Хүн амын энэ хаврын хэрэгцээнд зориулан дөрөвдүгээр сарын 1-нээс худалдаанд гарсан нөөцийн махны борлуулалт энэ сарын 1-ний байдлаар 65 хувьтай байна. Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотуудад махны менежер 6 компани нийт 14.5 мянган тонн нөөцийн мах бэлтгэсэн бөгөөд 9,1 мянган тонныг борлуулжээ.
“Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотод “Баатарууд тэнгэр” ХХК Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй дүүргүүдэд 100 гаруй дэлгүүрээр, “Эй Эн Ди Эм” ХХК нь Сүхбаатар, Баянзүрх, Багануур дүүргийн 80 дэлгүүрээр, “Мах импекс” ХХК Сонгино хайрхан дүүргийн 40, Чингэлтэй дүүргийн 33, Төв аймгийн 10 дэлгүүрээр, “Мах маркет” ХХК Сонгино хайрхан, Баянгол дүүргийн 47 дэлгүүртэй гэрээ байгуулан, нийт 80 орчим худалдааны цэгээр, Эрдэнэт хотод “Эрдмийт” ХХК 33 цэгээр, Дархан хотод “Дархан меат фүүдс” ХХК 90 гаруй цэгээр нөөцийн махыг борлуулж байна.
Түүнчлэн Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны шийдвэрээр тавдугаар сарын 23-аас эхлэн долоодугаар сарын 31-нийг хүртэл амралтын өдрүүдэд “Мишээл экспо”, “Скай”, ”Оргил” зэрэг томоохон худалдааны төвүүдийн гадна талбай, “Далай ээж”, “Бөмбөгөр”, “Бүрд”, “Орхон” зэрэг хүнсний захуудын гадна талбайд нөөцийн махыг борлуулж эхлээд байгаа юм.
Холбоотой мэдээ
Comments are closed.