь хавар, зуны улирал байдаг.
Манай улсын ойн болон бэлчээрийн хачгийн тодорхой хувь нь хачигт энцефалитын вирус, боррели, риккетсээр халдварлагдсан байдаг.
Иймээс хачигт хазуулсан хүн бүр өвчилдөггүй. Иргэд хачигт хазуулсны дараа хазсан хэсэгт улайх, өвдөх, ойролцоох тунгалгийн булчирхай үрэвсэх, толгой өвдөх, халуурах, хүзүү хөших, бөөлжих зэрэг зовиурууд илэрвэл эмчид хандах хэрэгтэй. Хачигт энцефалит ба хачигт боррелиозын хөнгөн, дунд, хүнд аль ч хэлбэрийг орон нутгийн эмнэлэгт эмчлэх боломжтой. Харин хачигт энцефалитын хүнд хэлбэрийн үед хол тээвэрлэхэд хүндрэх хандлагатай байдаг тул тээвэрлэхгүй байх хэрэгтэй.
Өвөрмөц бус урьдчилан сэргийлэлт:
Хачигт халдвараас сэргийлэх үндсэн арга нь хачгаас зайлсхийх, хачигт хазуулахгүй байх юм.
Хачигтай газар явах үед биед хачиг орохооргүй битүү,гялгар гадаргуутай, тод өнгийн хувцас, түрийтэй гутал, малгай, алчуур хэрэглэх нь зүйтэй.
Ой, хээр, малд явахдаа өөртөө болон өөр хоорондоо үзлэг хийж, хувцас, биед наалдсан хачгийг гөвж унагах, авч хаях.
Голомттой газарт явахдаа мал, амьтны түүхий сүү, цус, мах махан бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх.
Үргээгч бэлдмэл хэрэглэх: түрхлэг, тос, аэрозоль г.м
Биед шигдсэн хачгийг зөв авах: Хачиг хазалтаас үүссэн шархыг халдваргүйжүүлэх нь бохирдох, буглаа үүсэхээс сэргийлдэг. Иймд, хачиг дээр ургамлын тос түрхээд 1-2 минутын дараа хачгийн ил хэсгээс хавчаараар барьж, 45 хэмийн налуу өнцгөөр зөөлөн дээш татаж авна. Мөн арьсанд шигдсэн хачигны хошууг нарийн утсаар оосорлож 2 үзүүрийг хачгийн ил хэсгийн 2 талд үлдээнэ. Утасны 2 үзүүрийг хачигны хошууг тойруулж зангилаад зөөлөн ганхуулах замаар хошуутай нь сугалж авна.
Өвөрмөц урьдчилан сэргийлэлт: Хачигт энцефалитийн эсрэг вакциныг хийлгэх бөгөөд энэхүү вакциныг Зоонозын өвчин судлалын төвд хийдэг. Хачигт хазуулсан тохиолдолд антибиотикаар урьдчилан сэргийлэлтийг 5-7 хоногийн туршид эмчийн хяналтан дор хийлгэх журамтай.
Холбоотой мэдээ
Comments are closed.